Rashomon

Модчин шүүхийн түшмэлийн байцаалтанд өчсөн ину

Тийм ээ би цогцсыг олсон. Өнөө өглөө би аанай л түлээ түүхээр ууланд гарсан. Гэтэл уулын бэлийн төгөл дотор хүүр хэвтэж байх юм. Яг хаана гэж үү? Ямасина хүрдэг замаас дөрөв таван тё /Японы уртын хэмжээ 109 метртэй тэнцэнэ/ хэртэй зайд байх. Тэр бол залуу шилмүүст модод, хулстай холилдон ургасан зэлүүд газар л даа.

Тэр хүүрэн дээр гандсан цэнхэр суйкан /гадуур хүрэм маягийн богино, хормойгүй кимоно/, нийслэлийнхний өмсдөг хуучирсан эбоси /японы язгууртнуудын өмсдөг байсан шовгор зөөлөн малгай/ малгай хэвтэж байлаа. Хүүр дээш хараад хэвтэж байсан л даа. Юу л даа, Яг цээжин дээр нь ганцхан шарх байсан.
Тэрүүхэндээ хуурай хулсны навчсууд шунхадчихсан аятай л болчихсон байна билээ. Дахиад цус гараагүй, шарх нь аль эрт бүлэгнээд хатчихсан бололтой. Бас тийм нэг соно надаас огт үргэхгүй шархан дээр нь суугаад л байсан. Илд мэсний зүйл тэр хавьд харагдсан уу гэж үү? Үгүй, тэнд юу ч байгаагүй. Зөвхөн хүүрийн ойролцоох модноос шийдмэс унжиж харагдсан. Өөр нэг… өө тийм, би олсноос гадна сам олсон юм байна шүү. За даа, үхдэлийн ойролцоо ийм л хоёр юм хэвтэж байсан даа. Гэхдээ ойр тойрных нь өвс ногоо, унасан навчис сүрхий талхлагдсаныг үзвэл алагдсан хүн амиа тийм ч амархан өгөөгүй болов уу. Морь байсан уу гэж үү? Тийшээ мориор хүрэх аргагүй ширэнгэ л дээ. Морин харгуй холуур өнгөрдөг, төгөлийн цаана байдаг юм.

Бадарчин гэлэн шүүхийн түшмэлийн байцаалтанд өчсөн ину
Алагдсан хүнтэй би өчигдөр дайралдсан. Өчигдөр… үд дунд байх. Хаана? Сэкиямаас Ямасина хүрдэг зам дээр. Тэр Сэкияма тийш алхаж явсан. Хөтөлж явсан моринд нь мордсон бүсгүйг би эхнэр нь байх гэж бодсон. Бүсгүй өргөн хүрээтэй, тортой далбагар бүрх малгай өмссөн байсан учраас би царайг нь хараагүй. Намрын Хаги цэцгийн өнгөтэй /ногоон туяатай хундан ягаан кимоно/ торгон кимоно нь л нүдэнд туссан. Дэлийг нь зассан шарга морь байсан. Бүсгүйн өндөр өө? Дөрвөөс таван сун /японы уртын хэмжүүр 30,3 см/ орчим болов уу… Би гэлэн хүн тул энэ мэтийн юманд маруухан. Эрэгтэй нь… тийм ээ, эрэгтэй нь нуруундаа нум саадаг үүрч бүсэндээ илд хавчуулсан байсан. Чийдсэн хар саадагнаас хорин сум цухуйж байсныг одоо тод санаж байна.
Ингээд талийгаач болчихно гэж зүүдэлсэн ч үгүй. Үнэндээ хүний амьдрал аянга цахилгаан, шүүдрийн дусал шиг хоромхон юм даа.
Ээ хөөрхий хэлэх ч үг олдохгүй юм, хөөрхий эрийн төлөөнөө халаглан гаслаж байгааг минь юугаар ч илэрхийлмээр юм бэ дээ.

Цагдаа шүүхийн түшмэлд мэдүүлсэн ину
Миний барьсан хүн үү. Өнөө цуутай дээрэмчин Тазёмару шүү дээ. Мориноосоо унаж бэртчихээд Авадагутийн чулуун гүүрэн дээр ёолоод хэвтэж байхад нь би барьж авсан юм. Хэдийд гэв үү? Өнгөрсөн орой, эхний харуулын цагийн /эрт цагт Хятад, Япон, Солонгосын томоохон хотуудад орой хоёр цаг тутам цаг зарлан гудмаар явж харуулын хонх цохин дохио өгдөг байжээ. Ойролцоогоор 20 цаг орчим/ үед. Урьд нь би түүнийг барьдагийн даваан дээр алдахад тэр яг өнөө цэнхэр суйкантайгаа, бүсэндээ сэлэм хавчуулчихсан байсан шүү. Харин сая барьсан чинь бүр нум сумтай болчихсон байгааг нь харахгүй юу. Тэгсэн хэрэг үү? Алуулсан хүний нум саадаг юм биз дээ? Тэгвэл ч түүнийг Тазёмару алсан нь гарцаагүй.

Арьсан наамалтай нум, хар чийдмэл саадаг, харцгын өдтэй арван долоон сум гээд энэ бүхэн үхсэн хүнийх байх нь ээ? Тийм ээ, морь нь ч гэсэн таны хэлснээр дэлийг нь зассан шарга морь байсан. Энэ морь булгиж түүнийг гэмтээх учиртай байжээ хөөрхий. Цулбуураа чирсэн морь гүүрнээс холгүй ногоо хазалж байсан шүү.
Энэ Тазёмару Киото хотын эргэн тойрноор хөлхдөг дээрэмчидтэй адилгүй, хүүхний хачин шуналтай этгээд байгаа юм. Ноднин Бинзуру гэгээнтний /Бурхан багшийн 16 шавийн нэг. Япон галигаар/ гэгээрсэн гэгддэг Акитарибэ сүмээс холгүй ууланд мөргөлчин бололтой эмэгтэйг охинтой нь хөнөөснийг санаж байна уу? Энэ бол түүний хийсэн хэрэг л гэлцдэг юм. Тазёмару самурайг алсан юм бол эхнэрийг нь яасан байж болох вэ? Сонин байна даа. Хошуу дүрж байгааг минь өршөөгөөрэй. Гэхдээ л учрыг нь олох хэрэгтэй юм даа.

Эмгэн шүүхийн түшмэлийн байцаалтанд өчсөн ину
Тийм ээ, энэ миний охины гэрлэсэн хүний цогцос мөн байна. Гэхдээ тэр нийслэлийн хүн биш. Тэр Кокуфу мужын Вакасагийн самурай хүн. Нэр нь Каназава Такэхиро, хорин зургаан настай. Үгүй, тэр маш эелдэг зөөлөн ааштай хүн тул өс хонзон санасан байж чадахгүй.
Миний охин уу? Нэр нь Масаго 19 настай. Эрчүүдээс дутахгүй зоримог зантай. Тэр маань Такэхиротой гэрлэх хүртэл өөр бусдад хайр сэтгэлтэй байж үзээгүй юм. Хөөрхий охин маань жижигхэн гонзгойвтор дугуй нүүртэй, зүүн нүднийхээ зовхинд мэнгэтэй, боровтор царайтай. Өчигдөр Такэхиро охиныг маань аваад Вакаса явсан юм. Ямар нүгэл хилэнцийн үйлийн үр ийм гай зовлонг авчрав даа. Охин минь яагаа бол? Хүргэнийхээ хувь тавилантай эвлэрэхээс яахав, гэхдээ охиныхоо араас зовоод тайван сууж чадахгүй нь. Ариун нандин шүтээн бүхний нэрийг барьж гуйя? Ой шугуй, газар бүхнийг нэгжин үзэж охиныг минь олооч. Энэ Тазёмару чинь ямар муу ёрын булай дээрэмчин бэ? Хүргэнийг минь хөнөөгөөд зогсохгүй охиныг минь… /уйлаад үг хэлж чадахгүй болж багтран унав/

Тазёмаругийн буруугаа хүлээсэн өчил
Би тэр хүнийг алсан. Гэхдээ хүүхнийг алаагүй. Хаачсаныг нь би мэдэхгүй. Байзаач, намайг яаж ч эрүүдсэн би мэдэхгүй юмаа хэлж чадахгүй шүү дээ. Тэгээд ч хэрэг нэгэнт ингэж цагаандаа гарсан хойно би айх ч үгүй, нууж хаах ч үгүй. Би тэр самурай болон түүний эхнэртэй үдээс хойхно тааралдсан. Сэвэлзсэн салхинд бүсгүйн дугуй бүрхний торгон халхавч ярагдаж, эгшин төдий царай нь харагдаад алга болсон юм. Эгшин төдий зурсхийн үзэгдсэн болоод ч тэр үү гэгээн дагины царай – бодисадвагийн нүүр мэт санагдсан билээ.
Яг тэр хоромд би нөхрийг нь алаад ч хамаагүй хүүхнийг эзэмдье гэж сэтгэл шулуудсан юм. Танд аймшигтай санагдаж байгаа байх. Эрэгтэй хүнийг алах гэдэг юу ч биш. Ерөөсөө л эмийг нь эзэмдэхийн төлөө эрийг нь алдаг шүү дээ. Гэхдээ би бүсэндээ хавчуулсан илдээрээ хүний амь хөнөөдөг бол та нар эрх тушаал, мөнгө хөрөнгө, заримдаа хоосон бялангач үгээр хүн алдаг шүү дээ. Үнэндээ цус нь гоожихгүй, эрүүл саруул юм шиг хэрнээ тэр хүн амьдаараа үхчихсэн байдаг. Та нарын нүгэл их үү? Миний нүгэл их үү? гэж бодоход ч мэдэхгүй дээ. /ёжтой инээмсэглэв/.

Гэвч энэ бол эрийг нь хөнөөхгүйгээр эмийг нь эзэмдвэл миний сэтгэл ханахгүй гэсэн үг биш. Энэ удаа би цус урсгахгүйгээр хүүхнийг эзэмдэе гэж шийдсэн юм. Гэтэл олон хөлийн зам дээр ингэх боломжгүй байлаа. Иймээс би тэднийг мэхэлж ширэнгэнд оруулахаар бодов.

Энэ ч хялбархан бүтэв. Би явуулын хүн болж зам нийлээд уулын нөгөө талд нэг хиргэсүүр бий, түүнийг би ухаж толь, илд гээд юм юм л олсон, хүнд алдчихгүйн тулд ширэнгэн дунд булчихсан, санаанд таарсан үнэ өгөх хүн олдвол хямд зарчихна гээд л ярьж гарав. Эрэгтэй нь ч миний үгэнд итгэж эхлэх шиг боллоо. Таны бодож байгаа шиг л юм болсон. Шунал гэдэг аймшигтай эд шүү. Хагас цаг ч өнгөрөөгүй байхад тэд мориныхоо жолоог эргүүлж надтай хамт уулын зөргөөр явж байлаа. Ширэнгэн төгөлд дөхөж ирээд би эд юмс ширэнгийн гүнд булаатай байгаа тул хамт очиж үзэхийг хүслээ. Өнөөх эрийн шунал нь хатгаж байсан тул татгалзсангүй. Харин хүүхэн явгаар явах хүсэлгүй тул эндээ хүлээж байя гэлээ. Ширэнгэ шигүү болохоор хүүхний ингэж шийдсэн нь ч зөв байв. Бүх хэрэг санасанчлан бүтэж хүүхнийг орхиод нөхөртэй нь ширэнгэнд оров.

Ширэнгийн захад зөвхөн хулс ургадаг аж. Хагас тё орчим яваад сая шилмүүст модонд дөхлөө. Бодсоноо хэрэгжүүлчихмээр аятайхан газар олдож өгөхгүй байв. Мөчир яран замчлангаа би өнөөх үнэт эд хогшил маань энүүхэнд булаатай байгаа мэтээр ярьж явлаа. Ярианд минь автсан эр шилмүүст моддын дэргэд хурдан хүрэхээр өмнө минь гарав. Хулсан зурвас шувтарч эргэн тойрон дан шилмүүст мод болж эхлэх үед би түүн рүү араас нь дайрч унагаад баглаж орхив. Бие хаа гайгүйтэй, байнгын бэлтгэл сургуультай хүнийг дийлэх амаргүй л байсан. Сүүлд нь модонд бариад хүлчихсэн юм.

Шийдмэс үү? Олс шийдмэсгүй дээрэмчин гэж хаа байх вэ? Би үргэлж бүсэндээ шийдмэс хавчуулж явдаг бөгөөд хашаа хэрэм давахад ямагт хэрэг болдог юм. Хулсны унасан навчис аманд нь чихсэн тул түүний хашхирах нь ч худал болов. Өөр хийгээд байх юм байсангүй.

Би хүүхэн дээр эргэж очоод гэнэт нөхрийн чинь бие муудаад сүйд боллоо, очиж үз гэв. Энэ удаа ч гэсэн миний заль амжилттай болсныг нуух юун. Тэр өргөн хүрээтэй далбагар бүрхээ тайлж миний гараас атгаад шугуйн гүн рүү дагалаа. Өнөө газар хүрч очоод модонд хүлээтэй нөхрөө зэрвэс хармагцаа өврөөсөө чичлүүр хутга гаргаад ирэв. Өмнө нь би тийм хазааргүй зоригтой хүүхнийг харж байсангүй. Хэрэв сэрэмжтэй байгаагүй бол би лав гэдсэндээ хутга зоолгох байсан биз. Эхний чичилтээс нь бултаж дөнгөсөн ч, өнөө хүүхэн чинь тааралдсан газар руу хутгаараа бүлж гардаг байна шүү. Гэхдээ л би чинь Тазёмару шүү дээ. Яаж ийж байгаад илдэндээ хүрэлгүй хүүхний гараас чичлүүр хутгыг нь алдуулж дөнгөсөн. Гар мухар бол хичнээн эрэлхэг байгаад яах билээ. Ингээд би хүссэнээрээ эрийг нь хөнөөлгүйгээр эмийг нь эзэмдэж чадсан юм даа.

Тийм шүү...Үнэхээр тэр эрийг алъя гэж бодоогүй юм. Хүсэл тачаалаа хангасны дараа ч тэгье гэж санаагүй. Намайг явахаар завдтал уйлаад хэвтэж байсан хүүхэн гэнэт солиорсон аятай гараас минь зуурч “Нэг бол чи, эсвэл миний нөхөр үхнэ… та хоёрын хэн нэг нь үхэх ёстой. Хоёр хүний нүдэн дээр доромжлуулж эдлүүлснээс үхсэн нь дээр… Та хоёрын хэн нэг нь заавал үхэх учиртай, харин би аль үлдсэнтэй нь явна” гэж бачимдан орилов. Тэгэхэд би тэр эрийг хорооё гэж бодсон юм. /баргар байдал/

Одоо би танд энэ бүхнийг ярьж байгаа болохоор харгис этгээд шиг бодогдож байгаа байх. Тэр эмэгтэйн нүүр царай, гал шиг дүрэлзсэн нүдийг тэгэхэд хараагүй болохоор тэгж бодох тань аргагүй. Харц мөргөлдөнгүүтээ би энэ бүхний төлөө суурин дээр минь аянга ниргэсэн ч хамаагүй тэр бүсгүйг эхнэрээ болгож авах тэчъяадалд эзэмдүүлэв. Түүнийг эхнэрээ болгоно гэдэг ганц бодол оюун санаагаар минь дүүрсэн. Үгүй ээ энэ бол таны бодож байгаа шиг зэрлэг шунал тачаал биш юм шүү. Хэрэв би зөвхөн тачаалаа хангах байсан бол хүүхнийг өшиглөж унагачихаад л яваад өгөх байсан. Тэгсэн бол тэр эрийн цусаар сэлмээ ч бузарлахгүй байхсан. Гэвч ширэнгийн балар орчинд хүүхний царайг харж зогсохдоо би эрийг нь алахгүйгээр эндээс хаашаа ч явахгүй гэж шийдсэн юм. Хэдий би түүнийг алахаар шулуудсан ч гэлээ хүлэгтэй хүнийг алах эвгүй байсан тул эрийн ёсоор үхэг гэж бодоод хүлээсийг нь тайлж “илдээр үзэлцье” гэв. Модны мөчирт тохоостой байсан шийдмэс чинь миний тэр эрийн хүлгийг тайлаад шидэж орхисон эд байхгүй юу. Нүүр царай нь мурийж таталдсан эр нэг ч үг дуугаралгүй хүнд илдээ аваад над руу улайран дайрав. Энэ тулалдаан хэрхэн дууссаныг хэлэх хэрэг байна уу?
Хорин гурав дах цавчилтан дээр ... Үүнийг битгий мартаарай. Хорин гурав дах шүү. Одоо ч сонин санагддаг юм. Ертөнц дээр тэр ганцаараа надтай хорин удаа илд зөрүүлсэн юм шүү дээ. /хөгжилтэй инээмсэглэв/ Түүнийг газар унамагц би цус дусалсан илдээ барьсаар хүүхэн рүү эргэв. Гэтэл тэр алга болчихжээ. Би түүнийг ширэнгэн дундуур хайсан боловч олсонгүй, унасан хулсны навчин дээр ч түүний мөр байсангүй. Чих тавин чагнавал амь нь тасарч буй эрийн хоолой хоржигнох сонсогдлоо.

Биднийг тулалдаж эхэлмэгц хүүхэн тусламж дуудахаар ширэнгээс гарсан байж болох юм даа. Ийм бодол толгойд минь ормогц амь амьдрал минь шийдэгдэж болзошгүй байгааг ойлгов. Алагдсан эрийн илд, нум сум зэргийг хамж аваад балархай жимээр ортол хүүхний унаж явсан морь тэнд тайван гэгч идээшилж байлаа.
Үүний дараа юу болсныг яриад дэмий. Нэмж хэлэхэд хотод ирэхээсээ өмнө би илдийг нь гээчихсэн байна билээ. Ингээд миний мэдүүлэг дууслаа. Надад хамгийн хатуу цааз ноогдуул л даа. Миний хар толгой шонгийн оройд өлгөгдөнө гэдгийг би үргэлж мэдэж явлаа. /өдсөн байдал/

Бүсгүй Киото хотын Киёмизү сүмд наминчлан өчсөн ину
Цэнхэр хувцастай эр намайг хүчирхийлж, хүлээтэй нөхөр рүү маань хараад даажигнан хөхөрлөө. Нөхөрт маань ямар хэцүү байсан бол. Түүнийг мурчилзан хөдлөх бүрт олс биенд нь улам чивчирэн шигдэнэ. Би нөхөр өөдөө тэмүүлэн зүтгэв. Гэтэл дээрэмчин эр намайг хөсөр өшиглөн унагалаа. Тэгэхэд энэ явдал болсон юм. Яг тэр хоромд би нөхрийнхөө нүдэнд өгүүлэшгүй хорсол гялалзхыг харлаа. Өгүүлэшгүй хорсол… одоо ч түүний харцыг санахад дагжин чичирч байна. Ганц үг хэлэх чадалгүй байгаа нөхөр маань бүхий л сэтгэл зүрхээ харцаараа илэрхийлж байлаа. Гэхдээ түүний харцанд уур хилэгнэл юм уу, зовлон гуниг бус, надад хандсан жигшил, зэвүүцсэн хүйтэн сэтгэл харагдаж байв. Тэр эрийн өшиглөснөөс бус нөхрийнхөө энэ харцнаас би айсандаа цочин хашгираад ухаан алдсан.

Намайг ухаан ороход цэнхэр хувцастай эр хэдийнэ алга болсон, нөхөр маань урдын адил модонд хүлээстэй хэвээр байлаа. Би хөглөрсөн навчис дундаас арайхийн өндийж нүүр өөд нь царайчлангуй ширтэв. Гэвч түүний хүйтэн харц огтхон ч өөрчлөгдсөнгүй. Урьдын адил хүйтэн, эгдүүцэж зэвүүцсэн, үзэн ядсан очоор нүд нь гэрэлтэж байв. Тэр үед юу мэдэрснээ үгээр дүрслэхэд хэцүү байна. Ичгүүр, уй гаслан., уур хилэн гээд аль аль нь байлаа. Найгаж ганхан өндийж нөхөр рүүгээ дөхлөө.

“Энэ бүхний дараа тантай хамт амьдарч чадахгүй гэдгийг маань та ойлгох учиртай. Би амиа хөнөөхөөр шийдлээ. Гэхдээ… гэхдээ та ч бас үхнэ. Та миний гутамшиг болохыг харсан. Хамаг шившгээ харуулчихаад таныг амьд үлдээж чадахгүй нь” гэж түүнд хэлэв.

Хичнээн бэрх байсан ч би түүнд ингэж хэлж чадсан юм даа. Нөхөр маань урьдын адил намайг жигшин харна. Цээжийг маань дэлбэ татах шахам булгилах зүрхээ дарж би түүний сэлмийг навчисан доороос эрлээ. Дээрэмчин бүгдийг нь аваад явчихсан бололтой, сэлэм, саадаг, нум сум хаа ч байсангүй. Аз дайрахад чичлүүр хутга хөл доор минь хэвтэж байв. Би хутгыг шүүрч аваад “Одоо би таныг ална. Дараа нь өөрийгөө ална” гэж хэлэв.
Ингэж хэлэхийг минь сонсоод тэр уруулаа хүчлэн хөдөлгөлөө. Хулсны навчис аманд нь битүү чихээстэй байсан тул дуу гарсангүй. Гэсэн ч би түүний уруулын хөдөлгөөнийг хараад юу хэлснийг нь ойлгов. Нөхөр маань намайг мөнөөх үзэн ядсан харцаараа ширтэж “Ал” гэсэн ганц үг хэлэв. Би бараг галзуурч цэнхэр суйканы цаадах аюулхай руу нь чиглүүлэн чичлүүр хутгаа ишинд нь тултал дүрж орхилоо. Би дахиад ухаан тавьчихсан шиг санагдана. Сэргээд харвал нөхөр маань модонд хүлээтэй хэвээр хэдийнэ амьсгал хураажээ. Шингэж буй нарны туяа, шилмүүст моддын өтгөн мөчир, хулсны навчны завсраар шурган түүний нүүрэн дээр тусчээ.
Цурхиран уйлсаар би түүний биед шигдсэн олсыг огтлов. Дараа нь… дараа нь би яасан бэ? Энэ тухай ярих чадал алга. Юу ч хийсэн гэсэн амиа егүүтгэх хүч чадал олж чадсангүй. Хоолойдоо хутга тулгаж үзлээ, уулын нууранд живж үхэх гэж оролдлоо, зүйл бүрээр оролдлоо…

Үхэж чадалгүй амьд үлдчихсэн болохоор бахархаад байх ч юм алга. /Гунигт инээмсэглэл/ Магад энхрий нигүүлсэнгүй Каннон охин тэнгэр над мэтийн өчүүхэн амьтнаас нүүрээ бууруулсан биз. Гэвч би яах вэ? Би яах вэ? Би… би яах вэ?/Гэнэт цөхөрсөн цурхиралт/

Алагдсан эрийн сүнс төлөгч эмийн амаар өгүүлсэн ину
Дээрэмчин эр эхнэрийг маань эзэмдэж, эдэлж дуусаад түүнтэй зэрэгцэн газар суугаад элдвээр аргадаж эхлэв. Би модонд хүлээтэй, ам маань таглаатай байлаа. Гэлээ ч би "наадахдаа бүү итгэ, түүний ярьж байгаа бүхэн худлаа” гэж нүдээрээ цаг ямагт дохисоор байсан юм. Гэтэл эхнэр маань хөрмөг дээр гуниглан суухдаа өвдөгнөөсөө харцаа огт салгасангүй. Тэр дээрэмчний үгийг анхааралтай чагнаж байна гэж бодож болмоор байлаа. Хар хорын сэтгэл байж ядтал буцална. Дээрэмчин улам бүр гоё ганган үг урсгаж санасандаа хүрэх гэж ядна… “Цэвэр ариун биеэ бусдад өгчихөөд нөхөртэйгөө амьдарна гэдэг эмэгтэй хүнд хэцүү. Нөхөртэйгөө үлдсэнээс миний эхнэр болбол дээргүй юу? Чи өөрөө л надад дурлаж, ийм хачин юм хийлгэлээ шүү дээ…” Тэр дээрэмчин бүр цагаандаа гарч ингэж хэлэх нь тэр.

Дээрэмчний үгийг сонсоод эхнэр маань толгойгоо бодлогоширонгуй өндийлгөв. Түүнийг ийм үзэсгэлэн гоо байхыг өмнө нь би үзсэнгүй. Гэтэл нөхрийгөө дэргэдээ хүлээтэй байхад үзэсгэлэн гоо эхнэр маань юу гэж хэлсэн гээч. Тэр үгийг нь эргэн санах бүрт итгэмгүй санагдаж эгдүү, зэвүү хүрнэ. Эхнэр маань “Тэгээд намайг хүссэн зүг рүүгээ аваад яваач" гэж хэлэв. /Удтал дуугүй болов/

Эхнэрийн гэм буруу зөвхөн энэ бус. Зөвхөн үүнээс болж миний сүнс харанхуйд төөрч ингэтлээ тарчлахгүйсэн. Эхнэр маань яг л зүүдэлж байгаа мэт гараасаа хөтлүүлэн дээрэмчнийг даган алхаж явснаа гэнэт үхсэн мэт цонхийн цайж модонд хүлээтэй над руу зааж, “түүнийг ал, тэр амьд байгаа цагт би тантай хамт явж чадахгүй” хэмээн солиорсон мэт хашгирав. “Түүнийг алаад өгөөч”. Энэ үг одоо ч гэсэн намайг салхи шуурга адил хаман авч гүн харанхуй руу шидэлсээр байгаа юм. Хэзээ нэгэн цагт ийм шившгийн үгс хүний амнаас гарч байсан уу? Өмнө нь ийм өөдгүй үг хүний чихэнд хүрч байсан гэж үү? Хэзээ нэгэн цагт… /гэнэт хорсолтойгоор хөхрөв/
Тэр шившгийн үгийг сонсоод дээрэмчин хүртэл мэгдэн цочиж зэвхийрлээ. Эхнэр түүний гараас зуурсан чигээрээ “түүнийг алаад өгөөч” гэж хашгирна. Дээрэмчин түүн рүү ширтсэнээ “за” ч гэсэнгүй, “үгүй” ч гэсэнгүй огцом өшиглөн хөглөрсөн навчин дээр унагалаа. /Дахиад хорсолтойгоор хөхрөв./ Дээрэмчин гараа цээжиндээ зөрүүлээд над руу харснаа “Энэ ичгүүргүй эмийг яах вэ? Алах уу? Өршөөх үү? Толгойгоо дохиж мэдэгдээрэй” гэв. Алах. Зөвхөн энэ үгийнх нь төлөө би түүнийг өршөөхөд бэлэн байлаа. /Дахин удтал чимээгүй болов/.
Намайг шийдэж ядах хооронд эхнэр маань гэнэт орилон босож шугуй руу гүйж оров. Дээрэмчин тэр даруй араас нь ухасхийсэн боловч гараас нь ч атгаж чадалгүй алдлаа. Энэ бүхэн надад дэмийрэл, солиорол шиг санагдана.
Эхнэрийг зугтмагц дээрэмчин миний илд, нум сумыг авч хүлээсийг минь огтлов. Тэгээд «одоо өөрийнхөө тухай бодох цаг боллоо» гэж бувтнасныг нь санаж байна.

Түүнийг явсны дараа эргэн тойрон нам гүм болов. Үгүй ээ, худал юм байна. Дэргэд хэн нэгний цурхиран уйлах сонсогдох шиг. Хүлээсийг тайлж байхдаа чих тавин чагналаа. Энэ чинь юу вэ? Би өөрөө мэгшин уйлж байгаагаа ойлгов. /гурав дах удаагаа удтал дуугүй болов./

Эцэст нь би зовж зүдэрсэн биеэ модноос арайхийн чөлөөлөв.
Эхнэрийн унагасан чичлүүр хутга өмнө минь гялалзан хэвтэнэ. Би хутгыг шүүрэн ганц далайлтаар цээжиндээ шаав. Хоолой өөд бөөн цус огшин, тагнайд амтагдахыг мэдэрсэн ч үүнд өвдөж шаналах юм огт алга байлаа. Цээжээр хүйт сэнгэнэн бие хөрч эхлэхэд эргэн тойрон бүх юм нам гүм болов. Ямар ч чимээ аниргүй нам гүм.
Уулын энэ ширэнгэнд шувуу ч үл жиргэнэ. Шилмүүст мод болон хулсны завсраар шингэж буй нарны туяа тусна. Шингэх нар… Удалгүй эргэн тойрон маань бүүдийж, модод ч, хулс ч үзэгдэхээ болив. Газар хэвтэх намайг гүн чимээгүй нөмрөн хучлаа. Яг энэ мөчид хэн нэгэн над уруу чимээгүйхэн дөхөж ирэв. Хэн гэдгийг харахыг би ихэд хүслээ. Гэвч эргэн тойрныг харанхуй бүрхжээ. Тэгтэл хэн нэгэн… мөнөөх хэн нэгэн үл үзэгдэх гараараа цээжнээс минь чичлүүр хутгыг сугалан авлаа. Тэр эгшинд ам маань олгойдсон цусаар дахин дүүрэв. Тэгээд дараа нь би эс оршихуйн харанхуй руу өнөд живж одлоо.

Зохиолч: Акүтагава Рюносүкэ (芥川 龍之介)
Орчуулсан: Д.Дашмөнх
Эх сурвалж: www.ubboys.com