ОХУ-ын засгийн газар зэвсэг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын армид Т-72 танк 20-ыг бэлэглэжээ. Эдгээр танкийг хүлээн авах хүндэтгэлийн ёслол энэ сарын 9-нд Төв аймгийн нутагт орших нэгэн цэргийн ангид болсон байна. Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол дахь ОХУ-ын Элчин сайдад хандан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу болон Батлан хамгаалах зэвсэгт хүчний удирдлага Монгол, Оросын цэрэг техникийн хамтын ажиллагаанд байнга анхаарал хандуулж ирсэнд талархаж байна гэж онцлон өгүүлжээ.

Үүнээс өмнө 2012 онд ОХУ-ын зүгээс Монголын армийн зэвсэг, техникийн шинэчлэлд зориулан Т-72А үндсэн тулалдааны танк 50, сайжруулсан БТР-70М хуягт тэрэг 40-ийг, мөн “Урал” маркийн ачааны машинууд хүлээлгэн өгч байжээ. Тэдгээр танкийг Транс-Байгал бүс нутгийн нэгэн хуягт техник засварын заводод засаж сэлбэсэн гэнэ.

Ийнхүү ойрын жилүүдэд Орос, Монголын цэргийн хамтын ажиллагаа илт идэвхжэх болов. Ийм бодитой хамтын ажиллагаа ЗХУ задарснаас хойшхи 20-иод жилд Монгол, Оросын хооронд мартагдаад байсан бол ойрноос ОХУ Монголын армийн боловсон хүчнийг бэлтгэх төдийгүй зэр зэвсгийг нь шинэчлэхэд ихэд анхааран туслаж байна.

Т-72 нь анх 1971 оноос ЗХУ-д үйлдвэрлэгдэж эхэлсэн хоёрдугаар үеийн танк юм. Хэдийгээр Т-72 танк ЗХУ-ын үеийнх боловч Монголын зэвсэгт хүчний хувьд харьцангуй орчин үеийн зэвсэг, техник болж байна. 2012 онд Монголд өгсөн Т-72А танкуудыг 1979 онд үйлдвэрлэсэн бөгөөд өмнөх үеийн танкнаас илүү хүчирхэг 125 мм-ийн их буу, илүү сайн хөдөлгүүр суурилуулжээ. Т-72 танк дараах техник үзүүлэлттэй:

Хэмжээ

9.35м х 3.59м х 2.23м (урт, өргөн, өндөр)

Жин

41.5 тонн

Багийн бүрэлдэхүүн

4 хүн (командлагч, жолооч, их бууч, цэнэглэгч)

Хөдөлгүүр

В-12, 582 киловатт

Дээд хурд

42 км/ц

Туулах зай

490-700 км

Зэвсэглэл

125 мм-ийн 2А46М загварын их буу 1 ш

12.7 мм-ийн НСВТ АА пулмёт 1 ш

7.62 мм-ийн ПКТ хос пулмёт

Хуяг

Хуяг нэвтлэгч пуужин, сумнаас хамгаалсан композит хуягтай

Үйлдвэрлэсэн тоо

25,000 орчим

Т-72 төрлийн танкууд одоогоор дэлхийн 40 орчим улс, тэдний дотор ОХУ-ын хуурай замын хүчинд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Одоо ОХУ-ын зэвсэгт хүчинд 5000 орчим янз бүрийн загварын Т-72 танктай мэдээ бий. Мөн Т-72 нэлээд хэдэн дайн, тулаанд оролцсны дотор 1982 оны Ливаны иргэний дайны үеэр гарсан Сири-Израйлын зэвсэгт мөргөлдөөнд хохирол бага амжилттай тулалдаж, Израйлын M-60 танкуудыг устгаж байжээ. Өнөөдөр ч Т-72 танк Сирийн иргэний дайнд засгийн газрын хүчний давуу байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Мартагдаад байсан Орос-Монголын цэргийн хамтын ажиллагаа ийнхүү богино хугацаанд сэргэн өргөжиж, Оросын талаас хүнд зэвсэг, техникийг Монголд аль хэдийн өгч эхэлсэн нь зарим улсын анхаарлыг зүй ёсоор татсан нь тодорхой. Энэ хамтын ажиллагаа хэрэгжихэд Оросын талын сонирхол чухал гэдэг нь харагддаг. 2013 онд Сергей Шойгуг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд болсны дараа Оросын зэвсэгт хүчин Алс Дорнодод ЗХУ-аас хойш хийж байгаагүй нүсэр том хээрийн сургуулилт анх удаа явуулсан юм. Зарим ажиглагчдын үзэж буйгаар, энэ нь Орос Өрнөдөд бус, харин хөрш Хятадад сануулга өгч, урьдын адил хүчирхэг байгаа гэдгээ харуулсан хэрэг ажээ.

Орос-Монголын цэргийн хамтын ажиллагаа идвэхжиж байгаа нь оросууд Монголын газарзүйн ач холбогдлыг анзааран ойлгож буйн илрэл байж болох юм.

Ш.Лантуу

http://gashuun.mn