Эмэгтэйчүүдийн 8 хувь, эрэгтэйчүүдийн дөнгөж 3 хувь нь байнга ганцаарддаг. Эмэгтэй хүмүүс ганцаардлыг илүү тэсвэрлэдэг бол эрэгтэйчүүдэд ганцаардсанаасаа болж, ажил амьдралаа алдах уруудах явдал элбэг тохиолдог Багадаа ойр дотны хүнтэй итгэлтэй дотно харилцаа үүсгэж чадаагүй бол хойших амьдралынхаа туршид өөртөө болон бусдад итгэж найдаж чадахгүй байх магадлал бий. Ийм итгэлтэй, дотно харилцааны холбоос хүүхдэд бүр багаас нь орчин тойрноо хүлээж авах, таниж мэдэх итгэлтэй бааз суурь нь болж өгдөг.

 

Нийгэм бухимдалтай байна, хүмүүс халуун дулаан, хүн хүнээ гэсэн, дээдэлж хүндэтгэсэн харилцаа үгүйлэгдэх боллоо гэж олонтаа ярих болсон энэ үед хэрвээ тийм бол шалтгаан нь юу вэ, энэ байдал хувь хүний болоод, нийгмийн харилцаа, хөгжилд хортой юу зэрэг асуултад хариу хайлаа. Уншигчид аа, бүгдээрээ хамтдаа хайя.

Чи сүрхий амьтан, би энэ чигээрээ дуусъя

Ажил үйлс нь Ok, авдаг цалин нь ч хангалттай 35-тай аятайхан бүсгүй архинд орсон нөхрөө хүлээн, “Өнөө орой гайгүй ирэх байгаа” гэж битүүхэндээ горьдоно. Сүүлийн сард эмэгтэйн ажил урьд урьдынхаас илүү амжилттай, сэтгэл ханамж 100 хувь. Хамт олон нь баяр хүргэж, ойр дотнынхоо хэдтэй ажлын дараа ганц, хоёр шил дарс хувааж ч уув. Ганцхан заяах амьдралыг амталж өнгөрөөе гэх шиг санаа нийлсэн хүмүүстэйгээ тагнайдаа дарс имрэн сууцгаах бас л жаргал. Мөнгөөгийн ажил, хамт олны орчин энэ. Харин гэртээ. Хайртай хоёр охин нь гоёж гангалан, будаж шунхдачихаад ээждээ харуулах гээд цаг, хором тоолон хүлээнэ. Аль эсвэл ямар нэгэн бяцхан хэрэг тарьчихаад энэ тухайгаа нууж, дарж ядан ээжийгээ хүлээнэ. Харин бүсгүйн бодол санаа охидууддаа тэр бүр төвлөрөхгүй. Түүний сэтгэл орцонд, гудамжинд, эсвэл архи тамхины үнэр нэвширсэн бааранд “тэнүүчилнэ”. Тэгснээ хөлийн чимээ, таксины хаалганы тавхийн хаагдах дуу чагнан, “Хаанаас ч хамаагүй таксидаад, хэдэн төгрөг гарсан ч яах вэ, хурдхан л ирээсэй” хэмээн бодлоо хоосолно. Нөхөртөө ажил, амжилтынхаа тухай ярьж хөөрөхсөн, баярлах байх даа. Даан ч эрүүл байх өдөр гэж алга. Ажлынхны дайлсан шиг дарс, чихэр хэрэггүй ээ. Түүний минь эрүүл сайхан дүр, сэргэлэн цовоо төрх, цэгцтэй яриа, сэтгэл дүүрэн тэврэлт л байхад болно. Тэр бүхэн л миний аз жаргал. Хань минь гашуун ундаанаас болж хэрэндээ л зовж явдаг биз ээ. Ойлгохыг хичээж, архи гээч тамаас гарах өдөр тохионо гэдэгт итгэж найддаг хэмээн өгүүлэх энэ эмэгтэйг би олон жилийн өмнөөс мэдэх юм. Нөхөр нь 10-аад жилийн өмнөөс ууж эхлээд сүүлийн гурван жил толгойгоо татахаа байсан. Нийтлэлээ бичихэд минь тусалж, өөрийнхөө тухай илэн далангүй ярьсан түүний гэрэл зургийг сэтгүүлдээ гаргая гэж хэлж чадсангүй. Нөхрийнхөө архи уудаг шалтгааны тухайд “Бидний боловсролын зөрөөнөөс болдог юм болов уу гэж хааяа боддог юм. Чи дээд боловсролтой сүрхий амьтан, би яах вэ энэ чигээрээ дуусъя гэдэг юм” гэж бүсгүй хэлээд санаа алдсан.

Ганцаардал бас тустай

- Тийм шүү, уран бүтээлчид ганцаардлыг мэдэрдэг. Яагаад гэвэл тэдний бүтээл, туурвилыг тэр бүр хүмүүс хүлээж авдаггүйгээс тэр байх. Ойрын жишээ бол Р.Чойном. Түүний үнэнийг хэлсэн шүлэг, найргуудыг хэзээ хойно, өөрийг нь байхгүй болсон хойно үнэлж эхэлсэн шүү дээ. Дэлхийд гээд яривал зөндөө шүү дээ. Бах, Бетховен байна. Ван Гог ч гэсэн дээ. Түүний тухайд ганцаардлын зовлонд нэрвэгдсэнээр гайхамшигт бүтээлүүд нь төрсөн гэдэг. Ганцаардаж шаналаагүй байсан бол дотоод сэтгэлээ тэгж хурцаар илэрхийлээ ч үү, үгүй юу. Шуман ганцаардлаас болж галзуурсан гэж байгаа. Зохиол бүтээлийг нь хүмүүс тоохгүй, зарим нь үгүйсгэж байснаас сэтгэл санаагаар унаад тэр байх. Энэ бүхэн хэдэн зууны өмнө, өөр улс үндэстнүүдэд тохиолдсон ч гэлээ хүн төрөлхтөний л асуудал, зовлон шүү дээ. Зовлон шаналал хүмүүсийг яс үндсээр ялгах биш.

- Одоо цагт уу. Өөрт тохиолдсон, мэдэрснээ яривал ойлгомжтой байх болов уу. Би ч гэсэн ганцаардахын хэцүүг туулсан л юм байна. Ганцаардлын даваа давсан гэе л дээ. 1989 онд юм аа. Сарны титмийн урд талын талбайд бараг л анхны шоу болсон юм. Хаанаас хэн зохион байгуулсныг мартчихаж. Хамтлаг дуучид ч цөөхөн байсан үе. Батчулуун дөнгөж дуулж эхэлж байлаа. Тэгэхэд би нэг хамтлагийн “Ямаха” хөгжмийг тоглоод. Тоглоод ч гэж дээ. Тогломор болоод үнэн хэцүү байдалд орсон юм. Үзэгчид юмаар шидээд, “Зайл, тонил” гэж орилолдоод, хоёр дууны ард гарах гэж хорин жил болохтой адил хугацаа өнгөрөөх шиг санагдаж билээ. Миний буруу байгаагүй юм аа. Цахилгаан хөгжмийн хамтлагийн уран бүтээл гэдэг тоглоочдын хувийн ур чадвараас гадна техник, аппаратураа бүрэн эзэмшихээс их шалтгаалдаг эд. Тэгтэл туршлагагүй надад таарчихсан хүмүүс тайз янзалж л дээ. Ямар ч байсан тайзан дээр тоглоочид руу харуулж тавьдаг, өөрөөр хэлбэл бусад хөгжимчдөө сонсож байдаг монитор тавих ёстой байтал тэр нь байдаггүй. Би бусдыгаа сонсохгүй байгаа болохоор болж л байгаа юм байлгүй гээд яваад л байдаг. Гэтэл үзэгчид нэг л биш болсон. Сүүлдээ гартаа таарснаараа шидэж эхэлсэн. Би гайхахын зэрэгцээ сандраад бүр зөрүүлж тоглоод байж л дээ. “Соёл-Эрдэнэ”, “Харанга” гээд тухайн үеийн хэдэн хамтлаг бүгд байсан л даа. Тайзнаас зугтах шахам буугаад л тэр чигтээ хэдэн өдрийн юм болсон. Дотор нэг юм баглаастай бараг сар болсон байх. Хүний өөдөөс, ялангуяа урлагийнхантай уулзахаас халшраад байгаа юм чинь. Бараг тэр шарх одоо ч аниагүй.

- Тийм. Шарх гэж ойлгож болно. Ёстой л таны асуугаад байгаа ганцаардал гэдэг тэр болов уу. Дотроо л шаналаад байсан. - Уусаан, уусан. Зөндөө архи уусан. Согтохоороо мартчихаад, эрүүл болохоороо санаад л. Уран бүтээлд нөлөөлсөн. Ажил, амжилтыг хойш татсан гэж бодож байна. Урлагийнхан дунд ганцаардал ер нь их дээ. Орчин үеийн хөгжим, зураг, бүжиг төрсөн түүхийн олонхи нь уран бүтээлчдийн бухимдсан сэтгэлийн тэсрэлт байх нь элбэг гэдэг. Тэгэхээр ганцаардал нэг талаар ашигтай байгаа биз.

Гологдсон хүүхэн

- Нарангарав гээд биччихээрэй. Би энэ нэрэнд яагаад ч юм их дуртай. “Их бүрдийн домог” киноноос л болсон гэж боддог юм. Анх үзчихээд гол дүрийг нь гоё хүүхэн, бас их гоё нэртэй гэж бодсоноос болсон байх. Залуу байхад минь Монголд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг төв эрт бий болсон бол би хамгийн түрүүн очих байсан байх аа. Одоо ч өнгөрч дээ.  

- Та дөнгөж 40 хүрч яваа юм байна шүү дээ. Юу нь хөгшин гэж?

- Хөгшин байлгүй яадаг юм.  

- Яалаа гэж дээ. Сэтгэл зүйн төв байсан бол та түрүүн ярьсан зовлонгоо нимгэлэх байсан байх гэж үү?

- Тус болох байсан байх.

Нарангарав бид хоёр удаан ярилцаж суусан юм. Тэр яагаад санаснаараа, багадаа мөрөөдөж байснаараа амьдарч чадаагүй тухайгаа ярьж өгсөн юм л даа. Царай муутайдаа тэр муу амьдарч яваа гэнэ. Тэр намхан хамартай, онигор нүдтэй, хөмсөг гэж бараг байхгүй. Тэгэхдээ аятайхан биетэй. Нуруу цэх, цээж ч гоётой, тэгшхэн хөлтэй, нарийхан биетэй, бэлхүүс сайтай. Ер нь гоё биетэй гэж хэлж болно. 1986 онд Нараа Кавказын нэгэн орны дээд сургуульд (Тухайн үед тэр улсуудад цөөхөн монгол сурч байсан болохоор тодорхой бичихгүй байхыг хүссэн юм. Эндээс бүсгүй одоо ч ганцаардлын хүлээсэнд тарчилж яваа юм байна гэж бодогдохоор) сурахаар очжээ. Тэр үед Москвагаас хуваарилдаг байж л дээ. Сургуульдаа очсон анхны өдрөө л тэр дахиж тийшээ зүглэмээргүй санагдсан гэнэ. Кавказ оюутнууд түүнийг шоолж гарчээ. Коридорт явахад нь зөрсөн болгон хуруугаараа зааж инээлдэнэ. Эргэж харан харан, олуулаа нэрхийтэл инээлдэх. Тэгснээ “Чукча, узбек, киргиз” гэхчлэн дуудна. Ангийнхан нь монгол гэж мэдсэн цагаасаа “Монголчууд гэж ийм хүмүүс байдаг юм уу. Бүгдээрээ чам шиг царайтай юу” гээд л элдэв янз болох юм гэнэ. Тэр мөчид Нараад ердөөсөө л үхчихмээр санагдаж. Маргааш, нөгөөдөр яг л адилхан. Уг нь сар хэрийн хугацаа өнгөрөхөд арай гайгүй болж л дээ. Гэтэл семинар, курсийн ажлын хамгаалалт эхэлмэгц самбарын өмнө гарч асуугдах хэрэг болно оо доо. Тэр үеэс дахиад л оюутнууд Нараагаар “занимаалдаад” эхэлж гэнэ. Урд нь гараад зогсоход жиг жуг хийгээд л, зурж, сараачиж харуулаад л хичээл яриулдаггүй гэнэ. Тэгэхэд охин үнэхээр тэсвэр алдаж, ангиасаа гараад л гүйж. Дахиж тэр сургууль руу зүглээгүй. Ядаж сургуульдаа ганцаархнаа монгол. Бусад сургуулиудад цөөхөн хэд байх. Тэдэндээ энэ тухай ер хэлэхгүй, дотроо шаналж дахиад бүтэн сарыг баржээ. Хичээлдээ явлаа гэж гараад дэлгүүр хоршоогоор явж явж ирдэг болж. Тэгтэл мань хүн хичээлдээ явахгүй байгааг нь бусад монгол оюутнууд мэджээ. Тэгмэгц арван хэдүүлээ сууж байгаад ярьж, ятгаж. Нэг нь очиж сургуулийнх нь гадаад оюутан хариуцсан декантай ч уулзаж. Зовлонг нь ойлгуулахад декан боломж олгож л дээ. Гэтэл Нараа “Яасан ч очихгүй” гэж. Өөрөөр хэлбэл сургуулиа хаяжээ. Монголд ирэхэд нь цаг төр ямар байсан билээ. Хойшоо урагшаа сүлжилдэж наймаа эргүүлсэн хүмүүс дүүрэн. Тэдэн дунд орж ийш тийш хөвөрч яваад нэг мэдэхнээ нэг залуутай үерхэж байгаад хүүхэдтэй болчихжээ. Гэрлэсэн, үгүй хоёрын хооронд гурван жил чангаацалдаж байгаад салцгааж гэнэ. Тэгж байтлаа бараг л зам дээр гараа өргөөд зогсож байсан залуутай бас нэг гэрт орчихож. Амьдрал зохиох тухай ам ангайгаа ч үгүй байж шүү дээ. Аз болоход тэр залуу шударга нэгэн байж, хоёр жилийн дараа “Би сонголтоо буруу хийжээ” гээд яваад өгч. Түүнээс хойш Нараа нөхрийн тухай, ер нь сайхан амьдралын тухай нэг их бодохоо байчихжээ. Угийн сэргэлэн толгойтой болохоор ажилгүй суудаггүй, хүүхдээ ч хүнийхээс дутахгүй өсгөж байгаа ч дотоод сэтгэлдээ байнга л гонсгор, өөрийгөө “Гологдсон хүүхэн” гэж боддог хэвээр. Дотнын найз гээд байх хүн ч ховор. Багахан цалинтай ажил, гэр, хүүхэд. Энэ түүний ертөнц бөгөөд багаасаа мөрөөдөж байсан санаандаа хүрсэн сайхан амьдралынх нь сураг ч байхгүй. “Сайхан амьдрал гэж юу вэ” гэж асуухад тэрбээр “Хүмүүсийн хайр хүндэтгэл хүлээсэн, нэр төртэй, олны танил хүн байхыг мөрөөддөг байлаа. Би гадаадад сургуульд яваагүй бол сэтгэлдээ ийм мөнхийн шархтай болохгүй байсан байх аа. Монголдоо сурсан бол хэн ч намайг тэдэн шиг доромжлохгүй байх байсан. Одоо яах вэ дээ. Хүүгийнхээ төлөө амьдарч л байна. Хүн царай муутай төрүүллээ гээд эцэг эхдээ гомддоггүй юм билээ. Над шиг ганцаардаж гутарсан хүн олон байдаггүй биз ээ. Их олон байдаг бол хэцүүдэх байлгүй. Миний гунигтай түүх ийм л байна даа” гэж Нараа ярина.

Тэнгэр хол, газар хатуу

- Ганцаардах тохиолдол байна аа. Сүүлийн үед нөхцөл байдалтай эвлэрээд гайгүй болчихож. Нэг хэсэг эвгүй байсан шүү. Одоо бодоход тэр ганцаардал байсан юм байна. Ажил бүтээх гээд бараагүй. Орсон газар бүртээ амаа таглуулж байсандаа дээд зэргээр бухимдаж байлаа. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг үг яагаад гарсныг тэгэхэд ойлгосон шүү.  

-Та ямар ажил хөөцөлдсөн юм?

- Танил японууд маань боломжийн төсөлд хөрөнгө оруулъя гэсэн юм л даа. Тэгэхэд нь найзынхаа олон жилийн өмнөөс мөрөөдөж, төлөвлөж ирсэн сургууль байгуулах ажлыг нь дэмжээд чиглүүлээд өгье гэж шийдээд. Хоёр тал олон удаа уулзалдсанаар тохиролцоонд хүрч, барилга барих газар хайлаа. Хотын захиргааны байшин руу орж анхны хүнтэй уулзалдсан өдрөөс эхлээд бүтэн гурван сар явсан. Тэр мэднэ, би мэдэхгүй, хэнийг хүлээнэ, гадаад явсан. Нэг нь газар олгож бололгүй яах вэ гэнэ, тэгтэл нөгөө нь ерөөсөө байхгүй гэнэ. “Энэ газрыг нэг нөхөр эзэмшдэг учиртай. Юу ч хийхгүй байгаа болохоор дахин эзэмшүүлэх гэрээ байгуулж болох ч түрүүчийн хүн байхгүй тул болохгүй”. Гэх мэтчилэн өрөөнөөс өрөө хэсч явснаа эргээд бодохоор толгойны үс арзайж байна. Эцэст нь өнөөх японууд маань цөхрөөд больсон.  

- Тэр үед ганцаардлыг мэдэрч. Харин дараа нь?  

- Гурван сар нервтэж явна гэдэг бараг гурван жилийнхээ хүч чадлыг барсантай ижил. Хамаг идэвх, сонирхол, хүсэл мөрөөдөл талаар болж байгаа юм. Хүмүүс бэлэн хөрөнгө оруулъя гээд байхад ангайсаар байгаад аль ч үгүй хоцорч байгаа байхгүй юу. Тэгээд ирэхээр урам зориггүй, томоор яривал ирээдүйд итгэх итгэл алга болж байгаа юм чинь. Би нэг л юм ойлгосон. Төрийн үйлчилгээ хүнд, иргэддээ хүрдэг, хүрдэггүй гээд л байдаг, чухам юу хэлээд байгааг мэддэггүй байсан юм билээ. Үүнийг гурван сар “амьтан” болохдоо ойлгосон. Манай төр үнэхээр иргэдийнхээ төлөө, хүний төлөө үйлчилдэггүй юм байна. Үнэндээ гутарсан.

Гадаадын Монголчуудын өвчин

- Та нар их сонин асуудал хөндөж байгаа юм байна. Ганцаардал гэдэг чинь гадаадад байгаа монголчуудын өвчин болчихоод байгаа шүү дээ. Би саяхан Америкаас ирлээ. Бараг зургаан жил болсон л доо. Тэнд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон маш олон монгол байна. Саяхан нэг нөхөр амиа хорлосон гэсэн. Эхнэр нь эндээс байнга мөнгө нэхэж шаналгадаг юм байх. Бараг өдөр бүр утсаар ярьж хоёр хүүхдийнх нь дууг сонсгодог байна л даа. Тэгээд л ийм ч юм хэрэгтэй, тийм ч юм байхгүй гэдэг байж. Өнөө хүнд хураасан мөнгө төгрөг гээд байх юм олигтой байхгүй. Ажил хийдэг ч энэ тэр хүнд тавьсан өрөө дарах маягтай амьдарч байсан юм байна. Тэгтэл сүүлийн үед эхнэрийн дарамт ихсэхээр ачааллаа даахаа больсон юм байлгүй, амиа хорлочихсон гэнэ. Миний бодлоор ийм явдал цааш цаашдаа олон гарах байх. Тэнд ажиллаж амьдардаг хүмүүс их хэцүү ш дээ. Бүгд хэн нэгний өмнө үүрэг хүлээчихсэн, эцэг эх, гэр бүл нь ч биш, бүхэл бүтэн ах дүү нарынхаа өмнө ял үүрсэн мэт улс байдаг. Монголд ямар нэгэн юм болохоо байна, тэр даруйд утасдана. Заримдаа утас мутсаа салгаад таг чиг хэд хоноё гэсэн хүн ч байдаг.  

- Солонгост тийм хүмүүс бас байна гэнэ. “Өнөөдөр” сонины сэтгүүлч И.Отгонжаргал тийшээ явж ирээд нийтлэл бичсэн байна билээ. Сэтгүүлч газар дээр нь байдалтай танилцаж ирээд Монголд байгаа хүмүүсийг харьд байгаа хэдийгээ бага дарамтлаач ээ гэсэн санаа хөндсөн байсан.

- Тэгнэ тэгнэ. Хаана ч адилхан. Мөнгө тэнгэрээс буугаад ирдэг газарт оччихсон байгаа биш дээ. Өөрөө амьдралаа сайжруулах гэж явсан биш, баахан ялд уначихаар чинь бөөн зовлон биз дээ. Энэ тухайгаа тэр бүр бусадтай ярихгүй, ичиж зовно, нэрэлхэнэ. Энэ л ёстой ганцаардал байх даа.

Онгоцны бор

Асуултад минь хариулсан хүмүүс бүгд л өөрсдийгөө нууцлахыг хүсч байсан бол харин нэгэн нээлттэй, “зоригтон”-той таардаг юм байна. Тэрбээр Ховд аймгийн Дарви сумын харьяат, 2002 онд хотын хүн болохоор орж ирсэн. Ах дүү нарынхаа зөвлөснөөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд ногоо тариалах ажил эрхлэхээр очсон ч нэг их удалгүй нийслэлийн зүг хүлгийн жолоо залсан. Тэнд идээшихгүй байсан гэнэ. Ядахнаа ам дүүрэн “Сайн байна уу” гэж мэндэлчих хүн олдохгүй хэцүү байсан. Хотод ирээд дажгүй ажилтай болжээ. Цагдаагийн ерөнхий газрын автобаазад диспетчер болоодхож. Өдөр шөнө ялгахгүй ажилтай тул жаахан хэцүү нь хэцүү. Гэхдээ Шаамарт байсныг бодоход шал өөр. Тэрбээр олон сайхан хүүхэдтэй, эхнэртэйгээ эвтэй найртай тайван амьдрах ч сэтгэлийнх нь угт нэгэн дөл үргэлж бадарч байх. Чухам яагаад байгаагаа Ш.Бямбасүрэн гуай мэдэхгүй л дээ. Гэхдээ урьд нь шүлэг бичих нь бүү хэл байсан бол эдүгээ бүр ном гаргахдаа хүрээд буй. Тэрбээр шөнийн ээлжинд гарахдаа энэ тэрийг эргэцүүлэн цаг нөхцөөх гэж зүдрэхгүй, шууд л үзэг цаас нийлүүлээд суучихдаг болж. Нутаг усаа, сумынхнаа санан сэтгэлдээ төсөөлөхдөө мөр холбон өөрөө өөртэйгөө ярьсаар. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хообий нь зүгээр суулгахаа байж, шүлгүүдийг бичээд л, бичээд л байх болж дээ. Эхлээд дөрвөн мөрт төдийхөн таталдаг байсан бол сүүлдээ хэдэн бадаг, зарим нь бүр сайхан дуу болгочихмоор найргууд болж. Тэрбээр ганцаарджээ. Энэ тухай нь түүнд хэлбэл “Яалаа гэж, би чинь хүүхэд шуухадтай, найз нөхөдтэй хүн” гэв. Гэхдээ тэрбээр бас нэгэн баримт хэлээд ер нь бага зэрэг ганцаардаж буй, тэр нь их аятайхан хэлбэрээр илэрч буй юм байна гэдгийг батлаад өгөв. Ш.Бямбасүрэн гуай Дөрвөн буудалд байдаг нутгийн лам өвгөнтэй өдөржин ярьж суудаг гэнэ. Долоо хоног бүр очсоор тэдний хүн шиг л байдаг болж. Тэр найз нь 80 настай, аймгийн арслан цолтой Жанцан гэж буурай. Алтайн уулс, Рашаантын булаг гээд л өдөржин нутаг орныхоо үзэсгэлэн гоог зураглаж өнжих. Хааяа тэр хоёртой нутгийнхан нь нэгдэж “буу халахад” бөөн баяр. Тэд нь Бямбаа гуайг “Онгоцны бор оо” гэж ирээд л дуудах. Энэ нэрээрээ дуудуулах нь эгээ л ижийдээ үнсүүлж буйгаас ялгаагүй. Нисэх онгоцны буудалд олон жил ажилласан хүн болохоор ажил, амьдрал, амжилт бүтээлийнх нь гэрч болсон энэ нэр түүний хоёр дахь овог нь. Гэх мэтчилэн ярилцсаны эцэст түүнийг ганцаардсан хүн гэж тодорхойлохыг хүчээр оролдсонгүй. Гэвч түүний зүрхний чанадад ганцаардлын дөл сүүмэлзэж, байнга дуудаж байдгийг мэдэрлээ. Дэлгэрийн булагийн рашаанаас нь Дээжилж хүртээд мордлоо доо Дэнжийн алаг цэцгэнд нь Сэтгэл хоргодоод байна даа...Энэ түүний сэтгэлийн олон олон өчлийн нэгээхэн хэсэг. Монгол хүн нас ахих тутам төрсөн нутгаа санагалзах юм даа. М анай өнөөгийн нийгэмд ганцаардал байгааг уулзсан хүмүүсийн олонхи нь хэлж байлаа. Энэ нь хэдийгээр тулгамдсан асуудал биш ч хүмүүс өөдрөг биш, өөртөө болон бусдад итгэл муутай байдаг, хоорондын харилцаа ч нээлттэй бус, тэр хэрээр сэтгэл бөглүү байдгийн шалтгаан болсоор аж. Өөрөөр хэлбэл ганцаардлын “хүлээсэнд” буй ч тэр тухайгаа мэддэггүй хүн олон байдаг бололтой. Энэхүү нийтлэлээ бичих явцдаа сэтгэл зүйч Г.Сарантуяад хандсан л даа. Тэгэхэд “Энэ бол асуудал мөн. Ганцаардал нь маш олон хүчин зүйлүүдийн сүлжээ байдлаар илэрдэг тул судлах, дүгнэлт хийхэд ярвигтай. Энэ сэдвээр эрдмийн ажил хийсэн нэгэн судлаач. Тэр одоо гадаадад амьдарч байгаа. Ер нь бол нийгэм бухимдалтай байгаагийн шалтгаануудын нэгэнд энэхүү ойлголт зайлшгүй орно. Судлах ёстой, дүгнэлтэд нь тулгуурлаж асуудал дэвшүүлэх сэдэв яах аргагүй мөн” гэсэн юм. Бид энэ нийтлэлээр эхний удаа нэг л зорилго тавьсан. Хүмүүс өөрсдийгөө, амьдралаа хөндлөнгөөс хараасай, дүгнэж цэгнэж үзээсэй, бухимдаж баглараад хэцүү байгаа бол ил гаргаж дотроо онгойлгоосой. Тэгвэл сэтгэл уужирч, амьдралаа гэгээлэг, өөдрөгөөр харах боломж нээгдэнэ. Товчхон хэлэхэд амьдрал тань одоо байгаагаасаа илүү сайхан, аз жаргалтай болно гэж хэлэх гэсэн юм. Ийм хүн олон байвал нийгэм тэр хэрээр гэгээн, хүн хүнийхээ төлөө, үндэстнийхээ хэмжээнд бие биенийхээ амжилтаар бахархдаг, улс орондоо хайртай, түүний хөгжлийн төлөө гэсэн ганцхан замд хүчээ нийлүүлэн зүтгэх их хүсэл тэмүүлэлтэй болох болов уу гэх гэсэн юм. Р.Оюунжаргал


СЭТГЭЛ СУДЛААЧ Ж.ЭНХ-ОД ХАРИУЛАВ

- Ганцаардал бодит зүйл мөн үү?

- Ганцаардал нь сэтгэл санааг шаналган зовоодог. Гэр орон, дасаж дадсан газартаа тийм хүмүүс хамгийн их өөртөө итгэлтэй байх, харин олны дунд ормогцоо өөрийгөө байнга цэнэж, бусдаас цэрвэж явах нь ганцаардлын үр дагавар байж болно. “Би ганцаардаж байна” гээд хэлчих нь хэн хүнд тийм ч амархан биш. Мөнгөний гачаалд орсон, эсвэл сексээс таашаал авахгүй байгаагаа ярих нь өнгөрсөн ганцаардлынхаа тухай дэлгэхээс хамаагүй хөнгөхөн санагддаг. Ганцаардлаас хүмүүс ичдэг, энэ тухай бид ярьж сураагүй. Ганцаардал бол хаа сайгүй л байх. Хамгийн гол нь чухам ямар шалтгаанаас болж ганцаардлын шаналал зовлонд автаад байгаагаа бид олж мэдэх шаардлагатай. Хөгжингүй орнуудад харилцааны ийм асуудлаар маш нээлттэй ярьдаг. Танай сэтгүүл ийм сэдвийг цаашид үргэлжлүүлэн хөндөх гэж байгааг дэмжмээр санагдлаа.

- Ганцаардал юунаас болдог, ямар хор уршигтай вэ?

- Идэж уух, унтаж хэвтэхтэй яг адилхан хүн гээч амьтанд хүмүүстэй харилцах нь амин чухал хэрэгцээ. Ганцаардлын улмаас юу ч үүсэж бий болно. Ганцаардлын бэрхшээл байнга амсаж явдаг хүмүүс бусдаас илүү өвчинд нэрвэгдэмтгий. Ганцаардаж байгаа хүн жирийн хүмүүсийг бодвол унтах гэж гурав дахин их хугацаа зарцуулдаг. Сэтгэл санааны ийм хямралт байдал цусны эргэлтийн системд саад учруулж түүнээс үүдэж элдэв өвчин эмгэг үүсэхэд гайхах зүйл ер байхгүй. Ер нь ганцаарддаг хүмүүс харьцангуй бага насалж байдгийг гадаадын эрдэмтэд судалсан байдаг. Ганцаардлын хор уршиг зөвхөн өвчнөөр тогтохгүй хүний зан араншинг өөрчилж, ялангуяа бага наснаасаа эхэлж ганцаардсан хүмүүс насан туршдаа харилцааны бэрхшээлтэй болдог. Ганцаардлын улмаас айдас хүйдэст автах, хардах сэрдэх, ажил амьдралын эрч хүч буурах явдал бий. Харилцааны ийм бэрхшээл гэр орны уур амьсгал, ажил төрөлд дандаа сөргөөр нөлөөлж байдаг.  

- Миний бодлоор ганцаардал нь хань бүлд л голцуу тохиолддог түр зуурын үзэгдэл юм болов уу?

- Хайртай хүндээ хаягдсан бүсгүй ганцаардлыг тэсвэрлэхгүйн улмаас бодох санах юмгүй дараагийн хэнтэй ч хамаагүй түргэн зуур гэрлэх, эсвэл бүсгүйдээ хаягдсан залуу архинд орох, амиа ч хорлох явдал амьдрал дээр гардаг. Гэхдээ ийм эмгэнэлт явдал илүү далд учир шалтгаантай байдаг юм. Өөрөөр хэлбэл учир шалтгаан нь тухайн үеийн хайр дурлалаас боллоо гэж ойлгох нь өнгөц дүгнэлт, зөвхөн харагдаж байгаа хэлбэр. Цаашилбал бүр гэр бүлийн хоёр бие биенийхээ дэргэд ганцаардах явдал манайд үнэндээ маш их бий. Залуу хүмүүсийн хувьд ч энэ байдал ажиглагддаг. Нас ахиад ирэхээрээ хүмүүс гэр бүлийн ийм ганцаардлыг үр хүүхэд ач зээ нартайгаа хамт байж арай тайван өнгөрүүлдэг. Бага насны ганцаардлын тухай би түрүүн цухас ярьсан, ер нь хэн хүнгүй хожим хөгшрөхөөрөө ойр орчмын таньдаг мэддэг хүмүүс нь алга болоод ирэхээр ганцаардахын эрхэнд өөрийн хамаатан садантайгаа урьд урдынхаас илүү ойртож дотносох явдал ч гардаг.

- Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ганцаардлын ялгаа бий юу?

- Эмэгтэй хүмүүс ганцаардлыг илүү тэсвэрлэдэг бол эрэгтэйчүүд ганцаардсанаасаа болж ажил амьдралаа алдах, уруудах явдал элбэг тохиолддог.

- Тэгээд таныхаар яах ёстой гэж ?

- Илэн далангүй ярилцах, учир шалтгаанаа таньж мэдэх нь хамгийн чухал. Ганцаардал бол тухайн хүн өрөөл бусдаас, бас нийгмийн орчин нөхцөлөөс ч шууд хамааралтай учраас хүмүүс энэ бэрхшээлийг даван туулах ёстой. Түүнээс ичих хэрэггүй гэж хэлэх гээд байна. Өвчнийг мэдэхгүй байж байгаад л ужигруулан эмчлээд ч нэмэргүй болгодог. Тэгвэл сэтгэл зүйн бэрхшээлтэй асуудлыг ужигруулахгүйн тулд таньж мэдэх нь үүссэн асуудалд илүү тайван, бусадтай харилцан ухамсартай ойлголцох маягаар, нэгэнт бий болсон эмгэг бэрхшээлийг эдгээдэггүй юмаа гэхэд тогтоон барьж болно. Ходоодны ямар нэгэн өвчтэй хүн тохиромжгүй зүйл идэхээс сэргийлж улмаар хоол ундаа тохируулан хэрэглэж сайхан амьдарч байгаа жишээ зөндөө байдагтай л адил.