Монгол Улсын дээд боловсролыг АНУ-ын шилдэг их сургуулийн жишгээр шинэчилнэ хэмээн сүр бадруулан эхэлсэн ажил эсэргүүцэл, маргаан дагуулсаар нэг он үдэв. Гэтэл МУИС-д хэрэгжүүлж буй "Харвард, Стэнфордын" шинэчлэл амжилттай хэрэгжсэн эсэх нь улам эргэлзээтэй болжээ.

Энэ оны зун шинэчлэлийг санаачлагчдын хооронд хагарал гарч, тэдний нэг хэсэг нь МУИС-ийн өнөөгийн удирдлага шинэчлэлийг хэрэгжүүлж чадахгүй боллоо хэмээн үзсэнээр захиралуудын албан тушаалаа хүлээлгэн өгчээ.

Дээрх хүмүүсийг цохон тэмдэглэж буй учир нь гэвэл, тэд МУИС болон дээд боловсролын шинэчлэлийг анх санаачилсан гол хүмүүс ажээ. МУИС-ийн дэд захирал Л.Мөнх-Эрдэнэ, дэд захирал Ч.Нарантуяа тэргүүтэй багш нар МУИС-ийн захирал А.Галтбаяр шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж чадаагүйн улмаас бүтцийн өөрчлөлт өнөөдөр хүнд байдалд орсон хэмээн албан ёсоор мэдэгдэл гаргасан юм. Тэдний үзсэнээр захирал А.Галтбаяр нь МУИС-ийг удирдах чадваргүй бөгөөд хөрөнгө мөнгөний асуудалд ч орооцолдож, хууль бусаар, ямар нэг сонгон шалгаруулалт зарлалгүй ажил гүйцэтгүүлж байсан гэдгийг тэд мэдэгдэж байв.

МУИС-ийн шинэчлэлийг анх санаачилсан хүмүүс нь шинэчлэл хэрэгжсэнгүй гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч, өнгөрсөн зун дэд захиралын ажлаа хүлээлгэн өгсөн бол энэ удаа МУИС-ийн захирал А.Галтбаяр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөнийг time.mn сайтад мэдээллээ. Түүний ажлыг БСШУЯ-ны газрын дарга байсан Р.Бат-Эрдэнэ хүлээн авах гэнэ.

МУИС болон Монголын дээд боловсролын шинэчлэлийг санаачилсан хүмүүс ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн тул маргаантай эхэлсэн дээд боловсролын шинэчлэл эргэлзээтэй болж байгаа нь ийнхүү тодорхой байна.

Монголын дээд боловсролын салбар сүүлийн хорь гаруй жилд нэн хүнд байдалд орж, үүнээсээ гарч чадахгүй тэлчилж байгаа юм. Энэ нь нэг талаар урьд өмнөх дээд боловсролын шинэчлэлүүд буруу байсныг илтгэдэг. 1990-ээд онд дээд боловсролыг барууны жишгээр шинэчилсэн гэх боловч энэ нь ихэвчлэн хоосон загвар, улс төржилт, мөнгө хөрөнгө, нам дагасан албан тушаалын асуудал, хэрүүл маргаан, чанаргүй олон докторуудыг л төрүүлсэн билээ.

Хорь гаруй жилийн өмнө, улсаас бүрэн санхүүжиж, зөвхөн шилдэг оюутнуудыг элсүүлэн сургадаг байсан Монголын тэргүүлэх их, дээд сургуулиудын чанар асуудал болжээ. Тухайлбал, өнөө цагт МУИС зэрэг тэргүүлэх улсын их сургуулиуд нь оршин тогтнохын тулд хувийн сургууль адил оюутны сургалтын төлбөрөөр л амь төдий санхүүждэг юм. Тэдний оршин тогтнох эсэх нь сургалтын төлбөрөөс л бүрэн хамаарах болсон тул хамгийн шилдэг гэгдэх МУИС-ийг ч төлбөрөө төлсөн хэн ч гэсэн төгсөх хэмжээнд хүрч, чанар нь муудав. Хичээлдээ суудаггүй, бие даалт ч хийж үзээгүй оюутан сайн дүнтэйгээр МУИС-ийг төгсөх нь одоо нэг их гайхах зүйл биш болжээ.

Гэхдээ, монголчууд боловсролоо нураасны шанг нийгмээрээ төлж байгаа билээ. Чанаргүй, "дээд боловсролгүй" их сургууль төгсөгчид төрийн албанд очиж, багш, эмч зэрэг ажлыг хийх болсон төдийгүй компанийн удирдлагад хүртэл багтан орсоор. Харин тэд одоо нийгмээ нурааж байна.

Монголын дээд боловсролын ирээдүй улам бүр бүрхэг болж байгаа энэ үед БШУЯ-аас явуулж буй дунд боловсролын шинэчлэл гэгч нь ч хүчтэй шүүмжлэл дагуулж байна. БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БСШУЯ-ны дарга, "Мүүний" гэгдэх Б.Насанбаяр нарын санаачлан хэрэгжүүлж буй дунд боловсролын шинэчлэлийн гол зорилт нь "Зөв монгол хүүхэд" нэртэй хөтөлбөр ажээ. Энэ хөтөлбөр бүх монгол хүүхдийг дөрвөн жилийн дотор "зөв" болгох зорилттой гэнэ.

Гэвч энэ хөтөлбөрийг зарлаж эхлэх үеэс л олон нийт, төрийн бус байгууллагууд, багш нар арай ч дээ хэмээн толгой сэгсрэн хүлээн авсан. Тэд ард түмний хүүхдүүдийг ингэж зөв, зөв бусаар ялгаварлан үзэж, "сайд байх хугацаандаа хүүхдүүдийг чинь зөв болгоно" гэж байгаа нь ард түмнээ тавлаж байгаатай адил ёс суртахуунгүй хэрэг хэмээн эсэргүүцсэн юм. Энэ хөтөлбөр гэгчид шинжлэх ухааны үндэслэл ч алга хэмээн иргэд багш нар үзжээ.

Дунд боловсролын шинэчлэлийн гол зорилт нь "Зөв монгол хүүхэд" хэмээх боловч БШУЯ-ны мэргэжилтнээс ""зөв хүүхэд" гэж яг хэнийг хэлэх вэ?" гэж асуухад, үүнд мэргэжилтэн нь ч өөрөө хариулж чадаагүй ажээ. Үүнийг олон хүн телевизээр харсан юм.

Ч.Номун

Эх сурвалж: www.gashuun.mn