Улиран одсон цаг хугацаа, урсан өнгөрсөн он жилүүдийг хэнбэгуай ч нэхэн очиж нэг хором ч болтугай аргамжин авч үлдэж чадахгүй. Гэтэл гэрэл зураг л гагцхүү энэ эгнэшгүй эрхэм үүргийг үүрч энэ бидний үед өнгө нэмж, өнгөрөн одсон он жилүүдийг өнөө хүртэл аргамжсаар. Тэр тусмаа баримтат гэрэл зураг та бидний оршин байсныг биечлэн төлөөлөх нэрийн хуудас юм. Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн шатаар мацаж явахдаа гэрэл зураг гэгч гайхамшигт урлагийг нээн илрүүлсэн нь нэг бус нэлээн хэдэн шат алгассан хэрэг байв. Соёл иргэншил, шинжлэх ухаан, сэтгүүлзүй, танин мэдэхүй гээд нийгмийн бүхий л салбарт нэжгээд гэрэл зургийн гүйцэтгэх үүрэг тун ч их. Тэр тусмаа мэдээллийн эрин зуун хэмээн өргөмжлөгдсөн өнөө үед сэтгүүлзүй, гэрэл зураг хоёрыг салгаж ойлгохын аргагүй. Сэтгүүлзүйг нэгэн өрх айл хэмээвээс гэрэл зураг гэрт нь гэгээ татуулан мэндэлсэн “үр” нь юм. 


Энэ онд түүхт 100 жилийн ойтойгоо учран золгож буй Монголын сэтгүүлзүй гал голомтоо тогтмол хэвлэлээр бадраасан. Гэвч өдгөө сэтгүүлзүйн хөгжил дэвшил хөл толгой нь олдохгүй болжээ. Иргэдийн дуу хоолойн индэр байх атал хэт ашиг хөөж хэлбэр төдий болсон радио телевиз, сонин сэтгүүл, цахим мэдээллийн хэрэгслэлүүд борооны дараах мөөг шиг л олширч. Тоо олон  ч чанартай байх нь ховор. Тооны олон, техник технологийн хөгжил дэвшилд мөнөөх сонины сэтгүүлзүй шахагдсаар л. Өдгөө цөөн хэдэн өдөр тутмын сонин тогтмол үйл ажиллагаа явуулж сэтгүүлзүйн гал голомтыг манаж байна. Гэвч, гал манах нэрээр гэрэл зургийн сэтгүүлзүйг үнэгүйдүүлж, өнөө маргаашийг аргацаасан, сонины нүүр тахлах төдий хэрэглүүр болгосоор удлаа. 

Сэтгүүлзүй өндөр хөгжсөн өрнөдийн орнуудын нууцаас задалвал ердөө л гэрэл зурагтай холбоотой. Энд баримтат гэрэл зураг хэмээн онцлох нь зүйтэй болов уу. Баримтат гэрэл зураг гэдэг нь нийгэм цаг үеийн бодит үйл явдлыг тусгасан, аливаад асуудал дэвшүүлж, нийгмийн сэтгэлзүйд шууд нөлөөлөх “хүч чадал” бүхий гэрэл зурагчнаас багагүй бүтээлч чанар, ур ухаан, цаг хугацаа, мэдрэмж шаардсан гэрэл зургийн төрөл юм. Барууны орнуудад түүхийн бүхий л цаг үед гэрэл зургийн гүйцэтгэсэн үүрэг маш их. Сайн гэрэл зураг төр эргүүлж байсан ч удаатай. Тэр ч бүү хэл гэрэл зургийн ачаар Африкийн өлсгөлөн, ядуу ард түмэнд тусламжийн гараа сунгах нь их. Стив МакКарригийн “Афган охин” хэмээх хөрөг зургийг хэн бүхэн андахгүй. Жирийн л нэг афган охины том ногоон нүд өр зүрх рүү өнгийх мэт. Бид зургийг биш тэр биднийг цоо ширтэх шиг тийм л хүчирхэг зураг учраас дэлхий дахины анхаарлыг татсан юм.  

Гэрэл зурагтай холбоотой өөр нэгэн жишээ. Гэрэл зургийн сэтгүүлзүйн хөгжлийг тодорхойлогч “National Geographic” сэтгүүлийн үйл ажиллагаа доголдон дампуурлын ирмэгт тулж очоод байсан үе. Сэтгүүлийн сүүлийн дугаараа гаргачихаад редакцынхаа үүд хаалгыг барихад хүрээд байж. Сэтгүүл хэвлэгдэн гарах хугацаа дөхсөн ч цөөнгүй нүүрэнд материал дутаж байж л дээ. Цаг давчуу болсон үед хэрхэх тухайгаа мэдэхгүй байсан сэтгүүлийн удирдлагууд тухайн үед “Хаалттай хот” гэгддэг байсан Лхаст нэвтэрч судалгаа хийсэн Оросын эрдэмтний гэрэл зургуудаар хоосон хуудсуудаа чимэн гаргаж гэнэ. Тэгтэл, сэтгүүлийн дугаар нэг ширхэг ч үлдэлгүй борлогдсон гэдэг. Энэ үеэс л “National Geographic” сэтгүүл гэрэл зургийг гол “зэвсэг”-ээ болгон нийтлэлийн бодлогоо ч өөрчилжээ. Эл сэтгүүл дэлхий дахины сэтгүүлзүйд томоос том байр суурь эзэлсэн нь мөн л гэрэл зургийн ач тус. 

Дахин нэг жишээ дурдахгүй орхиж болохгүй нь. Нэг хэсэг байнгын дайн дажин, мөргөлдөөнтэй байсан Израйль, Палистин хоёрын ээлжит мөргөлдөөний үеэр 11 настай жаал Израйль цэргийн суманд өртөн амиа алдсаныг “Франц пресс”-ын гэрэл зургийн сурвалжлагч баримтжуулан үлдээжээ. Үүний ачаар дайны хөлд энгийн номхон иргэд тэр дундаа өсвөр насныхан өртөх нь их байгааг дэлхий нийт анзаарч харсан гэдэг. Улмаар хүний эрх, эрх чөлөө, хүүхдийн эрхийн асуудал хурцаар хөндөгдөн дэлхий даяарын анхаарлыг татсан юм. Сайн зураг галт зэвсэгнээс ч хүчтэй зэвсэг гэдгийг энэ жишээгээр нотолж болно. 

Энэ мэтчилэн гэрэл зургийн хүч чадлыг ганц хоёр өгүүлбэрээр тодорхойлох хэцүү. Тэр тусмаа баримтат, сонины гэрэл зургийг. Монголд гэрэл зургийн эл төрөл өдөр тутмын сониноор дамжин үзэгчид, олон нийтэд хүрч байна. Гэвч, зургийн аппарат мөрөвчилж халуунд халж, хүйтэнд хөрж явдаг зурагчдын хөдөлмөрийн үнэлэмж маш муу. Энэ нь тухайн сонин хэвлэлийн газар, редакцын бодлоготой шууд хамааралтай. Манай хэвлэлүүд рекламыг сая саяар үнэлэн байршуулавч ганц зурагт гаргаад өгчих зай талбай олддоггүй. Реклам байршуулж буй сонины нүүрэнд зурагт ногдох талбай тун бага. Редакцийн зүгээс ч энэ тал дээр их харам. Харам учир сайн зураг, сайн фото сурвалжлага нийтлэгдэх боломжгүй. Боломжгүй учраас гэрэл зураг бие даан хөгждөггүй, эрэмдэглэгдэж, хавсрага “чимэглэл” болж хувирсан. 

Гэтэл дэлхий дахинаа алдартай сонин хэвлэлүүд нийт зай талбайнхаа тэн хагас, зарим тохиолдолд түүнээс ч илүүг нь гэрэл зурагт өгдөг. Энэ нь, гэрэл зургийн ач холбогдол, үр өгөөж, давуу талыг мэддэгтэй холбоотой. Тиймдээ ч тэд гэрэл зургийн хүчээр уншигчдыг татаж чаддаг. Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг сунжирч, нуршсан нийтлэлээс ганц сайн зураг хавьгүй илүүг өгүүлэх нь бий. Сонины гэрэл зурагчид “Сайн зураг муу нийтлэлээ чирэх үе цөөнгүй” ч гэж ярьдаг. Энэ нь ч үнэн. 
Дээр хэлсэнчлэн цөөн хэдэн сонин  хэвлэлд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж буй хүн гарын арван хуруунаас илүү гарахгүй гэж хэлж болно. Хэвлэлийн гэрэл зургийн хөгжил дэвшлийг нуруундаа үүрч яваа цөөн хүн бол тэд. Товчхондоо, Монголын гэрэл зургийн хөгжил дэвшил хэдхэн хүний нуруун дээр тогтож байгаа юм. 

Сэтгүүлзүйн чиг хандлага энтертайнмент тал руугаа хэлбийж ихийг нуршилгүй, сайн зураг, дүрс, дуу шуумаар хөнгөн хэр нь хүчтэй илэрхийлэл гаргадаг болсон энэ үед манай хэвлэлүүд бахь байдгаараа л. Элдэв хов жив, эрээ цээргүй гүтгэлэг, нам эвслийн дуу хоолойг нэг ч үг, үсэг гээлгүй нийтэлж, нэвтрүүлдэг хэр нь гэрэл зураг хэмээх бие даасан бүхэл бүтэн сэтгүүлзүйн төрлийг дэмжиж, дээш ахиулах тал дээр ямар ч анхаарал хандуулахгүй байна. Үүнийг гэрэл зурагчдын ажил мэргэжлийн онцлог гэхээсээ редакц, сонины бодлоготой холбон талйбарлаж болно.  

Зурагчин хүн нэг л тохиох агшныг хэдэн өдөр, сараар ч хамаагүй анан хүлээж аргамжин авч үдэхийг зорьдог. Нэг зургийн төлөө цаг хугацаа чамгүй хөрөнгө мөнгө, хөлс хүч шавхдаг. Өдөр тутмын сонин үйл явдлын мөрөөр явж нийтлэл бэлтгэх нь их. Тиймдээ ч зурагчны ажил явдал чирэгдэл ихтэй. Эдийн засгийн хувьд ч ихээхэн боломж бололцоотой байхгүй аваас дахин тохиохгүй хором мөчийг алдах аюултай. 

Гэтэл, гутлынхаа улыг эргэтэл явж ганцхан зураг авдаг ч мөнөөх зургийг редакц автобусны мөнгө төдийхнөөр үнэлдэг нь ихийг эрэлхийлж бүтээлч байдлаар хандсан уран бүтээлчийн халуун сэтгэл рүү ус цацаж, зургийг нь ураад хаяснаас ялгаагүй болдог. 

Өдөр тутмын сонины гэрэл зурагчид хааяа нэг уулзаж ажил төрлийн хачин сониноос эхлээд  гэрэл зургийн хандлага, цаашдын хөгжлийн тухай санал бодлоо солилцоно. Голдуу эрчүүд болсон хойно ганц нэг пиво тулгасан шигээ хөөрөлдөх үе бий. Ийнхүү ярилцаж суухад ихэд онцлон ярьдаг асуудал бол мөнөөх л үнэлэмж. Хоёр пиво уугаад “Өнөөдрийн ажлаа уучихлаа даа”  гэх нь олон. Манай өдөр тутмын сонинууд гэрэл зургийг ач холбогдлоос нь шалтгаалж дунджаар найман мянган төгрөгөөр үнэлдэг. Ихэнх нь нэг удаагийн үйл явдлын зургийг дөнгөн данган гурав, таван мянгаар л үнэлдэг. Гэтэл гэрэл зураг өндөр хөгжсөн гадны улс орнуудад сайн зургийг сая саяаар нь ч үнэлэх тохиолдол бий. Гэхдээ бүр доллараар шүү. Тиймдээ ч тэдгээр улс орнууд гэрэл зургийн хөгжлөөр тэргүүлж байгаа хэрэг. Редакц, сонин хэвлэлийн зүгээс ч материаллаг дэмжлэг сайн үзүүлдэг. Материаллаг гэдэг нь зургийн аппарат, тоног төхөөрөмж, хэрэгслэлийг хэлж буй хэрэг. Харин манайд асар үнэтэй тоног төхөөрөмжийг албан байгууллага нь бус зурагчин өөрөө авах нь их. Ийм байхад гэрэл зургийн хөгжил дэвшил, цаашдын чиг хандлагын тухай олон таван үг нуршаад дэмий болов уу.


Т.Өсөхбаатар: Үнэлгээгүй зүйл хэзээ ч хөгждөггүй

Т.Өсөхбаатар бол дээр дурдсан цөөн хэдэн мэргэжлийн гэрэл зурагчдын нэг. Өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байгаа түүнтэй утсаар холбогдон цөөн асуултад хариу авсан юм. 

-Таныг гадаадад ажиллаж амьдарч буйн хувьд тань онцоллоо. Гадны хэвлэлийн гэрэл зургийн бодлого манайхаас юугаараа ялгаатай байна?
-Манай сонинууд зургийг аль болох бага хэмжээтэй тавьж илүүчилж гаргасан нүх сувээ зар сурталчилгаагаар чигжих тийм бодолтой байсан, одоо ч түүнээсээ салаагүй л байна. Хэд хэдэн хүчин зуйл нөлөөлөөд байх шиг байгаа юм. Анхнаасаа манайхан сонины дэглэлт буруу, уншигчдаа хүндэлдэггүй, бүхнийг зоосны нүхээр харж ирсэн. Зарчим нь бол сайн дэглэлттэй, сайн материалтай, сайн зурагтай сонин байж гэмээнэ олон уншигчтай, нэр нөлөөтэй, тэр хэрээрээ реклам зар тавиулагчдыг татаж, сонин ашиг орлоготой байх ёстой байх л даа. Гадны сонинтой харьцуулаад харъя. Том нэр нөлөөтэй сониныг эргүүлээд харахад л бүх юм нь цэгцтэй, сонины материал, зар сурталчилгаа хэзээ ч манайх шиг холилддоггүй. 32 нууртэй сонин байлаа гэхэд бүх зар сурталчилгаа нь тусдаа, сүүлийн хэдэн нүүрийг эзэлсэн байх нь түгээмэл. Голын хоёр нүүрт онцгой өндөр үнээр бутэн нүүрээр реклам орж ирнэ. Хэзээ ч сонины нийтлэлийн талбайгаас танаж зай талбайгаа үнэлдэггүй. Манайд ийм зарчим байдаггүй. Энэ эхний учир шалтгаан. 

-Хэт ашиг хөөсөн болчихсон гэж ойлгож болох нь?
-Сонины зай талбайдаа харам учраас сайн зураг, сайн фоторепортаж нийтлэгдэх боломжгүй. Боломжгүй учраас тэр нь бие дааж хөгждөггүй бэлгэдэл төдий болж хувирсан. Ер нь сонины нийтлэлийн бодлого дарга, эрхлэгчдийн сайн зургийн ач холбогдол, түүнийг үнэлэх үнэлгээ туйлын ядуу, ядмаг. Аль ч сонинд фоторедактор гэсэн орон тоо байдаггүй. Угтаа жинхэнэ сэтгүүлзүйд байх ёстой юм. Дотоодын их дээд сургуульд фото сэтгүүлзүйн сургалт байхгүйгээс фото сэтгүүлч гэсэн тийм мэргэжил боловсролтой хүн ч байхгуй. Тийм ч учраас сэтгүүлзүйн энэ төрөл жанраар дагнаад бүтээл, нийтлэл туурвидаг тийм мэргэжлийн фото нийтлэлч-сэтгүүлч байхгүй болсон. Үнэлгээгүй, үнэ цэнэгүй мэргэжлээр хэн өндөр төлбөр төлж гадаад оронд сурах билээ. Энэ их чухал шүү. 

-Гэрэл зургийн сэтгүүлзүй өндөр хөгжсөн аль нэг улс орны жишээ дурдвал?
Техник технологийн ачаар хэн ч “дурсний хуулбар” хийж чаддаг болсон цаг. Юм амар хялбар болох тусам сайн муугийн үнэлэмж улам л үгүй болж байна. Ач холбогдол өгөхгүй юм чинь сайн муу байх нь ямар хамаа байна. Өнөөдрөө аргацааж “гал алдчихгүй” байвал л болох нь тэр. Ийм л сэтгэхүйгээр хандаж байна. Энэ мэргэжлийг сонирхож, дурлаад түүгээр хоолоо олж идэх гэж яваа хэдэн залуус байна. 
Гэвч тэдэнд сонины гал тогоонд тогтсон энэ гажиг зуршил нь бие дааж ажиллах, туурвих боломж өгөхгүй боомилж байна. Фото сурвалжлагч нь авсан зургаа өөрсдөө сонгоод нийтлүүлэх эрх мэдэл байхгүй. Дугаарын эрхлэгч, эсвэл даргадаа зургаа өгнө. Тэд зургийг нь үзээд сонголтоо хийнэ. Голчлон хамгийн мууг нь сонгох нь энүүхэнд. Фото сэтгүүлзүйгээр дагнаад мэргэшээд ирсэн хүний бүтээлийг “А” ч байхгүй хүн мэдэж шүүнэ гэхээр л хэцүү л байдаг байсан. Тэр нь ч хэвээрээ байгаа юм билээ. Ийм байхад фотосэтгүүлзүй хөгжиж байна, аль түвшинд явна гэж ярих, бусадтай харьцуулах, унэлэлт дугнэлт хийх нь утгагүй л дээ. Үнэлгээгүй юм хэзээ ч хөгждөггүй. Тийм ч учраас үнэлэмж нь ч түүндээ таарсан сохор зоос. Үүнийг өөрчилж, нүдийг нь нээх гэж 17 жилийн өмнө Францаас мэргэжилтнүүд урьж авчирч семинар, сургалт МХХ-д дээр зохион байгуулах гэж сонины эрхлэгч, нарийн бичгийн дарга нарыг уриад нэг ч хүн ирээгүй, редакцаасаа ганц нэг төлөөний хүн явуулаад л өнгөрч байсан. Фото сэтгүүлзүй хамгийн өндөр хөгжсөн газар бол Франц. Нэгэн жарны тэртээ Францын фото сэтгүүлчид мөн л ийм бэрхшээлтэй тулгарч байсан. Тэд эв нэгдэлтэй байж, нэг л өдөр сонинд хямд хөлслөгдөн ажиллахаас татгалзаж анхны гэрэл зургийн бие даасан агентлагуудыг байгуулж тусдаа гарцгаасан. Нэг ижил тариф мөрдөж сонинуудад гэрээгээр зураг нийлүүлдэг болсон. Түүний хүчинд ч тэд хөгжиж чадсан. Франц найз маань хэлдэг байсан.
Үнэндээ та нар шиг ийм сайхан боломж бидэнд байхгүй байна шүү. Та нарт атаархмаар, гэхдээ та нар тэр боломжоо олж харахгүй байна гэж. Манай Монгол орон зураг авах, бүтээл туурвих асар их боломжтой баялаг юм. Гагцхүү зөв бодлого хэрэгтэй, гэрэл зурагчид нь нүдээ нээх хэрэгтэй.


Р.Энхбат: Сайн зураг авчихаад үнэлэмж, үнэ өртгөө нэх

“Эдмон”-ы Энхбат гэхээр мэдэхгүй хүн үгүй болов уу. Монголын гэрэл зургийн ертөнцөд мэргэжлийн боловсон хүчин гарын арван хуруунаас хэтрэхгүй байдгийн нэг нь энэ хүн. Хуучин нийгмийн үед баруун Гераманд мэргэжлийн гэрэл зурагчны мэдлэг боловсрол эзэмшиж улмаар тухайн үеийн “Үнэн”, “Хөдөлмөр” сонинд ажиллаж тэр ч бүү хэл Улсын гэрэл зургийн газрын дарга болтлоо ахиж дэвшиж байсан нэгэн. Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан хүний хувиар Монголын гэрэл зургийн өнөөгийн байдлын тухай түүнтэй ярилцлаа. 

-Таныг мэргэжлийн гэрэл зурагчин гэхээр хүмүүс төдийлэн мэдэхгүй байх?
-Тэгэлгүй яахав. Би сургууль төгсч ирээд л ганц нэг сонинд ажиллаж байгаад гарсан. Мэргэжлээсээ хөндийрч огт өөр зүйл хийх болсон шаардлага, шалтгаан нь их энгийн. Шалтгаан гэж хэлэхийг сонсов уу. Тухайн үед би гэрэл зургаар хоол олж идэхгүйг ойлгосон учир огт өөр салбарт өрсөлдөж эхэлсэн хэрэг. Энэ л энгийн хэр нь инээдэмтэй ч гэмээр шаардлагаар дуртай ажил мэргэжлээ орхисон юм даа. 

-Өнөөгийн сэтгүүлзүйд гэрэл зургийн эзлэх байр суурь их муу байна. Энэ юутай холбоотой юм бол?
-Их энгийн асуулт байна. Ганцхан үнэн юм хэлье. Магадгүй, Монголд надаас өөр ингэж хэлэх хүн олдохгүй байх шүү. Бүхий л сонин хэвлэлүүд нь хэн нэгний гар хөл болж, утсан хүүхэлдэй шиг нь далласан газар нь ил гарч далайсан газар нь далд ордог нь чиний яриад байгаа сэтгүүлзүй ялзрах шалтгаан болоод байгаа юм. Дагаад нөгөө гэрэл зураг чинь ч хохирно биз. Гэрэл зураг гэдэг чинь маш том факт, баримт юм шүү дээ. Баримт гэдэг утгаараа эрэн сурвалжлах тал руугаа ч хөгжих бүрэн боломжтой. Манайхан шиг ууж идсэн, ухаж төнхсөн булхай ихтэй хүмүүсийг ганц сайн гэрэл зургаар хашраах боломж их. Гэвч яахав, нөгөө л худалдагдсан сэтгүүлзүй юм чинь хамтлаг дуучид, хаа нэгтээ болж буй үйл явдал л хөөцөлдөнө биз дээ. Гадныханд паппарац гэх ойлголт бий. Манайд энэ чиглэлээр юу ч хийгдээгүй, хөгжөөгүй байна. Сонины зурагнаас илүү паппарацын зураг өндрөөр, тэр ч бүү хэл хэдэн зуун мянган доллараар үнэлэгдэж байна. Гэтэл манай зурагчид хүлээтэй юм шиг л ганц нэг дуучин төдий юмнуудын зураг авах гээд л хөөцөлдөөд байдаг. Арай гэж авсан нөгөө нэг цээж зургаа “Паппарац” гэж нэрлэхийг нь яана. 

-Тэгэхээр таныхаар бол зурагчид нь ажил үүргийнхээ тухай ойлголт муутай байна гэсэн үг үү?
-За чи ч өөрөө л хариулчихлаа даа. Тийм, тиймээр барахгүй зургаа авч чадахгүй байна. Бүтээлч сэтгэлгээ, хандлага харагдахгүй байна. Үнэхээр пресс фото гээд хэлчих зураг нүдэнд торохгүй л байна шүү. Тиймээс зургаа авч сурчихаад үнэлэмж үнэ өртгөө нэхэх нь нэрэнд цэвэр, бас шударга.



С.Цацралт: Монголын гэрэл зураг өлгийндөө өтлөөд өөд болж байна

Сэрээтэр овогтой Цацралт гэх энэ хүнийг гэрэл зургийн хүрээнийхэн гэлтгүй монголчууд бүгдээр андахгүй. Тэрээр хэсэг нөхдийн хамтаар Монголын анхны гэрэл зургийн агентлаг болох “ГАММА”-г үүсгэн байгуулж байхад “Зургийг мөнгөөр худалдана гэв үү” хэмээн гайхах хүн цөөнгүй байсан гэдэг. Гэрэл зураг гэгч зүйлийг ажил мэргэжил, урлаг гэх талаас төдийлэн ойлгодоггүй байсан тухайн цаг үед шинэлэг хэр нь гайхаш төрүүлэхүйц байх нь мэдээж. Түүнтэй ажлын өрөөнд нь уулзаж ярилцан архив дахь ховор нандин зурагнаас нь үзэж сонирхон Монголын гэрэл зургийн чиг хандлагын тухай яриа өрнүүлсэн юм.

-Өдөр тутмын сонинд ажиллаж буй гэрэл зурагчид сонирхогчидтой харьцуулахад тооны хувьд дэндүү цөөн байна. Мөн Монголын сэтгүүлзүйд баримтат гэрэл зургийн үнэлэмж гадны орнуудтай харьцуулахад маш муу байна. Үүнийг гэрэл зургийн хөгжилтэй нь холбож ойлгох уу эсвэл зурагчдын чадвартай холбох уу?
-Ерөөсөө л Монголын гэрэл зургийн хөгжилтэй холбоотой асуудал. Гэхдээ, гэрэл зураг гэдэг маань маш том ойлголт. Үүн дотроо фото журнализм буюу фото сэтгүүлзүй гэх тусдаа, өөр сэдэв, төрөл болж байгаа юм. Сонины гэрэл зураг зөвхөн гэрэл зурагчдаасаа ч шалтгаалдаг юм биш. Сонины гэрэл зургийн бодлогыг хариуцаж ажилладаг хүн бол тухайн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга. Сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга эсвэл эрхлэгчийн сониноо авч явах бодлого маш чухал. Энэ сонин  гэрэл зургаар юу үзүүлэх, юу өгүүлэх, ямар асуудлыг хөндөх вэ гэдэг редакцийн бодлогоор тодорхойлогдож байх ёстой. Тиймээс гэрэл зурагчныг шахаж шаардахаас илүү сонин гэрэл зургийн хувьд өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Тухайн бодлого төлөвлөлтдөө нийцүүлэн ажиллахын тулд гэрэл зургийн редактортой байх ёстой. Энэ л хамгийн чухал. Дээхэн үеэсээ манай сонин хэвлэлд гэрэл зургийг хавсрага маягаар үзэж ирсэн түүх бий. Одоо харин түүнээсээ бүр доошоо орчихож байгаа юм. Харин бидний ажиллаж байсан социализмын үед үзэл суртал гэдэг талаасаа гэрэл зурагт маш их ач холбогдол өгдөг байсан. Тэр үед өдөр тутмын сонины гэрэл зураг гэдэг сонины нэлээн чухал төрөл зүйл тэр ч бүү хэл бие даасан сэтгүүлзүй гэдэг байр сууринаас ханддаг байсан. 
-Сонин бодлогоо тодорхойлж бусдаас гэрэл зургаар ялгаръя гэсэн зорилго бий болговол дагаад гэрэл зурагчдад шаардлага тавигдаж эхэлнэ. Гэрэл зурагчид ч тэр хэмжээнд ур чадвар, сэтгэл зүрх хамаг л юмаа шавхаж илүү мэргэжлийн түвшинд гарч ирнэ. 
Жишээ нь манай ГАММА агентлаг 2000 оноос хойш оны шилдэг гэрэл зураг шалгаруулж эхэлсэн. Мэдээж энэ уралдаандаа аль болох олон гэрэл зурагчныг хамруулах, дээр нь гэрэл зургийн сурвалжлагчдыг дэмжих ялангуяа фото сэтгүүлзүйг хөгжүүлэх талаар илүү анхаарч байсан. Оны шилдэг зургаа шалгаруулахдаа арай пресс фото тал руугаа, хэвлэлийн гэрэл зургийг дэмжих бодлого баримталж байсан. Үүнээс хойш гэрэл зургийг дэмжих нь битгий хэл сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд ч фото сэтгүүлзүйн хичээлийг хавсрага маягаар орж гэрэл зургийн сэтгүүлзүй талаас нь ерөөсөө юм заадаггүй болсон. Сонин ч гэсэн зурагчин ажилд авахдаа зүгээр нэг сэтгүүлч бус гэрэл зураг тал руугаа илүүтэй ажилладаг, мэргэшихийг зорьдог хүнийг онцлох хэрэгтэй. Тэгэхгүй хэн дуртай нь аппарат барьж гүйгээд гэрэл зураг нь хавсрага маягаар яваад байвал зүгээр нэг реставраци, чимэглэл төдий болчихож байгаа юм. 
Дээхэн үед гэрэл зургийг гаргах хэцүү байсан шүү дээ. Нэг, хоёрдугаар хоронд угаана гэхчлэн. Харин одоо бол маш хурдан, хялбар хийчихдэг болсон. Ийм л хялбар болсон учир реставраци нь хялбар болчихсон, захын хүн л хийчихдэг болсон хэрэг. Гэтэл сэтгүүлзүй талаас нь хөөцөлдөж явдаг хүн байхгүй болчихож. Уул нь энэ талаасаа хөөцөлдвөл илүү үр дүнтэй байх учиртай.
 
-Миний гаргах гээд байгаа гол санаа бол таны сая хэлсэн зүйл юм л даа. Мэргэжлийн гэрэл зурагчин бэлтгэдэг их, дээд сургууль манайд нэг ширхэг ч алга?
-Тийм, сургууль байхгүйгээс гадна хичээлийг дандаа хавчуурга маягаар оруулдаг хэвээрээ л байгаад байна. 
Монголд сэтгүүлзүйн маш олон холбоод байна. Сэтгүүлч, гэрэл зурагчин, сэтгүүл зүйтэй хамгийн ойр байдаг эдгээр байгууллагууд гэрэл зурагт ерөөсөө анхаарал тавьдаггүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа фото сэтгүүлзүйн ач холбогдол, хэрэгцээ ихэссэн. Яваандаа телевиз, интернет гарч ирсээр ач холбогдол, ур чадвар нь буугаад байгаа тал бий. 

-Гэхдээ доороос доошоо унадаггүй гэдэг байх аа?
-Яг тийм, нөгөө өлгийндөө өтлөөд, үхэж байгаа байхгүй юу. Дээр хэлснээр сонины бодлого зөв тодорхойлогдсон байх ёстой. Хуучин Балдорж агсан амьд сэрүүн байхдаа нэлээн том алба бий болгож байсан. Гэрэл зурагт ач холбогдол өгдөг редактор, эрхлэгч нь цөөн болоод ирэхээр зурагт олгогддог зай талбай нь бага болчихсон. Ийм л гунигтай дүр зурагтай байна даа. Сайн зураг сонгох мэдрэмж, мэдрэхүйтэй редакторууд байхгүй болчихсон. Гэрэл зургийн тухай ойлголт, мэдрэмж байхгүй. Би найз нөхөд, танилуудтайгаа энэ тухай ярьж суухад гэрэл зургийн сургалт, хичээлийг их сургуульд нь, оюутан байхаас нь сайн заах хэрэгтэй гэж ярьдаг юм. Харин би бол түүнээс өмнө сонины эрхлэгч, редакторуудад зааж сургах нь чухал гэж үздэг. Одоо зураг сонирхогчид маш их болсон. Гэхдээ арай амар хялбараар нь байгалийн гэрэл зурагт бүгд татагдаж, хошуурч байна. Угтаа онол талаасаа ямар ч гэрэл зураг юм өгүүлж, мэдээлэл дамжуулж байх ёстой юм. Харин одоо мэдээлэл багатай буюу байгалийн зураг л их байна. 

-Манай сэтгүүлзүйн гал тогоонд ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд хэт олон болсоноос мэргэжлийн бус хандлага ихээр илэрч байна. Үүний нөлөө их байдаг байх гэж бодох юм?
Нэг аймаар юм байна л даа. Сонинд хоёр мэдээ биччихээд сэтгүүлч гэдэг, хэдэн газар зураг гаргачихаад өөрийгөө зурагчин гэж нэрлэдэг. Үүнээс үзэхэд бидний мэргэжлийн үнэлэмж үнэхээр доошоо орчихсон байгаа биз. Би өөрөө ч сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн. Дөнгөж 20 гаруй насны залуу сургууль төгсчихөөд “Үнэн” сонины газар ажиллаж эхэлсэн. Тэр үед биднийг “Юу юугүй өөрийгөө сурвалжлагч сэтгүүлч гэж нэрлээд байв” гэж зааж сургадаг байлаа. Аль нэг газар очоод би сурвалжлагч, сэтгүүлч гэж хэлэхээс ямар нэг айдас төрөөд байдаг юм. Нэлээн юм үзсэн нэг үгээр томчууд л ингэж ярих нь зөв гэж бодож байгаа юм. Гэтэл учир зүггүй зурагт, радиогоор нэг нэвтрүүлэг хийсэн болчихоод л “Манай уран бүтээл, уран бүтээлчид” гэж ярьдаг нь өөрөө өөрсдийгөө хэт дөвийлгөж өөрийгөө дүгнэж байгаа хэрэг. Нэгдүгээрт, даруу биш. Хоёрдугаарт юу ч хийгээгүй байж өөрийгөө хөөрөгдөх нь ичмээр асуудал. 
Өөр нэг асуудал бий. Сонины редакциуд гэрэл зурагчиддаа аппаратаа зардаг. Уул нь, бидний үед сонины газар маань сурвалжлагч зурагчиндаа аппаратыг нь аваад өгдөг байсан. Яахав, соц нийгмийн үед улсын хөрөнгөөр тэгэж байсан гэж болно. Одоо бол авч өгсөн аппаратныхаа үнийг ажлын хөлснөөс нь суутгаад аваад байна. Яахав, тэгж болно л доо. Гэхдээ үнэлэмж нь өчүүхэн. Уг нь, томилолт ч тэр тоног төхөөрөмж ч тэр олгох тодорхой жишиг, стандарт гэж бий л дээ. Тийм стандартгүй байхад үнэлэмжийг дээшлүүлнэ гэдэг хэцүү. Үндсэн сэтгүүлч, сурвалжлагч гэлтгүй идэвхтэн бичигчид, сонирхогчдыг ч бас үнэлж, урамшуулах хэрэгтэй. 

 -Гэрэл зурагчдаа хийсэн хөдөлмөрөө үнэн бодитоор үнэлүүлж дүгнүүлдэг, нэртэй төртэй, үнэ цэнэтэй болгохын тулд яах ёстой юм бол?
Манайд огтоос юугаа ч мэдэхгүй, чадахгүй зурагчид байгаад байгаа юм биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд хэт олон болж гэрэл зургийн үнэлэмжийг дур мэдэн тогтоож байгаад л асуудлын гол байгаа юм. 
Миний бодлоор гэрэл зурагчдын нэгдсэн нэг агентлаг байгуулж сонин хэвлэлийнхнийг гэрэл зураг, боловсон хүчин, сургалт семинар, зурагчдаар хангадаг нэгдсэн нэг системтэй, бүтэц зохион байгуулалттай болгох хэрэгтэй. Манайд тийм үйл явдлын, ийм ч сэдвийн төчнөөн зураг хэрэгтэй байна гэхэд нь хангаж чаддаг байх ёстой. Товчхондоо, гэрэл зурагчин гэдэг статусаа тусад нь болгож гэрэл зургийн хэрэгцээ бий болгох хэрэгтэй. Дээхэн үед бидний хэдэн зурагчид нийлж ажил хаялт ч зарлаж байлаа. Бүгд аппаратаа тавиад л суучихаж байгаа. Угтаа, мэддэг чаддагаараа хясах биш нэгдэн нийлж чаддагаа харуулж байгаа юм. Одоо ч гэсэн зурагчид амь нэгтээ байж өнөө маргаашийг харалгүй нэгдэн нийлж том зүйл рүү зорих хэрэгтэй. 
Эх сурвалж: www.assa.mn