Мосин-Наган винтов

Артиллерийн ахмад Сергей Иванович Мосин агуу зохиолч Тургеневын хамаатан бүсгүйд дурласан боловч ядуу байдлаасаа болж ичгэвтэр байдалд орсон гэдэг. Тэгээд мань эр мөнгөний төлөө нэгэн буу зохион бүтээсэн нь Орос орныг олон дайнд хамгаалсан агуу винтов байсан байна.

1880-аад оны дундуур Хаант оросын арми зэвсгээ шинэчлэх шаардлагатай тулгарчээ. Урд нь тулгарч байсан ч тоогоогүй, хүсээгүй, чадаагүй олон шалтгаан нөлөөлж. Тухайлбал, 1878 онд арайхийж дууссан Орос-Түркийн дайнд оросуудын зэвсэг гологдож л байсан. Оросууд Хайрэм Берданы зохиосон нэг нэгээр сумладаг винтовтой байсан бол Түркүүд явган цэрэг нь Рэмингтоны урт буу (бас л нэг нэгээр сумладаг ч маш хол тусдаг хүчтэй), морин цэргүүд нь винчестер системийн Хенри-гийн буутай (олон үсэрдэг, ковбой загварын lever action) байжээ. Оросууд "Берданка", чехийн зохион бүтээгч Силвестр Крнка-гийн (Sylvester Krnka) зохиосон "Крынка" зэргийг барьж байсан ба бүгд нэг нэгээр сумладаг буудлагын хурд удаан байжээ.
Бууг зохион бүтээгчид нь дандаа хүчирхэг эр хүйсийг төлөөлсөн нэр өгдөг ч хэрэглэгчид дандаа эмэгтэй нэр өгч энхрийлдэг сонин үзэгдэл байх юм.

Ингээд 1880-аад оны дундуур Хаант оросын арми шинэ винтовны уралдаан зарлалаа. Шагналын сан тухайн үедээ л их өндөр. 200,000 рубль.
Баахан загвар ирснээс, оросын С.И.Мосин бельгийн Леон Наган хоёрын буу шалгарчээ. Замагны систем л жаахан өөр байснаас биш, ерөнхий харагдах байдлаараа бол бараг ижил шахуу буунууд байв. Учир нь, ийм ийм үзүүлэлттэй байх ёстой гээд баахан шалгуур тавьсанд нь нийцүүлэхээр ерөнхийдөө адилавтар буунууд болсон хэрэг.
Яг алийг нь сонгох вэ гэдгээ эцэслэн шийдэхдээ зааланд их мэдэгч хүмүүсийн амаар биш, байлдаанд цэрэг эрсийн гараар оруулж үзэхээр болжээ. Дайн тулаан, байгаль цаг уурын эрс тэс, хүнд хэцүү нөхцлүүд, буудаж чадах чадахгүй түмэн эрсийн хатуу ширүүн гараар баахан нухлуулсны эцэст С.И.Мосиний винтов шалгарчээ. Түүний энгийн бүтэц нь олон хэцүү тохиолдолд маш том давуу тал болж байв. Ядаж л эвдрэх, гацах нь бага.
Гэвч 100% төгс бүтээл болоогүй нь үнэн тул нэмж зарим нэг юм хийх даалгавар өгчээ. Мань эрийн буунд Наганы сум өргөгч нь тагандаа бэхлэгддэг сумны магазиныг хийж олон бууддаг болгожээ.
Гэхдээ шалгалтын комисст жаахан новширдог гарууд цуглацан байсан уу үгүй юу. Яг шагнадаг дээрээ ирсэн чинь татганаад эхэлж. Бүтээл чинь шалгараагүй гээд Наган гуайд мөнгө өгсөнгүй. Харин зарим нэг санааг нь шалгарсан буунд тусгасан тул гээд патентийн төлбөр болгож 70.000 рубль санал болгожээ. Наган гуай сэргэлэн капиталист дор нь сэтгээд, "иймхэн юм ашиглуулсны төлөө патентийн төлбөр авахгүй ээ. Санаа зовжийно. Та нар зүгээр л ашигла. Харин өөрийн нутгаасаа гадна буу хийхдээ ашиглавал хийсэн буу бүрээс жаахан төлбөр авч болох юм. Дэмий юмнуудад патентаа алдмааргүй л байна" гэж. Тухайн үед оросын зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадал тун муу. Франц, Америк нтр-д буу хийлгүүлж авдаг байж. Тийм болохоор Наганы саналыг зөвшөөрвөл дампуу юм болох байсан тул аргагүйн эрхэнд өнөөх шагналын 200.000 рублиэ өгч патентийг нь бүрмөсөн худалдаж авчээ. Наган гуай оросууд дээр нэлээн ажилласаан. Дараа нь гар буугаа шахсан.
Харин "өөрийн юм өргүй" гэж Мосин гуайд ёстой новширчээ. Буу нь төгс болоогүй, хүний юм нэмж байж буурхуу юм боллоо гэсэн шиг шагналын мөнгөө өгсөнгүй бууг нь ч нэрээр нь нэрлэсэнгүй. Яахав албан тушаал нтр ахиулсан байх. Мань эр ч ид насандаа өнгөрсөн.
Тухайн үеийн орос оронд метрийн систем хэрэглэдэггүй, дюймийн буюу Imperial Measures хэрэглэдэг байжээ. Дюймийнхаа арваны нэгийг шугам (линий) гэдэг байв. Ө.Х. 0,1 дюймийг нэг линий гэнэ. Мосины винтовын калибр нь 0,3 инч байсан тул "гурван шугамт винтов" гэж нэрлэх болжээ. Трёхлинейная винтовка. Винтовка гэдгийг винт- эргэлдэх, сэнс, rifled гэх мэт үгсийг судлаад үзвэл ойлгомжтой болно.
Энэ хэмжээсийг метрийн системд шилжүүлбэл 3х2,54=7,62 мм болно.
Ингээд хамаг юм бүрдэж албан ёсны буу болсны дараа 1891 онд III Александр хааны зарлигаар армийн зэвсэглэлд хүлээж авав.
Албан ёсны нэр нь Трёхлинейная винтовка образца 1891г. Харин олон улсын нэршил нь Mosin-Nagant rifle.

Наган

Алдарт гар буу.

Хуягт галт тэрэг

Оросын иргэний дайнд өргөн хэрэглэгдсэн хуягт галт тэргийн анхдагч санаа болох галт тэргийг байлдааны зориулалттай болгохын хаант оросын инженерүүд англичуудтай хийж байсан дайны үед санаачлан хэрэгжүүлжээ. 76 мм эхлүүлээд 150 мм хүртэлх их буунуудаас гадна максим пулемётоор зэвсэглэсэн энэ галт тэрэг цагт 24 милл хурдалдаг байжээ.

«Максим» пулемёт

Америкийн зохион бүтээгч Хайрем Максим 1883 онд энэ пулемётоо зохион бүтээсэн бөгөөд эх оронд нь тоогоогүй учир Англид очин өөрийн компаниа байгуулан дэлхийн олон оронд зарж эхэлжээ. Тэр үеийн пулемётуудын нэг дайз 320 сумтай байсан бол Максимынх 666 сумтай байснаараа олон худалдан авагчийн анхаарлыг татжээ. 1888 онд тэрээр оросод ирээд өөрийн бүтээлээ танилцуулахдаа «Messieurs, devant vous l'arme du futur» буюу «Ноёдоо, та бүхэний урд ирээдүйн зэвсэг байна» гэсэн алдарт үгээ хэлж байжээ. Ингээд тэрээр нэг бүрийг нь 769 алтан рублээр 12 ширхэг пулемёт зарж байсан байна. Хожим 1905 оноос Оросын Тульскийн зэвсгийн үйлдвэр уг пулемётыг олон тоогоор үйлдвэрлэж эхэлжээ.

Маузер

Та бидний ном зохиол, кино дэлгэцээс хэдийнээ танил болсон буудлагын энэ зэвсэг германы зэвсгийн мастер Пауль Маузерийн нэрээр нэршиж дэлхий дахинаа алдаршсан ч үнэн хэрэгтээ тэр зохион бүтээгээгүй юм байна. Харин Маузерийн зэвсгийн үйлдвэрийн туршилтын цехэд ажиллаж байсан ах дүү хоёр Федерле шинэ буу хийхээр оролдсоор ийм гар буу бүтээж түүнийгээ эхлээд Р-7,63 гэж нэрлэсэн байна. Гэхдээ л Пауль Маузерийн нэрээр 1895 онд патент авснаар энэ буу ингэж нэршсэн байна. Ингээд 1896 оноос 1939 онд хүртэл нийтдээ нэг сая орчмыг үйлдвэрлэжээ.

Маузер бол Оросын иргэний дайны үед хувьсгалчид, цагаантнууд, дээрэмчдийн гол зэвсэг болж байсан, ЗХУ-ын Ажилчин тариачны улаан арми зэвсэглэлдээ бас хэрэглэж байсан.
Яагаад ингэж хурдан түгээл болов. Хэргийн гол нь хүчин чадалдаа л байсан хэрэг. Авсаархан гар буу атлаа хөнгөн карабины чадалтай, модон гэрийг нь мөрлөгч болгон ашиглаж болдог. Алсын тусгал сайн, сум нь 1000 метрт алах хүчтэй.


ППШ

Шпагины гар пулемёт нь 1941 онд зэвсэглэлд нэвтэрч, дэлхийн 2-р дайнд өргөн хэрэглэгдсэнээс гадна дайны дараах олон тооны зэвсэгт мөргөлдөөн, бага хэмжээний тулгаралтуудад ашиглагдаж байгаад 1951 онд Калашниковын автомат үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш зэвсэглэлээс хасагдсан боловч 1980, 1990-ээд оныг хүртэл дэлхийн олон орон, зэвсэгт бүлэглэл, тухайлбал Солонгосын дайн, Вьетнамын дайн, Афганистаны дайн, Иран-Иракийн дайнуудад ашиглагдсаар байсан байна. Дэлхийн 2-р дайн эхэлсний дараачаас хуучин хэрэглэгдэж байсан ППД-34/40 маркийн буунаас давуу талтай, сайжруулсан, бөөнөөр үйлдвэрлэхэд хямд бөгөөд энгийн бүтэц, зохион байгуулалттай шинэ төрлийн гар пулемётыг яаралтай үйлдвэрлэх шаардлагатай болсны улмаас тухайн үеийн ЗХУ-ын зохион бүтээгч Г.С.Шпагин уг бууг зохион бүтээсэн байна.

Дэлхийн 2-р дайны үед МР-40 автомат Германы цэргүүдийн, ППШ-41 зөвлөлтийн цэргүүдийн бэлэг тэмдэг болж, харин дайны дараах үед АК-47 ЗХУ-ын зэвсэгт хүчний бэлэг тэмдэг болж, дайны үеийг харуулсан бараг бүхий л кинонд зөвлөлтийн чөлөөлөгч цэргийн таних тэмдэг болж, дэлхийн олон орны хөшөө дурсгалуудад мөнхрөн үлдсэн байдаг.


Танк Т-34

Хүнд танк КВ, дунд танк Т-34 ба хөнгөн танк Т-40 Улаан армийн зэвсэглэлд 1939 онд орж ирсэн ба агуу эх орны дайны хягт техникийн үндэс нь болсон юм. Дэлхийн II дайны хамгийн олон тооны дунд танкийг Т-34 гэх ба түүнийг Михаил Ильич Кошкины удирдсан зохион бүтээгчид (Александр Александрович Морозов, Николай Алексеевич Кучеренко, Яков Ионович Барана, Василий Григорьевич Матюхин, Алексей Александрович Молоштанов, Марк Абрамович Набутовский ба бусад нь) Харьковт хийжээ. Хамгийн нэр цуутай ч бас хамгийн "үл танигдсан" танк юм. Фашист Германыг ялсан ялалтын нэг бэлгэдэл нь Т-34. Дайны эхэн үеэр немцийн танкийн эсрэг хэрэгсэл түүнийг устгаж чадахгүй шахуу байлаа. Зузаан хуяг, хуягийн ер бусын налуугаар уг танк давуу талаа авсан байв. 1941 онд Германы танкуудаас Т-34 хамаагүй давуу байсанд маргах зүйлгүй. Гэхдээ хэд хэдэн "но" байлаа. Дурангийн чанар сайн биш. Танкийн дарга нь сумлагчийг хамтран хийж байсан ба орчины хяналт нь хязгаарлагдмал байлаа. Германы танкуудад дарга нь сумлагчийг хийж байгаагүйгээс өөрөө байлдааны талбарыг бүрэн хянах боломжоор илүү байв. Германы танкууд дайны турш Т-34 танкийг хурдаараа гүйцээгүй билээ. Я.Е.Вихман, И.Я.Трашутин хоёрын бүтээсэн В-2 дизель хөдөлгүүр нь уг танкийн хурдыг хийж өгсөн ба тэр түлш голдоггүй, хэмнэлттэй байжээ. Энэ танк 1943 онд Улаан армийн хамгийн олон тооны машин болсон юм. Германы армид хүчтэй танкууд ба танк эсэргүүцэх шинэ зэвсэг гарч ирсэн билээ. Тэдний эсрэг ганц зам байсан нь Т-34-ыг шинчлэн 85 мм-ын буутай урт хуягийг нь зузаалах хэрэгтэй болсон юм. Ингээд шинээр үйлдвэрлэгдсэн Т-34-85 танк олноор фрондод гарч ирэн энэ машины алдар нэрийг бүтээж өгчээ. Дайны үеэр энэ танкийг долоон үйлдвэрт хийсэн ба нийтдээ 33805 ширхэг Т-34, 21046 ширхэг Т-34-85 ба тэдний шасси дээр бүтээгдсэн өөрөө явах их буу 5780 ширхэгийш тус тус үйлдвэрлэжээ.

Калашниковын автомат

Калашниковын автомат нь оросуудын зохион бүтээсэн хамгийн алдартай зэвсэг байж магадгүй юм. Зөвлөлтийн зэвсгийн инженер Михайл Калашников 1947 онд Калашниковын автомат (оросоор Автомат Калашников) буюу АК-47 хэмээх өөрийн нэрээр нэрлэсэн автомат бууг зохион бүтээжээ. Тэр цагаас хойш АК-47, АКМ-ийг оролцуулаад сайжруулж зассан янз бүрийн загварын 90 сая орчим автоматыг 100 гаруй оронд хэрэглэж байна.

МиГ-15

МиГ-15 (НАТО-ын нэрийн кодоор: Fagot, МиГ-15УТИ — Midget) нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч Артём Иванович Микоян ба Михаил Иосифович Гуревичын 1947 онд бүтээсэн тийрэлтэт сөнөөгч онгоц юм. МиГ-15 нь дэлхийн олон улсад төдийгүй Солонгосын дайнаас эхлээд олон тулаанд оролцсон байна.

РПГ-7 пуужин харвагч

Авсаархан, танк эсэргүүцэгч пуужин харвагч, РПГ-7-г ЗХУ-д бүтээжээ. Үүнийг бүх төрлийн хуягт, танкийн эсрэг ашиглах зориулалттай. РПГ-7 нь тун энгийн загвартай зэвсэг юм. Хямд, үр ашигтай байдаг нь РПГ-7-г дэлхийн даяар өргөн ашигладаг, айж явах зэвсгийн нэг болгожээ.