“Монгол Ардын намын дарга гэдэг Монгол Улсын Ерөнхий сайдтай дүйх албан тушаал”... Энэ үгийг өчиг­дөрхөн уулзаж ярилцсан эрхэм маань хэлж байв. Зөв­хөн нэг хүний ч бус нэлээн олон хүн, тодруулбал МАН-ынхан ийн хэлэх нь олонтаа. МАН-ын даргын суудлаас Ерөнхий сайдын тамгыг атгах гэсэн улстөрчдийн “тулаан” тус намын дотоод зөрчлийг өнгөрсөн он жилүүдэд хурцатгаж ирсэн нь ч үүнтэй холбоотой.

Хэдийгээр өнөөдөр МАН ялаг­дал хүлээж, сөрөг хүчний хүндхэн үүргийг нуруун дээрээ үүрч буй ч тэдний талд ялалт эргэн ирэхийг үгүйсгэх аргагүй. Гол нь тэр ялалтыг намдаа эргүүлэн авчрахын тулд МАН-ын XXVII их хурлын төлөөлөгчид байж болох хамгийн зөв нэр дэв­шигчийг тодруулж, түүний­гээ намын даргаараа сонгох учиртай.

Тэгвэл тэд өнгөрсөн хугацаанд хэнийг сонгож, хэнд итгэл хүлээлгэж байв. Энэ мэдээллийг шүүн үзэхэд 90 жилийн хугацаанд даргын эрх мэдэл эдэлж байсан нарийн бичгийн дарга нарыг нь нэгтгээд 27 хүний түүх, намтар дэлгэгдэнэ. Гэсэн ч сүүлийн 20 жилийн улс төрийн үйл явц хийгээд төрийн түүхийг хүүрнэн өгүүлж чадахуйц таван даргынх нь тухай мэдээллийг тоймлон хүргэе.

Н.Багабанди: Улаанбаатар хотын Архи пивоны комбинатын завсарчин, механик инженерийн албанаас гэнэ сэрэггүй улстөрч болох замыг сонгосон түүний тухайд олныг дүгнэнэ гэхэд хэцүү. Хэдийгээр түүнийг олон нийт “хийгүй” Ерөнхийлөгч хэмээн үнэлдэг ч улс төрийн далд зөрчилд зучил нэмж, түүнийгээ дэвэргэж, өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн “гал голомт”-ыг таслахгүй авч яваагаас нь харвал тэрбээр жирийн бус нэгэн. УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа Хятадын тагнуул, хятадуудаас авлига авсан гэх хардлага, сэрдлэгэд өртөж байсан ч энэ бүх яриа өнөөдөр ердөө л улс төрийн явуулга хэмээн бичигддэг. Түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшихээсээ өмнө буюу 1997 оны хоёрдугаар сараас зургаадугаар сарын хооронд ердөө дөрөвхөн сарын хугацаанд МАХН-ын даргын албыг хашсан. Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдсон нь түүнд насан туршийн хүндэтгэлийг бий болгосон. Гол нь тэрбээр МАХН-ын даргаар ажилласан дээрх дөрвөн сарыг тун гайхалтайгаар ашиглаж чадсан. УИХ-ын даргын албанаас Ерөнхийлөгч рүү үсрэх үсрэлтийг хийхийн тулд МАХН-ын даргын албыг гишгүүр болгон ашиглаж чадснаас харахад түүний хувь улстөрчийн дотор бодлыг гайхаад барамгүй. Харин Ерөнхийлөгч болсноосоо хойд тэрбээр МАХН-аар ч тэр, Ардчилсан намаар ч тэр тоглосон шиг тоглосон гэвэл буруудах зүйл үгүй. Намд болон төрд хашиж байсан албан тушаалаа ашиглан бий болгосон өөрийн бизнес, улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахын тулд гүйцэтгэх засаглалаар товчхондоо айл гэр­дэж тоглосон нь түүнд хийгүй гэх тодорхойлолт ахдаж буухыг илтгэнэ.

Н.Энхбаяр: Монгол Улс ард­чиллын замд шуударсан цагаас хойш МАН-ын даргын албыг хамгийн удаан хугацаанд хашсан эрхэм бол Н.Энхбаяр. Тэрбээр 1997 оны зургаадугаар сараас эхлэн 2005 оныг дуустал уг албыг хашсан бөгөөд сүүлийн жил нь Ерөнхий сайдын албыг ч давхар хашсан. Түүнийг МАН-ын дарга байх хугацаанд нам нь хэтэрхий гэмээр хүчтэй байсан ч тэр бүхэн нь ердөө ганцхан хүний эрх мэдэлд төвлөрч байсан түүхтэй. “Намд ардчилал алга боллоо” хэмээн хашгирсан намынхаа гишүүдийг эрх мэдлийн хуваарилалтын гадна үлдээж, МАН-ыг жинхэнэ утгаар нь “хориотой ордон” болгож орхисон юм. Түүнчлэн намынхаа залуусыг хоёр хуваасан, эхнэрээрээ намыг ч төрийг ч удирдуулсан, лидерүүдээ дотор нь хагаралдуулж, өөрийн тойрон хүрээлэгчдийн эдийн зас­гийн чадавхийг илт нэмэгдүүлсэн гэх мэт гэмийг намынхан нь түүнд үүрүүлдэг. Үүний жишээ нь ч өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн шүүх хурал болон ялын дүгнэлт батлах бөгөөд ардчилсан нийгэмд албан ёсны хаан мэт өргөмжлөгдсөн онцгой хувь тавилан түүнийх байсан гэвэл хэтрүүлсэн болохгүй болов уу.

М.Энхболд: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас 2005 онд МАН-ын даргын албыг авч, 2007 оны арваннэгдүгээр сарыг дуустал хаш­сан түүний хувьд гэнэтийн гэмээр эргэлтийг намдаа авчирсан гэдэг. Хэдийгээр өнөөдөр “хотын фракц”-ын “загалмайлсан эцэг” хэмээн буруутгагддаг ч түүнийг МАН-ын жирийн гишүүдийн зүгээс “Хориотой хотод салхи оруул­сан” гэдэг талаас дурсах нь бий. Түүнчлэн түүнийг анх томилогдоход нь Ерөнхийлөгч Н.Энхбаярын утсан хүүхэлдэй болох нь гэж харж байсан бол тэрбээр их удалгүй “Бие даасан улс­төрч“ гэдгээ илэрхийлж эхэлсэн юм. Зөвхөн Асгатын мөнгөний ордыг Оросын “Полиметалл”-д өгсөн Н.Энхбаярыг шийдвэрийг цуцалж, Монголын талд үлдээх зориг гар­гасныг нь дурьдахад хангалттай.

Үүгээр зогсохгүй Н.Энхбаяр гэдэг даргынхаа өөдөөс бараг л эгцэлж ч харах чадваргүй МАН-ын гишүүд М.Энхболдын үед Онц их хурлын төлөө хөдөлгөөн, Элсний 13 гэх мэт бүлэг, фракцийг байгуулж, намынхаа даргыг хатуу ширүүн үгээр шүүмжлэх эрх чөлөөг эдэлж эхэлсэн түүхтэй.

С.Баяр: М.Энхболдоос МАН-ын даргын суудлыг хүчээр шахуу булаан эзэлсэн дараагийн шинэ дарга нь С.Баяр. Ингэхдээ түүнийг Н.Энхбаяртай хүч хавсарсан гэх яриа байдаг бөгөөд УИХ-ын гишүүн асан Н.Болормаа тэргүүтнийг боломжийн гэгч нь хурцалж өгснийг тухайн үеийн мэдээллүүд та бидэнд илтгэнэ. Хамгийн сонирхолтой С.Баяр нь МАН-ын даргын хувиар их хурлынхаа индрээс Ерөнхий сайдын албан тушаалыг “гуйсан” бөгөөд энэ нь түүний улстөрчийн рейтингийг нэг хэсэгт нь өргөж байхад нөгөө хэсэгт нь унагасан юм. Мөн С.Баяр даргын тухайд анхнаасаа сонирхолтой шийдлээр МАН-ын даргын эрх мэдлийг атгасан шигээ Ерөнхий сайдын хувиар стандарт бус шийдвэрүүдийг удаа дараа гаргаж, улс төрд сөрөг хүчин хийгээд олонхи байдаггүй гэдгийг нотлохыг оролдож байв.

С.Батболд: МАН-ын даргын албын тушаалыг сонгуулиар бус харин шууд оноолтоор авсан түүний тухайд тус намд байгаагүй дипломат дарга байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Түүнчлэн МАН-ын дарга, Ерөнхий сайд болох­тойгоо зэрэгцээд тус намд байгаагүй шинэ гишүүдийг намдаа элсүүлж, тэднийгээ олноор нь эрх мэдэлд хүргэснээр намын нь эгэл гишүүдийн бухимдлыг төрүүлсэн удаатай. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргынхаа улс төрд эзэлсэн орон зай, намын гишүүдийнхээ итгэлийг хүлээсэн лидерийн мөн чанарыг давж гарч чадаагүй нь С.Батболдод хувьд хувь хүнийхээ тухайд төдийгүй МАН-д ялагдал хүлээх эх үндэс болсон юм.

Ө.Энхтүвшин: Түүнд МАН-ынхан Орон нутгийн сонгуулийн өмнө итгэл хүлээлгэж, намын даргаараа сонгосон. Тус намд байгаа хамгийн туршлагатай улстөрчийн хувиар тэрбээр энэ цаг үед МАН-ыг удирдах боломжтой цөөхөн лидерийнх нь нэг яах аргагүй мөн. Гэсэн ч тэрбээр өнгөрсөн хагас жилийн хугацаанд ялагдлын шокноосоо гарч чадахгүй тал, тал тийш бутарсан МАН-ыг эвлэрүүлж, нэгтгэсэн нь үгүй. Тиймээс ч тус намын Бага хурал түүний санал болгосон нарийн бичгийн даргыг сонгохоос татгалзаж, олонх нь саналаа “харамласан” удаатай. Мөн өнгөрсөн сард болсон Бага хур­лынхаа үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд намынхны нэгдэж ажиллаж чадаагүй гэдгийг ний нуугүй шүүмжилснээрээ Ө.Энхтүвшин гэдэг хүн МАН-ыг удирдах чадваргүй нэгэн болохыг нь илтгэсэн юм.

Тэгвэл дараагийн дарга нь хэн бэ. Үүнийг өнөөдөртөө таамаглан хэлэх боломжгүй ч хэвлэлээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн М.Энхболдын нарын нэр хүчтэй бичигдэж буй. Түүнчлэн 1960 оныхноос МАН-ын даргыг сонгох нь тодорхой болсон гэх. Ямар ч байсан ирэх долоо хоногийн ням гарагт тодрох МАН-ын шинэ дарга өмнөх үеийнхнийхээ туршлагыг ул болгохоос татгалзаж, шинэчлэлийг шийдэмгий удирдах нэгэн байх юм гэсэн шүү.

Г.Отгонжаргал

Эх сурвалж: Улстөрийн тойм сонин