Сирийн алан хядагчид Умард Кавказын ард иргэдийг хэрхэн урхидаж, тэднийг үхэл рүү илгээдэг вэ?
Өдгөө дайны талбар болсон Сири Улс Умард Кавказын уугуул иргэд, оршин суугчдыг юундаа тэгтлээ их татна вэ гэдэг асуултад тогтсон нэг хариулт өгөх боломжгүй юм. Гэтэл тус улсад дайны ажиллагаа явагдаж эхэлснээс хойш ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг жижигхэн Бүгд найрамдах улс болох Кабардин-Балкараас л гэхэд Сирийн сөрөг хүчний талд тулалдахаар олон арван эрс сайн дураараа явжээ. Тэдэн дотор бүсгүйчүүд ч олон байгаа аж.
Янз бүрийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өдгөө тус Бүгд найрамдах улсын иргэн 85-150 хүн Сирид болон олон улсын алан хядах байгууллагуудын эгнээнд багтан тулалдаж байгаа юм. Тус Бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчид энэ тоо 150-д хүрсэн гэдгийг итгэлтэй хэлнэ. Тэднээс дор хаяж таван хүн амь насаа алджээ. Өдгөө Сири Улсад ОХУ-ын иргэн олон зуун хүн тулалдаж байгаагийн дотор Кавказын ард иргэд дийлэнх нь байгаа юм.

Умард Кавказын Холбооны тойргийн Дотоод явдлын яамны салан тусгаарлагчидтай тэмцэх “Э” хэлтсийн ажилтан Артур Григорьев “Өдгөө манай Кабардин-Балкарын Бүгд найрамдах улс төлөөллөөрөө хамгийн өмнө бичигдэж байна” хэмээн мэдэгджээ. Сирид очиж сайн дураараа тулалдаж байгаа тэдгээр залуучууд 20-30 насныхан аж. Тэдэн дунд 17 настай хөвгүүн ч бий. Ийм балчир настай ч тэр залуу эрүүгийн ноцтой хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн замд ороод нэлээн хэдэн жил болж байгаа гэнэ.

Бас тэдэн дунд тэтгэвэрт гарах шахсан нэг эр ч байгаа юм. Мөн найман эмэгтэй байгаа аж. Тэд янз бүрийн ястнууд хэдий ч бүгд лалын шашны тулгуур үзэлд гүн автжээ. Зарим нь лалын шашинд хожим орсон ч үзэл бодолдоо дэндүү улайрсан байна. Сайн дурынхны зарим нь эх нутагтаа очоод хилийн чанадад олж авсан мэдлэг, дадлаа тэнд алан хядах ажиллагаа явуулахад ашиглах болжээ. Энэ он гарснаас хойш тус Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дээр ийм бэлтгэл бүхий гурван алан хядагч хууль сахиулах байгууллагынхантай тулгарч амиа алдсан юм.

Хөлсний цэрэг болгонд Сири Улс руу очих өөрийн гэсэн учир шалтгаан, зорилго бий. Энд мөнгө чухал үүрэг гүйцэтгэхгүй юм. Хамгийн гол учир шалтгаан бол үзэл бодолдоо хэт автсан байдал. Тэд лалын ариун дайн буюу жихад чухамхүү Сири Улсаас эхэлнэ гэж итгэж байгаа аж. Тэнд тэд шариатын хууль дүрэм бүхий теократ улсыг байгуулснаар дэлхий даяар ариун дайн явуулах болно гэж итгэжээ. Мэдээж хэрэг, тэнд очиж тулалдсанаар гайгүй мөнгө олно гэж бодох нь ойлгомжтой. Өдгөө шүүх Сири Улс руу мөнгөний араас очиж тулалдсан ийм нэгэн сайн дурын дайчны хэргийг хэлэлцэж байгаа юм.

Хагас жилийн туршид алан хядлага үйлдсэнийх нь төлөө түүнд 4000 долларын шан харамж өгчээ. Тэрбээр өгсөн мэдүүлэгтээ “Сарын дараа би лалын шашин бүхий нэгэн сургуульд элссэн. Тэнд Дагестаны иргэн Ахмадтай танилцсан юм. 2012 оны 10 дугаар сард Ахмад надад Арабын Сири Улс руу явахыг санал болгосон. Мөнгөн урамшуулал аваад сөрөг хүчний талд тулалдахыг санал болгосон. Түүний хэлснээр бол цалин гэж 2000 доллар өгөхөөр байлаа. Би ч Ахмадын тавьсан саналыг хүлээж авсан. Египт улсаас Сири рүү илгээх ажлыг мөн л Ахмад холбогдох хүмүүсээрээ дамжуулж гүйцэтгэсэн. Тийшээ явж байгаа дийлэнх хүмүүс дэлхий даяар ариун дайн хийхийн төлөө очдог юм” хэмээн ярьжээ.

Дайн хүрэх зам
Дайн руу одох замыг тэднийг элсүүлэн авч буй мэргэжилтнүүд цахим сүлжээний тусламжтайгаар зааж өгдөг аж. Өдгөө нийгмийн сүлжээнд холбогдох бүлгүүд нээгдсэн байгаа. Тийшээ ороод хар залуугаасаа зөв зүйтэй үйл хэргийн төлөө тулалдаж, ямар үр дүнд хүрэх нь үл хамаарч Дээд эзний зүгээс таалал, соёрхол хүртэх тухай өгүүлсэн бичвэрийг олж уншиж болно. Мөн тэнд баатарлагаар тулалдаж буй цэрэг эрсийн гэрэл зураг, дүрс бичлэг, танилцуулга зэргийг үзэж болох гэнэ. Интернэтэд мөн холбогдох сайтуудыг олж үзэж болно.

Сирийн муджахедуудын сайт, Сири дахь Кавказын Имаратын сайт, “Исламын Улс” бүлэглэлийн сайт зэргээр чөлөөтэй орох боломжтой. Эдгээр сайтууд руу ороод хэрэгт дуртай хүмүүс алан хядагчид яаж амьдардаг вэ, бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ, хүний амийг хэрхэн тасладаг вэ, дэлхийг хамарсан ариун дайнд хэрхэн бэлтгэж байгаа вэ гэдгийг харж болох юм. Тэнд мөн цус асгаруулсан байлдаан, тулаануудын дүрс бичлэгийг байршуулжээ.

Заримдаа иймэрхүү бичлэгийг YouTube дээр тавих нь бий. Үзэл санаанд нь дэндүү автаж, боловсорч гүйцсэн, санхүүгийн хөшүүргийг нь сонирхож, шунан дурласан хэрэглэгч тийшээ очих боломжуудыг эрэлхийлж эхэлнэ. Болохгүй бол Сири, Египт, Турк улсуудад амьдардаг танил талаа хайж эхэлнэ. Мэдээж, эрэл хайгуулын эцэст хэн нэгнийг олдог байна. Дээр нь түүнд үнэтэй зөвлөгөө хайрлах хэн нэгэн олдож л таарна. Тэрбээр түүнд ариун дайнд оролцсоных нь төлөө Дээд эзэн заавал ч үгүй түүнийг хойд насанд нь харж үзэх болно гэж итгүүлнэ.

Зарим нэг хэрэглэлээ өөрсдөө авч явдаг бол үлдсэнийг нь Туркийн Стамбул хотод очоод худалдаж авна. Сири рүү Туркээр дамжиж очих нь илүү амар гэнэ. ОХУ-ын иргэн Сири Улс руу Туркээр дамжиж очвол түүний паспортон дээр тус улсад очсоныг нь илтгэх дардас ч тавьдаггүй аж. Гэхдээ л дийлэнх нь хил давах үедээ паспортоо устгадаг байна. Туркийн хилчид ч нааш, цаашаа холхих хүмүүст гойд саад тотгор учруулдаггүй юм. Тус улсад мөнгийг их үнэлж, цэгнэдэг учраас хүссэн хэн боловч гайгүйхэн шиг хүнээр зуучлуулан хилийг түвэггүйхэн давж болдог. Туркэд мөн Сирид тулалдаж байгаад шархадсан байлдагчдыг дуртай нь аргагүй хүлээн авч эмчилдэг эмнэлгүүд олон бий.

Дурдатгал
Дээр дурдагдсан сайн дурын хөлсний цэрэг өгсөн мэдүүлэгтээ “Биднийг нисэх онгоцны буудал дээр тосож авсан зуучлагч арабуудын өгсөн зааварчилгааны дагуу Ахмад миний таньдаггүй хүний утас руу залгатал хэдхэн минутын дараа тэрбээр такси хөлөглөөд ирсэн. Таксины жолооч эр Ахмад бид хоёрыг Сири Улстай хиллэдэг жижигхэн суурингийн төвд байрлах байшинд хүргэж өгсөн. Хэсэг хугацааны дараа тэр байшингийн эзэн Ахмад бид хоёрыг автомашинд суулгаад Турк-Сирийн хил рүү хүргэж өгсөн билээ. Гэхдээ хилийн наана 400 метрийн зайтай элсэн талд буулгачихсан. Хилийн зурвас дагуу дээрээ өргөст тор бүхий төмөр хаалт байдаг юм билээ. Хил давахаар бид хаалтыг чиглэн гүйцгээсэн. Тэнд урьдчилаад хаалтыг нүхлэсэн байлаа. Туркийн хилчид бидний хууль бус үйлдлийг зогсоох гэж оролдсон. Үнэн хэрэг дээрээ тэд агаарт хий буудаж байсан юм. Ингэж Ахмад бид хоёр Сири рүү нэвтэрч чадсан” хэмээсэн билээ.

Зорьсон газраа очоод Кавказын залуус дахин хуваарилагдах төвүүдээр ордог. Эхлээд шинээр ирсэн дайчид амьдардаг байшинд орцгооно. Удалгүй тэднийг авахаар “худалдан авагч”-ид ирцгээнэ. Дараа нь муаскар буюу тэндхийн “сургагч багш” ирнэ. Гол анхаарлыг биеийн бэлтгэлжилт болон галт зэвсэг эзэмших явдалд хандуулна. Бас тэсэрч, дэлбэрэх бодистой яаж харьцахыг зааж өгнө. Энэ талаар сайн дурын цэрэг эр ингэж ярьжээ. “Эхлээд биднийг гүйлгэж, үсэргэж, суниалгаж байсан. Бас байшингаас холгүйхэн орших оливын мод ургасан шугуй руу автомат буугаар буудаж сургах гэж хэд хэдэн удаа аваачсан билээ. Сургалтын үйл явц хэдэн долоо хоног үргэлжилсэн. Бидний амьдарч байсан байшин дороо хонгил бүхий хоёр давхар барилга байв. Тэнд их хэмжээний зэр зэвсэг хадгалагдаж байсан юм. Өдрийн хуваарь гэж ягштал мөрддөг зүйл бий. Өглөө 06 цагт босно. Угаал үйлдэж, залбирал хийгээд унтах хүсэлтэй бол унтаж болно. 09-10 цагийн хооронд өглөөний цай ууна. Дараа нь тогтсон цагт залбирал үйлдэж, дундуур нь өөрийн ажлыг хийнэ. Өдөртөө нэг удаа хаалган дээр манаанд гардаг байлаа. Шөнө нь нэг цаг, өдөр нь хоёр цагийн турш манаанд гарна. Тэр үеэр бидэнд Калашниковын автомат буу өгдөг байсан юм. Биднийг харин сайн хооллодог байсан юм шүү. Нэг том өрөөнд гудас хаяад бөөнөөрөө зулж унтана” гэж тэрбээр өгүүлэв.

Холбогдох байгууллагын ажилтнуудын ярьж байгаагаар шинээр очсон дайчдыг бэлтгэх үйл явц 1-2 сар үргэлжилдэг аж. Тэдэнд цэрэг, дайны арвин их туршлагатай, Чечень, Афганистан юм уу Иракт алба хааж байсан янз бүрийн үндэстэн, ястны төлөөлөгч хүмүүс зааварлана. Сайн дурын цэрэг энэ тухай “Тэр байшинд байх хугацаанд би тэнд 25-30 хүн амьдардаг болохыг олж мэдсэн юм. Тэднээс 10-12 хүн узбек, 3-4 нь сиричүүд, Австралиас ирсэн хоёр араб, нэг египт, нэг алжир, нэг ливи, нэг тажик, Дагестаны таван уугуул байлаа. Нэрээ нууцлах үүднээс би өөртөө лалын шашинтны нэр авсан бол Ахмад нэрээ өөрчлөөгүй юм” гэж дурсчээ.

Хөлсний цэрэг эрс

Тун саяхан ОХУ-ын Кабардин-Балкарын Улсын их сургуульд суралцдаг Сирийн гурван оюутан залуу өөрийн Засгийн газрын эсрэг тулалдахаар эх орон руугаа явсан нь тодорхой болсон билээ. Тэд Нальчик хотод жил орчим суралцсан бөгөөд ямар нэгэн асуудалд орооцолдож байгаагүй гэнэ. Харин мөргөлийн сүмд байнга очдог байжээ. Гэхдээ тэнд тэд голчлон өөрсдийн үзэл бодлыг хуваалцдаг тулгуур үзэлтнүүдтэй харьцдаг байсан аж. Эх орон руугаа яваад эргэж ирсэнгүй. Удалгүй тэндээ тулалдаж байгаа нь тодорхой болов. Нутгийн залуус эхлээд Турк рүү суралцахаар явдаг байна. Учир нь, тэдний дийлэнх нь Кабардин-Балкарт лалын сургуулиудын оройн ангид суралцдаг байв. Удалгүй Сири Улсад гартаа зэвсэг барьчихсан тулалдаж байдаг аж. Тэнд 2005 оны 10 дугаар сард Нальчик хотод халдлага үйлдсэн нэгэн алан хядагч илэрчээ.

Тэгэхэд тэрхүү аллагыг үйлдсэн 90 орчим хүн алагдаж, 58 шүүгдэгч өнөөг хүртэл Кабардин-Балкарын Бүгд найрамдах улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн өргөст торны цаана сууж байгаа бол үлдсэн хэсэг нь хил даваад оргон зайлсан юм. Зугтаж дөнгөсөн хүмүүс тэрхүү халдлагыг зохион байгуулсан, нэг ёсны тэргүүлэгчид нь аж. Тэдэн дунд энэ алан хядагч эр ч байжээ. Тэрбээр Туркэд очоод удтал ажил олж чадахгүй ядуу зүдүү амьдарч байсан бөгөөд улмаар тэнд ирэх хөлсний дайчдыг элсүүлэн сургах ажлыг хариуцан хийх болжээ. Алан хядлага үйлдэх бүлгүүдийг тэрбээр Турк Улсаас алсын зайнаас бүрдүүлж байсан бөгөөд ОХУ-д тэдгээрийг нь устгангуут өөрөө тулалдахаар явжээ. Эхлээд Афганистанд очиж талибуудын талд байлдсан бол дараа нь Сирид очсон гэнэ.

Амиа золиослогч хүүхнүүд

Тус Бүгд найрамдах улсын оршин суугч нэгэн бүсгүй зэргэлдээх бүс нутагт очоод Багшийн их сургуульд элсэн суралцжээ. Тэрбээр тэнд дотуур байранд амьдардаг байв. Улмаар мөргөл залбирлыг уйгагүй хийдэг болсон аж. Сургуулиа төгсгөөд Москва хотын орчимд очиж суурьшин нэгэн кафед ажилд оржээ. Тэндээ нэгэн нутаг нэгтэнтэйгээ танилцсан байна. Хамт Кабардин-Балкартаа эргэж ирээд байтал ганцхан сарын дараа нөхрийг нь алан хядагчдад тусласан хэмээн хороосон гэнэ. Уй гашууд автсан бүсгүй нус, нулимсандаа хутгалдан гэртээ суух агаад цахим сүлжээгээр дамжуулж яагаад ч юм Сирид оччихсон ангийнхаа бүсгүйтэй харилцах болов. Цаадахь нь түүнд татгалзаж боломгүй санал тавьжээ. Эхлээд Турк Улсад очиж зочлохыг урив. Дараа нь тэндээ сайн хүнтэй учраад гэр бүл болохыг санал болгосон гэнэ.

Бүсгүй удаж төдөлгүй зөвшөөрөөд удалгүй Сири Улсад очсон аж. Тэнд нөгөө бүсгүй гуравхан сар л тэсэж чадсан байна. Халаалтгүй байшинд амьдарч, хүйтэн усанд ороод үгээ хэлжээ. Удалгүй хүндээр өвчилсөн тул арга ядаад Турк ороод, тэндээсээ ОХУ руу ачигджээ. Бас нэг тусдаа авч үзэх ёстой бүлэг хүмүүс бол сайн дураар хөлсний алуурчин болсон нөхдүүдийн эхнэрүүд. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд, тэдгээрийн дотор Кабардин-Балкарын Бүгд найрамдах улсын уугуул 10 орчим бүсгүй байгааг онцолж байгаа юм. Тал нь нөхөртэйгээ хамт дайнд оролцож яваа бол үлдсэн хэсэг нь тэдний хүсэн хүлээж байсан зүйлээс бодит нөхцөл байдал ямар их зөрүүтэй байгааг ойлгоод гэртээ эргэн очжээ. Мөн тэдэн дунд эх нутагтаа алагдсан алан хядагчдын бэлэвсэн эхнэрүүд ч цөөнгүй байгаа гэнэ. Тэднээс хараа хяналтаа салгавал тун аюултай юм. Лалын тулгуур үзэлтнүүд тэднийг амиа золиослогч болгож ашиглах магадлал тун өндөр аж.

Аз нь шовойгоогүй тамирчид
Кабардин-Балкараас гэнэт алга болоод, улмаар Сирийн сөрөг хүчний талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдэд тулалдаж байгаа хүмүүсийн дотор цагтаа гайгүй амжилт үзүүлж явсан тамирчид олон бий гэнэ. Тэдгээр залуучууд тулааны янз бүрийн урлагуудаар хичээллэгсэд байдаг юм. Ер нь энэ тал дээр Кабардин-Балкарын Бүгд найрамдах улс хэзээд хүчтэй байсан билээ. Жишээ нь, тус Бүгд найрамдах улсын Золь дүүргийн оршин суугч, ОХУ-ын чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчин залуу байна. Аав нь хаяж явсан тул эх нь түүнийг ганцаараа өсгөжээ.

Маш ирээдүйтэй тамирчин байсан тул түүнийг Москва хотноо аваачаад Олимпийн нөөц тамирчдыг бэлтгэх сургуульд оруулжээ. Тэнд дотуур байранд суулгаад, гайгүй тэтгэлэг олгож эхлэв. Байр нь үнэгүй, хоол нь үнэгүй, хувцас хэрэглэл нь үнэгүй байсны дээр эчнээгээр их сургуульд элсэн суралцжээ. Удалгүй ээж нь түүн дээр нүүж очсон байна. Нэг л өдөр тэр тамирчин залуу цугларалтад гараад дэндүү шашин шүтлэгтэй тамирчидтай нэг өрөөнд орчихжээ. Цаадуул нь түүнийг Сири рүү явж тулалд хэмээн ятгаж дөнгөсөн гэнэ.

Цугларалтаас буцаж ирээд тэрбээр дасгалжуулагч багшдаа ойрын хамаатных нь нэг хүн хуримаа хийх тул нутагтаа очоод ирэх чөлөө хүстэл түүнийг тавьж явуулсан байна. Мань хүн Кабардин-Балкарт очоод хувцсаа үүргэвчинд хийж аваад Москвагаар дайрч Турк руу, тэндээсээ Сири рүү очжээ. Кабардин-Балкарын тамирчид дэндүү шашин шүтлэгтэй, радикал үзэлтэй байдаг нь нууц биш. Хөлсний цэрэг эрсийг урхидаж элсүүлдэг нөхдүүд ч хүдэр чийрэг биетэй, эрүүл саруул, биеийн бэлтгэл сайтай залуучуудыг өөрийн талд урвуулах ихээхэн сонирхолтой байдаг аж.

Бусдын төлөө дайтсан нь

Кабардин-Балкарын Бүгд найрамдах улсын ард иргэд өмнө нь ч тэдний ашиг сонирхлыг шууд хөндөөгүй элдэв зэвсэгт мөргөлдөөнүүдэд оролцдог байжээ. Чеченийн дайнд оролцож, Афганистанд талибуудын талд тулалдсан юм. Гэхдээ маш цөөн тооны хүмүүс. Харин Гүрж-Абхазийн дайны үеэр абхаз ах, дүү нараа хамгаалах зорилгоор тус Бүгд найрамдах улсын 1500 гаруй залуучууд гартаа буу барин дайтахаар очсон билээ. Тэнд тэд мөнгөний хойноос бус, шашин шүтлэгийнхээ төлөө биш харин ах, дүү нараа хамгаалахаар очсон юм. Зүгээр л хүнд байдалд орсон ах, дүүстээ туслахаар очсон хэрэг. Лалын ариун дайныг хийх талаар ярилгүй харин шударга үнэний төлөө тэмцэхээр очицгоожээ. Абхазид болсон дайны үеэр тус улсын 59 иргэн амь насаа алджээ.
Тийшээ очсон хүмүүсийн дотор янз бүрийн мэргэжлийн хүмүүс байсан гэдэг. Инженер-технологич, ардын зураач, театрын жүжигчин, дуу бүжгийн чуулгын бүжигчид, тосгоны 16-17 настай хөвгүүд хүртэл байсан юм. Дайнд оролцож ирээд тэдгээр хүмүүс ажил алба, сургуульдаа эргэж орж чадсан аж. Тус Бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгч Валерий Коков тэднийг ажил, сургуульд нь эргүүлж авах зарлиг гаргажээ. Төр, засгийн зүгээс ч тэдэнд нууцаар тал бүрийн туслалцааг үзүүлж байв.

Ер нь бол Кавказын эрчүүд дайн тулаанд хэзээд онцгой ханддаг байсан билээ. Уулын эр дайсантай тулгарах цагийг хүлээж суудаг гэвэл хилсдэхгүй болов уу. Энэ нь тэдний мах, цусанд гүн шингэсэн зүйл аж. Харин өдгөө Сири Улс руу явж байгаа хүмүүс бол эх орон, гэр бүл, нэр хүндээ хамгаалах гэж явахгүй, харин адал явдал, хөрөнгө мөнгө эрэлхийлэгчид байгаа юм. Тэдний дийлэнх нь эх нутагтаа амьдралд хөл олоогүй, бүтэлгүйтсэн улсууд байдаг гэнэ. Бас үзэл бодол нь төлөвшиж гүйцээгүй, салхи шиг хийсэж байдаг залуучууд тэдэн дунд олон бий. Өдгөө Кавказад нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй, ажилгүйдэл их, ирээдүй бүрхэг байгаагаас залуучууд сайн дурын цэрэгт элсэж, Сири Улсад очиж тулалдаж байна. Ер нь бол тэдгээр залуучуудын дийлэнх нь 1990-ээд оны орхигдож, мартагдсан үеийнхэн юм. Тэдгээр залуучуудын эцэг, эх амьдралын төлөө зүтгээд үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх асуудлыг орхигдуулжээ. Хүүхдүүд нь буруу зөрүү хүмүүсийн ятгалгад автаж, үзэл суртлын хувьд ваакумжуулсан орчинд өсчээ.

Сайшаал үгүй тэмцэл
Сирид очиж сайн дураар тулалдаж байгаа хүмүүсийн гэмт үйлдлийг эх нутагт нь дэмжихгүй байгаа нь Кабардин-Балкарын Бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамнаас гаргасан мэдэгдлээс тодорхой харагдана. Тус яамны зүгээс энэ тал дээр эрүүгийн хэрэг 16-г үүсгээд 11 хүнийг ял шийтгэжээ. Хоёр хүнийг тэнсэн харгалзсан бол захиргааны арга хэмжээг гурван хүнд авсан байна. 579 хүнийг эрэн сурвалжилж байгаа аж. ОХУ-ын Эрүүгийн хуулинд 208 дугаар зүйл гэж заалт бий. Түүний хоёрт гадаад улсын нутаг дэвсгэр дээр зэвсэгт бүлэглэлд багтаж тулалдсан тохиолдолд ял шийтгэнэ гэж заасан байдаг юм. Бас нэг асуудал бол тус улсын шашны байгууллагууд залуучуудыг Сири Улс руу явж тулалдахыг нь зогсоохын оронд гараа хумхиад сууж байгаа явдал билээ.

Сайн дураар хөлсний цэрэг болох нь нэг асуудал. Харин тэнд бэлтгэгдсэн хүмүүс эргээд эх орондоо ирж, хэвийн амьдралд оролгүй алан хядах бүлэглэлүүдийн гишүүн болж, энд тэнд гэмгүй хүмүүсийн аминд хүрэх магадлал өндөр байгаа юм. Үүнийг анхааралдаа авч, арга хэмжээнүүд авахгүй бол нэг л өдөр хаа нэгтээ тэдний удирдсан, үүсгэн байгуулсан гэмт бүлэглэлүүд аллага үйлдэж, улмаар төр, засгийн эсрэг босох аюултай билээ.
Эх сурвалж www.wikimon.mn