Нийт нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр манай улсаас нэг их томгүй (1.8 сая км.кв) мөртлөө, хүн амынхаа тоогоор зуу дахин их (240 сая), дэлхийн хамгийн том лалын шашинтан гүрэн. 17500 арлын гуравны нэгд нь буюу 6000 гаруйд нь одоо хүртэл Робинзон Крузо ч үл таардгийн учир нь хүн амьдрах нөхцөл хомсхон хад асгаас тогтсондоо, жил бүр манай орныг дамжин өнгөрөх сая сая нүүдлийн шувуудын л эх орон өлгий нутаг болдог.

  Эдгээр эзэнгүй арлын зарим нь бүр шүрэн арлууд ч гэх. Харин та мөнгөтэй бол бэл бэнчиндээ таарсан алга дарам газартайгаас нь эхлээд асар томыг нь ч хүртэл голохгүй бол худалдаж авч болох гэнэ. Нутаг дэвсгэр нь 27 мужид хуваагдаж парламентдаа 550 депутат сонгогддогоос үзвэл, манайх шиг хүн амтай мужаас нь ердөө долоохон “эрхэм гишүүн” тодордог гэсэн үг.

  Та намайг аль улсын талаар яриад байгааг ойлгосон байх. Энэ бол Republic of Indonesia буюу Индонези улс. Арван мянган метрийн өндрөөс онгоцон дотроос харахад, их далайд цацчихсан сувд мэт харагдах энэ олон арлуудад дэлхийн хүмүүн төрөлхтөний бараг бүх төлөөлөл амьдардаг гэхэд хилсдэхгүй. Нэг арлын уугуул иргэд нөгөөхөө ойлгоно гэж барагтай үгүй. Эндхийн бүх хүнтэй ярья гэвэл 300 гаруй хэл нэн даруй сурах шаардлагатай болно. Харин дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ оронд хүн төрөлхтөний соёл иргэншил асар хурдацтай нэвтэрсний нэг жишээ нь эндхийн хоёр хүний нэг нь англиар чөлөөтэй ярьж байгаагаас харагдана.

  Анх XVII зууны эхээр Данийн далайчдын нүдэнд өртөж, тэдний колонид байсаар дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд НҮБ-ын тогтоолоор сая тусгаар тогтносон байна.

  XX зууны соёл иргэншлийн бэлгэдэл тэнгэр баганадам өндөр барилгуудтай нийслэл Жакарта хот, эртний балар ширэнгэн ойн зэрлэг амьдрал зэрэгцэн орших хачирхалтай орон. Ямар сайндаа 1942-1945 онд япопчууд энэ орныг довтлон эзэлж байсан боловч, эзэн хаандаа үнэнч нэгэн жинхэнэ “самурай” байлдагч өвгөн 1970-аад оны эхээр Индонезийн ширэнгэн ойгоос олдож, түүнд дайн аль хэдийнэ дуусчихсан, Япон улс ялагдчихсан гэдгийг нь ойлгуулахын тулд нилээдгүй цаг тайлбарлаж байж буулгаж авсан тухай дэлхий нийтээр нэг шуугиж, нэг талаас баатарлаг бөгөөд эмгэнэлтэй, нөгөө талаас инээдтэй юм шиг сонсогдож байж билээ.

  1967 онд засгийн эрхэнд нилээд будилаан хутгаж байж гарсан генерал Сухарто, энэ орныг 30 гаруй жил удирдахдаа гавьяа ч байгуулж, гай ч тарьж сүүлдээ буг болох дөхсөн түүнийг хүчээр шахуу ордноос нь зайлуулсныг та бас санаж байгаа болов уу. Ноён Сухартогийн засаглалын жилүүдэд хүн амын ядуурлын түвшин жараас арван таван хувь хүртэл буурсан гэх боловч, засаг төрийн аппаратад авилгал, хээл хахууль хэмжээ хязгаараа алдаж, Зүүн Тиморыг цэргийн хүчээр барих амбицдаа хөтлөгдөн, 250 гаруй мянган иргэнийхээ амь насыг хөнөөсөн аймшигт аллагад одоо тэрээр буруутгагдаж байна.

  Жирийн ядуу тариачны гэр бүлд төрж, армийн түрүүчээс ерөнхийлөгч хүртэл дэвшсэн түүний амьдрал туйлын эрээн бараантай. Сүүлдээ ерөнхийлөгчийи алба хашсан он жилүүддээ улсынхаа сан хөмрөгөөс 73 тэрбум долларыг гэр бүлийнхээ “хэрэгцээнд” хумсалж орхисон нь, бараг аль ч улсын түүхэнд гараагүй, Гиннесийн номонд бичигдэхээр рекорд болсон гэдэг. Одоо энэ хүн нас сүүдэр ная аль хэдийнэ гарсан ч, ноён Милошевичтэй адил шүүхийн тогтоол уншуулах айдас хүйдэстэйгээр энэ насныхаа сүүлчийн өдөр хоногоо тоолж сууна. Аль ч улс оронд нэг нам эсвэл нэг хүний ноёрхол бий болох нөхцөл бүрдэх юм бол яаж дураараа аашилж болдгийг, мөн хүмүүний шунал гэгч ямар хязгааргүй болохыг эндээс харж бас зарим нэгэнд сургамж болох буй заа.

  Энэ дашрамд дурдахад бүх нийтийн сонгуульд армийн генерал Юдохойнод ялагдсан ерөнхийлөгч асан эмэгтэй Мегаватийн эцэг нь тусгаар тогтносон энэ улсын анхны ерөнхийлөгч, тус гүрнийг 15 жил удирдсан Сухарно бөлгөө.

  Лалын орнуудын өнөө үеийн улс төрийн ээдрээтэй, тогтворгүй байдал энэ орныг ч тойрохгүй байна. 2002 онд 202 хүний амь насыг авч одсон Бали арал дээрх аймшигт аллага нь тус улсын эдийн засгийн гол хүчин зүйл болох аялал жуулчлалын салбарт хүнд цохилт авчирсан бол, өнгөрсөн сард Жакартад Австралийн Элчин сайдын яамны хажууд болсон дэлбэрэлт ч энэ оронд байдал хурцадмал хэвээр байгааг гэрчилж байгаа юм.

  Индонези улс эрчимтэй өсөн хөгжих ирээдүй бүхий залуу бас баян орон. 15 хүртэлх насны хүүхдүүд, хүн амын 40 гаруй хувийг эзэлнэ. Газрын тос, байгалийн хийгээр зүүн өмнөд Азидаа тэргүүлэн, жилд 32 сая куб метр хий экспортлодог энэ улс нэг сая баррель буюу манай улсын бүтэн гурван сарын хэрэглээтэй тэнцэх нефтийг ганцхан хоногт “шатаадаг”.

  1983 оноос хойш тус оронд ирэх жуулчдын тоо 500% өсөж, одоо дэлхийн өнцөг булан бүрээс жилд таван сая гаруй хүн зочилж улсын санд нь таван тэрбум гаруй доллар өөрөө урсан ордог гэнэ. Миний бие хэдэн жилийн өмнө олон улсын хуралд оролцох завшаан тохион хоёр ч удаа Бали арал дээр очиход, эртний Жангар туульст гардаг “сэр сэр салхитай, бур бур хуртай Бумбын орон” гэдэг мөрт санаанд өөрийн эрхгүй бууж байж билээ. Шөнөдөө бороо зөөлөн шивэрч, өдөртөө наран гийх энэ нутагт жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс баячууд голдуу ирж тансаглана. Цаг агаар, ус ургамал, ой мод, тэнгис далай гээд байгалийн цогц нь хорвоод хосгүй гэж хэлж болохоор үлгэрийн орон мэт газар юм билээ.

  Далайн түвшнээс дээш 3000 метр өндөр, үлгэрт гардаг аймшигт мангасын амыг санагдуулам Кинтамани галт уулын оройгоос утаа савсан, зарим шөнө бух урамдах мэт их дуу хангинана. Нутгийн зарим сүсэгтэн хүмүүс энэ бол чөтгөрийн дуу гэж тайлбарлах нь бүр ч айдас хүйдэс төрөм.

  1917 онд “Октябрийн агуу их хувьсгал мандаж” Оросын лүмпэн пролетариуд хааныхаа ордныг “будаа болгож” байх яг тэр мөчид энэ том мангас галаар тургиж, уулын хавь ойрын тосгоныг нэлэнхүйд нь хэдэн арван метр зузаан халуун нурмаар булж, мянга гаруй гэм зэмгүй хүний амийг авч одсоноос хойш одоо хүртал Бурханы авралаар зүүрмэглэн “унтаж” байгаа юм байна. Үхэл хэзээ ч хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэх. Гэхдээ үхэл, үхлийн дотроос хамгийн аюумшигтай үхэл нь амьдаараа шатаж үхэх тавилан ажгуу. Дэлхийн түүхэнд рекорд тогтоосон аймшигт сүйрлийг авчирсан Сумбова галт уул 1815 онд дэлбэрэхдээ зуны гурван сарын турш нарыг харанхуйлж, утаа униар, үнс, тоос шороо манаран, галт уулын халуун нурманд 100 мянган хүн шатаж түлэгдэн сүйрсэн юм гэнэ лээ. Ийм маягаар зүүрмэглэж буй мангас уулс энэ нутагт сая гаруй бий. Тэд сэрэх юм бол тун аюултай, хэзээ сэрэхийг хэн ч тааж үл мэднэ.

  Бали арал дээр жилийн аль ч улиралд жуулчны хөл үл татарна. Улирал ч гэж дээ өдөр ч, шөнө ч бороо орох, нар гарах үед ч дулааны хэмжээ жилийн аль ч өдрүүдэд нэг л хэвийн, 22-26”С. Халж халууцуулах ч үгүй, хөрч дааруулах ч үгүй. Хаана ч хараагүй нандин амтат жимс, ногоог энд л үзэж амталж, заримдаа чихэнд чийртэй ч юм шиг бишгүүр, модон хөгжмийн өвөрмөц сонин аялгуу, дэлхийд алдартай Бали бүжгийг зөвхөн энд л үзэх боломжтой.

  Таван таван хошуутай тохилог буудлуудын хоногийн хөлс нь 30-40 доллар, хоол унд нь манайхны “гадаад” үнэнээс даруй гурав дахин хямд. Тэд жуулчид л бол баячууд байх ёстой гэсэн гадаадынхнаас мөнгө саах манайхны сэтгэлгээний хоцрогдлоос аль хэдийнэ гарчихсан хүмүүс юм билээ. Үүний жишээ нь гэхэд дээрх баримтуудаас гадна Индонезийн “Геруда” аэрокомпанийн олон улсын нислэгийн тийзний үнэ нь манай МИАТ-ынхаас яг хоёр дахин хямд гээд л бод доо.

  Та цаг, зав, хэтэвчний боломжтой бол энэ улсыг нэг удаа зориход дараа нь насан туршдаа харамсахгүй сайхан дурсамжтай үлдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

Ш.Пүрэвсүрэн