Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн хэдэн хоногийн турш орой бүр телевизээр гарч, уярам сайхан түүхүүдээсээ бидэнд хуучилсан билээ. Харин энэ зуур МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ төрөлх нутаг Хэнтий аймгаасаа сонгуулийн ажлаа эхлэхээр бэлдэж сууж.

Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Эрүүл мэндийн яамны ажилдаа анхаарсаар сонгуулиа хотоос эхлэх юм байна.


Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль жинхэнэ ардчилал, эрх чөлөө, үг хэлэх эрхийн чөлөөт тэмцэл болно гэж найдаж суулаа. Учир нь Ардчилсан гэх тодотголтой Ерөнхийлөгч, Шинэчлэлийн гэх нэртэй Засаг байгаа үе шүү дээ. Гэтэл үгүй юм аа, харин ч өмнөх сонгуулиудаас улам ч хавчуу, давчуу байх төлөвтэй.

Тухайлбал, сонин хэвлэлээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл цацах эрхийг бараг хаачихаж. Ердөө цухасхан намтар төдий зүйл бичээд, нэрийг нь нэг хоёр удаа дурьдаад л өнгөрөхөөр хэмжээнд хэвлэлүүд мэдээлэх боломжтойгоор хуулиа баталчихсан аж.

Нэг ёсондоо хуучиндаа ээлтэй, шинэдээ халтай хууль баталчихсан тул эдүгээгийн Ерөнхийлөгчтэй өрсөлдөх улстөрчдөд өөрийгөө олонд бүрэн таниулах, ойлгуулах боломж тодорхой хэмжээгээр хаагдчихлаа. Б.Бат-Эрдэнийг таньдаггүй хүн, Н.Удвалын тухай дуулаагүй хүн бол тэрнээсээ илүү нэг их сүйдтэй мэдээлэл хүлээж авах, дэмжих гэх сэтгэл төрөх магадлал багасчихлаа л гэсэн үг.

Сүүлийн дөрвөн жилийн турш албан тушаалаа ашиглан Засгийн газрын нээлттэй хуралдаан, Өмнөд Суданд алба хааж буй цэргүүд, хэдэн сая жилийн өмнө үхэж үрэгдсэн Батаарын төлөөх дайчин тэмцэл гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л боломжоо бүрэн ашиглаж амжиж.

Өмнө нь хэзээ л ингэж байлаа даа, орой болгон л хаалга цохиж, өнгө өнгийн сонин өгч, нэр дэвшигчдийг өвч бүрнээр нь уудлан өгүүлснийг уншиж суудаг байсан биз дээ.

Гэтэл одоо мэдээллийг нь хаачихсан болохоор төсөөллөөрөө л сонголтоо хийх бололтой. Ц.Элбэгдорж гэж хэн билээ? Нөгөө С.Зоригийг Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, тэмцэж байхад харагдаж байсан нөхөр. Б.Бат-Эрдэнэ гэж хэн билээ? 12 жил улсад түрүүлснийхээ дараагаар 12 жил УИХ-д сонгогдон ажиллахаар болоод буй улстөрч. Н.Удвал гэж хэн билээ? Саяхан Эрүүл мэндийн сайдын албыг авч, хэд хэдэн эмнэлгийн удирдлагыг солих тушаал гаргасан нэгэн... гэх мэтээр л бид төсөөлж байгаа.

Бариад унших сонин, хараад дүгнэх харьцуулалт, уяраад унших намтаргүй энэ сонгууль өнгөрөх нь дээ.

Хэн хэнийг, яагаад дэмжиж байгаа нь энд огт хамаа алга. Хамгийн гол нь хэнийг дэмжиж буйгаа хэвлэлээр ганцхан үгээр ч болов илэрхийлчих боломж ард түмэн бидэнд энэ сонгууль өгөхгүй нь.

Ингээд 30 хоногийн дотор сонингүй сонгууль гээчийг үзээд өнгөрөх болжээ.

Р.Гэгээ

www.new.mn