Хоёр жилийн турш дуншсан Сонгуулийн тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барьж чадахгүй бол хэлэлцэх боломж бараг л хаагдана гэсэн үг. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломж 2015 оны арванхоёрдугаар сараар дуусгавар болох ч хаврын чуулган дуусахаас өмнө ядахдаа өргөн барьж УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдэхгүй бол намрын чуулганы хугацаанд амжихгүй ч байх эрсдэл байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа гурван долоо хоногийн өмнө УИХ-ын даргад өргөн барина хэмээн мэдүүлж байсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл таг болчихлоо.


Ямартай ч Сонгуулийн тухай хуульд тогтолцооноос бусад бүх асуудал дээрээ нам эвслүүд нэгдсэн гэсэн мэдээллийг ажлын хэсэг өгөөд байгаа юм. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр эрх баригч хоёр нам болох МАН, АН нэгдсэн ойлголцолд хүрсэн гэх яриа чих дэлсэх боллоо. Хоёр намын бүлэг нэлээдгүй маргалдсаны дараа 48-ыг тойрогт, 28-ыг жагсаалтаар гэсэн тохиролцоонд хүрчээ. Гэхдээ пропорциональ системээр сонгох 28-ыгаа таван бүсэд хувааж баруун, зүүн, төв, хангай, говь хэмээн хуваах бөгөөд бүсчилсэн аймгуудад тав, таван гишүүн, нийслэлээс найман гишүүн сонгохоор болжээ.

Нэг үгээр хэлбэл, иргэд тойргийн гишүүдээсээ гадна, жагсаалтад хэнийг байлгах вэ гэдгээ сонгоно гэсэн үг юм. Сонгуулийн хуулиар ард нийтийн санал асуулга явуулна хэмээн “дөвчигнөж” байсан МАН-ынхан таг чиг болсон нь ч үүнтэй холбоотой гэнэ. Хэзээ хэзээнээс л хэрэлдэж, уралцдаг ч хэрэгтэй цагт хүзүү сээрээ холбож чаддаг МАНАН-гийн энэ нүүдэл парламентад суудалтай жижиг намуудаас гадна, суудалгүй нам эвслүүдэд тун халтай юм билээ. Өөрөөр хэлбэл, ганц даргатай, эсвэл 76 нэр дэвшигч сонгуульд өрсөлдүүлж чадахгүй жижиг намууд тойрог, жагсаалтад тийм олон хүн зоож чадахгүй гэсэн үг. Тохиролцооноос гээгдэж хоцорсон эвслийн гишүүдийн дургүй нэлээд хүрсэн бөгөөд Сонгуулийн хуулиар АН-ыг шантаажлах ажилдаа оржээ. Сурсан ажлаа ч сурамгай хийж байна, тэд.

Эвслийн бүлгийн 10 гишүүн энэ хувилбарын талаар ярихыг ч хүсээгүй гэдгийг өнгөрөгч мягмар гарагт бүлгийн дарга Н.Батцэрэг онцолсон юм. Тэрбээр “Манай бүлэг дээр улс төрийн намуудын яриад байгаа 48:28 хувилбарыг яриагүй. Харин ч гишүүдийн зүгээс тойрогт 38, жагсаалтаар 38 гэсэн хувилбар илүү үр дүнтэй гэж үзсэн. Тиймээс эвслийн бүлэг энэ асуудлаар байр сууриа нэгтгэхээр боллоо. Бид маргааш /өчигдөр/ 17.00 цагт намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж нэгдсэн байдлаар байр сууриа илэрхийлнэ” хэмээсэн юм.

Өчигдөр “Шударга ёс” эвслийн гишүүд салхинд гарангаа уг асуудлаар хуралдсан бөгөөд өнөөдөр байр сууриа илэрхийлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийг дэмжих, дэмжихгүй гэдгээ мэдэгдэл хэлбэрээр гаргах аж. Хэрвээ тэд МАНАН хувилбарыг дэмжихгүй гэж гэдийчихвэл мөн л асуудал урган гарч ирнэ. Завсарлага авахаас өгсүүлээд энэ 10 нөхрийн хутган найруулах хор чамгүй олон. “Шударга ёс” эвслийн Сонгуулийн хуулиар шантаажилж байгаа асуудал нь цаанаа олон эрх ашгийг нуужээ. Эвсэл Засгийн газраас гарах нь гэсэн яриа байсхийгээд л дуулддаг ч бараг л улиг болсон. Хэн ч итгэдэггүй. Ёстой л жингийн цуваа явж л байдаг жингэр нохой хуцаж л байдаг гэсэн ойлголтоор хүлээж авдаг. Уул уурхай том төслүүдийн яриа гарахад МАХН-аас хэн нэгэн заавал Солонгос улсыг зорьдог.

Тэр болтол бүлгийн гишүүд улс төрийн шоу хийж, Засгийн газрыг огцруулна, гарна орно гэсэн яриа гаргах үүрэг хүлээж үлддэг. Тэр ёсоор намынх нь нэг гишүүн огцруулах өргөдөл өргөн барих талаар ярьж, найман гишүүний гарын үсгийг 17 гэж сүржигнүүлсэн. Толгойгүй юм шиг ийм 10 хүн Монгол төрд шантаажлах, хорлон сүйтгэх ажиллагааг дэндүү гэмээр сайн явуулах боллоо. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх төлөвлөгөөнд Ерөнхий сайд гарын үсэг зурж, талууд ойлголцолд хүрсэн ч өнөөдрийн хувьд хийж болох хамгийн зөв ажил байсан гэдгийг Төрийн тэргүүнээсээ эхлээд хүлээн зөвшөөрчихсөн.

УИХ дээр бүтэн дөрвөн цагийн турш Ч.Сайханбилэг сайд байцаагдаж хоосонгүй гэрээ хийгээд ирснийг гишүүд бүгд л сонссон. “Шударга ёс” эвслийнхэн монгол хүн мөн бишээр нь дуудаж хүртэл загнаж, зандарч байгаад мэдээлэл авсан. Гэтэл өчигдөр гэнэтхэн л Ч.Сайханбилэгийн гэрээг дэмжихгүй, УИХ-аар хэлэлцэх ёстой гэж үзэж байна гэсэн мэдэгдэл гаргаж “шоудав”. Уг мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-өөр хэлэлцэн тохиролцсон асуудлын шинж чанар, цар хүрээ, эдийн засаг, санхүүгийн үр дагаврыг авч үзвэл “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ” болжээ гэж үзэж байна. “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ”-нд зохих засвар, өөрчлөлт оруулж тохиролцох ажлыг 14 хоногт багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн газраас шаардаж байна” хэмээжээ.

Тэд гэнэтхэн л тэнгэрээс унаад иржээ. УИХ-аар хэлэлцэж ярилцаад, байнгын хорооны хуралдаанд мэдээлэл өгөөд, хөрөнгө оруулагч талтайгаа ойлголцолд хүрчихээд байхад буцааж ухраахыг хүссэн нь Н.Энхбаяр гэх даргынх нь хүсэл гэж ойлгохоос өөр яалтай. Нэгэнт явчихсан ажлыг ухраах үүргийг Солонгосоос нэг хүн өгчихсөн нь энэ. Цаана нь олон ч эрх ашиг нуугдсан нь тодорхой. Оюутолгойгоос овоохон хэрчим авч чадаагүйдээ бачимдсан гэдэг нь илт. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва БНСУ-д очоод ирсэн.

Дотны андаа эргээд ирлээ хэмээсэн ч төрийн ажлыг хэрхэн самарч, өөрсдийн эрх ашгаа ямар байдлаар оруулах вэ гэдгээ намын даргатайгаа ярьж тохирчихоод ирсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Төрд суусан 10 толгойгүй хүн юу ч ярьж мэдэх хүмүүс гэдгийг ард түмэн ойлгодог болчихсон. Намынхаа даргын үг хэлгүйгээр нэг ч үйлдэл хийхгүй. Хуульзүйн сайдыг огцруулах асуудлыг бүтэн сарын турш асуудал болгочихоод нэг л өглөө юу ч болоогүй юм шиг татаж авдаг хүмүүс, энэ 10 дунд бий.

Хэдхэн сарын өмнө УИХ-аар хэлэлцэх бүх хуульд шантааж хийж, завсарлага авна хэмээн сүрдүүлж, хэвлэлийн хурал зарлаж гүйчихээд юу ч болоогүй юм шиг бүх хуулийг дэмжиж суудаг тийм л толгойгүй хүмүүс. Өнөөдөр тэд ямар гэгчийн ид шидийн мэдэгдэл гаргахыг хэн ч таах аргагүй. Айраг хорхог идэнгээ гаргасан мэдэгдэл нь бас улсын нэр хүндэд ямар хор учруулахыг мэдэх аргагүй юм. Дан ганц “Шударга ёс” эвсэл ч гэхгүй МАН, АН гэсэн гэнэтхэн л нэг өдөр тэнгэрээс унасан аятай мэдэгдэл хийж, нийгмийг цочирдуулдаг. Монгол төрийн ажлыг хэзээ Солонгосоос удирдахаа болих вэ. Монгол төрд суугаа энэ хэдэн хүмүүс хэзээ төрийг самарч тоглохоо болих юм бэ.

Эх сурвалж: www.mminfo.mn