БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв талбайн нэг Тянь-Ань-мэний талбайд тэсрэх бөмбөгтэй автомашинтай этгээд хамгаалалтын шугам давж халдлага үйлджээ. Халдлагын улмаас гурван хүн амиа алдсан бөгөөд талбайн ойр орчимд байсан жуулчид, цагдаагийн ажилтнууд шархадсан байна. Уг явдлаас болж талбайн эргэн тойронд онц байдал зарласан бөгөөд хэргийг мөрдөх ажиллагааг Хятадын цагдаагийн хүчин эхлүүлсэн аж.


Уг нь тус улсын жуулчид их ирдэг газар харуул хамгаалалт маш өндөр. Цагаан хана, Тянь Ань-мэний талбай, хориотой хот зэрэг газруудад цагдаагийн бие бүрэлдэхүүн байнгын бэлтгэлтэй байдаг билээ. Гэвч дээрх халдлагыг өнөөдөр өдрийн 13.35 цагт үйлдсэн талаар албаныхан мэдээлэв.

Хэрэг гарсан газар мөрдөнгийнхөн шинжилгээ явуулж байгаа ч жолоочийн талаар ямар нэг мэдээлэл хараахан тодорхой болоогүй байгаа юм. Ажиглагчид дээрх халдлагыг түвдүүд үйлдсэн байх магадлалтайг онцолсон. Учир нь 2009 онд түвдүүд энэ талбайд жагсаал хийж, энд амиа алдах болно гэдгээ илэрхийлж байжээ. Ямартай ч, нөхцөл байдал тодорхой бус хэвээр үлдсэн бөгөөд амиа хорлосон этгээд ямар хүн байсныг удахгүй тус улсын цагдаагийн газраас мэдээлэх гэнэ.



Б.Баатар

ipost.mn