Монголын хилийг визгүйгээр
  Монгол руу аялахад хамгийн түрүүнд учирсан хүндрэл гэвэл визний асуудал байв. Эрхүүд байх Монголын консулын газар руу цахим шуудангаар виз хүсвэл заавал өөрийн биеэр ирэх журамтай гэжээ. Ингэхэд америкчуудад Монгол явахаар шийдлээ гэхэд ийм хүндрэл гардаггүй. Гэтэл бид саяхан л дүү байсан улсдаа зорчихын тулд зөвхөн визний төлөө бүтэн өвөлжингөө юм болов. Бүтсэнгүй.
Харин Монголоос урилгатай бол амархан виз гардаг гэж дуулаад хөөцөлдөж үзтэл бас л болсонгүй. Тэгэхээр нь визгүйгээр ямар ч байсан хил дээр нь очоод үзэхээр шийдлээ. Яагаад гэхээр Монгол-Оросын хил бараг хамгаалалтгүй байдаг хэмээн дуулсан хэрэг. Ингээд Томскоос гаран Кузбасс, Хакас, Туваг дайран Монголын хил дээр ирлээ.
  Санасныг бодоход ямар ч хүндрэл гарсангүй. Үнэндээ яах бол гэж айж байснаа нуугаад яахав. Гагцхүү скутерт техникийн гэрчилгээ, түүнийг жолоодох эрх гэж байдаггүйд л жаахан эргэлзсэн байх. Ингээд таван рублиэр хуудас авч бөглөөд миний бие дундад зууны Монголд хөл тавив. Надтай хамт Монголын хоёр ганзагачин гарлаа.
Мотоцикл дээр дүүрүүлсэн ямаа
  Байгалийн хувьд Туватай төстэй юм. Нэлийсэн тал, зам тэгээд л гүйцээ. Харин энэ замын хажуугаар ямар ч хог алга. Оросын тал тэр аяараа хог. Хааяа архины хоосон шил тааралдана. Түүнийг лавтай манай оросууд л орхисон бизээ хэмээн бодогдох ажээ. Харин монголчуудын өмссөн хувцас нэлээд өвөрмөц юм. Мотоцикл унахдаа ч малгай өмсөхгүй. Арьс мах нь олон үеийн турш салхинд нүдүүлсээр байгаад дасчихсан бололтой, хүрэнтсэн юм харагдах аж.
  Анхныхаа гэрүүдтэй таарлаа. Эргэн тойрон баахан мал. Тувад өвстэй хэрнээ мал алга. Монголд өвсгүй мөртөө асар олон мал байх аж. Яагаад тувачууд мал өсгөдөггүй юм бүү мэд.
  Монголчууд байнга малаа хариулна. Гэхдээ ихэнх малчин согтуу байдаг. Согтуу ч мориныхоо цулбуурыг тавина гэж гонж. Ер нь манайхантай төстэй зүйл их байна. Оросууд уухаараа хөл нь газар онохоо больдог, монголчууд мөн адил. Хилээс цаашлах тусам үнэхээр “16 дугаар Бүгд найрамдах улсынхаа” нутаг дэвсгэр дээр явж байна гэдгээ мэдэрч эхэлнэ дээ. Замд таарах мотоциклийн ихэнх нь улаан өнгийн “Иж”. Түүн дээр хоёроос гурван хүн сундалдсан байх нь элбэг. Зарим нь дундуураа ямаа дүүрчихсэн явдаг. Ер нь монголчууд хэтэвч гэдгийг мэддэггүй. Цалингүй учраас мөнгө хийх сав тэдэнд хэрэггүй байдаг. Тиймээс амьд ямаагаа дүүрч давхиад л дэлгүүрт очоод хүссэн зүйлээрээ сольчихно.
Монгол маягийн зах
  Орой боллоо. Хонох газар таарах шинж огт алга. Ийм их өргөн талд ядахдаа ганц мод ч үзэгдэхгүй юм. Ингээд хариугүй харанхуй болохын алдад гүүр бүхий бяцхан горхины дэргэд ирлээ. Таамгаар газар тэмтэрч байгаад майхнаа босгоод авав. Шөнөжингөө нохой хуцаад огт унтуулсангүй. Өглөө босоод хартал хот айлаас 300 орчим метрийн зайд би майхнаа босгосон байлаа.
  Ингэхэд монголчууд тэнэг биш учраас гэрт амьдарцгааж байна. Манайд л гэхэд яадаг билээ. 11 давхарт шувууны үүр шиг ганц өрөө байр зээлээр авна. Тэгээд түүнийгээ төлөх гэж насан туршдаа өртэй явдаг. Тэтгэвэрт гарах үед өрөө төлж дууссан байх агаад тэр үед яавал хөдөө тосгон руу гарах вэ хэмээн бодож эхэлдэг шүү дээ.
  Ийнхүү давхисаар Улаангом хот руу орж ирлээ. Энд нөгөө сарлаг гээч амьтныг анх удаа харав. Хотын захаар л бэлчиж явах юм. Энд ердөө ганцхан сургуультай бололтой. Сайндаа ч биш, ханан дээр нь “Сур сур бас сур. В.И.Ленин” хэмээн оросоор бичсэн болохоор нь сургууль гэж таамагласан билээ.
  Дэлгүүрээр орох хэрэг байсан ч миний скутерийг сонирхон шавах хүмүүсээс болгоомж­лохдоо орхиж түвдсэнгүй. Хамаг л юмаа аччихсан болохоор хулгайч авчихвал яах юм. Миний л хохь болно шүү дээ.
  Шатахуун түгээгүүрийн газрыг нь ямар ч байсан оллоо. Гэтэл рубль, долларын аль алинаар нь бензин наймаалахгүй гэв. Зах дээр нь сольдог гэхээр нь очлоо. Бас бэлэг дурсгалын зүйл худалдаж авах гэсэн чинь тэр аяараа хятад бараа. Ер нь монголчууд сүүлийн мянган жилд ноосоо савж, махаа идэхээс өөр юм хийж сураагүй ард түмэн бололтой.
  Нэг рублийг 40, долларыг 1000 төгрөгөөр сольж авлаа. Энэ нь харин их таалагдсан шүү.
Захаас гараад л арай чөлөөтэй амьсгаа авлаа. Энд согтуу хүмүүс олон юм. Нэгийнх нь хөл дээр гишгээд золтой зодуулчихалгүй салав. Мөн надаас өөр европ хүн энд огт харагдсангүй. Ер нь нэлээд аюултай газар байв. Нэг эр нохой гаслуулан хөлөөс нь чирээд явж харагдана билээ. Намайг ч бас ингэж магадгүй гэж бодохоос нуруугаар хүйтэн хөлс дааварлаж байлаа.
  Улаангомоос гараад Алтай явах замыг олох хэрэгтэй байв. Энд замын тэмдэг гэсэн ойлголт үгүй тул хаагуур хэрхэн яаж салах тухай ойлголт ч үгүй явав. Замын машинаас асуух боловч хэл мэдэхгүйн зовлон их юм. Дохио зангаагаар л ойлголцохыг хичээнэ. Нэгэн УАЗ-469 машин таарвал түүнээс жолоочтойгоо нийлээд 14 хүн гарч ирэв. Тэрчлэн миний өгсч байгаа даваанаас хоёр чиргүүлтэй, дүүрэн мод ачсан ЗиЛ-130 бууж ирж байгаа юм. Нүдэндээ ч итгэхийн аргагүй. Ер нь манай машин үйлдвэрлэгчид Монголд ирээд өөрийнхөө хийж буй техникийн боломж хэр байгааг нэг үзээд авахад гэмгүй юм билээ.
  Замд мөн буу үүрсэн нэлээд настай нөхөр таарав. Айсан ч гэж нөхцөлгүй. Бушуухан шиг холдохын түүс боллоо. Гэтэл харин хаа очиж Монголд элдэв дээрэм тонуул бараг байдаггүй хэмээн хожим сонссон шүү. Энэ шөнө арай чамай давааны оройд тулж очин хонолоо. Майхнаа босгов. Ус хайлаа. Олсонгүй. Салхитай ч гэж нөхцөлгүй шөнө байв. Майхныг маань авч шидчих гээд л. Харин үүр цайж өглөөний нар мандахтай зэрэгцэн салхи нам боллоо.
  Монголын газар нутаг онцгой юм. Түүхэндээ анжис, хүрз хоёр хүрээгүй, гагцхүү малын хөл л өөрийнхөө жимийг гаргаж байсан болохоор тэр аяараа “асфальт” шиг хатуу. Мөн хаашаа ч явж болно. Тиймээс ч монголчууд өөрсдийгөө хамгийн эрх чөлөөтэй иргэд хэмээн зүй ёсоор тооцдог биз ээ.
  Өрнөдөд хаана л бол тэнгэр тулсан байшин, эсвэл хэн нэгний эзэмшил газар байдаг шүү дээ. Энд үгүй. Би л гэхэд өөрийгөө ийм эрх чөлөөтэй байсныг огтхон ч санахгүй байна. Монголчууд ч ийм амьдралтай учраас эрх чөлөө гэдэг тэдэнд юу юунаас чухал байдаг биз. Одоо би л гэхэд хаашаа л бол хаашаа явж болно. Миний замд аргаль янгир, усны шувууд, бөхөн дээр нь хоёр хэрээ суусан тэмээнээс өөр юу ч таарсангүй. Хаана ч зогсоод хэдэн ч цагаар амарч болно. Ингэж явсаар давааны бүр орой дээр гарлаа. Үнэхээр гайхалтай гэмээр байгаль нүднээ тусч түүнийг гэрэл зургийнхаа хальсанд буулгаж авлаа. Нүд алдам тал, түүний цаана дүнхийх мөнх цас бүхий цавчим оргилууд тун сүртэй харагдаж байв. Мөн давааны орой дээрээс тэртээ дор нэгэн том нуур байх агаад түүний дэргэд манай Оросын хэд хэдэн бензин зөөгч зогсч харагдлаа.
  Тэд Улаангом ороод буцаж яваа нь энэ гэдгийг төвөггүй таав. Өчигдөр таарсан юм. Ингээд тэдэнд дайгдахаар шийдлээ. Эс тэгвээс хүн амьтангүй энэ газар амь насаа ч алдаж мэднэ хэмээн айж байв. Ядахдаа л учрыг нь олохооргүй олон зам байх агаад тэр нь нэг нэг хавцал руу ороод алга болох аж.
Хун айдаггүй нутаг
  Орос жолооч нар жаахан эргэлзэж байгаад намайг авч явахаар шийдэв. Нутаг нэгтнээ хээр орхих нь тэдэнд эвгүй санагдсан биз, барилддаг болов уу гэмээр таван залуу миний муу скутерийг малгай шидэж байгаа юм шиг машин дээрээ гаргаад хүлчихлээ.
  Ингээд хөпдөллөө. Энд нэг зүйлийг хэлэхэд Монголын төв замууд ихээхэн өвөрмөц. Нидрүүлэг л гэсэн үг. Дагжтал чичирч байгаа юм шиг л болгоно. Ийм замаа огт хусахгүй. Зүгээр л хажуугаар нь дахиад нэг зам гаргана. Тэр зам нэг жолоочид таалагдахгүй байлаа гэхэд өөрөө шинэ зам гаргаад л давхих жишээтэй.
  Тоос их босно оо. Ялангуяа манай “Камазууд” дэндүү их тоос босгох аж. Харахад гоё ч юм шиг. Монголчууд хүртэл Оросын машинууд хэрхэн тоос хадааж байгааг харахаар зориуд холоос ирдэг гэнэ.
  Бид нэгэн нуурын хажуугаар өнгөрсөн юм. Үнэхээр амгалангийн дээд болсон газар гэвэл тэр байх. Дүүрэн шувууд. Ялангуяа хун шувуу хүнээс огт айхгүй юм. Би шувууд нь айхгүй газрыг Питерийн амьтны хүрээлэнд л харсан байх. Ингээд нэгэн балгас руу орж ирлээ. Зөвлөлтийн үед нэлээд том дайран өнгөрөх бааз байсан аж. Харин одоо эвдэрч нурсан хэдэн байшин л үлджээ. Мөн хэдэн гэр байна. Тэнд хоноглохоор шийдлээ.
  Гэрт орсонгүй. Тэртээ тэргүй дүүрэн хүүхэд байх нь тодорхой шүү дээ. Тэдний чимээ шуугиан ч сонсогдох аж. Мөн эдгээр айлын гадаа хоёр машин байлаа. Нэг нь Хятадын үйлдвэрийнх гэнэ. Харин монголчууд холын тээвэр хийдэг оросуудад зориулаад ганц өрөө гаргасан байна. Ганц өргөн наар, мөн хоол идэх том ширээ, төмөр зуух зэргээс бүх хогшил нь бүрдэнэ. Зуухандаа зөвхөн аргал түлнэ. Аргал түлэхийн тулд ч малаа өсгөдөг юм уу гэмээр.
  Орос жолооч нар байсхийгээд л ханаа нүдэх аж. Тэр тоолонгоор уг “зочид буудлын” эзэн монгол эр архи барьсаар орж ирнэ. Ахиад нүднэ. Порнокино авчрах аж. Манайхан дахиад нүдлээ. Тэгээд монгол хүүхэн хэрэгтэй байна гэв. Болно л гэж байна. Харин өөр суурин руу явах шаардлагатай гэлээ. Хэдийгээр үнэ нь хямд сонсогдсон ч 40 километрийн хол орших хүүхний төлөө хэн ч явахыг зүрхэлсэнгүй. Энд шөнөдөө -10, өдөртөө +20 хэм байх бөгөөд машинаа хөлдөөхгүйн тулд жолооч нар шөнөжин халааж хонолоо.
  Өглөө нь тэд хоногийнхоо хоол ундны төлбөрийг тун сонин хэлбэрээр хийв. Машин тус бүр хэд хэдэн литр шатахуун өгөөд болов. Мөн намайг Монголын хилээс 20 километрийн наана буулгалаа. Хэдийгээр Бийск хүртэл авч явж болох ч Оросын замын цагдаа шатахуун түгээх машин дээр скутер ачсан байна гэж торгоод явуулахгүй хэмээсэн юм.
  Монголын хил, гаалийнхан намайг ямар ч төвөггүй гаргалаа. Гэтэл харин оросууд маань арай л нүцгэн биеийн маань нүх сүв бүрийг шагайж харах нь халаг юм болов. Ер нь манайд хуучин Зөвлөлтийн үеийн халмаар халмаар тогтолцоо мөн ч их байх юм даа. Хил, гаалийнхан л гэхэд үдийн хоолоо идэж байна гээд бүтэн цаг хагас намайг шатам халуун наранд зогсоож байгаа юм. Тэгээд баахан цонх дамжаад есөн жорын хуудас бөглөх хэрэг гардаг. Ер нь тэд,”Дахиад чи хил давна гэж зүрхлээд үзээрэй” гэсэн маягтай аашлах ажээ.
  Ийнхүү би Монгол хэмээх үлгэрийн юм шиг орноор гурван хоног адал явдал дүүрэн аяллаа. Яагаад тэрхүү эрх чөлөө ханхалсан талаар манай оросууд дахин дахин зочлох гээд байдгийн учрыг олов. Тэнд энэ дэлхийн хамгийн хөх тэнгэр, хязгааргүй уудам тал, жигүүртэн шувуудаас өөр юу ч хүрээгүй их оргилууд жинхэнэ онгон зэрлэгээрээ хадгалагдан үлдсэн байна. Миний хувьд л гэхэд Монголд хийсэн энэ аялал хамгийн сүүлийнх биш гэдгийг л ямар ч байсан маш сайн ойлгосон билээ.
Орчуулсан Д.Гал