Өдрийн сонин "Асуух эрхийн танхим"-даа ТҮЦ ажиллуулдаг иргэдийн эрх ашгийг хөндөж хувийн өмчид нь төр халдаад байгаа тухай хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Манай сонин хүний эрхийг хөхиүлэн дэмжигч анхдагч сонины хувьд, иргэд өмчтэй байх эрхтэй гэж нийтлэлийн бодлогодоо тусгадгийн хувьд энэ удаа өмчөө алдаж байгаа иргэд болон холбогдох байгууллагын хариуцлагатай албан тушаалтнуудыг урьсан юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд ч үүнд анхаарлаа хандуулан олноороо ирсэнд талархалтай байна.

Төр нь иргэнийхээ өмчид хүч хэрэглэн халдаж байгаа энэ асуудалд хариуцлага хүлээх, дорвитой хариулт өгчих байгууллага ховор байгаа нь харамсалтай. Тодорхой хариуцдаг газар ч байхгүй. Бүгд хурааж, хориглох, нураах өөр өөрийн үүрэгтэй. Хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг, иргэдээ гэхээсээ илүүтэй нэгэнт үеэ өнгөрөөсөн, нөхцөл байдалд огт нийцэхээ байсан хууль журам ярьж хохироохдоо юман чинээ тоодоггүйг олж харлаа. Эсрэгээрээ иргэдийн өмчийг энэ тохиолдолд хэрхэн хамгаалах талаар хууль байхгүй, ямар нэг субьект бас алга. "Бид хууль, журмынхаа дагуу л арга хэмжээ авлаа" гэсэн ам тагладаг нэг өгүүлбэр бэлэн зэхээний байнга хэлдэг аж.

Бид хэлэлцүүлэгтээ хотын удирдлагууд энэ үйлчлэлийн ажил хариуцсан түшмэдийг урьсан ч ирсэнгүй. Энэ асуудалд тэдэнд жижигдсэн юм байна. ТҮЦ ажиллуулдаг иргэдийн эрх ашиг хөндөгдөх нь хотын удирдлагуудын хувьд дэндүү жижиг, тэд хэт доошоо орсон асуудал бай­сан бололтой. ТҮЦ жижигхэн асуудал учраас хотын даргад жижигдээд байгаа юм байх. Хотын дарга нийслэлийн нэг иргэнтэй холбоотой асуудлаар ч хүлээн авч уулзаж шийдвэрлэх ёстой. Гэтэл тэрээр ирсэнгүй. Энэ асуудлыг хариуцдаг орлогч дарга Очирбат нь хэлэлцүүлэг хийдэг өдөр гадаад томилолттой гээд мөн л ирсэнгүй. Хурааж, хорьж нурааж болдог юм бол ойлголцож, болгох талаас нь гарц хайж яагаад ярилцаж болсонгүй вэ. Эсвэл гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр өөрсдийгөө буруу зүйл хийж байгааг хүлээн зөвшөөрөөд хэлэх үг олдохгүй байна уу.

Угтаа бол Нийслэлийн өмчийн харилцааны газраас ТҮЦ-үүдийг буулгах саналаа Э.Бат-Үүл даргад өгсөн бололтой юм. Яг нэг жилийн өмнө ТҮЦ ажиллуулдаг иргэдийг хүлээж авахдаа найрсаг үг хэлж байсан хотын дарга харин энэ удаа ТҮЦ буулгахыг зөвшөөрсөн гарын үсэг зуржээ.

Төрд тэр иргэд ямар гай тарив. Хэнд ч гай тарихгүй хэдэн төгрөг олоод ар гэрээ тэжээгээд явж байгаа. Нийс­лэлд 500 орчим ТҮЦ ажилладаг гэхэд нэг айлд таван хүнтэйгээр тооцоод хэдэн айлын, хэдэн иргэнийхээ амьжиргааны эх үүсвэрээс салгаж байгаагаа мэддэг болов уу. Иргэнээ боддоггүй төр гэж байдаг юм байна. Тэднийг ТҮЦ-нээс салгах түмэн янзын тайлбар, хууль журам байдаг хэрнээ ТҮЦ-тэйгээ үлдэх ямар ч хууль журам байдаггүй аж. Хэрэв төр иргэнийхээ өмчид дураар халдаж, хотоо гоё болгох гэж байгаа бол том эндүүрэл. Ядуу иргэнтэй байснаас хот муухайгаараа байг. Үгүй бол төр иргэдэд олох ёстой орлогыг нь тооцон нөхөн олговор олгох ёстой. Төр иргэддээ хэрхэн хандаж, хүний хувийн өмчийг хайр найргүй эвдэж сүйтгэж байгааг уншигч та бүхэн ч мэдээллийн хэрэгслээр олонтаа харсан байх.

Иргэд стандарт гаргаад өгвөл хотын өнгө үзэмжинд таарсан ТҮЦ-ийг байгуулъя гэж хэлээд ч харамсалтай нь тэдний саналыг хүлээж авах газар олдсонгүй. Анхнаасаа зөвшөөрөл өгөөгүй бол яая гэхэв. Хамгийн инээдтэй нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгочихсон хэрнээ одоо гэнэт болиулах нь шударга уу, зүйд нийцэх үү. Зарим байгууллага нь нийтийн тээврийн зогсоолд үйлчилгээний цэг байх ёсгүй гэсэн атлаа заримд нь зөвшөөрөл олгосон байгаа юм. Мөн ТҮЦ-ийг нь нурааж зөөхдөө эздээс нь үйлчилгээ үзүүлсний хөлс нэхэж авсан байна. Хүний өмчийг эвдэж сүйтгэн, нурааж буулгасныхаа төлөө хураамж авдаг нь ямар учиртай юм. Энэ талаар асуухаар гомдлоо шүүхэд гаргаж болно гэх. Иргэдээ дэндүү басамжилж доромжилж гэж үүнийг л хэлэх байх.

Заасан хугацаанд нь ТҮЦ-ээ буулгасангүй гэж өмчийг нь журмын хашаанд аваачаад буулгадаг гэнэ. Хамгийн хачирхалтай нь үүнийхээ хажуугаар хотын даргын гарын үсэгтэй стандартын 200 ТҮЦ оруулж ирнэ гээд явж байгаа нэг компани гараад ирчихсэн нь анхаарал татна. Автобусны буудалд ТҮЦ ажиллуулахгүй хэрнээ тэр компанийг нэг бүрийг нь 25 саяын үнэтэй ТҮЦ оруулж ирэхийг зөвшөөрсөн байгаа юм. Энэ нь хоорондоо огт авцалдахгүй юм. ТҮЦ байлгахгүй гээд журмын хашаанд хийх хэрнээ дараагийнхыг нь оруулж ирэх зөвшөөрөл өгсөн гэх.

Үндсэн хуулинд хүний өмчлөх эрхийг хязгаарлах дээрээ тулбал хуулиар хязгаарлах тухай заачихсан. Гэсэн ч тэр хууль нь байдаггүй. Тиймээс Үндсэн хуулийн энэ заалт одоогийн тохиолдолд зөрчигдөөд яваад байгаа юм. Нэг ёсондоо төр хүний эрхэнд ямар ч зохицуулалтгүйгээр халдаад байгаа талаар манай хэлэлцүүлэгт оролцсон хуульч хэлж байсан. ТҮЦ-ийн эзэд одоо болоод байгаа үйл ажиллагаанаас болж үймж сандран зохих байгууллагуудаар гутлын улаа элэгдтэл явжээ. Гэтэл аль хэдийнээ зөвшөөрлийг нь өөр хүний нэр дээр болгочихсон байж. Харин албаны эх сурвалж болохоор үүнийг үгүйсгээд байдаг. Иргэд болохоор өөрийнхөө нүдээр харсан гээд байдаг. Олноор нь Хятадаас ТҮЦ оруулж ирж байгаа КИГ компанийн талаар албаны хүмүүсээс асуухаар хэн ч хариулж мэдэхгүй. Э.Бат-Үүл даргын буурал толгойд иргэдээ гэсэн чин сэтгэл байгаа гэж бодсон юм. Эрх бариагүй үедээ иргэнээ өмчтэй болгохыг дэмжиж явсан санагдана. Гэтэл одоо өөрчлөгдөж.

Та бүхэнд энэ ТҮЦ-ийн эздийн хохирч байгаа нь жижигхэн асуудал бол ард түмэн чинь бас жижигхэн санагддаг уу гэж асуумаар байна. Төрд очихдоо ард түмэн гэж цээжээ дэлдэн сонгуулийн үеэр иргэдийнхээ төлөө бүхнийг хийнэ гээд байсан. Хийж байгаа ажил нь харин иргэдээ хохироож буй. Иргэд та бүхний амлалтуудыг мартаагүй. Сонгуульт хугацаа чинь дуусахад ам асуугаад зогсож байна. Амьжиргааныхаа эх үүсвэрээс салж байгаа иргэд яах вэ. Тэдний амьдрал доройтвол хотын удирдлага буруутай. Албан тушаалтан, улстөрчдийн хэлэх дуртай үг ард түмэн. Тэр ард түмний чинь нэг хэсэг ТҮЦ эзэмшигчид шүү. Тэдний хохирлыг хэн барагдуулж, тэдний амьдралыг хэн цааш авч явах вэ. Жижигхэн гэж тоомжиргүй хаяж буй энэ асуудал томоос том хэрэг мандааж магадгүй шүү.

Д.МӨНГӨНДАЛАЙ

logo