Амьдрал зээл дээр тогтдог зээлээр амьдрахын эерэг ба сөрөг тал, эрсдэл ба хариуцлага Өнгөрсөн хаваржин ноутбук компьютерийн ард суусан Баярхүү гэдэг нөхөр “Цалингаараа амьдрах нь буюу зээлийн захын нийгэм” сэдвээр лекцэлж телевизийн дэлгэц, сонины хуудас, гудамжны самбаруудыг эзэлж байгаад нэгэн чухал юмыг монголчуудад ухуулав.
 Энэ бол зээлээр амьдрах. Та өнөөдөр цалин орлого багатай, бизнес эрхэлдэггүй байсан ч хамаагүй шууд орон сууцанд орж, машин тэргээ авч унаад сайхан амьдарч эхлээрэй гэсэн ухуулга юм. Манайд орон сууцны зээл, ипотек буюу моргэйж, лизингийн талаар хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн, гэхдээ Баярхүү ба түүний нөхөд энэ яриаг бүх нийтийн хөдөлгөөн болгож чадлаа. Баярхүүгийн араас монголын хамаг чадалтай 20 сэтгүүлч зээлийн захын нийгмийг бүтэн сарын турш магтан дуулав. (Тэдний дунд 3 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарласан ажээ)  Дээрээс нь төр засгаас зарласан 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн сурталчилгаа, олон хурал семинар, эцэс төгсгөлгүй үргэлжилсэн шав тавилт, тууз хайчлалтуудыг үзэж байгаа монголчууд зээлээр амьдрахад бэлэн болж байх шиг. Эхнээсээ банк руу гүйлдэн орон сууцны зээлийн хүүг судалж, төсвийн бага цалинтайгаараа алдартай багш, эмч нар хүртэл тоо цифр үржүүлэн хэдэн өрөө сууцанд орохоо төлөвлөж, нэг үгээр хэлбэл мянга мянган хүний хувьд хонгилын үзүүрт гэрэл харагдах шиг боллоо. Баярхүү, сэтгүүлчид болон манай сайд дарга нар айл болгон тусдаа хауст амьдардаг улс орнуудын амьдралаас санаа авч маш зөв зүйтэй юмыг хэлж байгаа. Тэд үнэнийг хэлж байгаа. Гагцхүү энэ үнэн маш хатуу гэдгийг орхигдуулаад байх шиг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл та үргэлж өртэй амьдарна гэсэн үг. Гар утас, зурагт, угаалгын машин төдийхнийг лизингээр авсан бол 6 юмуу 12 сарын турш, орон сууц авсан бол арав, хорин жилээр зээлтэй амьдарна. “Өргүй бол баян” гэдэг үгийг эрхэмлэж өссөн монголчууд бид амьдралын хэв маягаа 180 градус өөрчлөх цаг боллоо.  Гэхдээ монголчуудын зарим хэсэг аль хэдийнэ “өртэй учраас баян” амьдардаг болсныг мартаж болохгүй. 1990-ээд оны эхнээс банк сав болгоныг хоосорч дампууртал зээл авч чадсан овсгоотой бизнесменүүд өнгөрсөн хугацаанд барилга байшин, орд харш, машин тэргийг ханатлаа цуглуулж сайхан амьдралд хүрсэн билээ. Тэгвэл жирийн иргэд зээлээр амьдарч яагаад болохгүй гэж! Ганцхан олдох амьдралаа айлын халаасны өрөө, түрээсийн байр, ил жорлонтой хашаанд хавчигнан өнгөрүүлж бусдыг атаархан ширтэж мөрөөдөн суух бус, гартаа барих утаснаас эхлээд хөргөгч, зурагт мэтийн бараа, тавилга тэргүүтэй эд хогшил, суудлын тэрэг, орон сууцыг ч хамаагүй шууд эдэлж хэрэглээд эхлэх тухай ярьж байна. Гэхдээ энэ хорвоод үнэгүй юм гэж үгүй. Тэр сайхан амьдралыг танд зөвхөн зээлдүүлнэ. Та 6 сар, 1 жилээс эхлээд арав, хорь, гучин жилийн турш өр зээлтэй амьдарна. Сар тутам өч төчнөөн мөнгө нэхсэн банкны бичиг ирж таны сарын цалин, орлогыг хагаслаад аваад явчихна... Яахав та төлөхгүй байж болно. Тэгвэл та байрнаасаа гарна, машинаа буцааж өгнө. Талыг нь төлчихсөн, багахан хэсэг нь дутуу байсан ч та алдана. Зээлээр амьдрана гэдэг бол хатуу тоглоом.  Та бид ингэж амьдрахад бэлэн үү? Зээлээр амьдрахын цаана хөлс хөдөлмөрөөрөө олсон буюу ирээдүйд олох сая сая төгрөг, айл гэрийн амьдралын он жилүүд багтаж байгаа билээ. Зээлээр амьдрахын тулд та тогтсон ажилтай, цалинтай, орлоготой байх учиртай. Тийм гэж бодьё. Тэгвэл таны одоогийн ажил ирээдүйд хэр баталгаатай вэ? Цалин хэдээр нэмэгдэх бол? Дарга муухай аашлаад халчихвал? Миний эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл хаана байна? Орон сууцны зээлийн төлбөртөө баригдаад дургүй ажил дээрээ насаа өнгөрөөх үү? Ажилгүй буюу цалин, орлогогүй хүн яахав? Шуудхан хариулж байна: Танд байтугай бага цалинтай хүнд найдлага байхгүй. Тэгвэл сарын 300 мянган төгрөгийн цалинтай дундаж гэр бүл яах вэ? Лав төсвийн байгууллагын ажилтан, албан хаагч, багш эмч нар орон сууцны зээл авах боломжтой, тэдэнд зориулж хэн ч юм, хаанаас ч юм, хичнээн ч юм хөнгөлөлттэй зээл олгох юм гэнэ. Тодорхой юм алга. Ерөөсөө ипотекийн хууль, дүрэм, журам гараагүй байна. Тэгэхлээр тодорхой дүрэм журам, мэргэжлийн зөвлөгөө, итгэл төрүүлэхүйц тооцоо судалгаа хараахан алга. Бид 1990-ээд оны эхээр зах зээлд орж, өмч хувьчлал, хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, цэнхэр ягаан тасалбартай золгосон шиг их өөрчлөлтийн өмнө тулж ирээд байгаа бололтой. Тэгээд нь юу болсон билээ? Та бид байтугай, төр засаг ч өөрөө эргэн дурсахыг хүсдэггүй. Хэдэн жилийн дараа хадгаламж зээлийн хоршоодын сүйрэл шиг юм болж зээлээр авсан сууцнаасаа хөөгдөхгүй биз? Төр, засаг маань Баярхүүгээс ч өмнө энэ талаар ярьж эхэлсэн болохоор үнэхээр том арга хэмжээ авах гэж байгаа нь эргэлзээгүй. Орон сууцны бүхэл бүтэн хороолол барих газар олгож, орон сууцны хэдэн арав, хэдэн зуун сая долларын зээл ярьдаг боллоо. Гэтэл саяхан УИХ-ын дарга Ц.Нямдорж “Цалингаараа амьдарья” хөдөлгөөнийхөн төвлөрсөн “Гандирс” хорооллыг нэрлэж байгаад их хэмжээний зээлийн баталгаа алга болсон гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Тэр сайхан яриа, уриа дуудлагын цаана нөгөө л “бизнес” байна уу, эсвэл улстөржүүлээд байна уу?
Цалингаараа тансаглахуй буюу лизинг
Зээлээр амьдрахын анхны алхам, туршилт бол лизинг. Өнөөдөр та томоохон дэлгүүр супермаркетаар орвол өндөр үнэтэй бараа таваар, автомашин, гэр ахуйн тавилга, электрон барааг зээлээр буюу лизингээр авч болно гэсэн сануулга-сурталчилгааг харж болно. Лизингийн бүх болзол нөхцлийг товч бөгөөд тодорхой тайлбарласан бүх материал бэлэн. Цаана нь ХАС, ХААН, Монгол шуудан банкууд хүлээж байгаа... Та хүссэн бараагаа зээлээр авч хэрэглэх ба үнийг 6-12 сарын дотор хуваагаад төлчихнө. Нэг дор их мөнгө гарахгүй маш зөв шийдэл мэт. Гэхдээ болгоомжлогтун! Таны цоо шинээр авсан хөгжим, зурагт, гар утас яг тэр мөчөөс эхлэн хуучирч өдөр хоног тутам үнэ цэнээ алдаж эхэлдэг. Шинэ машин аваад гэртээ харихад үнийнхээ 25 хувийг аль хэдийнэ гээчихсэн очно. Нэг сая төгрөгийн эд хогшил авсны маргааш гэнэт мөнгөний хэрэг гарч буцаагаад заръя гэхэд нэг сая төгрөгөөр хэн ч авахгүй. Хэрвээ та энэ бүгдийг өөрт байсан мөнгө, хадгаламжаараа авсан бол бас яахав. Харин зээлээр (лизингээр) авсан бол үнэ нь бүр хурдан унадаг. Яагаад? Дээр хэлсэнчлэн барааны үнэ цэнэ доош унахтай зэрэгцэн тэр барааг авсан зээлийн хүү тасралтгүй бодогдсоор байх тул таны төлөх эцсийн үнэ дээшээ ахисаар байх болно. Өөрөөр хэлбэл, үнэ цэнээ алдсаар байгаа барааны төлөө та улам ихийг төлж байна гэсэн үг. Эцсийн дүндээ та хоёр дахин ихийг төлнө. Сүүлийн үед бестселлер болоод байгаа “Баян аав, ядуу аав” номонд (энэ бол зөвхөн хүүхдэд зориулсан ном биш ажээ) бичсэнчлэн “Чи лизингийн зээлээ арайхийн төлж дуусах тэр үед худалдаж авсан зүйл чинь хуучирсан, элэгдээд алга болчихсон байна”. Цааш бичихдээ, “Хүн амын 90 хувь нь хархны замаар амьдарч байна. Тэдний хийдэг зүйл бол ажилдаа явах, төлбөрийн нэхэмжлэлүүдээ төлөх, шургуу хөдөлмөрлөх, илүү их цалин хөлс авах, түүгээрээ хэрэггүй зүйлс худалдаж авах, дахиад л илүү нэхэмжлэл төлөх. Тэд илүү их орлого олсноор өөрсдийн асуудлыг шийдвэрлэнэ гэж үздэг боловч үнэн хэрэгтээ илүү олсон орлогоороо илүү өр төлбөрүүдийг худалдан авдаг” гэжээ.  Ямар нэгэн тайлбар хэрэггүй биз. Та зээлээр амьдрахад бэлэн үү?
Г.Шатар