БСШУЯ-ны сайд асан П.Цагаан 2005 оны хавар МУИС-ийн төгсөл­тийн баярт орол­­цож үг хэлэхдээ: “Өнөө­дөр та бүхэн мэргэжил эзэм­шин, диплом өвөртлөн гарч байгаад баяр хүргэе, гэх­дээ та бүхэн ажил­­гүй­­чүүдийн эгнээнд элсэж байна” хэмээн үг алдсан. Яамны сайд нь МУИС-ийг Монгол Улсын урдаа барих их сургууль гэж бодож төгсөлтийн баярт оролц­сон байх л даа. Гэхдээ тэрээр ийнхүү санамсаргүй үг алдахдаа Монголын дээд боловсрол болох­гүй байна, өөрийнх нь толгойлж буй яамны бодлого алдагдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. МУИС-ийг төгсөгчид ажилгүй­чүүдийн эгнээнд шилждэг юм бол бусад сургуулиуд ямар бол, ер нь их дээд сургуулиуд яагаад байна гэсэн асуулт хүн бүрт төрөх болжээ.

  Түүнээс хойш боловсролын яамны сайд хэдэнтээ солигдлоо, байдал бахь байдгаараа. Их, дээд сургуулиудын захирлууд жил бүр л сургалтын төлбөрөө бага багаар нэмж (нэмэх ч гэж дээ, инфляцийн хойноос хөөж), тэгэх бүртээ оюутнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Аргаа барахдаа яамны сайд, төр засгийн удирдлагадаа учирлах боловч цаадуул нь харин ч элэг барих янзтай. УИХ-ын дарга байгаад ноцтой алдаа гаргаж буусан Ц.Нямдоржтон, төлбөрөө нэмэх гэсэн захирлуудын үндэс­лэлийг ч сонсолгүй “Төлбөрөө нэмэхгүй байж чадахгүй байгаа бол улсын байрыг суллаад зайлаарай, өөр бага төлбөртэй хувийн сургуулиудыг оронд нь оруулна” хэмээн мундагдсан гэдэг. Боловсрол тэргүүлэх салбар энэ тэр гэж нүүрэн дээрээ ярьж нэг гараараа ганц нэг компьютер мэтхэнийг бэлэглэх мөртлөө нөгөө гараараа боловсролын салбарыг боомилж байгаа ийм төрийн түшээдтэй хойно боловсролын салбар яаж өөдлөх вэ дээ.

  Өнөөдөр Монголд, улсын болоод хувийн, гадаадын хөрөнгө оруу­лалт­тай болон дотоодын 180 гаруй их дээд сургуульд 130 мянга орчим оюутан суралцаж нэг жилд л 25000 гаруй оюутан дээд боловсролын дип­лом өвөрлөн төгсөж байна. Одоогийн байдлаар их, дээд сургуу­лиудын оюу­тан элсүүлж авах гэсэн эрэлтийг ЕБС төгсөж бай­гаа хүүхдүүдийн тоо бүрэн хангаж чадахааргүй түвшинд хүрлээ. Харин их дээд сургуульд суралцагчдын энэ давалгаа, төгсөгчдийн энэ их нийлүүлэлтийг хөдөлмөрийн зах зээл шингээж чадаж байна уу, их дээд сургууль төгсөгчид ажил олгогчдын эрэл­тээс давж байна уу, эсвэл ажил олгогчдын тавих шаардлагыг хангаж чадахгүй байна уу гэдэг нь судлууштай асуудал болжээ. Энэ нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого буруу болохыг л харуулж байна. Харамсалтай нь боловсролын салбарын энэ хямрал, дампуурлыг одоо заслаа гэхэд хор урхаг нь дор хаяж арван жил үргэлжилдэг муу үр дагавартай бөгөөд эртхэн засаж өөрчлөхгүй бол цаг алдах тусам улам ч дордох билээ.

Дээд сургуулиуд төлбөртэй юу?

  Төлбөртэйгөөр барах уу? Өндөр төлбөртэй хэмээн хэн ч гэсэн уулга алдана. Гэхдээ эргэцүү­лээд үзье.

  Бакалаврын түвшинд нийт суралцагчдын 50 орчим хувь нь л төлбөртэй суралцдаг. Төрийн албан хаагчийн юм уу малчин өрхийн хүүхэд, нэн ядуу болон гурван хүүхэд нь зэрэг суралцдаг шалтгаанаар төрөөс төлбөрөө гаргуулна. Түүнчлэн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг нь ч багагүй жин дардаг. Иймэрхүү жишгийг төрийн өмчийн бүх л сургуулиуд дээр харж болно. Дүгнэвэл нийт суралцагчдын 50 хүрэхгүй хувь нь төлбөртэй суралцдаг, талаас илүү хувь нь төлбөргүй буюу төлбөрийн зөрүү хэмээх цөөхөн төгрөгийн төлбөрийг төлөөд үнэгүй сурдаг болох нь харагдаж байна.   2004 онд төрийн сангийн хөнгөлөлттэй зээлээр сурал­цагч­дын зээлийг бүгдийг нь хүчингүй болгосныг тооцвол хөнгө­лөлт­тэй зээл нь цаашид ч хүчингүй болох магадлалтай. Иймэрхүү улс төрийн шийдвэрүүд нь сургалтын төлбөр гэдэг зүйлийг бүр ч үнэгүйдүүлж байгаа юм.

  Харин төлбөрийн хэмжээ хэр өндөр вэ гэдгийг дараах тоогоор жишээлэн харъя. Өнөөдөр улсын болоод хувийн их, дээд сургуу­лиудын сургалтын төлбөр ойролцоогоор 350 мянгаас 600 мянгын хооронд хэлбэлзэнэ. Энэ нь ам.долларт шилжүүлбэл 300-500 орчим доллар болж байна. Улаанбаатар хотод амьжиргааны баталгаажих доод түвшинг 60100 хэмээн Статистикийн төв газраас шинээр тогтоон баталжээ. Энэ тоог 10 сараар үржүүлбэл 601 мянган төгрөг болох юм. Дүгнэн үзвэл өнөөдрийн манай их, дээд сургуулиудын сургалтын төлбөр амьжиргааны баталгаажих доод түвшингийн орчимд л эргэл­дэж, түүнээс ч доогуур орсон байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмж сая гаран төгрөгөөр тогтоожээ. Улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөр нь төрийн өндөр албан тушаалтны хагас сарын цалинтай л тэнцэх аж.

  Оюутнуудын болов­с­рол­той холбоо­той зард­луудыг тооцож үзвэл дотуур байр болон, хажуу өрөө, байр хөлсөлсний зардал жилд дунджаар 45000 төгрөг. Сургуулиас гадуурх бусад сургал­тын зардал 210000, ном сурах бичгийн зардал 61500 болж байна. Дүгнэлт нь: Эдгээр зардлуудыг тооцон үзвээс оюутнууд сургалт­тай холбоотой зардалд сургал­тын төлбөрөөсөө илүү их зардал гаргадаг, нийт ахуйн хэрэг­цээний заардлыг тооцвол сургалтын төлбө­рийн эзлэх жин дөрөвний нэгд ч хүрдэггүй ажээ. Гурван жилийн өмнө судалж үзэхэд сургалтын зардал нийт зард­лын гуравны нэгтэй тэнцэж байсан бол өнөөдөр дөрөвний нэгд хүрэхээ байж.

  Хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөр жилд доод тал нь 500 ам.доллар байна. Мянга гаруй ам.доллар, бүр 5000 ам.долларын төлбөртэй сургуу­лиуд ч байгааг та бид мэднэ. Хувийн цэцэрлэгүүдийн хувьд сарын төлбөр нь 50 доллараас эхлээд 200, бүр 300 доллар ч хүрдэг. Yүнийг 10 сараар үржүү­лээд их дээд сургуулиудын сургал­тын төлбөртэй харьцуулж үзнэ үү.

  Дүгнэвэл сургалтын төлбө­рийн хэмжээ цэцэрлэгээс эхлэн дээд сургууль хүртэл буурдаг урвуу хамааралтай ажээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголд, сургуу­лийн өмнөх боловсролыг дээд боловсролоос зургаа дахин, дунд боловс­ро­лоос 3-4 дахин илүү үнэлж байна. Хамгийн үнэгүй боловс­рол дээд боловсрол болоод байна.

  Сүүлийн хоёр жилд тэтгэвэр тэтгэмж, түүнтэй зэрэгцэн төрийн байгууллагуудын цалин харьцан­гуй нэмэгдсэн. Гурван жилийн өмнө дээд сургуулиудын сургал­тын төлбөр төсвийн байгууллагын ажилтны зургаан сарын цалинтай тэнцэж байлаа. Өнөөдөр 2-3 сарын цалинтай л дүйцэх болж. Цалингийн доод түвшин гурван жилийн өмнө 60000 байсан бол өнөөдөр 90000 төгрөг болжээ. Цалингийн доод хэмжээгээр харьцуулахад л сургалтын төл­бөр хоёр дахин хямдарчээ. Дүгнэ­вэл сургалтын төлбөр нэмэг­дээ­гүй төдийгүй, харин ч эсрэ­гээр харьцангуйгаар хямдарч, 2-3 дахин буурсан гэж дүгнэж боло­хоор байна.

  Сургалтын төлбөрийг бизне­сийн салбарынхны орлого зарлага­­тай харьцуулах ч аргагүй учир дандаа төрийн байгуул­лага, төсвийн ажилчдын цалин тэтгэвэр­тэй харьцуулахад ийм байна. Үнэндээ сургалтын төлбөр нь дунд зэргийн ганзагын наймаачны лангуу­ны түрээстэй илүү ч үгүй дутуу ч үгүй яг тэнцэнэ.