1. Захидлын тухай. 2008 онд Цахим өртөөнөөс ирсэн нэгэн мэйлийг уншлаа. Захидлыг гадаадад суугаа монголчуудад зориулан бичсэн бөгөөд та Монгол Улсын иргэн мөн үү? гэсэн асуулт тавиад гадаад дахь монголчуудыг сонгуульд оролцуулах тухай хуулийн заалтыг УИХ нэмэлт өөрчлөлтөөр хассаныг эсэргүүцжээ. Тэгээд санаа зовж явдаг хүний хувьд санал солилцохоор шийдлээ.
 
2. Шинэ хууль. 2004 оноос л гадаадад суугаа монголчуудыг сонгуульд оролцуулах асуудал нэлээд эрч хүчтэй хөндөгдөж эхэлсэн. Улмаар сонгуулийн өмнө ба сонгуулийн дараа сонгуулийн хуулийг шинэчлэх шаардлагатай тухай хэлэлцүүлгийг эхлүүлж эл сэдвээр олон нийтлэл, нэвтрүүлэг гарсан юм. Захидлыг бичигч миний бие ч гэсэн бүр 2002 онд улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтын тухай “Шинэ толь” сэтгүүл дээр, 2004 онд сонгуулийн өмнө “Сонгогчийн зан үйл, тойргийн хэв шинж, шилжих хөдөлгөөн”, сонгуулийн дараа “Булхайтай ардчилал”, 2005 онд “Хүний эрх ба сонгууль” зэрэг цөөнгүй өгүүллийг “Өнөөдөр” сонин, форумын вэб сайтуудад нийтлүүлж байв.(www.forum.mn) Мөн уг асуудлаар явагдсан ТВ-ийн болон ОУ-ын байгууллагуудын хэлэлцүүлэгт судлаачийн хувиар идэвхтэй оролцсон, тухайлбал 2005 оны 5-р сарын 13-ны өдөр ННФ дээр болсон Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэгтэй хийсэн хэлэлцүүлэгт “Гадаадад амьдарч байгаа иргэдийг сонгуульд оролцуулах тухай” хэлсэн саналын тэмдэглэлийг одоо ч сайтнаас нь үзэж болно. Ингэж сонгуулийн хуулийг өөрч­лөхөд ямар нэгэн байдлаар оролцсон олон хүний нэг гэдгээ дашрамд дурдах нь даруу биш ч санагдаж байж магадгүй. Чухам ийм олон хүмүүсийн хүсэл санаачлагаар сонгуулийн хуульд “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй”, “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална” гэсэн заалтыг тусгаж 2005 оны 12-р сарын 29-ний өдөр баталсан билээ.
 
3. Хуйвалдаан. УИХ дахь АН-ын З.Энхболд, МАХН-ын Р.Нямсүрэн нарын гишүүд зөвшилцөн санал оруулснаар 2007 оны 12-р сарын 21-ний өдрийн (баасан гариг байв) БХ-ны хурлаар огт хэлэлцэлгүй санал хурааж, улмаар 12-р сарын 26-нд (дараагийнх нь лхагва гариг) УИХ-ын чуулганд оруулж иржээ. Нэгдсэн хуралдаанаар мөн л асуудлыг огт хэлэлцэлгүйгээр дээрх хоёр заалтыг, мөн “Эмэгтэйчүүдийн квот”-ын тухай заалтыг хассан юм. Ингэж ажлын гурав хоногт хэдэн мянган сонгогчийн эрхийг хассан шийдвэр гарсан бөгөөд парламент бүх асуудлыг ийм хурдаар шийддэг бол монголчууд их л хурдан хөгжих байсан, хэрвээ бүх асуудлыг ингэж огт хэлэлцэлгүйгээр хуйвалдаж шийддэг бол мөн ч аюултай юм. Шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан иргэд үүнийг анхаарахгүй өнгөрнө гэсэн тооцоо нь ч зөв байв. Нэгдсэн чуулганы өмнө намын бүлгүүд далд тохирсон байсан учир ядаж санал ч асуусангүй шууд батлах санал гаргахад арга ядсан эмэгтэй гишүүд хурлыг хаяж гарав. Өмнөөс нь ичиж үхмээр эрээ цээргүй ийм үйлдлийг ажиглаж суухад хүртэл амар байгаагүй юм. Удалгүй Ардчилсан эмэгтэйчүүдийн хол­боо­ноос зохиосон мартын баярын хурлын гол илтгэлийг З.Энхболд тавьж эмэгтэйчүүдэд барьсан бэлгээ онолын хувьд тайлбарласан юм.
 
4. Сонгуулийн реформ зогсов. Үүнтэй зэрэгцэн сонгогчдод мөнгө тараагаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд порпорциональ системийг сонгох санаачилгыг урьд нь үргэлж эсэргүүцэж байсан МАХН анх удаа дэмжив. Харин АН өмнөх байр сууринаасаа ухарч жадлан эсэргүүцэв. Энэ үед л цахим өртөөнийхний дуу хоолой дөнгөж цухуйв. Порпорциональ системийг санаачилсан Э.Бат-үүл тэргүүтэй гишүүд намын бүлгээсээ банга хүртэн дуугаа хураалаа. Нэг бол Э.Бат-үүлийн яриад байсан ардчилалд тулгарах аюул нь гэнэт алга болсон, эс бөгөөс ардчилсан намын зөвлөл Э.Бат-Үүлийг нухчин дарснаар МАХН-ын удирдах зөвлөлтэй ижилхэн болсноо харуулав. Өөрсдөд нь хамаагүй юм байдаггүй онолчид хүртэл энэ тухай дуугүй байх нь дээр гэж үзэв. Судлаач Д.Баярхүү, эдийн засагч З.Батболд, ИХ-намын Э.Батбаяр, тоймч А.Баатархуяг, МАХН-ын Т.Гантулга гээд цөөхөн сэхээтнүүд л зоригтой дэмжсэн юм. Мэдээж эмэгтэйчүүдийн сүлжээ тууштай байж гар хумхин суусангүй, квотыг хассан өдрөөс нь эхлээд л тэмцлээ өрнүүллээ. Анх удаа С.Оюун, Д.Арвин, Б.Мөнхтуяа, Б.Туяа нар хурал хаялаа. Эмэгтэй гишүүд дотор парламентын гишүүний энд хүрэхгүй хүмүүс бий. Гэхдээ тэд өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэж байгаа учраас би тэднийг хүндэтгэдэг юм. Тийм ч учраас квотыг дэмжиж “Эрээс алдуурсан эм” гэдэг өгүүллийг тэрлэсэн, эмэгтэйчүүд зогсохгүй, тэд одоо гарын үсэг цуглуулж, хэвлэлийн бага хурал хийж байна.
 
5. Харин та нар юу хийв? Харин одоо би гадаадад суугаа монголчуудаас “Та нар өөрсдийнхөө сонгуулийн эрхийг олж авахын төлөө юу хийсэн юм бэ?” гэж асуух цаг болсон гэж бодож байна. СЕХ, УИХ-ын даргад захидал бичээд л асуудал шийдэгдчихнэ гэж найдвал дэндүү гэнэн хэрэг. Аль эсвэл зүгээр комьютерийнхээ ард нуугдаж өөрсдөөс нь өөр хүн ордоггүй сайтандаа гомдлоо бичээд л, монголд ёстой найдвар алга байна гэж дүгнээд л гүйцээ юу? Хамгийн өндөр боловсролтой, хамгийн идэвхтэй, хамгийн иргэнлэг, хамгийн ардчилсан гэж итгэл найдвар тавьдаг хүмүүс өөрсдийнх улс төрийн эрхийг булааж авсан хүмүүсийн эсрэг хийж чадах зүйл ердөө л энэ үү? Ганцад суугаа хулгайч хүртэл шүүхээр ёсчлогдоогүй учраас сонгуульд саналаа өгдөг юм шүү дээ. Та нар минь тэд нараас дор гэж үү? Хэнд юуг найдаад суугаа чинь гайхалтай байна. Өнөөдөр та нарыг эрх мэдэлтнүүд сонсохгүй, яагаад гэвэл та нар сонгогч биш, та нар санал өгөхгүй учраас. Тиймээс та бүхний нэг номерын зорилт бол Монголыг хөгжүүлэх биш, Монголоо аврах бүр ч биш, эхлээд өөрсдийнхөө сонгуулийн эрхийг олж авах юм. Сонгуулийн эрхээ олж авч сонгогч болсны дараа л та нарыг анхаарна, ядаж тоог чинь гаргана, дараагийн төвшний яриа өрнөнө. Ингэж байж л та нар Монголоо, иргэний ардчиллаа хамгаална. Монголын Элчин сайдын яамныхан чухамдаа монголчуудаа хүн гэж тоодоггүйн цорын ганц шалтгаан ч энд бий.