Нөгөө алдарт Дондог өвөө чинь ёстой “дондогттог” байна шүү. Уржигдар юм байна. Хичээлийнх нь өмнөх завсарлагаанаар амжуулаад цахим шуудангаар ирсэн семинарын материал авахаар гарлаа. Бусад хүүхдүүд шиг хэдэн мянганы тэртээх мэдээллийг хамж авчраад цээж бичиг хийлгэхийг хүсээгүй учраас би хамгийн сүүлийн үеийн судалгаа авч байгаа санаатай юм. Тэгсэн чинь сургуулийн урд талын интернэтийн үхэр компьютерүүд хамуурчихсан бололтой. Удаад царай алга. Завсарлагааны 10 минутад яагаад ч амжсангүй. Яг таван минут хоцроод орлоо. “Багш аа, орж болох уу?” гэхэд мань “Дондогмаа” хөмсгөө атируулж байгаад л:

  “Та дээрээс томилогдсон хичээлийн явц шалгах бүрэн эрх мэдэлтэй төлөөлөгч үү?” гэв. Би биш ээ л гэлээ. “Тэгвэл хаанахын хэн бэ?”. Хариулт олдсонгүй. “Хэрвээ та яам тамгын газраас ирсэн дээд албан тушаалын албан ёсны эрхтэй хүн мөн бол би одоо оруулж болж байна. Биш бол тэр сургалтын албанаасаа очиж хичээл хэдэн цагт эхлэх ёстойг асуу...Чи ер нь...” гэж эхэлж байгаад ертөнцийн түмэн шидийн юм хамж зандарч зандарч байснаа “Хаалгаа хаа!” гэдэг байгаа. Түмэн хүүхдийн өмнө ёстой мянганы онигоонд орчих шиг болсон.

  Загнаж зандруулах, онигоонд орох нь ч яахав, хайран бэлдсэн семинар. Ер нь Дондог өвөөгийн семинар “Тэнд тийм юм байгаа, тэгээд биччихсэн байгаа, тэгэхээр нь тэрийг нь авчраад анги дүүрэн хүүхдүүдэд тийм цээж бичиг хийлгээрэй” гэсэн заавартай юм шиг л болж өнгөрдөг юм. Цаг гучин минут юу бичиж байгаа нь гол биш хэрнээ, баахан юм бичнэ. Хэр урт текст бичүүлнэ, тэр хүн сайн семинар бэлдсэн болж байгаа юм чинь. Энэ хичээлд дуртай хүн гэж ганц ч байхгүй. Уг нь семинар гэдэг онолын хичээлээр үзсэнээ бататгаж үздэг, түүн дээрээ багш, оюутнууд санал солилцож баймаар.

  Тэгээд бас их сонин. Ирц гэдэг ойлголт байна! Ноднин би 100 хувь мэддэг хичээл дээрээ 88 гарсан нь бас л Дондог өвөөгийн хичээл. Хоёр семинар тасалчихсан юм. Ямар албаар тасалсан биш, өөрөө л оруулахгүй байсан байж. Тэгэхээр нь багш аа “Би танд бүгдийг нь эхнээс яриад өгье, хий гэснийг чинь хийгээд батлаад өгье. Яагаад би 100 хувь мэдэж байгаа мэдлэгээ 88 хувь гэж үнэлүүлэх ёстой юм бэ?” Гэхэд “Энэ бол сургуулийн дүрэм журам. Чи оюутан мөн л юм бол хичээлдээ суух ёстой” гэснээс өөр юм хэлсэнгүй.

  Би өнөөдөр ийм нэгэн хичээлд цаг, мөнгө, хамгийн гол нь нервээ зараад сууж байна. Яг надтай адилхан бодолтой, үнэхээр залхчихсан хүмүүс байгаа ч даан ч цөөхөн. Учир нь оюутнуудын зууны наян хувь нь тэгсхийгээд цэвэр нямбай гэгч нь семинараа цээжээр бичиж “алдаа мадаггүй тоолуулаад л” дүнгээ тавиулчих санаатай. Тэр нь ёстой хэн хэндээ хал балгүй, “шалгарсан” арга барил. Дондог ч ажлаа хийсэн болж, оюутнууд ч сурсан болно.

  МУИС “Хамгийн шилдэг сургууль болохоороо” хамгийн шилдэг хуваарьтай. “Яг тэдэн цагт тэнд гозойх ёстой. Бараг л чамд ямар ч ажил байсан хамаагүй, амьд л байгаа бол арзайгаад зогсч байх ёстой” гэх маягийн юм их байдаг. Арван жилийн сургуулиуд шиг тогтоогоод зоочихсон хичээлийн хуваарьтай, түүгээрээ бүх оюутнуудаа дарамталж өгдөг. Хүнд ямар ч ажил гарч, юу ч тохиолдож болно. Үнэхээр тасалмааргүй, суумаар байгаа хүчээлдээ хүртэл очиж чадахгүй тохиолдол бишгүй л байдаг. Энэ тал дээр арай уян хатан бодлого байж болдоггүй юм байх даа? Ядаж ШУТИС шиг хуваарийг нь сонгуулдаггүй юм аа гэхэд өглөө, өдрийн хуваарь гэж гаргамаар юм.

  Хэзээ билээ, оюутнуудад хийе гэхээр цагийн ажил байдаггүй гэж хэлж байсан даа? Ер нь бодоод байхад хичээл ийм хуваарьтай, хотын зам бөглөрөөстэй, дээр нь одоо бол алхъя гэхээр хүйтэн болчихсон байхад цагийн ажил хийгээд ойр зуурын мөнгө базаана гэдэг ёстой худлаа юм байна.

  За тэгээд, хийгээд хийгээд олсон мөнгөө Дондог мэтийн багш нарын хичээлд унасан кредитдээ төлөөд дуусна биз дээ.

Ц.Дөлгөөн