Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “хөрөнгөлөг хурандаа нар” гэдэг үгийг УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлж, “Дунд зэргийн компанийн ашигтай дүйцэхүйц хэмжээний орлоготой хурандаа нарыг албанаас нь халах нь зүйтэй” хэмээн тодотгосон нь олон хүний даралтыг өгсөөж, нийгэмд ихээхэн шуугиан тарьсан. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд хөрөнгөлөг хурандаа нар хамгийн их эмзэглэсэн бол олон нийт талархан хүлээж авсан билээ. Төрийн тэргүүний хэлсэн үгийг хэрэгжүүлсэн ганц газар нь цагдаагийн байгууллага. Бүр хэтрүүлсэн ч гэхэд болно. Гараашаа зарснаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй алба хаагчийг хүртэл ажлаас нь халсан. Цагдаагийн албанд насаараа зүтгэсэн хурандаад ганц гарааш авчих хэмжээний мөнгө бол байж бололгүй дээ. Захиргааны өчнөөн олон шийтгэл байсаар атал халахыг урьтал болгосон нь Ерөнхийлөгчийн үгийг дургүй нэгнээ зайлуулах шалтаг болгосон хэрэг гэж цагдаагийнхан ярьдаг нь үнэний ортой ч байж магадгүй.

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан харин таг чиг өнгөрсөн. Эдгээр байгууллагад ч хөрөнгөлөг хурандаа зөндөө байдгийг хүмүүс барин тавин ярьдаг, мэддэг. Бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа энэ цаг үед баян хүн муухай харагдах учиргүй л дээ. Хэн ч бизнес эрхэлж, хөрөнгөжих нь нээлттэй. Гагцхүү тэр мөнгө нь шударга хөдөлмөр, бизнес байх учиртай. Гудамжинд тавьсан ганц ТҮЦ ч үгүй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн мөртлөө зуун сая давсан үнэтэй машин унаж, хэдэн зуун саяын байшинд амьдраад байдаг нь сонин. Генерал, хурандаа нарынх нь унадаг машин, амьдардаг байшин, гэдэс гүзээ нь томроод байдаг, ажилтнуудынх нь амьдрал бахь байдгаараа. Асуудлын гол нь энд байгаа юм. Хотын ногоон бүсэд генерал, хурандаа нарын гэх тодотголтой, ямар ч бизнесменүүдийнхээс дутахгүй том хаус зөндөө байдаг юм байна. Гүнтэд цагдаагийн, Улиастайд Батлан хамгаалах яамны генерал, хурандаа нар хауснуудаа сүндэрлүүлжээ. Зарим нь бүр уулын амыг тэр чигээр нь хашсан байхыг харлаа. Батлан хамгаалах яамны эрх бүхий хэдэн генерал Улиастайн Хадат гэдэг газрын орчимд бүхэл бүтэн уулын нэг амыг хашиж, том том байшин бариулж эхэлжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас тусламжаар өгсөн цэргийн зориулалттай 21 дизель станцын нэгийг тэндээ аваачиж, ашиглаж байгаа юм байна.

Ингэхэд тэд хаанаас хөрөнгөжөөд байдаг юм бол. Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг гэнэт ихээхэн баяжсан талаар Жанжин штабаар төдийгүй зэрэг зиндаа нэгтнүүд нь хүртэл ярьдаг байсан гэдэг. Гэтэл энэ генерал гуравдагч оронд зарахыг хоёр улсын гэрээгээр хориглосон сөнөөгч онгоцны хөдөлгүүрүүдийг хойд солонгосчуудад зарсан төдийгүй хоёр тэрбум шахам төгрөг завшсан нь тогтоогдож, шүүхээр хэргээ таслуулахдаа тулаад байгаа. Зэвсэглэлээс хасагдсан танкийг задалж, хаягдал төмөрт тушааж, багагүй ашиг унагасан хурандаагийн тухай дуулдаж л байсан. Бүр сүүлдээ хотын ойролцоох зусландаа нисдэг тэргээр хүргүүлдэг сайдын тухай нэг хэсэг шуугиад өнгөрсөн. Зэвсэгт хүчний нэг чухал бүрэлдэхүүн болсон барилгын цэргийг татан буулгаж, хэдэн тэрбумаар үнэлэгдэх техник, анги салбарынх нь газар, байшин барилгыг зарж үрсэн сайд ч бий. Гэтэл дараагийн сайд нь барилгын цэрэг хэрэгтэй юм байна гээд өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулан дахин байгуулж байх жишээтэй.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Эрдэнэбат, тус яамны Ар тал, хангалтын газрын дарга М.Жаргал нар зодолдож, дэд сайд нь генералынхаа хөл рүү цанын таягаар хатгасан хэрэг нэг хэсэг дуулиан болсон. Эрчүүдийн хооронд байдаг л нэг асуудал болсон мэтээр хэн хэн тайлбарлаад өнгөрсөн юмдаг. Үнэн хэрэгтээ татан буулгасан барилгын цэргийн объект, эд хөрөнгөнөөс “Чи ихийг авсан, би багыг хүртсэн” гэдэг асуудлаас болсон гэж учир мэдэх нэгэн ярьж байсан. Энэ мэтээр хөрөнгө мөнгө завшсан цэргийн дарга нарын тухай баримт олныг дурдаж болно. Тэдний баяжих гол эх үүсвэр нь тендер. Энэ сайдынх, тэр дэд сайдынх, Төрийн нарийных, тэр энэ даргынх гээд хуваагаад авчихсан байдаг юм гэсэн. Ганц цэргийнхэн ч биш л дээ, бусад яам, агентлагийн удирдлага ч нэг иймэрхүү маягаар хөрөнгөждөг юм гэсэн.

Сүүлийн үед Батлан хамгаалах яамны удирдлагуудын хооронд болж буй асуудлаар хэвлэлд мэдээлэх болов. Энэ маргааны эх нь Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл хэмээх нэгж байгуулсантай холбоотой гэх. Иймэрхүү байгууллага аль ч улсын Батлан хамгаалах яамны бүтцэд байдаг юм билээ. Энэ нэгжээрээ дамжуулан шинэ техник, технологи нэвтрүүлэх, зэвсэг техник авах, барилга байшин барих гээд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг аж. Манайхан шиг нэг дарга хувийн тоглолт хийгээд гүйгээд байдаггүй юм байна. БХЯ-ны бүтцэд ийм нэгж байгуулсан нь олон генерал, хурандаагийн дургүйг хүргээд байгаа бололтой юм. Хувааж авдаг тендер нь нэг гарт, нэгдсэн байдлаар төвлөрснөөр идэх юмгүй хоцорчих гээд бачимдаж байгаа гэх.

ГҮЗЭЭЛЭГ ОФИЦЕРУУД ОЛШИРСООР БАЙНА

АНУ-ын нэгэн генерал Монголд айлчлах үеэрээ манай цэргийн дарга нарт хандан “Оросын офицерууд хэдийчинээ өндөр алба хашиж, том цол авна, гэдэс нь төдийчинээ томордог. Харин манайд эсрэгээрээ. Хэдийчинээ өндөр алба хашна, төдийчинээ туранхай байдаг” гэж хэлсэн юм гэнэ лээ. Тэр америк офицер уг чанартаа өөрсдөд нь хандаж хэлснийг манай гүзээтэй генерал, хурандаа нар тухайн үед ойлгосон эсэх нь тодорхойгүй. Америкийн Зэвсэгт хүчинд цэргийн алба хаагчдын биеийн жингийн индекс гэж байдаг аж. Гурван сар тутамд тэр дагуу шалгалт авч, үүрэг гүйцэтгэх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд цэргийн цол олгох, албан тушаал дэвшүүлэх нэг үзүүлэлт болгодог юм байна. Тиймээс тэдний офицерууд жавхалзаж байдаг аж.

Харин манай дарга нар, тэр дундаа генерал, хурандаа нар ямар билээ. Хийлсэн гүзээ, тарган ирэг шиг халбилзаж харагддаг. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэж ярьдаг. Жилд ганц болдог Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ард түмэнд сүр хүчээ харуулдаг. Генерал Г.Махбариад, Ж.Ёндон нар шиг хоолойтой, команд сайтай дарга үгүй, тэвхийсэн офицер тун цөөн харагддаг. Ялангуяа, цэргүүд нь гэж унжийсан, гутлаа арай ядан дааж яваа болов уу гэмээр хэдэн юм хөл, гараа олох гэж хэрдээ мэрийж байгааг хараад бахархах байтугай өмнөөс нь ичдэг.

Хөрш хоёр орныхоо цэргийн ёслолын жагсаалыг манай армийнхан үздэг л байлгүй. Тэдэнтэй бол зүйрлэх ч юм биш. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит марш, тактикийн тэмцээний үеэр Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа очоод гэдсээ даахгүй шахам генерал, хурандаа нарыг харж ихэд гайхсан гэдэг юм. Тэгээд генерал, хурандаа нараас бүрдсэн хоёр баг бүрдүүлж, өөрөө нэг багт нь ороод гурван км-ийн маршинд гүйжээ. Замдаа гар бөмбөг шидэж, мөлхөж, буудсан аж. Барианд ороход тэр хоёр багийн бүрэлдэхүүний талаас илүү нь замдаа үлдсэн байжээ. Гэтэл Ерөнхийлөгч ямар ч ачаалал авсан шинжгүй байсан нь тэднийг ичээсэн аж. Дараа нь савлуурт, гар дээрээ сунихад аль алинд нь Ерөнхийлөгч шиг 60-аас дээш суниасан хүн цөөн байсан гэдэг. Ахлагч, доод, дунд тушаалын офицерууд бол өөр л дөө. Тэдний олонх нь бие бялдрын шалгуур үзүүлэлтүүдээ биелүүлдэг гэсэн. Үүний нэг тод жишээ саяхан Афганд үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагчид тэсвэр хатуужил, бие бялдрын хөгжлөөрөө бусад орны цэргийн алба хаагчдыг ангайлгасан тухай мэдээг уншаад тэднээр ихэд бахархсан.

Маршинд гүйж ирсэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр гар дээрээ суниаж, офицерууд амьсгаагаа даран зогсоно

Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, хилийн цэрэг гээд хүчний байгууллагын удирдах бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх чадваргүй байгааг Ерөнхий комндлагч нь шүүмжлээд 2008 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит бие бялдрын үзлэг явуулах шийдвэр гаргажээ. Энэ дагуу цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг боловсруулж, улсын хэмжээнд үзлэг хийсэн байна. Үзлэгийн дүнгээр хүчний байгууллагуудын ажилтан, алба хаагчдын 37-гоос дээш насныханд биеийн жингийн индекс алдагдаж, тарган, хэт тарган офицер олон байгааг тогтоожээ. Ялангуяа, 45-аас дээш насны алба хаагчид (ийм насны алба хаагчдын олонх нь хошуучаас дээш цолтой байдаг) илүү тарган байдаг нь тодорхой болсон байна. Тэр дундаа цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын газрын алба хаагчид илүү таргалж байгааг үзлэгийн дүн мэдээнд дурдсан аж. Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэт тарган зарим хурандааг нэр заан хэлж байсан гэдэг. Цэргийн алба хаагчдын биеийн жингийн индекст зааснаар бүсэлхий, ташааны тойргийн харьцаа 40 хүртэл насны эрэгтэй 0.9, эмэгтэй 0.8, 40-өөс дээш насны эрэгтэй 0.92, эмэгтэй 0.84 см хүртэл байвал хэвийн, их бол бүсэлхийн таргалалттай гэж үздэг юм байна. Энэ журмыг мөрддөг эсэх нь тодорхойгүй. Хэрвээ мөрддөг бол ёслохдоо гар нь шанаандаа хүрдэггүй генерал, хурандаа нараар манай хүчний байгууллага дүүрэхгүй байсан биз. Цэргийн ээлжит цол олгох, албан тушаал дэвшүүлэхдээ бие бялдрын индексийг харгалзан, цэргийн алба хаагчдаа чийрэгжүүлэхгүй бол шившиг болох нь байна шүү.


"Өнөөдөр" сонин