Шударга нийгэмд шударга байх нь ашигтай бол шударга бус нийгэмд шударга бус байх нь ашигтай юм байна хэмээн нэгэн япон эрхэм саяхан монголд ирэхдээ халаглаж байв. Үнэхээр ч хараад байхад тийм бололтой юм. Бид л тогоон дотроо байгаа болохоор тэрийгээ олж хардаггүй юм байна. Одоогийн ерөнхийлөгч маань “Шударга байцгаая” хэмээн нүдээ аниж, чихээ бөглөхгүй л бол харагдаж сонсогдтол “орилсоор” өнөөгийн сэнтийдээ заларсан билээ.



Гэвч түүнээс хойш шинэчлэгдсэн зүйл огт алга. Засгийн газрууд нэрээ “шинэчлэл”, “шийдэл” гэж өөрчилснөөс өөрөөр юу ч өөрчлөгдсөнгүй. Ганц шударга байх ч биш ерөнхийлөгчийн маань өөр олон амлалтууд агаар өөд арилж өгөв. Хөрсөн дээр буусан нь нэгээхэн ч үгүй. Ард түмнийхээ толгойг эрэгтэл уран яруу илтгэл унших, ард түмнийхээ төлөө унаж мөлөхтлөө ажиллах хоёр даанч их зөрөөтэй юм даа.