Coach дээр гарсан энэ сонирхолтой нийтлэлийг “орчуулан”, өөрийнхөө зургаар баяжуулан хүргэж байна.

Нэг хүн Уоррен Баффеттаас түүний амжилтын нууц юу болохыг асуужээ. Тэгтэл тэр давхарлаж тавьсан номнууд руу заагаад ингэж хэлжээ:

Өдөр бүр энэ шиг 500 хуудас унш. Мэдлэг ингэж л бүрддэг юм. Бага багаар нэмэгдэнэ, яг л цогц сонирхол шиг. Та нар бүгд л ингэж чадна, гэхдээ олонх чинь уншихгүй гэж мөрийцсөн ч болно…

Уоррен Баффеттийн энэ үгийг уншмагц нэг л зүйл биш байлаа.


1. Эхлэхээсээ өмнө бууж өгч болохгүй

“Өдөрт 500 хуудас унш” гэсэн зөвлөгөөг сонссон энгийн хүн бол “Яаж амжих юм бэ?” гэж уулга алдах байх. Тэгээд “Би завгүй”, “би уншдаг хүн биш” гэх мэтээр бодолгүйгээр шалтаг хайж эхэлнэ. Гэхдээ амсхийгээд бодоод үзвэл жилд 200 ном уншихын тулд яг юу хэрэгтэй вэ? Тоо бодоод үзье, жилд 200 ном унших тийм ч хэцүү биш.

Яг л Уоррен Баффеттийн хэлдгээр “хэн ч хийж чадна, гэхдээ бүгд хийхгүй”.


2. Тоо бодъё

Жилд 200 ном уншихын тулд хэр их хугацаа шаардлагатай вэ?

Юун түрүүнд хэдэн статистик тоо:

  • Энгийн хүн нэг минутад 200–400 үг уншдаг (Medium идэвхтэй ашигладаг хүн бол минутад 400 үг уншчих биз)
  • Зөгнөлт бус, дундаж ном ойролцоогоор 50,000 үгтэй

Тоо бодох цаг…

200 ном * 50,000 үг/нэг ном = 10,000,000 үг

10 сая үг / (400 үг/минут) = 25,000 минут

25,000 минут / 60 = 417 цаг

За, ийм л байна. Хоёр зуун ширхэг ном уншихын тулд дунджаар 417 цаг шаардлагатай.

“417 цаг” гэсэн тоог хараад зарим чинь уулга алдаа биз. Долоо хоногт 40 цаг ажиллаж байж яаж ном уншихад 417 цаг зарцуулах юм бэ? Санаа зоволтгүй, 417 цаг яг хэр их хугацаа вэ гэдгийг бодоод үзье.


3. Цаг гарга

417 цаг үнэхээр л урт хугацаа шиг санагдаж байгаа байх. Гэхдээ энэ хугацааг харьцуулаад бодоод үзье л дээ. Дундаж хүн жилд дараах хугацааг дараах юмыг хийж өнгөрөөдөг байна:

  • Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээнд 608 цаг
  • Телевиз үзэхэд 1642 цаг

Үндсэндээ жилд 2250 цагийг “шал хэрэггүй” юманд зарцуулж өнгөрөөдөг байна. Оронд нь ном уншиж суусан бол хүн жилд 1,000 ном уншчих байж.

Ном их уншдаг хүмүүсийн нууц: Ном унших тийм ч хэцүү бишээ. Бидэнд хангалттай их цаг байгаа. Өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй нэг дадал бол бид “хэрэггүй юманд” хэтэрхий их донтож, юу чухал вэ гэдгийг анзаарах сөхөөгүй байдаг юм.

Twitter-ээр хэрүүл хийж, савангийн дуурь үзэж суухынхаа оронд л ном уншчихад болно. Санаа бол амархан, хэрэгжүүлэх л хэцүү.


4. Хэрэгжүүл

Бид бүгд л ном унших нь чухал, уншиж буй номныхоо тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгодог. Гэхдээ л бид хийдэггүй. Үүний гол шалтгаан бол гүйцэтгэлийн алдаа. Эдгээр алдааг засахад туслах хэдэн зөвлөгөөг жагсаалаа.

I. Орчноо өөрчил

Хар тамхичин хүн хар тамхинаас гарахаар шийдсэн бол гэртээ зүгээр л хэвтээд байх уу? Мэдээж үгүй. Медиа бол хүмүүсийг донтуулах зорилгоор хийгдсэн зүйл. Медиа донгоо хаях хар тамхины донгоо хаяхтай л адил хэцүү байдаг гэсэн.

Хамгийн үр дүнтэй алхам бол орчноо өөрчлөх байдаг байна.

Хэрэв ном идэвхтэй уншъя гэвэл (1) саад болох бүх зүйлийг орчноосоо зайлуул, (2) номоо барьж авахад хялбар болго.

II. Шинэ дадалтай бол

Амьдралын хэв маягаа зөнгөөрөө өөрчилнө гэвэл бүтэхгүй. Тэрний оронд зорилго тавиад, дадлаа өөрчил. Хүн өөрийн дадал зуршлаа өөрчлөхөд ердөө 21 хоног л хангалттай байдаг гэж хаа нэгтээ уншиж л байсан биз дээ. Нэг сар гүрийхэд л таны амьдралын нэг хэсэг л болох болно.

III. Олон төрлийн платформ ашигла

Ном уншихдаа ганцхан хэв маягийг биш, олон янзын техникийг ашигла. Зорилго чинь их унших учир, хаана, юу ашиглаж унших нь чухал биш. Цаасан ном уншиж болно. Утас, таблет, цахим уншуур дээр уншиж болно. Бүр аудионом ч “уншиж” болно шүү дээ. Тэгээд хаана ч хамаагүй: гадаа нарлаж суухдаа, автобусанд зорчихдоо, жорлон дээрээ хэдэн хором байхдаа ч тэр.

Зүүн талын зураг нь миний Goodreads дээр уншихаар жагсаасан номууд; Баруун талын зураг бол миний iPhone дээр iBooks апп дотор байгаа аудиономууд.
Би нэг өдөр нэг ном уншаад л миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. — Орхан Памук

Ном унших дадалтай болж, ертөнцийг харах цонхоор өргөжүүлье гэвэл дээрх зөвлөгөөнүүдийг дагаад үзээрэй.

Дээрх нийтлэл эх хувилбараараа анх Betterhumans.Coach.me Medium Publication дээр Charles Chu-ийн нийтэлснээр англи хэлээр гарсан болно.

Go to the profile of Anu Harchu