Erunhiilugch-МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН УЛСТӨРД ОРОЛЦДОГ БОЛСНЫ ЖИШЭЭ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д төрийн айчлал хийж буй. Айлчлалынхаа хүрээнд тэрбээр БНАСАУ-ын төр, засгийн тэргүүн нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны хэтийн төлөв, мөн бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох ажээ. Ерөнхийлөгчийн хийж байгаа энэхүү айчлал нь олон улсын анхаарлыг татаж байна. Учир нь БНАСАУ нь цөмийн зэвсэгтэй орон гэдгээрээ дэлхийд танигдсан бол Монгол Улс эдийн засгийн арвин нөөц, хөшүүрэгтэй, ардчилсан орон хэмээн тодотгогддог учраас дэлхийн хараанд оржээ. Шууд хэлбэл Монгол Улс дэлхийн улс төрийн халуун цөмд нэвтэрчээ. Хоёр орны хамтын ажиллагааны үр дүн, ашгийн тухайд дурдъя. Хойд Солонгосын зарим технологи манайд нэвтэрвэл монголчуудад ашигтай. Тэд нүүрс, шохойн чулуунаас хиймэл даавуу болон 30 гаруй төрлийн материал гаргаж авдаг. Харин Монгол Улс шохойн чулуу, нүүрсний маш их нөөцтэй учраас энэ төрлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдах боломж бүрдэх юм. Түүнчлэн Хойд Солонгосын далайн гарцыг ашиглавал бидэнд мөн л ашигтай байх нь.

Онгоцоор хоёр цаг, авто тээврээр хоног хүрэхгүй хугацаанд Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл рүү тээвэрлэгдэнэ гэдэг далайд гарцгүй монголчуудын хувьд хамгийн том боломж. Харин Хойд солонгосчуудын хувьд Монгол Улсын нэр нөлөө, нөмөр нөөлөг үүнээс ч их хэрэг болох нь дамжиггүй гэдгийг судлаачид онцолж байгаа. Учир нь хоёр Солонгосын хагарлаас болж хойд Солонгосын аж ахуй, бүтээн байгуулалт гээд дотоодын амьдрал нь тааруу байгаа бөгөөд манайх шиг дэлхийн орнуудтай найрсаг харьцаатай, баялаг орныг түшвэл хамгийн найдвартай хамгаалалт болох юм. Үүний сацуу Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монголын мал аж ахуйг хамгийн ихээр сонирхож байгаагаа тэд илэрхийлсэн байна лээ. Хоёр орон эдийн засгийн салбарт хамтран ажиллавал ямар дэвшил гарахыг өнгөц дурдвал ийм.

-ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААНД КИМ ИР СЕН ЧУХАЛ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСНЫГ ОНЦОЛЖЭЭ-

Харин дэлхийн орнууд энэ хамтралыг нэг их ойшоохгүй гэдгийг хэлэх хүмүүс бий. Манай бүтээгдэхүүн хойд Солонгосын боомтоор дэлхийн зах зээлд гарвал Хятад, Япон, Орос гээд ойрын хөршүүдэд ашиггүйгээс гадна олон сөрөг нөлөөтэй гэгдэж байна. Тэр ч бүү хэл айчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргийн хамтаар БНАСАУ-ын Панмүнжоны цэрэггүй бүсэд зочилсон нь олон улсыг гайхшруулсан. Энэ үйл явдал хоёр орны найрамдалт харьцаа ямар түвшинд байгааг тод харуулсан хэрэг болсон. Хойд Солонгосын цэрэггүй бүсэд хүндэт харуулынхны өмнүүр эмэгтэй хүн явах ёсгүй байдаг аж. Гэсэн ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаа нарыг ийн эмэгтэй хүн огт явуулж байгаагүй газраараа алхуулсан нь манай улсын Ерөнхийлөгчийг ихэд хүндэтгэж буйн хамгийн тод илэрхийлэл боллоо.

Гадны хэвлэлүүд ч энэ тухай онцолж байна. Тухайлбал, "Нодон Синмун" сонинд бичихдээ, БНАСАУ-Монголын найрсаг харилцаа түүхэн олон чухал үйл явдлаар дамжин тогтвортой хөгжсөөр ирсэн. Тухайлбал, хоёр улсын хоорондын ах дүүгийн барилдлага, хамтын ажиллагаа, ард түмэн хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд Ерөнхийлөгч Ким Ир Сен чухал хувь нэмэр оруулсан” гэжээ.

Энэ жил Ерөнхийлөгч Ким Ир Сены Монгол Улсад хоёр дахь удаа айлчилсны 25 жилийн ой, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйгаараа чухал ач холбогдолтой юм. Энэ онд тохиож буй эдгээр ойн баярт хоёр улс хамтдаа чухал ач холбогдол өглөө. БНАСАУ болон Монголын найрсаг, үр өгөөжтэй харилцаа урт хугацааны түүх, уламжлал болон хөгжсөн олон салбараар дамжин сүүлийн жилүүдэд бэхжиж буй. Монголын ард түмэнтэй харилцаагаа бэхжүүлэхийг БНАСАУ-ын ард түмэн эн тэргүүнд тавих болно. Монгол Улсын найрсаг төлөөлөгчдийн Умард Солонгост хийж буй энэ айлчлал үр өгөөжтэй байж, тааламжтай өдрүүдийг өнгөрөөнө гэж найдаж байна гэж "Минжү Жосон" сонинд бичжээ.

Э.Номин

Эх сурвалж: Мэдээ.мн