Энэ цагаас эхлэн “Ардын”, “Гавьяат”, “Хөдөлмөрийн баатар” цол олгохоо больё. Социализмын үеийн моралийн урамшууллаас татгалзъя хэмээн УИХ-ын чуулган дээр С.Баярцогт гишүүн ярьсан нь ёстой л миний загатнасан газрыг маажих шиг болж, урам орохдоо дараахийг тэрлэв.

Уншигч ахайтан Та тэвчин тэвчин, сэтгэн сэтгэн унш!!! Энэ балай урамшууллаас болж нийгмээрээ донтож, дэлхийг дэлдийлгэн, ганцаархнаа торойн хоцрох нь үндэсний том эмгэнэл гэж би үздэг юм. Уншигч Танаас ам асуусан ганцхан гашуун асуулт тавья. “АНУ-ын ардын жүжигчин Шэрон Стоун”, “Гавьяат жүжигчин Майкл Жексон”, “Японы соёлын тэргүүний ажилтан тэр”, “Германы Төрийн шагналт, гавьяат тэр”, “Францын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн тэр гуай” … гэж байдаггүйг бараг нялх хүүхэд ч мэдэх болсон цаг. Коммунист үзэл сурталтай Хятадад ч “МУСТА”, “МУГЖ”, “МУАЖ” гэдэг шиг цол байхгүй, орлуулах ч цол байхгүй гэдгийг Та мэдэж байна уу? Гэхдээ урлаг уран сайхан нь АНУ, Япон, Герман, Хятадад манайхаас дутуугүй цэцэглэсэн. Хойшид ч зогсчихгүй. Энэ юуных вэ? Цолгүй мөртлөө цаадуул нь дуулаад, жүжиглээд болоод байдаг. Төр засаг нь гөлийтлөө хараад л. “Авьяасаа төр засгаараа үнэлүүлнэ”, “фэнүүдээ баярлуулна” ч гэх шиг ... тийм зүйл тэнд огт байдаггүй гэнээ. Үүнд Та хариултаа бэлтгэ! Үүнтэй ижлээр, дэлхийн жишгээр манай улс МУСТА, МУГЖ, МУАЖ, СГЗ байхгүй болгочихвол Монголын урлаг, уран сайхан, соёл сөнөчих гээд байна уу гэсэн асуулт Танд тавья.

  Манай өнөөгийн МУСТА, МУГЖ, МУАЖ, СГЗ-нүүд, ирээдүйн МУСТА, МУГЖ, СГЗ, МУАЖ-нүүд энэ гашуун үнэнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч ингэх вий (АНУ, Япон, Герман, Хятад шиг цолгүй байх) гэж бодож сэтгэхээс зүрх нь дэлбэрэх шахаж байх шиг. Орос, Монгол, Хойд Солонгосоос бусад дэлхий ертөнц бараг тэр чигээрээ гавьяат, ардынгүй байгаа бус уу.

  Түүхэн гашуун үнэн. Их Монгол Улсын 801 жилийн түүхнээ гавьяат, ардынгүйгээр Монголын ард түмний урлаг, соёл хөгжсөөр ардын засагтай золгосон байх юм. Яагаад тэр вэ? Учрыг нь уншигч Та шүү! Одоо цагийн гашуун үнэн. Цагдаагийн академи төгссөн манай залуухан дэслэгчийн тархинд “Гавьяат хуульч” болох өнийн мөрөөсөл хар нялхад нь шахуу өрөмдөж ороод шигдчихдэг. Гайгүй сайн ажилтай багш бол “Гавьяат багш” болж авахгүй л бол сүнс нь хоргодоод үхэхгүй. “Гавьяат эмч“ болохгүй юм бол эмч хийгээд яадаг юм, үхсэн хойноо. Энэ бол Монголын бүх эмч нарын амьдралын хууль. Энэ мэтчилэн гавьяатыг нь өгөхгүй бол үхнэ гэсэн царайтай үхлээр айлгагчид Монголын нийгмээр дүүрэн холхиж яваа. Гавьяат болчихвол үхэл тойрно гэсэн мухар сүсэг Монголын нийгмээр тэнүүчилсээр. “Гавьяат” олгож болдог бүх салбарын нийтлэг “толгойн өвчин” бүгдийг энд дурдалтгүй. Одоо гавьяат манаач, гавьяат жижүүр, гавьяат цэвэрлэгч олгох дээрээ тулж очсон байна. Нэг бодлын хөөрхийлөлтэй, нэг бодлын хамгийн инээдэмтэй энэ үзэгдэл “Монголын нийгэм гавьяатаас залхлаa!” гэж нийтээрээ чанга дуугартал хөврөх нь гарцаагүй. Үүнд бас хариулт ол!   Ардын засгийн жилүүдэд (1990 он хүртэл) яггүй хатуу шалгуураар өгдөг, авдаг энэ цол уг нь социализмтайгаа хамт алга болчихсон бол би одоо ингэж бичээд утгагүй л дээ. Гэтэл хүн төрөлхтөн XXI зуунаа алхчихсан, дэлхийгээрээ даяаршсан, анги, үзэл суртал утгаа алдсан, нийгэм маань зах зээлийн жам хуулиар зохицуулагддаг болсон өнөө цагт тэр жижиг шар тэмдгийг зүүхийн төлөө монголчууд үхэн хатан зууралдаж байгааг би Монголын нийгмийн нэгэн парадокс (гаж үзэгдэл, логик зөрчил гэсэн утгатай) гэж үзэж байна. Үүнийг урлагийнхны жишээн дээр бүр хатуухан шүүмжилмээр. Энэ төрлийн дон эхлээд МУСТА гэдгээс эхэлдэг юм байна. Тэрнээсээ МУГЖ руу, МУГЖ-аас МУАЖ руу зам туулахад ойролцоогоор 10-15, цаанадаж 20 жил зарцуулдаг бололтой юм, дуучдыг ажаад байхад. Ялангуяа “нийтийн”, “зохиолын” хэмээх тодотголтой дуу хоршин дуулаад эхэлмэгц баараггүй тийм зам туулж байна. Соёл урлагийн дээдийн дуулаачийн анги гэж дээд тэнгэрийн энгүй азтанг элсүүлдэг салбар бий. Тэр бол жинхэнэ ирээдүйн МУСТА, МУГЖ, МУАЖ нарыг төрүүлэх уурхай нь. Бас хошин урлагийнхан гэж энэ жагсаалт дотор дээгүүрт орно.   СУИС-ийн дуулаачийн салбарыг төгсөгчид дуурьт очихоо больсон. Нүдний гэм. “Нийтийн”, “зохиолын” дуу дуулсан нь нөгөө МУСТА, МУГЖ, МУАЖ-аа авахад нэн дөт зам нь. Хоорондоо үг, аяны хувьд төдийлөн ялгаагүй, нэг хэмнэлийн “нийтийн”, “зохиолын” дуунууд зуу зуугаараа төрж байна, ард түмэн дагаж гүйцэхээсээ өнгөрсөн. Түүнийг дуулагчид нь аль болох л өрсөөд, аль болох л зурагтаар олон дахин харагдаад ард түмний хүртээл болтол тасралтгүй ганц жил дуулахад л нөгөө эхний хүслэн МУСТА нь БСШУЯ-наас аяндаа ороод ирнэ. Түүнийгээ шувтан зарлаад, болж өгвөл “Удахгүй гавьяат болох”, “Ард түмнээсээ гавьяатаа авчихсан” гэж хэвлэлээр баахан зарлуулаад, эсвэл үхлээрээ айлгаад 5 жил тасралтгүй дуулахад нэг л өдөр МУГЖ, 8-10 жилийн дараа 40 дөнгөж тонгойгоод МУАЖ. Тэр үед Монголын нийгмийн хамгийн томхон зүтгэлтэн болчихсон явж байх, нэг иймэрхүү зураглал гаргаж болно. Харин 60 орчим насан дээр нь, МУАЖ-аас шат ахиж олгох урлагийн нэгэн шинэ цолыг манай төр бодож олох ёстой юу? Яах вэ?

  МУСТА, МУГЖ, МУАЖ нь ихэнхи дуучид, жүжигчдийн хувь заяаны төөрөг, ирээдүй, зурсан зураг, хань ижил, бүр амьдралынх нь өдөр тутмын хэмнэлийг зааж, тохируулж байдаг ид шидтэй тохируулга бололтой. МУГЖ өгсөнгүй хэмээн хог дээр гарч, цөхөрч, архинд орж, эхнэртээ хаягдаж нохойн үхлээр үхсэн дуучид ч байх шиг. МУСТА бол юу ч биш, олон зуугаараа байж байна. “Тэргүүний тийм хүн” гэдэг цолыг угаасаа салбарын бүх яамд нь баруун солгойгүй, ялангуяа сонгуулийн наана тэр салбарын сайд нь тойрогтоо шуудай шуудайгаар нь аваачаад тараадаг. МУГЖ-ийг нь өгөхгүй болохоор авьяас билэг нь харьж, уг хүн амьдрахаас утгагүй болж, бараг үхмээр болдог, хэрэг хийчихсэн хүн шиг хүний нүүр харж чадахаа больсон тухай Д.Жагдаг хэмээх жүжигчин зурагтаар ярьж байв. Нэгэнт л МУГЖ болчихвол МУАЖ сэтгэлд нь хорогдчихдог бололтой, үлдсэн амьдралаа тэгж төлөвлөнө гэдэг хувь заяаны төөрөг нь ирээдүйн МУАЖ дээр суурилна. Барагцаагаар төдөн насан дээрээ МУАЖ болоод төдөн насан дээрээ Хөдөлмөрийн баатар руу үзээд алдана гэсэн шүү зураглал буудаг байна. За тэгээд “Гавъяат”, “Ардын” болчихвол хожим Алтан-Өлгийд очиж хэвтэнэ гэж баталгаатай боддог бололтой. Харин МУСТА-д нь Далан давхар, Нарангийн энгэр оногддог юм байх.

  МУГЖ мөн үү, биш үү, МУАЖ мөн үү, биш үү гэдэг нь “Энэ ер нь хүн мөн үү, биш үү?” гэдэгтэй адил шахуу буудаг цаг болсон мэт. МУГЖ аваагүй олон жил дуулж, жүжиглэж, бүжиглэж явааг нь үзэгчид нулимдаг бололтой юм. Хүсээгүй, хөөцөлдөөгүй, шаналаагүй, МУСТА ч байхгүй тийм нэг эгэл дуучид, жүжигчид манай нийгэмд бас байна аа. Тийм нэг нь хүүхэд нохойн доог болох юмуу.   МУАЖ болчихвол “Амьд явсны хэрэг бүтлээ” хэмээн мэгшин уйлаад, ярилцлага ч өгөх тэнхэлгүй болсон хоёр дуучныг зурагтаар оройжин харуулж байх юм, нэлээд хэдэн жилийн өмнө. Тэд одоо ч амьд явсаар байна. Нэгэнт л үргэлжлүүлэн амьдрах байсан юм бол “Амьд явсны хэрэг бүтлээ” хэмээн нус нулимстайгаа хахаж цацах хэрэг юу байсан юм бэ? Ерөнхийлөгчийн Тамгын газар “Гавьяат”-ын өргөдөлдөө дарагдаад ядаж байхад “Ард түмний гавьяат” өгдөг сайн дурын байгууллага гараад иржээ. Төрдөө гомдож яваа жүжигчдэд нөгөөх цолыг нь баруун солгойгүй тарааж эхэлсэн байна. “Авьяастны төлөө холбоо” гэсэн нэртэй нэгэн байгууллага Бөхийн өргөөнд “төрөөс том шагнал”, “төр гэдэг чинь ард түмний дэргэд юу ч биш” гэсэн уриан дор үхсэн амьдгүй тэр гавьяатаа бөөндөж байна. Тэр олдошгүй төрийн гавьяатад нь гурваас доошгүй удаа тодорхойлогдож байгсадыг энэ холбоо өөрийн дүрмээрээ “Ард түмний гавьяат” болгож, эдүгээ 100 хол давсан авьяастан төрүүлсний талаас илүү нь хорвоог орхисон учир нэхэн шагнажээ. Одоо ингээд төрийн нөгөө алдарт шагналын маань нэр хүнд навс унах нь тэр, “жинхэнэ”, “хуурамчийн” хоорондын ялгаа алга боллоо. Одон тэмдэг, гавьяа цолонд унаж үхдэг шуналын дэвтэй монголчуудаар тоглоом хийх сайн дурын, төрийн бус байгууллага дахиад ч хэд хэдээрээ гарч ирж мэднэ. Гараасай гэж ерөөе!