Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийг өнгөрсөн амралтын өдөр зорив. Удирдлагын академийн эсрэг талд байрлах нэг давхар байшинд байрладаг юм. Биднийг очиход ээлж солигдож шөнө хоносон цагдаа ажлаа хүлээлгэж өгч байсан юм. Хэдийгээр амралтын өдөр ч тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Аюурзана аль хэдийнэ ажилдаа ирчихсэн байлаа. Дэд хурандаатай уулзаж, хэрэг зоригоо хэлээд байгууллагатай нь танилцахаар болов.


ЭЦЭГ ЭХ НЬ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ АСРАМЖИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГДӨГ

Одоогоор тус төвд 12-17 насны найман эрэгтэй хүүхэд байгаа гэв. “Сүүлийн өдрүүдэд салхин цэцэг өвчин гараад шинэ хүүхэд аваагүй. Түүнээс биш өдөрт хамгийн багадаа 20 гаруй хүүхэдтэй байдаг” хэмээн тэрбээр ярив. Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр өрөөнд давхар модон ор эгнүүлээд байрлуулчихаж. Гал тогоо, угаалгын өрөө нь тусдаа, тоглоомын нэг том өрөөтэй. Энэ төв хотоор тодорхой зорилгогүй сэлгүүцдэг, эцэг эхийн хараа хяналтаас гадуур амьдарч байгаа хүүхдүүдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нэг дор цуглуулж, тэдний асран хамгаалагчийн хаягийг тогтоон хүлээлгэж өгдөг гэнэ. Энэ төвд 1990-ээд оны дундуур жилдээ 2700-3800 хүүхэд давхардсан тоогоор ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд 800-1000 болтлоо буурчээ. Гудамж талбайгаар сэлгүүцдэг хүүхдүүдийг долоо хоногт нэгээс хоёр удаа цуглуулж ар гэрт нь хүлээлгэж өгдөг байна. Ирж байгаа хүүхдүүдийн 95 хувийх нь эцэг эхийг олж өгдөг, үлдсэн таван хувийх нь ар гэр хүүхдээ авах бололцоогүй байдаг тул асрамжийн байгууллагад өгдөг тухай дэд хурандаа Ч.Аюурзана ярьсан.

“ТЭНЭМЭЛ” СУДАЛГААНД ОРОЛЦСОН 100 ХҮҮХДИЙН 52 НЬ ТОГЛООМЫН ДОНТОЙ


Энэ оны хоёрдугаар сард Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журам хамгаалах газраас “Тэнэмэл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ нь нийслэлд амьдардаг хараа хяналтгүй, насанд хүрсэн болон хүрээгүй хүүхдүүдийг тооллого судалгаа, бүртгэлд авах, нийгэмшүүлэх зорилготой байсан ба бусад байгууллагатай хамтран ажиллажээ. Төвд ирж байгаа хүүхэд нэг бүрээс судалгаа авдаг. Энэ судалгаагаар хүүхдүүд тэнэмэл замд ордог үндсэн дөрвөн шалтгаан байдгийг гаргажээ. Үүнд, нэгдүгээрт, ажилгүйдэл ядуурал, хоёрдугаарт, архидалт ордог. Эцэг эх нь хоёулаа буюу аль нэг нь архины хамааралтай болсон тохиолдолд хүүхэд тэнэдэг. Гуравдугаарт, гэр бүл салалтаас болж хүүхдүүд хүчирхийлэлд өртөн гэрээ орхидог. Харин дөрөвдүгээрт, хүүхдүүд РС тоглоомонд донтосноос гэр орноосоо дайжиж, гудамжинд гардаг болжээ. Дээрх судалгаанд 100 хүүхэд хамрагдсан бөгөөд 52 нь РС тоглоомонд донтосноос болж тэнэмэл замд орсон гэжээ.

ТЭНЭМЭЛ ХҮҮХДҮҮДИЙГ АСРАМЖИЙН ГАЗРЫНХАН ХҮЛЭЭЖ АВАХ ДУРГҮЙ

Дэд хурандаагийн ярьснаас онцгой анхаарал татсан нь сүүлийн 2-11 жил тэнэж байгаа, уг төвд байнга ирдэг 131 хүүхэд байдаг гэсэн тоо байв. Эдгээр хүүхдийн 82.8 хувь нь эрэгтэй, 18.2 хувь нь эмэгтэй. Тэдний 36 нь байнга архи уудаг, тамхи татдаг. Энэ хүүхдүүдийг жилд 15-20 удаа ар гэр, эцэг эхэд нь хүлээлгэж өгдөг ч гэртээ тогтохгүй, асрамжийн төвд өгөхөөр оргоод явчихдаг хэмээн ярьж байлаа. Ар гэр нь авах боломжгүй хүүхдүүдийг халамж асрамжийн төвд өгөх гэхээр авах дургүй гэнэ. Учир нь олон жил тэнэмэл амьдралаар явсан хүүхдүүд бусдадаа буруугаар нөлөөлж магадгүй гэсэн шалтгаан хэлдэг. Хуульд Цагдаагийн байгуулга нь гудамжинд хараа хяналтгүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа хүүхдүүдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, долоо хоногт багтаан асрамжийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэж өгөх ёстой гэсэн заалт байдаг аж. Гэвч хүүхдүүдийг асрамжийн газар авахгүй, хүүхэд өөрөө эцэг эхдээ очих дургүй гэсэн шалтгаанаар хуульд заасан хугацаанаас олон хоног энэ төвд амьдардаг аж.

О.ОЮУНБОЛД: БОХЬ, НОМ ЗАРЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ХООЛ АВЧ ИДЭЭД ТОГЛООМЫН ГАЗАР ХОНОДОГ

Хүүхдүүдийн зурагт үздэг, тоглодог, хоолоо иддэг өрөөнд ороход хоёр хүү хивсэн дээр суучихсан шагай шүүрч, гурав нь кино үзэж, нэг нь тогоочдоо туслан аяга таваг зөөж байв. Тэдний хамгийн бага нь болох 12 настай О.Оюунболдтой ярилцлаа.


-Эгчийн дүү хэзээнээс гадуур тэнэдэг болсон бэ?


-Мэдэхгүй ээ санахгүй байна. Их л удаж байна даа.


-Сургуульд сурсан уу. Уншиж чадах уу?


-Гуравдугаар ангиасаа гарсан. Уншиж чадахгүй.


-Гэртээ хэдүүлээ амьдардаг вэ. Аав ээж нь юу хийдэг вэ?


-Аав ээж гурван дүүтэйгээ хамт амьдардаг. Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү бас тэнэдэг. Ээж хэвтэрт, аав архи уудаг болохоор би гэртээ харихгүй. Гэрт муухай байдаг, хоол унд ч байхгүй.


-Чи тэгээд яаж мөнгө олж, хоол авч иддэг юм бэ?


-Бохь, ном зардаг. Өдөрт 5000 төгрөг олоод хоол авч идээд РС-нд хонодог.


-РС тоглох тийм дуртай юм уу?

-Үгүй нэг их тоглодоггүй. Хонох газар байхгүй болохоор л...

-Гадуур тэнээд байх хэцүү биш үү?

-Гэртээ байхаар аав зодоод бас өлсөөд байдаг. Тийм болохоор харихгүй, асрамжийн төвд очно.

-Өмнө нь асрамжийн төвд очиж байсан уу?

-Тэнд очихоор гадуур гармаар санагдаад байдаг юм. Гэхдээ одоо тэнэхгүй асрамжийн төвдөө л байна.

А.БАТМӨНХ:ГЭРТЭЭ БАЙМААРГҮЙ БАЙНА

Хүүхдүүдийн хамгийн ах нь 17 настай Алтанчимэгийн Батмөнх гэж хазганаж явдаг хүү байв.

-Хөл чинь яасан юм бэ?


-Асрамжийн төвд байхдаа оргоод хоёрдугаар давхраас үсэрчихсэн чинь хөл хугараад. Эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн ч хазгар болчихсон. Одоо гурван жил болж байна.


-Гэртээ хэдүүлээ байдаг вэ?


-Аав нас барчихсан. Ээж хоёр дүү бий.


-Ээж нь юу хийдэг юм?


-Липтчин хийдэг юм.


-Гэртээ харихгүй гадуур тэнээд удаж байна уу?


-Арав гаруй жил болж байна. Гэртээ баймааргүй байдаг.


-Чи хаанаас мөнгө олдог юм бэ?


-Шил лааз цуглуулаад, дуу дуулж мөнгө олдог. Өдөрт 5000-аас хэтрэхгүй.


-Тэр мөнгөөрөө юу хийдэг вэ?


-2000 төгрөгөөр хоол авч идээд үлдсэнээр нь архи уучихдаг.


-Чи ээждээ хайртай юу?


-Хайртай


-Чиний бодлоор хайрлана гэж яахыг хэлж байгаа юм бэ?


-Мэдэхгүй ээ. Хайртай л гэж боддог.


-Дахиж тэнэх үү?

-Үгүй ээ гэртээ байна аа.


Бид хоёрыг ийн ярилцаж байтал, Ч.Аюурзана дэд хурандаа “Наад хүн чинь гэртээ байна гээд лав 150 удаа хүргүүлж байгаа хүн дээ” гэсэн. Тэнд байсан найман хүүхдийн дөрөвтэй нь ярилцахад нэг хүүгийн ээж нь хэвтэрт, аав нь архи уудаг, гэрт нь хоол байхгүй болохоор харьдаггүй гэсэн бол нөгөө гурав нь аав ээж үргэлж араас нь явдаг, гэртээ бай гэж гуйдаг гэсэн юм. Хүүхдүүдтэй ярилцаж байх зуур “MIU” нэртэй ТББ-ынхан энэ төвийн хүүхдүүдэд хичээл заахар ирсэн юм. Үүнээс гадна олон байгууллага эдгээр хүүхдүүдийн төлөө их зүйл хийж, амьдрах ухаан заадаг гэнэ. Бас хоёр жилийн өмнөөс сэтгэл судлаач эмчтэй болсон нь ажиллаж эхэлснээр тэнэмэл хүүхдүүдийн тоо бага зэрэг буурахад нөлөөлсөн хэмээж байв.


Л.Одончимэг