Хааяа хааяа "Сүүлийн үеийн хүүхдүүдийг ээ!" гэж уулга алдмаар юм тохиолддог. Тэр бяцхан "ертөнцүүд" үнэхээр бидний санаагүйг санаж, бодоогүйг боддог болсоор, нийгэм өөрчлөгдөхийн хирээр хүүхдүүд ч бас хувьссаар. Сайн, муу аль аль талаараа тэд өмнөх үеийн хүүхдүүдээс ялгарч байгаа. Орчин үеийн эцэг эхчүүдийн 10 муу зуршлыг танилцуулж байна. Танд аль нэг нь бий юу?

1: Сайн сонсогч болж чадахгүй байх:

"Би чиний насан дээр…" гэдэг бол тун хуучинсаг хэллэг. Цаг үе өөрчлөгдөж, түүнийгээ дагаад хүүхдүүдийн сэтгэхүй, харилцаа, үг яриа ч бас хувьсаж байна. Тиймээс одоо үеийн хүүхдүүдийн нийгэмшлийг ойлгохын тулд үргэлж ярилц. Ярилцахгүй бол ойлголцохгүй гэдэг дүрэм хүүхэд хүмүүжүүлэхэд ч бас хамаатай. Хүүхдийнхээ юу бодож байгааг, яагаад тэгж бодож байгааг нь сайн асуу. Тэгээд өөрт тулгарсан асуудлаа яаж шийдэх нь зөв болохыг өөрсдөөр нь олуул. Хамгийн сүүлд үүнийгээ хэрэгжүүлэхийг нь асуу. Хэрэгтэй гэвэл өөрийн саналыг дэвшүүл. Хэрэв хүүхэд чинь таныг хүндэлдэг бол, таны үгийг анхааралтай сонсож хэрэгжүүлнэ.

2: Хэт ихийг хийх:

Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ төлөө хэт ихийг хийдэг олон хэлбэр бий. Үүний дотор гуйсан юм болгоныг нь худалдаж авч өгөх ч багтана. Амьдралын чинь утга учир болсон хайртай үрдээ бүхнээ зориулмаар байгаа сэтгэлийг чинь ойлгож байна л даа. Хэт хэрэглээний энэ нийгэмд шинэ тоглоом, шинэ трендүд борооны дараах мөөг шиг л олширсон. Эцэг эхчүүд хүүхэддээ хүссэн бүхнийг нь авч өгсөнөөр тэднийг аз жаргалтай байлгаж байна гэж эндүүрдэг. Гэхдээ зүрхнийхээ гүнд бид эд баялаг, хөрөнгө мөнгө аз жаргалыг бий болгодоггүй гэдгийг мэднэ. Хүүхдийнхээ гэрийн даалгавар, бие даалт бүрт нь туслах гэж оролдох, хийх гэсэн бүхнийг нь өмнүүр нь орж гүйцэлдүүлэх ч бас үүнд хамаатай. Гэвч энэ зуршлаа хаяхгүй бол тэдэнд өөрсдийгөө сорих хүсэл тэмүүлэл суухгүй, бүхнээс хойш сууж бусдаар хийлгэхийг эрмэлздэг болно. Түүнчлэн хүүхдээ хэт олон сургалт дамжаагаар булах нь сүүлийн үеийн эцэг эхчүүдэд түгээмэл болсон. Өөрийнхөө сурахыг хүсдэг байсан ч чадаагүй юм бүрийг хүүхдээрээ нөхөх гэж оролдох нь элбэг. Гэвч хэт их ачаалалтай хүүхэд уур уцаартай, сандруу, стресстэй болно. Энэ бүхнийг та хүүхдийнхээ төлөө хийж байна гэж боддог боловч, үнэндээ өөрийнхөө хүсэл сонирхолын төлөө хийж буй юм. Хүүхдээ 2012 оны шинэ ipad-аар саатуулахын оронд, түүнтэй цагийг хамт өнгөрүүлж, үлгэрийн ном уншиж өгч, гадуур цуг зугаалаарай.

3: Харьцуулах, ба шүүмжлэх:

"Чи эгчийгээ хараач", "Чи яагаад хөрж айлын Болдоо шиг байж болдоггүй юм бэ" гэж хүүхэддээ хэлдэг эцэг эхчүүд хүмүүжлийн ямар том алдаа хийж байгаагаа огт ойлгодоггүй. Ингэх нь хүүхдийн тархины хөгжил, өөртөө итгэх итгэлийг бууруулж, хор шарыг малтан, өшөө хорсол тээх зантай болоход нөлөөлдөг. Хүүхдүүдээ давуу ба сул талуудаар нь харьцуулж магтах юм уу муулахын оронд тэдэнд өөрсдийн онцгой "цорын ганц", давтагдашгүй шинж чанаруудыг мэдэхэд нь тусалж, өөрсдөөр нь бахархуулаарай. Хэрэв та байнга хүүхдээ хэн нэгний хүүхэдтэй харьцуулаад байвал, тэдэнд ээж, аав нь өөрсдөөс нь урвасан мэт сэтгэгдэл төрнө.

4: Ээж нь болохоосоо өмнө найз нь болох:

Хүүхэдтэйгээ сайн найз шиг харьцах нь ойр дотно холбоо үүсгэхэд хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ нь тэднийг хүмүүжүүлэхэд тийм ч тустай биш байж мэднэ. Эцэг эх гэдэг бол хүүхдийнхээ багш, удирдагч, хамгаалагч, сургагч байх ёстой. Тоглох, эсвэл хичээлээ хийх, чухал асуудлуудын талаар ярилцах зэрэг тодорхой онцгой үеүүдэд тэдний найз шиг бай. Харин бүх үед найз шиг нь л байвал тэд нөхцөл байдлыг гартаа авч, та эцэг эхийнхээ хүндлэлийг алдана.

5: Айлган сүрдүүлэх:

Орчлон хорвоог бүрэн таньж мэдээгүй яваа хүүхдүүд заримдаа биднийг залхааж орхидог. Энүүгээр тэрүүгээр гүйж, болохгүй гэсээр байтал хийж, шинээр авахуулсан пүүзээ гээчихдэг. Энэ үед бидэнд хүүхдээ хайрлах сэтгэл хэдий байвч, асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж, бяцхан үрээ харааж загнан, уурлаж бухимдах нь энүүхэнд болно. Ингэх нь тэрүүхэн үед хүүхдийг өөрийн том бие, ахмад нас, эрх мэдлээр айлгаж, дуугүй болгож болох ч, эцсийн эцэст тэд таныг хэрхэн ухаан санаагаа, удирдлагаа алдаж байгааг л анхааралдаа авдаг гэдгийг санаарай. Тэд энэ үед өөрсдийнх нь буруу байсан гэдгийг ойлгохоосоо илүүтэйгээр, таныг өөрийнх нь үг үйлдлийг хүлээж авахаас эрс татгалздаг мэтээр ойлгоно. Тиймээс тэд ухаарсандаа биш, айсандаа дуугаа хураадаг юм. Хэрвээ уур чинь хүрэх гээд ирвэл амьсгалаа зөв хуваарилж, гараа далайхаас сэргийлэхийн тулд халаасандаа хийгээд, анхаарлаа хүүхэддээ биш үүссэн асуудалд хандуул. Хүсвэл завсарлага авсан ч болно. Мөн хэрэв та анхнаас нь сайн хүмүүжүүлэх юм бол, ингэтлээ уурлах хэрэг бараг л гарахгүй гэдгийг санаарай. Учир нь суурь сайтай хүүхдүүд өөрсдөө өөрсдийгөө аваад явчихаж чаддаг.

6: Үйлчлэгч шиг аашлах:

Хэрэв та хүүхдээ том болгохыг хүсч л байгаа бол тэдэнд гэрийн ажлыг хуваарилж өг. Тэгвэл тэд энэ гэр бүлийн нэгээхэн чухал хэсэг гэдгээ мэдэрч гэр орныхоо төлөө хариуцлага хүлээж сурна. Энэ нь тэднийг ирээдүйд амьдралаа авч явахад нь ч хэрэгтэй. Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдийнхээ бүх юмыг бэлдэж өгсөөр сурчихсан байдаг. Ингэх нь хүүхдийг ирээдүйд өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гаргах, ямар нэг юм хийх хүсэлгүй болгон төлөвшүүлдэг сул талтай. Хүүхэддээ ажил даалгахаасаа айдаг гол шалтгаан нь тэднийг ядрахаас, эсвэл буруу хийхээс эмээх юм. Хүүхэддээ итгээд үзэх хэрэгтэй. Тэд хариуцлагын үнэ цэнийг ойлгох нь чухал. Гэрийн ажлыг ч бас чухал зүйлд тооцуулахын тулд хөргөгчин дээрээ хуваарь гаргаж наа. Тэгвэл тэдний "мартсан" гэдэг шалтаг хэлэх нь багасна.

7: Хүүхэддээ байнга бууж өгөх:

Хүүхдүүдэд юмны арга эвийг шинээр сурах чадвар тун өндөр хөгжсөн байдаг. Тэд бүтэн өгүүлбэр хэлж сураагүй байсан ч, дуу авиа, үйл хөдлөлөөрөө таниар хэрхэн өөрийнхөө хүссэн зүйлийг хийлгэхээ мэдээд авчихдаг. Багаас нь хүүхэддээ байнга бууж өгөөд сургачихвал, тэдэнд таныг хүндлэх шаардлага үгүй болчихно. Тиймээс таны хүүхэд өсвөр насан дээрээ очмогцоо, таньтай зөрчилдөх нь ихэсч мэднэ. Тэдэнд өөрсдөө шийдвэр гаргах боломжийг ч олго, үүнийхээ хажуугаар хүүхэдтэйгээ боломжийн тохиролцоонд хүрч сур.

8: Тэдэнд эрх чөлөө олгохоос айх:

Хүүхэд чинь цаг мөч өнгөрөхийн хирээр бие хүн болон төлөвшиж байгаа. Тэд биеэ дааж чадна гэдгээ, өөрөө өөрийгөө хариуцах тэнхээтэй болсон гэдгээ харуулахыг хүснэ. Тэдэнд илүү их эрх чөлөө, орон зай шаардагдана. Магадгүй таниас тусдаа өрөөтэй болохыг хүсэх байх. Энэ үд нь шууд татгалзаж болохгүй. Хэрэв хүүхдийнхээ үзэл бодол, гуйлт хүсэлт, бие даах гэсэн эрмэлзлэлд нь эрс ширүүн хариу өгвөл тэд улам бүр зөрүүдэлж, тэмцэхийг оролдох болно. Хүүхдээ өөрийн гараар усанд оруулахаа болино, сургуульд нь өөрийн биеэр хүргэж өгөхөө болино гэхээр танд аймар санагдах байх л даа. Гэхдээ тэд таны үгийг сонсохыг хүссэндээ биш, зүгээр л таны хийдэг зүйлсийг өөрөө хийгээд үзвэл ямар байхыг мэдэхийг хүссэндээ ингэж байгаа гэдгийг ойлгоорой. Тэдний гаргасан санааг сайтар сонсож, зөвшөөрвөл ямар хэмжээ хязгаарын дор хийнэ гэдгийг, зөвшөөрөхгүй бол яагаад гэдгээ тодорхой хэлээрэй.

9: Хязгаар тавихгүй байх:

Хүүхэд энэ хорвоод өөрсдийн төрөлхийн совингоос өөр юу ч мэдэлгүй ирдэг. Бид хүүхдээ аюулгүй байлгахын тулд ихэвчлэн биеийн хөдөлгөөнд нь л хориг тавиад орхидог. Гэвч тэднийг том болохын хирээр сэтгэлзүй, зан авирт нь ч бас хориг тавих нь бидний үүрэг. Хязгаар тогтоох нь муу зүйл биш, энэ нь хүүхдэд зөв бурууг ялган танихад туслах болно. Мөн тэдэнд хийсэн үйлдэлдээ эзэн болоход нь ч бас дэм болно. Хэрэв чи хүүхдийнхээ ааш занг хорьж байгаагүй бол, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ярилцаад, түүнийг ямар байгаасай гэж хүсч буйгаа, яагаад тийм байх нь чухал талаар энгийнээр хэлж өг. Ингэхдээ хүүхдийнхээ төрөлхийн шинж чанарт нь аль болох халдахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ таны хүүхэд хөдөлгөөнтэй бөгөөд, хоол хийхэд чинь туслая гэж гуйгаад байвал "Чи чадахгүй. Үгүй" гэхийн оронд "Тэг тэг, гэхдээ зөвхөн миний зөвшөөрөлтэйгөөр юманд гар хүрнэ шүү" хэмээн хязгаарлалт тавь. Тэднийг томрох тусам тавих хязгаарлалтынхаа цар хүрээг ч бас өргөсгөх хэрэгтэй.

10: Өөрсдөө үлгэр дууриал болохгүй байх:

Хүүхдэд хэмжээ хязгаар, ёс журам байдаг гэдгийг ойлгуулах нь эцэг эх нарын маш том үүргийн нэг. Хүүхдүүд өсч том болох явцдаа, таныг өөрөө тэдгээр дүрэм журамд хэр их ач холбогдол өгч байгааг ажиглаж байдаг. Хэрэв та хог хаяж болохгүй гэж заасан мөртлөө, тэднийг гудамжинд хог хаяхыг нь харсаар байж юу ч хэлэхгүй байвал тэд таны үгийг огт чухал биш мэтээр ойлгох болно. Мөн хүүхдээ чихэр их хэмжээгээр идэхийг нь болиулахыг хүсч байвал, өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөртөө ч, хүүхэддээ ч хязгаарлалт тавьж сур. Бяцхан үрээ өөрийнхөө үгийг сонсдог болгохын тулд хүүхэддээ өөрийгөө итгэж, найдаж болохуйц хүн гэдгийг харуулах хэрэгтэй.