Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр гэх нөхрийн хэргийг далимдуулаад эх орончдыг ёстой нэг баалах шиг болж байнаа. Баалаад зогсохгүй эх орон, газар шороо гэж ярьсан нөхдүүдийг харлуулах бүхэл бүтэн компанид ажлуудыг өрнүүлж байна. Монголыг сүйрүүлж байгаа хүмүүс нь олигархи, луйварчид биш харин эх орончид юм байх.

Энэ л шуналын бузар болсон эх орончдыг зайлуулчихвал манай улс мандан бадрах юм гэнэ. Үүнийг сэтгүүлчид улс төрчдийн захиалгаар бичиж байна. Гэвч эцсийн эцэст хүнд хэцүү цагт гэр бүл, амьдралаа дэнчин тавиад эх орончид босож улс гэрээ авардаг түүхтэй. Цаашид ч мөн л энэ түүх давтагдана. Олигархи, луйварчид улс орны байдал хүндрэх үед бүгд мөнгөө шуудайлаад гадаад руу хаяад зугтацгаана. Тэр цагт эх орончид улс орныхоо төлөө амьдралаа зориулна. Үүнд би хэзээ ч эргэлздэггүй ээ.

Ц.Мөнхбаяраар дамжуулж зөвхөн энэ хүнийг ярихын оронд эх орончид хэмээн хавтгайруулж байгаа нь цаанаа том зорилго нуугдаж байгааг ойлгох хэрэгтэй. Нөгөө талд нь улс орныг авч явж байгаа хэдэн хөрөнгөтнүүдээ олигархи гэж нүд үзүүрлэхээ больё ч гэх шиг юм ярьж байгаа нь хэн энэ бүхнийг захиалсан нь харагдана.

Ц.Мөнхбаяр гэх энэ хүнийг хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө од болгосон шүү дээ. Ц.Мөнхбаяр гэх энэ хүнийг төрийн байгууллагууд өөрсдөө толгойг нь илсээр өнөөдрийг хүргэсэн. Төрийн ордон луу нум сум харвахад нь, уул уурхайн компани руу буудахад нь цагдаа хүчин, хууль шүүхийнхэн хараад инээгээд сууж байсан.

Энэхүү үйлдлийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг л магтан дуулаад бичиж байсан шүү дээ. Харин өнөөдөр бүгдээрээ нүд үзүүрлэж байна. Ерөөсөө хэвлэл мэдээллийнхэн үнэн бүтэхгүй усан тэнэг, мухар сүсэг ярьсан эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриулж сурталчилдаг шүү дээ. Өөрийгөө физикч гэх Бат-Отгон, Чингисийн ач гэх Давааням, олон хэлтэй гэх Арго болон бусад антеннтэй, далдын хүчинд итгэдэг өвчтөнүүдийг оруулж яриулдаг шүү дээ. Ингэсээр байгаад л өнөөдөр мэдлэг боловсрол ярьдаг нь биш мухар сүсэг, далдын хүчин итгэдэг хүмүүс нь од болчихоод байна шүү дээ. Өндөр хөгжсөн орнуудад ийм зүйл харин ч байхгүй.

Ордон луу буутай орохын өмнөхөн Ц.Мөнхбаяр нэг телевизээр яриад л сууж байсан шүү дээ.

Одоо болохоор Ц.Мөнхбаяраар дамжуулаад эх орончдыг харлуулах ажлаа хийж байна. Хэрэв үнэн бол эх орончид гэдэг бол Ц.Мөнхбаяр шиг хүмүүс биш шүү. Энд би түүнийг өмөөрөх гээгүй. Харин битгий эх орноо гэсэн хүмүүсийг харлуулах ажлыг хийгээч л гэж хэлмээр байна. Эх орончид бүгд төрийн ордонд байдаггүй юм шүү. Эх орончид бүгд дээл өмсдөггүй юм. Мэдээж эх орончын дүр эсгэсэн олон хүн байгаа. МАН, АН-аар худал эх орон гэж орилогсод дүүрэн байна. Уянга, Батцогт, Батзандан, Ганбаатар гэх мэт УИХ-ын гишүүн болох гэж хоосон эх орон гэж орилогсдыг бид сайн мэднэ шүү дээ. Тэд нөгөө хараан зүхээд байсан олигархи, луйварчидтайгаа мөр зэрэгцэн сууж, хундага тулган найралж байна. Мэдээж ийм бүтэхгүй нөхдүүд саарал ордны өрөө бүр байгаа.

Гэхдээ эх оронч гэсэн үг рүү, энэ үнэт зүйл рүү битгий дайраач. Эх орончид байсан учраас улс орон минь өнөөдрийг хүртэл оршин тогтносоор ирсэн. Ц.Мөнхбаяр гэдэг хүнээр дамжуулж эх орон, газар шороо гэж орилогсод үнэн бүтэхгүй хүмүүс хэмээн ард түмний тархи толгойг угаахаа зогсоогоо ч. Уул уурхайн компаниуд ч мөн адил энэхүү харлуулах ажлыг санхүүжүүлж, дэмжиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.