Эхлээд анхаарах нь цагийн эрэмбэ. Аливаа хүлээн авалтыг 12.00 -13.00, 17.00-19.00, 20.00 цагаас хойш зохион байгуулж болно. Үргэлжлэх хугацаа хоёр цаг орчим. Хүлээн авалт нь хамрах хүрээний хувьд их олон хүн хамарч чаддаг онцлогтой. Шөлтэй хоол ордоггүй. Орчин үед хүлээн авалтыг коктейль буюу а-ля фуршетийн хэлбэрээр зохион байгуулах нь нэн түгээмэл болж байна. А-ля фуршет гэдэг нь багцаагаар яривал, зуушнуудыг урьдчилан бэлтгээд, танхимын хана дагуулсан буюу голд аль тохиромжтой хэсэгт тусгайлан бэлтгэсэн ширээн дээр өрж тавьсан байна. Виски, архи, пиво, ундааны зүйлийг хундагалаад ширээн дээр тавьсан байх ба хундага хоосорсон үед нь үйлчлэгч сэлбэн хийж өгнө. Ширээн дээр тавьсан зуушнаас өөрснөө авч үйлчилнэ. Менюд нь хоёроос доошгүй халуун хоол оруулах нь хүндтэйд тооцогдоно. Манайд бол бууз, банш, эсвэл хатгаж идэх шарсан мах байж болно.

Цайллага

  17.00-18.00 цагийн хооронд хийж болно. Эсвэл өдрийн цагаар хэвлэлийн бага хурлын дараа зохион байгуулж болно. Хүлээн авалтаас ач холбогдлоор арай бага.

  Урилга дээр эхлэх ба дуусах цагийг заасан байдаг бөгөөд энэ завсарт хэдийд очоод, хэдийд гарах нь тухайн зочны хэрэг. Энэ нь бага байранд олон хүнийг цайлж болох ашигтай хэлбэр юм. Зууш, ундааны зүйлийг үйлчлэгчид том тавагт хийж, цар дээр тавин барьж үйлчилнэ. Зууш болон ундаа нь хүлээн авалтаас хөнгөн учир хэмнэлттэй хэлбэр, тэгээд ч дэлхий дахинд ихэд дэлгэрч байгаа. Энэ нь уг арга хэмжээнд оролцогчид өөрсдийн хүсэл, боломжоор үйлчлүүлэх таатай хэлбэр юм. Ер нь хүлээн авалт, цайллагын үед үйлчлэгчдийн чадвар, хүрэлцээнээс хамааран тусгайлан баарны үйлчилгээ зохион байгуулах нь зохимжтой байдаг.

Цай

  Цайг үдээс хойш 16.00-17.00 цагийн хооронд эхлэхээр зохион байгуулна. Хэдийгээр цагийг хязгаарлахгүй боловч нэг цагаас хэтэрдэггүй. Энэ арга хэмжээг гол төлөв бүсгүйчүүдэд зориулан зохиодог. Мөн гэр бүлээр нь ч урьж болдог. Үүнийг албан бус арга хэмжээ хэмээн үзэх тал ч бий.

  Энэ арга хэмжээнд үйлчлэгч бараг хэрэггүй. Эзэн нь зочиддоо өөрөө үйлчлэх буюу зочид өөрсдөдөө үйлчлэх нь зохимжтой бөгөөд харин аяга, таваг зөөж өгөх үйлчлэгч тусдаа байна. Цайнд цай, кофе, жимсний архи, ликёр, зуны халуун цагт жүүс, ундаа өгч болно. Зууш нь шоколад, жигнэмэгийн цуглуулга, самар, жимс, цагаан идээ байж болно Хүмүүс жижиг ширээтэй буйдан, түшлэгтэй зөөлөн сандалд сууна. Харин эзэн хүн бүх хүмүүст анхаарал хандуулж болохуйц байрлалыг сонгож суух ёстой.

“Хундага дарс”

  “Хундага дарс” зочилгоог 12.00-13.00 цагийн хооронд эхлэхээр зохион байгуулдаг. Энэ арга хэмжээ нь ажил хэргийн чанартай байдаг тул ихэвчлэн албаны хүмүүсийг урих нь элбэг, хөнгөн чанарын арга хэмжээ юм. Ер нь арвилан хэмнэе гэсэн тохиолдолд энэ арга хэмжээг сонгож болно.

  Манай улсад энэ арга хэмжээг Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барьсантайгаа холбогдуулан түүнд тусал­­сан хүмүүст зориулж, эсвэл Элчин сайд ирэх ба буцахад Дипломат корпусын ахлагчаас зохиох нь хэвшжээ. Зуушны зүйл бага орно. Сандвич барьдаг. Харин виски, архи байх боловч дарс буюу оргилуун дарсаар голчлон үйлчилдэг. Урих хүний тоонд хязгаар тавьдаггүй.

Буфет-зоог

  Буфет зоогийг орой 19.00-21.00 цагийн хооронд зохиох нь илүү тохиромжтой. Хүн бүрийг нэг төрлийн хоолоор шахаад байдаггүй. Тусгайлсан суудал засдаггүй боловч зарим үед энд тэнд ширээ засч, зөөлөн сандал тавьсан байдаг. Уригдсан хүмүүс дуртай суудалдаа сууж, суудлаа солиход чөлөөтэй байх юм.

  Хүйтэн зууш болон халуун хоолыг тусгайлан заасан ширээн дээр тавьсан байдаг нь өөрсдөө шилэн сонгож, идэхэд зориулсан байна. Эсвэл дороосоо байнга халж байхаар тагтай ган тогоонуудад хоолыг савласан байх ба хоолны нэр, зарим үед орцыг англи монгол хэлээр бичиж өмнө нь тавьсан байх ёстой. Хэрэв зочдод тусгайлан ширээ зассан бол үйлчлэгчээр хоол ундыг зөөлгөхөөр бэлтгэнэ. Энэ арга хэмжээ нь дуу хөгжим, зарим үед бүжиг зохион байгуулж болдогоороо онцлог талтай юм. Архи дарсны хувьд сонголт чөлөөтэй

  Эдгээр хүлээн авалт, зоогуудыг заавал тусгай танхимд хийх албатай биш, зуны дэлгэр цагт хашаан дотор, асотей (байшингийн хавтгай дээвэр буюу задгай тагт) дээр зохион байгуулж болно. Хэрэв цэцэрлэг дотор зохиох бол гудамжнаас тусгаарласан өндөр хөшгин хана босгож, хурц гэрлээр алсаас гэрэлтүүлсэн байх нь зохимжтой.

  Ер нь нийтийн журмаар зүгээр нэг хоол идүүлчих бол нэг хэрэг. Харин төрийн өндөр түшээгийн хувьд, эсвэл нэр хүндтэй бизнесчийн хувьд зоог барьж байгаа бол заавал зохих журмын дагуу хийх ёстой. Өглөөний болон үдийн зоог нь ихэвчлэн ажил төрлөө ярилцах, тодорхой асуудлаар санал бодлоо солилцоход зориулагддаг бол харин оройн зоог хүндэтгэлийн хувьд хамгийн дээд ихэвчлэн гэр бүлээрээ уригддаг учир илүү дотно нөхөрсөг байдалд болох ёстой. Төрийн өндөр албаны хүмүүс оройн зоогийг гол төлөв өөрийн орд харш, гэртээ барьж, зочиндоо хүндэтгэл үзүүлж, зарим үед өөрсдийн бэлтгэсэн хоолоор дайлах тохиолдол ч бий. Энэ нь зочинд илүү дотно сэтгэгдэл төрүүлэх зорилготой. Оройн зоогт уригдах хүмүүсийн тоо харьцангүй цөөн байх ёстой.

“Араб зоог”

  Манайханд төдийлөн танил болоогүй араб зоог гэж бий. Анхаараасай гэдгээр энд нэмж тайлбарлая. Уг нь хонины шарсан мах, тэмээний мах гээд монгол хоолтой төстэй тал бий ч анхаарах олон асуудал байдаг. Монгол малын мах нэвт үнэртдэг бол арабууд үнэргүй болтол нь болгоод махаа хэрэглэнэ. Хүлээн авалт зоогийн ширээн дээр пиг дүүрэн мах, ногоо, төрөл бүрийн амттан байх авч бүгдийг нь хүрт гэсэн үг биш. Таны өмнө хутга, сэрээ тавьсан байх авч үйлчлэгч ирж тэр их махнаасаа тасдаж өгнө. Цагтаа баригддаг юмуу гэлтэй ганц огтлоод сууж байтал таваг сэрээг чинь хураагаад дараагийн хоолоор дайлна. Хэрэв Та хүсвэл шүү дээ, маш хурдан идэхгүй бол юунд ч хүрч амжилгүй зоог чинь өндөрлөнө. Персийн булангийн арабын зарим улсад ботгоных юмуу гэлтэй залуу тэмээний бөхийг шараад тавьчихсан байх вий. Лав хоёр хуруу зузаан өөхний цаана ягаарах мах бий. Тэр их өөхийг үйлчлэгч ирж огтолж ярж өгнө. Огтлох гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Махнаас нь огтлоод амсах төдий дараагийн зоог чинь залгана. Мөн ингэний хоормог тавьсан байна. Их уувал гэдэс эвгүйрхэх талтайг бодолцох биз. Араб зоог дээр хундага өргөж үг хэлэх энэ тэр гэж байхгүй. Иймд дэргэдэх, эсвэл эгцэлж суусантайгаа ойр зуурын яриа өрнүүлэх нь зүйтэй.

Зоог дээр үргэлж мөрдөх санамж

• Хүлээн авалтад (зоог, дайллага, цайллага, цай аль нь ч ялгаагүй) уригдсан л бол бүү хожимд, хожим­д­сон бол шалтгаанаа бүү ярь

• Эзэн буюу эзэгтэй суухыг уриагүй буюу тэд өөрсдөө суугаагүй байхад эхэлж бүү суу, эзэн Таны суудлыг заах өгөх буюу ширээн дээр Таны нэр байгааг эсэхийг харж хүлээ

• Бүсгүй хүнийг ширээнд урихдаа зүүн гартаа бүү авч суу. Бүсгүй хүнийг дандаа баруун талдаа авч суух, авч явах нь эр хүний үүрэг

• Ширээнд суусны дараа бүү танилцуул. Ер нь эмэгтэй хүнийг эрэгтэй хүнд танилцуулах нь зохисгүй. Харин эрэгтэй хүнийг албан тушаал үл хамааран эмэгтэй хүнд заавал танилцуулж бай.

• Өрөө, танхимд орохдоо эмэгтэй хүнийг түрүүлж оруул. Өрөөнөөс гарахдаа эхэлж гараад үүд онгойлгож өг. Машинд суух­­­даа эмэгтэй хүнийг эхэлж суулга. Машинаас буухдаа өөрөө эхэлж буугаад эмэгтэй хүнд буухад нь тусла.

• Цахилгаан шатанд мөн дээрхийн адил үйлчил. Шатаар уруудахдаа эмэгтэй хүнээс 1 шат дор, шатаар өгсөхдөө мөн 1 шат дор явах ёстой

• Зоогийн ширээнээсээ хэт хол, эсвэл бүр элгээрээ тулж нааж битгий суу.

• Алчуурыг энгэр, зах руугаа бүү хавчуул. Зөвхөн өвдөг дээрээ тавь. Нүүрээ бүү арч. Нусаа битгий ний. Түүгээр амаа хөнгөн дарж арч. Хооллож дуусаад алчуураа эвхэж битгий тавь. Түүнийг өвдөгнөөс авч эвхэлгүй ширээн дээр орхи • Хэрэв халуун буюу нойтон алчуур өгвөл зөвхөн гараа арч, нүүрэндээ наах буюу хүзүү хоолойгоо арчих, нусаа нийхээс сэргийл. Эвхэлгүй буцааж өг

• Шөлийг халбаганы үзүүрээр бүү уу. Шөл нэмүүлэх гэж битгий гуйж нэх

• Таваг руугаа бүү тонгой. Аль болохоор цэх суу

• Ширээн дээрээс ямар нэг юм авах гэж бусдын таваг дээгүүр бүү зүтгэ

• Талхыг бүү сэрээд. Зүсэм талхыг бариад бүү хаз. Амандаа багтахаар хугалж ид

• Зүсэм талхан дээр бүхэлд нь цөцгий бүү түрх. Жижиг хугалаад түрх • Талхаа шөлөнд бүү хөшиглө. Бүү дүр • Хутгаа амандаа бүү ойртуул. Хутга бол сэрээ биш гэдгийг санаж яв

• Хутгаар хоолоо хамж сэрээн дээр бүү овоол

• Тохойгоо дэлгэн хэт их зай бүү эзэл. Хоёр тохой мөрний хэмжээнээс илүү зай эзлэх ёсгүй • Хоол идэж байхдаа тохойгоо ширээн дээр бүү тавь. Гарын шуу ширээний ирмэгт хүрч байх ёстой

• Стакан, хундагаа өндөр өргөж дарс, ундаа хийлгэх гэж бүү зүтгэ

• Халбагаар идэж болох юмыг сэрээгээр, сэрээгээр идэж болох юмыг халбагаар бүү ид. Бүгд өөрийн зориулалттай

• Сүүлчийн балга шөлийг уух гэж тавгаа битгий хэлтийлгэ. Тавгаа амандаа ойртуулж сорж болохгүй. Эцсийн зүсэм махыг идэх гэж хутга, сэрээгээ бүү тачигнуул

• Хоол нэмүүлэх гэж тавгаа бүү барь

• Жимсний үр, ясыг таваг руугаа бүү нулим. Түүнийг халбага, сэрээн дээр гаргаж, таваг дээрээ сэмхэн тавь • Хажуудаа суугаа хүнээр ширээн дээрээс ямар нэг юм авахуулах гэж бүү гуй. Үйлчлэгч ирэхийг хүлээ

• Ширээнд тавьсан халбага, сэрээ, хутга, алчуураар бүү оролд

• Хажуудаа суугаа хүнийг алгасаж дараагийн цаад хүнтэй нь бүү ярь

• Амандаа хоол үмхчихээд завсраар нь битгий ярь

• Сандал дээр лаглайж битгий суу. Сандлаа найгачуулж болохгүй. Аль болох цэх суу. Хөлөө битгий ач

• Хэзээ ч тайван бай, цаг руугаа харахгүй байхыг хичээ

• Халбага, сэрээ, хутгаа бүү унагаа. Унагаачихсан бол бүү тэвд. Юу ч болоогүй юм шиг сууж байгаад үйлчлэгчид хэлж өөрийг ав

• Шүдний чигчлүүрийг болбол бүү хэрэглэ. Зайлшгүй тохиолдолд нэг гараараа амаа халхалж байгаад шүдээ чигчил, эсвэл ширээний алчуураар амаа арчих далимд чигчил

• Шүднээс гарсан зүйлээ бүү нулим. Салфетка, эсвэл алчуурын үзүүрээр хөнгөн арчиж ав

• Зочноо хоолоор хэтэрхий битгий шах. Нэрэлхэхгүй байх боломжоор ханга, гэхдээ хоолоо бүү багадуул

• Зоог дээр архи дарсыг согттолоо бүү уу. Бусдыг бүү шах

• Зочин урьсан бол зочноосоо түрүүлж бүү идэж дуусга.Ялангуяа сүүлийн хоол идэхдээ анхааралтай бай. Зочид чинь хоолоо идэж дуусгахыг хүлээзнэ. Эс тэгвэл зочин чинь хоолоо орхино

• Хэрэв үйлчлэгч авч ирээгүй бол цай, кофе дахин уух гэж битгий нэх

• Өгч байгаа хоол ундыг зочдынхоо дэргэд битгий шүүмжил, үйлчлэгч­дийг бүү зэмлэ. Тэдэнд уураа гаргаж хэрхэвч болохгүй

• Би ийм хоол иддэггүй, эсвэл ийм хоол биед муу нөлөөтэй гэх мэтээр бүү татгалз. Хоол шүүмжлэх яриа өрнүүлж болохгүй

• Таалагддаггүй буюу иддэггүй хоол өгч таарвал тайлбар хэлэлгүй ширээн дээрээ орхи

• Хоол идэж байхдаа, ер нь зоогийн ширээнд суугаад өвчин зовлонгоо бүү тооч

• Бүсгүйчүүдийн дараа суудлаасаа бос. Тэднийг өрөөнөөс гартал хүлээ

• Эзэн буюу эмэгтэйчүүдээс зөвшөөрөл авч байж тамхиа асаа

• Хоол идэж байх үедээ тамхи бүү тат, зөвхөн цайны үед үнсний сав захиж, тамхиа тат. Тамхи зуугаад өрөөнд бүү ор, ширээнд бүү суу

• Гадуур хувцас, малгай, ажлын цүнх, шүхрээ зөвхөн өлгүүрт орхи

• Ширээнд суугаад сонин сэтгүүл, бичиг баримт битгий унш дэлгэ гэх мэт.

Дипломатч Олхонуд Д.Баярхүү