Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж гарцаагүй ялахын тулд одоо ганц л зүйл хийхэд хангалттай. Энэ нь АН-ын хэн нэгнээр "туг тахих". Хэн нэгнийг авлигын хэргээр шалгаж, хэргийг нь илчлээд ард түмэнд зарлах. Идэж уусан нөхдүүдийг АН-аас олоход амархан. Захаасаа аваад л олон л байгаа.

Тэгэхгүй бол зөвхөн өрсөлдөгч намаасаа намнаад байхаар энэ нь тус болохоосоо ус ч болж магадгүй байна. Монголчууд шударга, үнэнч байдлыг эрхэмлэдэг ард түмэн учраас муу юманд ч бас шударга хандахыг эрхэмлэдэг. Луйварчдыг барьж шалгаж байгаа нь сайн хэрэг боловч энэ нь зөвхөн МАН-ын харъяалалтай нь байгаа хүмүүст өрсөлдөгчөө намнаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байна. Тиймээс үүнийг үнэхээр шударга ёсны төлөө гэж харагдуулъя гэж байгаа бол өөрийнөө нам болох АН-аас хэн нэгнийг шалгуулах хэрэгтэй.


Нэр хүнд нь навс унаад байгаа С.Баярцогтоор ч туг тахиж болно. Тэр гадаадад данс нээсэн төдийгүй өөрийгөө хятадын иргэн болохоо нэгэнт зарлачихсан хүн шүү дээ. Тиймээс түүнийг албан тушаалаас нь буулгаад АТГ-аар шалгаад шоронд хийчих хэрэгтэй. Ингэсний дараа ёстой Ц.Элбэгдорж ногоон гэрлээр гарна шүү дээ. Илүү дутуу сурталчилгаа хийх хэрэггүй. АН бол ёстой Б.Бат-Эрдэнэ-ийн хэлдгээр "нэр нь цэвэр, гар нь цэвэр, сэтгэл нь цэвэр" хүмүүсээр дүүрсэн нам биш шүү дээ. Монголын тэргүүн баячууд энэ намд бөөн бөөнөөрөө байгаа. Тэдний баяжсан зам ёстой "цэвэр" биш. Тиймээс АН-аас хулгайч, луйварчид болон олигархийг олоход зовоод байх шаардлагагүй.

Ард түмэн АН, МАН хоёрт хоёуланд нь хулгайч, луйварчид байгааг мэдэж байгаа шүү дээ. Тэднийг нэрлэчихэж ч чадана. Одоо ч гэсэн хорхойтсон баавгай шиг хүмүүс хот хөдөөгүй дэл сул юм хайгаад гүйж л явна.