Алт хөтөлбөрөөс Монголчууд өнгөрсөн 10 жилд юу олж, юуг алдсанаа эргэн харах гэж Иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн эдийн засагч­дыг суулгаж байгаад тооцоо хийгээд үзтэл, олсоноосоо алдсан нь их гэсэн тооцоо гарч. Ингээд тэд энэ хөтөлбөрийг даруй зогсоох хэрэгтэй гэсэн шаардлагыг удаа дараа тавьсаар байна.
 
  “Алт гэдэг оройд нь хүршгүй жаргал, ёроолд нь хүршгүй зовлон” гэж монголчууд бүр эртнээс л мэдээд, хэлээд байж. Оройд нь хүрэмгүй тэр жаргалыг амсаж үзсэн монгол хүн байдаг эсэхийг бүү мэд, гагцхүү ёроолгүй зовлонд унахын дохио, элдэв сүйрлүүд шил шилээ даран хаалга тогшсоор байгааг харин мэдэрч байна.
 
  Алт хэмээх энэ өнгөт метал­лын дагуулсан гай гамшиг, үлдээ­сэн сургамж бидэнд хангалттай бий. Зөвхөн алт бус ерөөсөө, газрын хөрсөн дороос авч болох бүхнийг даруй ухаж баяжих их шуналд хөтлөгдсөн гадаад дотоодын ангуучдын хүчит илд, хурц мэсэнд Монголын хөрс шороо гаслантайгаар сийчүүлж, ард иргэд та биднээс аврал эрэн тарчилж байна.
 
  Саяхан ТВ9- телевизээр гарсан нэвтрүүлгийг үзээд тэр л нутагт төрж өссөн уугуул иргэнийхээ хувьд энэ талаар өгүүлэхгүй байж тэсэлгүй үзгээ барилаа.
 
  Наран ургах зүгт, Монголын зүүн өмнөд хязгаарын хилийн дээснээ оршдог Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум бол эртнээс нааш малчин зон олонд ээлтэй, өнтэй өвөл, хуртай зун ээлжилсэн тал нутгийн диваажин болсон үржит шимтэй нутаг байлаа. Дөрөө шүргэм өвс ногоо халиурч, гол ус жигдэрсэн энэ сайхан нутагт бугын дуу урамдахыг сонсдог байсан цаг саяхан. Ган, зудын гамшиг зөвхөн энэ л нутгийг тойроод байна уу даа гэмээр, газрын гарц өвсний шим сайтай, он удаан жил ийм л байсан сан. Хөрш зэргэлдээ сумынхан цас зуданд зутрах тоолондоо өвсний сөл хөөн Эрдэнэцагааныг зорьдог билээ.
 
  Монголын төрийг түшилцэж явсан тамгатай таван хутагтын нэг Егүзэр хутагт Галсандаш, Зүүн хязгаарыг тохинуулах сайдаар томилогдон, шашин төрийн хэргийг хослон гүйцэлдүүлж явахдаа энд халиун бугыг анх нутагшуулж байсан түүхтэй. Тэрээр байгаль эхдээ нэн хайртай, одоогийнхоор бол экологич, зоологич, байгаль орчны менежментийг хөгжүүлэгч нэгэн байсан бөгөөд түүний санаачилгаар Эрдэнэцагаан суманд хайлаас модыг тарьж, буга, тарвага, цагаан зээр нутагшуулах цөөнгүй ажил хийгдсэн байдаг. Тэр их гэгээнтэн хүмүүн, өдгөө түүний өлгий нутаг юу болчихоод байгааг харсан бол монголын төрийн охорхон бодол, харалган үйлдэлд нэн ихээр харамсах байсан буй за. Ардын төрийн хэрэгт идэвхийлэн оролцож, хүч оюунаа зориулж явсан Егүзэр хутагт Галсандаш зүтгэсэн төрийнхөө хатуу илдэн дор цаазаар авахуулсан бол, өнөөдөр түүний үлдээсэн газар нутаг нь ардчилсан төрийн зарлиг тушаалтай, лиценз хэмээх тамгатай бичгийн цаазан дор сийчүүлж байна.
 
  Эрдэнэцагаан суманд хайгуу­лын болон ашиглалтын 42 лиценз олгожээ. Лицензтэй хятад иргэд малчны өвөлжөө, хаваржааг хашиж аваад худаг усанд нь эзэн суусан байх. Бодит байдлыг газар дээр сурвалжлахаар очсон сэтгүүлч тус сумыг хятад нинжагийн суурин болсон гэж тэмдэглэсэн бол тэнд ажиллаад ирсэн нэг төлөөлөгч өөрийгөө Монголын нутагт яваа гэдэгт эргэлзэхэд хүрсэн гэнэ.
 
  Хаашаа л харна уурхай нэртэй урц оовоохойнууд, хүрз зээтүү барин хүссэн газраа сэндийчих хужаа нар дүүрэн.
 
  Орос-Монголын хамтарсан геоло­гийн экспедици анх Эрдэнэ­цагаан суманд /гянт болд/ вольфромын уурхайг нээн ажил­луулж байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үе, эдийн засгийн байдал хүндэрсэн тэр цагт тус уурхайгаас гарсан ашигт малтмал нь дайны төлбөрийн барагдуулахад ихээхэн хувь нэмэр болсон гэж нутгийн өвгөд ярьдаг юм билээ. Тухайн үед ашиглаж байгаад орхисон тэрхүү уурхайн үлдэгдэл дээр зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй гадаад дотоодын компаниуд ажиллаж, тэндээс алт, зэс, мөнгө, молибден, вольфром гээд бүхий л төрлийн эрдэс баялагийг хамж авч байна. Гэтэл тэднийг ямар хорт бодис хэрэглэж, ус, хөрс шороог хэрхэн бохирдуулж байгааг хянаж байгаа хүн алга. Хашаалж авсан торны цаана ажиллах хятад ажилчдад монголын хууль үйлчлэхгүй. Үйлдвэр нэртэй тэрхүү хашаан дотор зөвхөн хятад хүн ажиллана, цалин авна, харин сумын төвөөр холхих монгол залууст ажил олдохгүй. Хар нүдний шил зүүж, хятад дугаартай жийп хөлөглөсөн харь ноёнтоны өмнө хаалга үүдийг нь нээж бөхөлзөх монгол залуус бол харин тэр нутгийнх биш бололтой юм. Нутгийн иргэдэд олдоггүй эдгээр ажлын байр уурхайг эзэмших зөвшөөрөл олгоход үйлчилсэн төрийн албан хаагчдын ах дүү, төрөл төрөгсөд, танил талынхан байдаг гэж нутгийнхан ярьж байна.
 
     Тухайлбал, тус суманд ажиллаж байгаа Монгол –Хятадын хөрөнгө оруулалтай нэгэн компанийн монгол талын захирал нь УИХ-ын гишүүн С.Отгонбаярын төрсөн дүү С.Ганбат гэнэ. Түүний мэдлийн “Баян эрч” нэртэй компани нь Эрдэнэцагаан суманд олборлолт хийх, үйлдвэх барих ямар ч зөвшөөрөлгүй хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа ч, аль хэдийнээ 40 гаруй тонн молибден гадагш гаргаад байна. Тэдний компани тус сумын хүн малын ундын усны эх ундарга болсон Баруун нүхтийн голын эхэн дээр усан сан байгуулж, гүний усыг уурхай руугаа татаад зогсохгүй химийн бодисоор хордсон уурхайн хаягдлаа тэр чигээр нь хөрсөнд хаях болсоноор ойр орчмын булаг шанд бүхэлдээ ширгэж хуурай сайр болсон гэж нутгийн малчид бухимдаж байна. Тус уурхай 70 гаруй хятад ажилчинтай. Хэрэв хууль дүрмээ баримталдаг бол орон тоо хэтэрсэн нэг хятад ажилчин тутмаас сар болгон сумын төсөвт сая төгрөгний татвар авч байх ёстой аж.
 
     Гэтэл тэд татвар төлөх нь битгий хэл, гол усаа харамлах малчдыг өвөлжөө хаваржаанаас нь хөөж, гол усыг ширгээн, хатсан сайр үлдээхдээ тэд хийх ёстойгоо л хийж байгаа гэж бодно. Төргүй, хуульгүй, эзэнгүй энэ монголоос өнгөтэй өөдтэйг нь өрсөж уутлах ганцхан зорилготой эдгээр хүмүүст байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт энэ тэр гэж яриад ч нэмэргүй, тэд юу яриад байгааг ч ойлгохгүй. Өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрт ашигт малтмал тойрсон хууль бус ажиллагаа болж байна. Ард түмний бухимдал, зэвүүцлийг төрүүлсэн эдгээр ажиллагаанд орон нутгийн засаг захиргаа ямагт нүд балай чи дүлийнханддаг. Иймд иргэд хамгийн чих зөөлөнтэй, тэмцэх чадвартайгаар нь Ногоон хөдөлгөөн, Эрс шинэчлэл гэх мэт эвсэл холбоод ТББ-уудад ханддаг болжээ.
 
    Тухайлбал, Эрдэнэцагаан суманд бүхэл бүтэн /хэд хэдэн/ уурхай байгуулж, ашигт малтмалыг нь олборлож, аль хэдийнээ гадагш нь зөөгөөд эхэлчихсэн байхад Үйлдвэр Худалдааны Яам ч, АМХЭГазар ч аль аль мэдээгүй л сууж байлаа. Эрс шинэчлэл хөдөлгөөн, түүний идэвхтэн гишүүд энэ мэдээллийг анх нийтэд түгээж, улмаар Ногоон хөдөлгөөнийхөн тэдэнтэй дуу хоолойгоо нэгтгэж, аюулын харангыг байнга дэлдэж сануулсаар байгаа боловч асуудал өнөө хүртэл яг хэвээрээ, хятадууд баялагийг гадагш зөөсөөр, эрх мэдэлтнүүд таг чиг хэвээр л. Гол усаа дээрэмдүүлсэн нутгийн иргэдийн цөхрөл бухимдал яван явсаар тэмцэл болон өрнөж байна. Тухайлбал, Эрдэнэцагаан сумын малчин голдуу иргэд, нутаг усаа хамгаалах “Эрдэнэцагаан” нэртэй хөдөлгөөн байгуулаад тэмцэж байна. Эрс шинэчлэл болон Монголын Үндэсний Ногоон хөдөлгөөнийхөн санаачилга, шаардлагаар Үйлдвэр худалдааны яамнаас ажлын хэсэг гаргаж, саяхан Эрдэнэцагаан суманд ажиллаад ирсэнийг энд хэлэх нь зүйтэй болов уу. Тэдний явсан аялал, хийсэн тэмцлийн үр дүнд олон тооны хятад иргэдийг хөлсөлж, тус суманд хууль бусаар ажиллаж байгаа уул уурхайн компаниудаас 68 сая төгрөгийн нөхөн төлбөрийг орон нутгийн төсөвт оруулах шийдвэрийг гаргуулж чадлаа.
 
    Саяханаас Бичигтийн боомтыг байнгын ажиллагаатай болгосноос хойш Дорнод аймгийн Тамсагийн нефть, Эрдэнэцагаанаас нүүрс, молибден зэрэг эх орны үнэт баялаг ямар ч хяналтгүйгээр хятад руу өдөр шөнөгүй урсах болов. Сүүлийн хэдэн жилийн туршид тасралтгүй яригдаж байгаа өөр нэг эмзэг сэдэв бол Сүхбаатар аймгийн Төмөртийн цайрын ордын тухай асуудал. Энэхүү цайрын ордоос өдөрт нэг тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн гадагш гарч байгаа, энэ мэт монголын баялаг гадагш урсаад дуусч байхад дээр суугаа нөхдүүд ашигт малтмал тойрсон сэдвээр өөрсдийн сонгуулийн PR-/сурталчилгаа/ -ийг хийхээс өөр ямар ч шийдвэр гаргахгүй байгаад сэтгэл тун дундуур явдагаа “Эрс шинэчлэл”-ийн нөхдүүд бухимдан ярьж байна лээ.