Сонгуулийн мэдээ, сурталчилгаанд дарагдаж, халуун нартай нозоорсон нийгмийг, аманд багтаж хэлэхэд хэтэрсэн гэмээр мөнгөний тоотой нэгэн хэргийн сенсаац цочроож сэрээлээ.

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын нэрийн дансаар их хэмжээний буюу 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болохыг цагдаагийнхан илрүүллээ. 323 сая ам.долларыг одоогийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлвэл 452 тэрбум 200 сая төгрөг болно гэсэн мэдээ.


Хөндлөнгийн бид сонсоод цочирдож байхад Ё.Отгонбаяр гишүүний хувьд үнэхээр мэдээгүй байсан бол яаж туссан нь ойлгомжтой. Энэ бүхэн нийгэмд түгчихэээд байгаа мэдээлэл. Ямар ч байсан энэ төрлийн хэрэг дотроо дуулдаагүй мөнгөн дүнтэй байна. …Ийм мөнгө надад байхгүй гэдгийг баттай хэлье. Миний хань ч ийм мөнгө мэдэхгvй гэдгийг баттай хэлж чадна. Шалгаад тогтооно биз ээ. Харин ийм цагт элдвээр давшилж буй нь ичээрэй” хэмээн Ё.Отгонбаяр гишүүн зөрж жиргэсэн байна.

Одоо юу гэж дүгнэвэл зохих уу. Цагдаагийнхан зүгээр нэг сургаар хүн аваачаад хийчихгүй л байх. Хууль хүчний байгууллагын тийм хариуцлагагүй хандлагыг халья гэж хамгийн их ярьж ажиллаж байгаа Х.Тэмүүжин сайдынхаа хамар доор энэ их мөнгөний дүнг ил зарлаж нийгэмд шуугиан тарих уу гэсэн асуулт тавигдана. Энэ хэрэг дарга ихсүүдийн олон хэргийн мэдээнд дөжрөөд байсан нийгмийг цочоож болсон нь хэлэгдээд байгаа мөнгөний дүн 452 тэрбум 200 сая төгрөг..

Тоглоом шоглоомтой комментчид мартсан дансаа шалгаж үзээч хэдэн юм орсон байж магадгүй гэж бие биеэ явуулж байна. Энэ мэдээлэл гарахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг мөн дуулиант хэргүүдийг нуун дарагдуулсан байж болзошгүй гэж АТГ шалгуулахаар болсон тухай мэдээ цацагдсан. Түүний урдхан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг мөн шалгахаар болж хайж эхэлсэн тухай цацагдсан. Өнөөдөр Ё.Отгонбаяр түүний эхнэр …. дараа нь хэн байж болох уу. Та бараг гадарлаж байгаа байх.Сүүлийн хэд хоногийн ийм дуулиант хэргийн мэдээний эзэд нэр холбогдогчид нь МАН-ын буюу хуучин хамтарсан Засгийн газрын сайд нар байна. Ц.Нямдорж, Н.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр….

Асуулт байна. Үнэхээр Авилга мөнгө угаалт ийм аймаар болсон уу. Тийм гэж хэлж болохоор байна. Тэгвэл зөвхөн МАН-ынхан л ийм нөхдүүд үү? Сүүлийн үед олон нийтийн тархи руу зөөлхөн шахаж, суулгаж байгаа Баагий аваргын араар хэн хэн нуугдах гээд байгааг харуулах гэсэн улс төрийн нэг тодорхой үйл ажиллагаа юм биш биз ? Дээрх нөхдүүд тухайлбал МАН–ын нөхдүүд Засгийн газрын гишүүн байхдаа ийм бусармаг байдал нь хэрээс хэтэрч, хэтэвчээ төрийн мөнгөөр зузаалж байсан бол стандарт бус гэх тодотголтой хамтарсан засагт байсан АН-ын сайдууд үүнийг харж зогсоох, үгүй дээ олон нийтэд сэрэмжлүүлэх чөлөө боломж тэр цагт үнэхээр олдоогүй юм болов уу..

Энэ мэт олон асуултад Ё.Отгонбаяр гишүүний эхнэрийн нэр холбогдсон уг хэрэг хариулт бөөгнүүлэх болоод байна.

Авилгыг үнэхээр таслан зогсоож тэмцэх гээд байна уу. Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн зорилгоор шуугиан Шоу болгон нэг нам хүчнийхээ нэр нөлөөг бүдгэрүүлэх гээд байна уу гэсэн нэг том асуултын хариуг олон нийт хүлээж байна. Дүгнэлт хийхээс өмнө “Харин ийм цагт элдвээр давшилж буй нь ичээрэй” гэсэн Ё.Отгонбаярын үгийг та бүхэнд үлдээе.

П.Баярхүү /тоймч /

www.shuud.mn