Хүүхдийн сэтгэлзүйч Кэтрин Мурашова нэгэн сонирхолтой туршилт хийсэн тухай “Хайрла эсвэл боловсор” номондоо бичжээ. Тэрээр 12-18 насны хүүхдүүдийг 8 цагийн турш харилцаа холбооны ямар ч хэрэгсэл /гар утас, интернет/ ашиглахгүй байх сорил явуулжээ. Энэ хугацаанд хүүхдүүд компьютер, зурагт, радио ашиглахыг ч мөн хоригложээ. Харин унших, бичих, хөгжим тоглох, зураг зурах, дуулах, юм оёж хатгах, алхах зэрэг уламжлалт сургалтын аргуудыг санал болгосон аж.

Номын зохиолч орчин үеийн хүүхдүүд дотоод ертөнцөө танин мэдэхийн оронд зөвхөн өөрсдийгөө зугаацуулахад улайран донтож байгааг батлахыг хичээсэн байна.

Хэрэв хүүхдүүдэд тухгүй, тайван бус, стресстэй санагдаж эхэлбэл туршилтыг нэн даруй зогсоох ба үүнийг дуусгах болсон шалтгаанаа хүүхдүүд өөрсдөө тайлбарлана гэж тохиролцжээ. Сэтгэлзүйчид ч энэхүү сорилыг ямар нэгэн аюулгүй гэж найдаж байлаа. Тэдний хэн нь ч сэтгэл сэрдхийлгэм үр дүнд хүрнэ гэж бодож байсангүй.

Гэтэл судалгаанд оролцсон 68 хүүхдийн гурван нь сорилыг хамгийн түрүүнд дуусгажээ. Хүүхдүүдэд амиа хорлох тухай бодол төрсөн гэнэ. Тэдний хоёр нь хүү, нэг нь охин байв. Түүнчлэн таван хүүхдэд айж түгших хам шинж /бие махбодь болон сэтгэхүйн дөрвөөс дээш зовиур илрэхийг хэлнэ. Жишээ нь: толгой эргэх, амьсгал давчдах зүрх дэлсэх, бодит бус мэдрэмж төрөх гэх мэт/ илэрчээ.

27 хүүхдэд дотор муухайрах, хөлрөх, толгой эргэх, хэвлийгээр өвдөх гэх зэрэг бие махбодийн таагүй шинж тэмдэг илэрчээ. Туршилтанд оролцсон бараг бүх хүүхдэд айх, түгших зэрэг мэдрэмж төрж байсан гэнэ. Хүүхдүүдийн хувьд сорил эхлээд 3 цаг болоход л шинэлэг, зугаатай, сонирхолтой нөхцөл байдал алга болж байжээ.

Тэгвэл хүүхдүүд өдрийн турш юу хийж байв?

- Хоол хийж идэх

- Ном уншихыг оролдох

- Сургууль дээр хийдэг аль нэг ажил хийх

- Цонхоор ширтэх, байшингийнхаа эргэн тойрноор тэнэх

- Дэлгүүр, кафе орох

- "Lego" оньсон тоглоом тоглох

- Юм угаах

- Зураг зурахыг хичээх

- Гэрээ цэвэрлэх

- Нохой, мууртайгаа тоглох

- Биеийн тамираар хичээллэх, дасгал хийх

- Зарим нь бодол, мэдрэмжээ цаасан дээр буулгаж, шүлэг бичжээ

- Төгөлдөр хуур, гитар тоглох

- Нэг хүү таван цагийн турш автобус, троллейбусанд сууж хотоор зугаалжээ

- Нэг охин хатгамал урлаж

- Өөр хүү парк орсон бол, бусдаасаа арай ах нэг хүү бүтэн өдрийн турш 25 км газар алхсан байв

- Түүнчлэн хүүхдүүд Улстөрийн түүхийн музейд зочилж, амьтны хүрээлэн орж, зарим нь залбирчээ.

- Сорилд орсон бүх хүүхэд унтахыг хичээсэн ч чадаагүй байна.

Харин сорил дууссаны дараа 14 хүүхэд тэр даруй сошиал сүлжээнд нэвтэрч, 20 нь гар утсаараа дуудлага хийж, тав нь найзынхаа гэр рүү явжээ. Үлдсэн хүүхдүүд нь телевизор асааж, компьютер тоглоом тоглож, чихэвчээрээ хөгжим сонсож эхэлсэн байна. Түүнчлэн туршилт дууссаны дараа айдас, түгшүүрийн шинж тэмдэг ор мөргүй арилсан байв.

Охидоос туршилтыг ганцаараа давж гарсан охин өдрийн тэмдэглэл хөтөлж байсан тухайгаа ярьсан байна. Харин сорилоо амжилттай дуусгасан хоёр хөвгүүний нэг нь дарвуулт хөлгөөр аялаж, өөртөө хоол хийж, нохойгоо салхилуулж өдрийг өнгөрөөсан гэнэ.

Нэг сонирхолтой зүйл нь, 63 хүүхэд энэхүү сорилыг сонирхолтой, мэдлэгт нэмэр болохуйц, ашигтай зүйл байсан гэж хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тэдний дөнгөж зургаан хүүхэд л энэ сорилыг дахин хийж чадна гэж хэлсэн байна.

Б.Саруул