Социализмын үед мал нийгмийн өмч байх үед мал төллүүлэх нь үнэхээр бүх нийтийн “үйлс” байв. Төвийн яамдын сэхээтнүүдийг “төлд явуулах” нь нам-засгийн мэргэн бодлого байжээ. Коммунист суртал нэвтрүүлгийн гол яам – Мэдээлэл радио телевизийн Улсын Хороо, МОНЦАМЭ нь Төв аймгийн Лүн сумтай шефийн холбоотой, тэр сумын мал төллүүлэлт үндсэндээ МРТУХ-ны сэтгүүлчдийн хүчээр нугардаг байв. Энэ тэмдэглэлийг бичигч би бээр Лүн сумын төлд 2 удаа дайчлагдан явснаа эргэж эргэцүүлмээр санагдав. Эхнийх нь 1980, 2 дахь нь 1984 онд тохиосон бөгөөд эхнийх нь малчны хотонд суурь дээр, 2 дахь “Мал төллүүлэх бааз” дээр өнгөрсөн юм.

  Хотын сэхээтэн надад хүнд сургамж, сэтгэгдэл үлдээсэн 1980 оны төл бойжуулалт бол “Социалист хөдөөгийн” бодит тусгал, толь нь байлаа. Уг нь Лүн сум бол нийслэлээс холгүй, соёлжсон газар баймаарсан. Гэтэл бүх юм аймшигтай хар зүүд зэрэглээ мэт үлджээ. Хөдөө аж ахуйг социалист ёсоор хэдийнээ хоршооллоод соёлын довтолгоог хэд хэд хийчэхээд социалист аж үйлдвэржүүлэлт явагдаж байсан цаг шүү дээ. Гэтэл намайг томилж очуулсан айл хөөтэй хар тогоог хөмрүүлчихсэн мэт угтаж билээ. Гаднаа 1000 хонь, 100 үхэр бэлчээсэн хэрнээ зөвхөн өсгөнө гэсэн хатуу хуультай тул адуу тэмээний махаар өвлийг давж хаваржиж байв. Хоногт яг шөнийн 23.00 цагт нэг л удаа гүнцэг барих. Хоолных нь амт чанарын тухайд ярих юм биш. Би лав тэдний тэр шөнө дундын хоолноос идээгүй. Өрхийн тэргүүн 60 шүргэм насны өвгөн эмгэнээ жирэмслүүлээд нөгөөх нь хүндрэлтэй төрөхөөр Улаанбаатар явчихсан, цэргээс ирсэн хүү, бэр, 2 балчир ач нь, дээр нь сумын төвөөс заларч ирсөн төлчин өвгөн, тэгээд би.

  Хотын унаган хүү надаар төл бойжуулуулах гэж юу байхав, нам-засгаас тулгаж өгсөн юм чинь, өдөртөө хотны өтөг бууц цэвэрлэх, өвс тэжээл зөөх ажилхан хийнэ. Ядаж хүү нь эхнэртэйгээ хардаад, байн байн давхиж ирээд муухай аашлаад хамаг юмаа хэмхчих гээд гэмгүй би мөн ч их зүхэгдсэн байх даа. Гэрт суугаад байвал өлсөөд салахгүй, пүүгээгээ ухаж юм идье гэхлээр өлсгөлөн 2 хүүхдийн бүлтийсэн нүд. Тэр айл өглөө үүр цүүрээр уралдан босцгоож цас хайлсан угаадас аятай цайгаа уусан болоод хонио туугаад хэдэн тийшээ арилж өгнө. Малын бэлчээрт яаж өл залгадаг нь маш нууцлагдмал. Хотын би очсоны маргааш 13.00 цагийн алдад гэрт орж үдийн хоол идэх санаатай шал дэмий явдлын гарз болов. Харин угаадас шиг цай нь данханд байж байх юмаа. Түүнээс халаасан болоод хүүдийгээ уудалтал өлсгөлөн хүүхэд нь ороод ирнэ. Эхний хэдэн өдөр хувааж иддэг байснаа эх нь хялалзаад байхлаар нь би нууж авч гараад хээр очиж ганцаараа иддэг боллоо.

  Уг нь хотоос очихдоо гэрийн эзэнд шил архи, бэрд нь чамгүй боов боорцог еэвэн “хотын бэлэг” гэж өгсөн юмсан, гэтэл Майн баяраар гаргадаг гээд авдартаа хийгээд цоожилчихсон. Ингээд би өлбөрч үхэж байгаа юм даа. Шуудайд хэдэн консерв, тушенк үлдээсэн нь аминд орлоо. Тэд орой 19.00 цагийн үед бэлчээрээс ирж хонио хотлуулах тоолох гэж 22.00 цаг хүргэх юм. Гадаа бөөн ажил оволзоод, би хүйтэн гэрт эвхрэн гэдэс минь ханандаа наалдах нээ. Сүүлдээ хамаг бие сулраад нүд эрээлжлээд. Нөгөө хэд огт өлссөн шинжгүй харин лаа асаагаад мөрийтэй хөзөр тоглож эхэлнэ. Бас бараашиг гэх үс өрвөсхийм умдаан зооглож жаал хална. Ноорхой бэр нь тэднийг жаал харж алмайрч байснаа босч тогоон дээр адуу тэмээний бүхэл мах энгэртээ тэвэрч байгаад хутгаар хэрчиж унагаад пор пор буцалсны дараа хар гурилтай лапша болгож 23.00 цагт нийтээрээ хоолоо зооглоно. Би хэдийнэ гулдайгаад бүхлээрээ унтаж орхих. Гэр дүүрэн тамхины эхүүн утаа, хоолоо зэрэг зэрэг шоржигнотол сороод л. Шөнийн 00 цаг болж байгаа хэрэг шүү дээ.

  Хоолны дараа шууд л ор руугаа. Өвгөн ач хүүгээрээ нуруугаа бараг цаг маажуулна. Тэгж их загатнасныг бодвол бөөс нь чөлөөтэй бэлчсэн байх. Тэдний ярих нь зуны дэлгэр цагт Туул гол бараадан зусвал хамаг хирээ угааж авдаг гэнэ. Ингээд хурхиралдан тэр гэр нам гүм. Өдөржин өлсгөлөн байсан миний ходоод хоржигноод, бас ядарч сульдсаных тэгсгээд унатана даа. Би гэж хот руугаа буцахын бөөн мөрөөдөл. Тэнгэрт хааяа нэг үзэгдэх онгоцыг эс тооцвол тэр хавьд гэрэл гэгээ огт байхгүй. Юун нөгөө хөдөөгийн цэнгэг агаар, малын буян, бушуухан л буцах минь. Хүлээн авагч байвч надад сонсгохгүй, зай дуусчихна. Тэд үдшийн үлгэр, төлчдөд зориулсан “Таван эрдэнээ” л сонсох. Тамхи ороох хуучин сониноос өөр тэр айлд ном сонин юу ч байсангүй. Харин би хэдэн орос номтой очиж ёстой “номын нөхөр” болсон доо. Сумын төвөөс намын үүрийн ухуулагч гэж нэг нөхөр ирээд олон улсын байдал ярьж байгаа нь айдас инээд зэрэг хүрэм. Ухаан нь ингэж ярьж байна. Хятадын маоистууд Англиас “Харриер” хэмээх эгц дээшээ хөөрдөг байлдааны аюултай онгоц авч Бээжингийнхэн зэвсэглэлээр хөөцөлдөж байна гэж өмнөд хөршөө зүхээд, гэвч тэр нь та нарт аюулгүй манай Лүн сумыг хүрч нисч чадахгүй, зөвлөлт ах нарт түүнээс хүчтэй зэвсэг бий, тиймээс төлөө мэнд бойжуулж, тайван амгалан байцгаах хэрэгтэй, нэг иймэрхүү л ухуулга хийх. Тогтмол тэгж ярьдаг бололтой юм. Өлсөж туйлдахын зовлон амссан би бээр тэр айлд 20 хоноссон уу, үгүй юү биеэ муудмагц нэг шөнө сум явах мал эмнэлгийн тэргэнд дайгдаад замдаа цасанд суун тусан байж Лүнд ирж, дараа өдөр нь хот явах тээврийн тэргэнд дайгдаж, хөмөрсөн хар тогооноос гэгээнд гарч билээ.

  Энэ нуршуу түүх юу өгүүлнэ вэ? “Нүүдлийн соёл иргэншил” хэмээн хэнхдэг цээжээ дэлдэгч монголчуудыг өдөж буй хэрэг биш. Ерөөсөө 20 жилийн тэртээх Монголын хөдөө, хөдөөгийн аж төрөл одоо дээрдсэн үү? Чанарын ялгаа гарсан уу? Энэ талаар харьцуулалт эргэцүүлэл хийгээсэй гэсэндээ түүх сөхөж байна. Монголыг мал нь авч яваа, хөдөөгийн нэг малчин хотын төдөн иргэнийг өөртэйгээ хамт тэжээдэг гэж хийрхсэний цаана ямар аймшигт харанхуй ертөнц буглаж байсны ганц л жишээ бол энэ. Миний төл бойжуулахаар очсон малчин айлынхан л биш байгаасай. Нийслэлийн зах хязгаар, гэр хороолол, орц хонгил, за тэгээд траншейгаар хоног төөрүүлж ертөнцийн хар өдрүүдийг өнгөрүүлэгч энэ олон мянган монголчууд бол бүгд л малчин, малчдын гэр бүл үр хүүхэд, товчхондоо нөгөө “Социалист хөдөөгийнхөн” байгаа шүү дээ. Энэ бол нууц биш. Суурьшмал иргэд бол хэзээ ч траншейнд орохгүй, хог ухахгүй, заяа төөрөг нь өөр юм.

  XXI зууны хөгжлийн их хурд Монголын хөдөөг хүлээхгүй, бас тэсгээхгүй. Малчдыг бол бүр ч ярихгүй. Ган зуд, шүлхий, мялзан, галзуу, шувууны ханиад, энэ бүхэн Монголын хөдөөг баллаж мэднэ. Баллаж ч байна. Эржимжсэн фермерийн аж ахуйд шилжихгүйгээр, өндөр технологи нэвтрүүлэхгүйгээр XXII зуун хүргэнэ гэж огтхон ч байхгүй. Хэрэв нүүдлийн мал аж ахуй олон зуун жил Монголын толь болж ирсэн бол миний бичсэн шиг л дүр зураг үлдээсэн байгаа, ерөнхийдөө. Наана цаана юм байж болох боловч чанар агуулгын хувьд миний бичсэн тэрхүү малчны хот бол байж байгаа нь “нүүдлийн соёл иргэншил” мөнөөсөө мөн. Одоо эрс, эргэлтгүй халж өөрчлөх цаг нь болсон.

Олхонуд Д.Баярхүү