Багшийн хөгжлийн ордонд ойр ойрхон түүхийн хичээлийн сургалтыг хэрхэн явуулах тухай сургалт хөтөлбөрүүд явагддаг. Тэрхүү сургалтанд Монголын томоохон гэгддэг нэр бүхий түүхчид сурагчдыг хэрхэн бие дааж ажиллуулах, ямар мэдлэг олгох шаардлагатай талаарх лекцийг 10 жилийн багш нарт уншдаг ажээ. Харин өнгөрсөн жилээс эхлэн түүхийн хичээлийн хөтөлбөрт 10 жилийн сурагчдыг түүхэн сурвалж дээр ажиллуулах тухай санал санаачлагууд гарч тэр талаар ч багагүй ажил хийгдэж байгаа бололтой. Энэ нь түүхийн сурах бичгүүдэд эртний түүхэн сурвалж бичгүүдээс эшлэн оруулж тайлбар дүгнэлт хий гэсэн дасгал даалгавраас тодорхой харагдана.

10 жилийн сурагчид тэрхүү сурвалжаа хэдэн онд, хаана зохиогдсоныг нь тодорхой мэдэхгүй байж хэрхэн тухайн сурвалж дээр ажиллах билээ. Хожуу Хан улсын судар, Юань улсын судар гэж яг аль үед, ямар учраас бичигдсэн зэргийг нь ч тодорхой тайлбарлаж өгсөн зүйл сурах бичгээс нь аваад холбогдох гарын авлагууд дээр нь ч байхгүй байж сурагчдыг сурвалжтай ажиллуулах гэдэг нь арай л хэтийдсэн хэрэг баймаар.

Тэгээд ч ганц нэгхэн сурвалж дээр ажиллана гэвэл өрөөсгөл хэрэг болно. Монголын түүхэнд холбогдолтой хэдэн зуун сурвалж бичгүүд бий. Тэр бүгдтэй хүүхэд бүр танилцаж өөрсдийн дүгнэлт гаргана гэдэг бол бүтэшгүй зүйл. Аль эсвэл ганц сурвалж уншаад түүнийгээ үнэн гэдэгт бат итгэсэн, түүгээрээ л түүхээ төсөөлдөг мулгуу уншигч болгох гэсэн хэрэг үү. Ганцхан Лувсанданзангийн Алтан товчийг уншсан сурагч монголчуудыг Энэтхэг Төвөдийн орноос нүүдэллэн ирсэн, анхнаасаа л бурханы шашинг шүтэж биширч иржээ гэж ойлгоно. Тэрхүү сурвалж шашны нөлөө ихэссэн XVI дугаар зуунд бичигдсэн гэдгийг 10 жилийн сурагчид мэдэхгүй, заагаад өгсөн ч юм байхгүй. Нэр цуутай зохиолчид хүртэл түүнийг нь ойлгохгүй тийм байсан мэтээр л дүгнэж байгаа нь нууц биш.

Түүхэн сурвалжтай ажиллах нь хэний ажил вэ?

10 жилийн сурагчид хийчих ажил юм бол түүхийн мэргэжлийн ангийг МУИС, МУБИС-д байлгаад яах юм. Хүн бүр л 10 жилдээ сураад өөрс өөрсдийнхөөрөө дүгнээд ойлгоод явж байх хэрэгтэй.

Жирийн нэгэн сонирхогч түүхийн сурвалж бичгийг орчуулж, эмхэтгэж, тайлбар хийгээд гаргалаа гэж сонсож байсангүй. Гэхдээ энд тэндэхийн тендерээр бол магадгүй. Түүхэн сурвалж хэрэглэгдэхүүнтэй ажиллана гэдэг бол хэдэн арван жилийн турш судалж, бусад сурвалж хэрэглэгдэхүүнтэй харьцуулж байж гаргах ёстой болохоос биш хагас хугас орчуулж, тасдаж тавьсан хоёр мөрийг уншаад дүгнэлт гаргана гэдэг нь дэндүү өрөөсгөл ойлголт юм.

Сургалтын агуулга бүтэц тодорхойлдог хүмүүсээс яагаад заавал түүхэн сурвалжтай ажиллах ёстой юм бэ гэж асуувал “сурагчдыг бие даан ажиллаж сургах зорилготой” л гэх байх. Үүнээс өөр арга хэрэглэгдэхүүн байхгүй гэж үү. Заавал бие даалгах нэрийдлээр мэргэжлийн судлаачдын хийх ажлыг сурагчаар хийлгэх шаардлагагүй л баймаар.


Хүүхдэд зориулж хичээлийн агуулга гаргаж, хүүхдэд зориулж сурах бичиг бичиж, хүүхдэд зориулж хичээл зааж байгаа гэдгээ хэзээ нэг бүрэн гүйцэт ойлгох вэ?. Энд тэндэхийн стандартууд дээрээ хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон байх гэж улиглан давтах атлаа энэ мэтээр “хүчирхийлэх” ажээ.


С.Ууганбаяр