Та хэдий нэр нөлөө бүхий улстөрч, эсвэл бизнесмэн ч гэсэн өмссөн хувцас тань их бага хэмжээгээр таны “нэрийн хуудас” болж байдгийг бүү мартаарай. Ямар үед гоёлын костьюмаа өмсөх вэ, ямар тохиолдолд бусдаас онцгой харагдах вэ гэдгээ та мэддэг байх ёстой. Тусгай ёслолын арга хэмжээний үед урилга дээр тань ямар хувцастай ирэхийг бичсэн байх нь бий. Тухайлбал, “White Tie“ (цагаан өмсгөл) хэмээн урилга дээр бичсэн байвал фрак өмсөх шаардлага гарна.
 
 

Фрак
Эрчүүдийн баярын хувцасны дээд нь фрак юм. Европ эрчүүд фракан дээр ихэвчлэн хар бортгон малгай тавьдаг. Фракан дотуураа цагаан өнгийн, гүнзгий ухаастай, өмдний тэлээ халхлахуйц урт хантааз, дотуур нь эргэсэн нударгатай цав цагаан цамц өмсөнө. Цагаан өнгийн эрвээхэй зангиа зүүх ёстой. Хар өнгийн урт хормой, оготор дөрвөлжин энгэртэй хар пиджак өмсөнө. Фракыг хурим, цэнгүүн, нээлтийн баярт очихдоо өмсдөг.
 
 
 
Урт, дугуйрсан энгэр хормойтой пиджак
Энэ гоёлыг өглөөгүүр зохиох арга хэмжээнд буюу 15 цагаас өмнө болох ёслолд өмсөнө. Судалтай саарал өмд, саарал өнгийн хантааз, захтай цагаан цамц өмсч, саарал өнгийн бортгон малгайтай байна. Саарал торгон зангиа зүүхээ бас мартуузай. Энэ өмсгөлийг хурим, найр зэрэг албан ёсны арга хэмжээнд, өөрөөр хэлбэл хуримын ханхүү өмсдөг гэдгийг анхаарна уу. 
 
 
 
 
Үдийн зоогонд ямар гоёл өмсөх вэ?
Зуны арга хэмжээнд тас хар өнгийн өмдөн дээр цав цагаан цамц, пиджак, цагаан эсвэл эрээн өнгийн эрвээхэй зангиа зүүнэ. Эрвээхэй зангианы аль дуртай өнгөө та тааллаараа сонгож болно. Харин хар өнгийн зангиа зүүчихвэл хүмүүс таныг үйлчилгээний ажилтан хэмээн эндүүрнэ шүү. Яагаад гэвэл зөвхөн зоогийн газрын ахлах үйлчлэгч нар л цав цагаан пиджак өмсөж хар өнгийн эрвээхэй зангиа зүүж хэвшсэн билээ.