Цагаан сар болж, хөөргийн үнэ цэн, өнгө үзэмж ид яригдаж байна. Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болжээ.Хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болжээ. Монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байдаг. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт,хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг гэнэ. Тиймээс Монголын тэргүүн баячуудын хөөрөгний цуглуулганаас та бүхэнд сонирхуулж байна.

МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХӨӨРГИЙГ “МОН-УРАН"- Ы НАРАНХҮҮ БАРЬДАГ

Монголын тэргүүн баячуудын жагсаалтанд байнга дээгүүрт нэр нь бичигддэг Мон-Ураны Наранхүү хэмээх эрхэм бий. 20 тэрбумаар тойрог худалдаж авсан гэдэг хэл аманд өртөж байсан эрхэм гишүүний хувийн эдлэж хэрэглэж байгаа бүхэн олны анхаарлыг үргэлж татаж байдаг. Түүнийг 800 саяар морь худалдаж авсан, тус бүр нь хагас тэрбумын үнэтэй дөрвөн машин авч, машиныхаа дотор талд алтаар нэрээ сийлүүлсэн, ганцхан жилийн дотор моринд л гэхэд хоёр тэрбумыг зориулсан гэдэг мэдээлэл цацагдаж байдаг. Тэгвэл энэ удаа тэрбээр Монголын хамгийн өндөр үнэ өртөгтэй, эртний хөөргийг гартаа барьж байгаа хүнээр бас л тодров. Эрхэм гишүүн Наранхүү 16-р зууны үеийн эртний эдлэл болох хуучны хөөргийг 380 сая төгрөгөөр үнэ цохин худалдаж авсан аж.

Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГА МАНЗУШИР ХУТАГТЫН ХӨӨРГИЙГ БАРЬДАГ

“Би Монголынхоо уламжлалт гар урлал, дархчуудын ур ухаан, шингэсэн бүтээлүүдийг сонирхдог. Заримыг нь цуглуулдаг. Өөрөө ч бас эдэлж хэрэглэдэг. Ер нь монголчуудын урлаж бүтээсэн зүйлд монгол хүний дотоод сэтгэл," ур ухаан, хүсэл тэмүүлэл шингэсэн байдгаас гадна ур хийц нь дахин давтагдашгүй" байдаг гэж ярьдаг УИХ-ын эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ эртний эдлэл, үнэтэй чамин зүйлд гар татдаггүй нэгэн. Тэрбээр хэд хэдэн сайхан хөөрөгтэй. Тэднээс хамгийн алдартай нь Манзушир хутагтын барьж байсан хөөрөг гэнэ. Олон хутагтын гар дамжиж, аймаг сум дамжин зарагдаж явсаар энэ хөөрөг 1990 оны эхээр Дархан аваргын гар дээр иржээ. Мөнгө хатуу байх үед энэ хөөргийг Б.Бат-Эрдэнэ чамлахааргүй өндөр үнэ төлж авсан гэдэг. Энэ хөөрөг түүний гарт ирснээр олз омог, алдар, нэр, бас санасан хүсэл бүхнийг нь биелүүлсэн гэж ихэд бэлэгшээдэг учраас Б.Бат-Эрдэнэ гишүүн хөөргөө төдийлөн олон хүнд харуулаад байдаггүй. Жилдээ хоёр гурван удаа л гаргаж барьдаг гэсэн шүү.

Д.ДАГВАДОРЖ АВАРГАД МАНЛАЙ ВАН ДАМДИНСҮРЭНГИЙН ХӨӨРӨГ ХАДГАЛАГДАЖ БАЙНА

Монголын түүхэнд Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, эрдэнэ дайчин, манлай баатар чин ван Ж.Дамдинсүрэн гэдэг нэр тун тодоор үлдсэн нь бий. 1871 онд Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн шинэ барга зүүн гарын Шулуут цагаан хошууны Жаргалант сумын нутагт төрсөн баатар вангийн 140 жилийн ойг саяхан тэмдэглэсэн. Тэгвэл Манлай ван Дамдинсүрэнгийн харлаг манан хөөрөг өнөөдөр Их аварга Д.Дагвадорижд хадгалагдаж байна. Эртний түүхтэй, бас дайчин вангийн эдлэж хэрэглэж байсан эд гэдгээрээ зартай энэ хөөргийг тэрбээр олон жил үе дамжуулан хадгалсан нэгэн буурлаас чамлахааргүй өндөр үнэ төлж байж худалдаж авсан гэнэ.

ДИЛАВ ХУТАГТЫН ХӨӨРӨГ “ЭРЭЛИЙН ЭРДЭНЭБАТАД БИЙ
Монгол түмний их шүтээн болсон, тамгатай 13 хутагтын нэг Дилав хутагт Баашлуугийн Жамсранжавын нандигнаж явсан хөөрөг Хөвсгөл нутгийн хүү, УИХ-ын гишүүн асан Бадарчийн Эрдэнэбатад уламжлагдан ирж хадгалагдсан гэнэ. 990 оны сүүлчээр Гандагтэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Америкт Нью-Жерси мужид байх Дилав хутагтын хийдэд очиж мөргөжээ. Дилав хутагтын шавь, үйл хэргийг залгамжилж яваа Жамбалдорж ламтан Чойжамц ламтанг хүлээн авч Дилав хутагтын хоёр хөөргийг түүний багш Очирдарь ламын барьж байсан даалингийн хамт өгч “Энэ хоёр хөөрөг даалинтайгаа бүтэн нэг зууны дараа эх нутаг Монголдоо эргэн очих цаг нь болсон байжээ" гэж онцлон хэлж байжээ. Энэ хоёр хөөрөг, даалин Монгол эх орондоо очоод буцаад хилийн дээс давах учиргүйг сануулжээ. Ингээд Д .Чойжамц хамбыг нутагтаа ирэхэд уг хөөргийг дуулсан томоохон эрхтэн дархтанууд вахаар үнэ хаяж байсан ч тэрбээр Б.Эрдэнэбатад өгсөн юм гэнэлээ.

ХАМГИЙН ЧАМИН ХӨӨРӨГТЭЙ АЛТАН ХАТАГТАЙ

Монголын өнөө цагийн баячуудын нэг “Алтжин"-гийн Г.Алтангийн хөөрөгний цуглуулганы талаар хүмүүс тэр бүр мэддэггүй биз ээ. Тэрбээр үнэт чулуугаар хийсэн, уран чамин хийц¬тэй, юм мэддэг хүний харцыг булааж, шуналыг хөдөлгөсөн нэлээд хэдэн хөөрөгтэй. Түүний энэхүү цуглуулгад XVII, XVIII зууны үеэс уламжлагдаж ирсэн хоёр шүрэн хөөрөг бий. Асар нарийн хийцтэй, эртний хөөрөгний нэгийг нь цуглуулагчид “Хатагтай" хэмээн нэрийддэг байна. Харин нөгөө нь XVIII зууны үеийн түүх соёлын дурсгалд хамаарагдах бөгөөд цул шүрийг ухаж, давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр чимэглэсэн нандин хийцтэй хөөрөг аж. Зоосон тамгатай, эртний хээ угалзан чимэглэлтэй пийсүү хөөрөг ч мөн түүний цуглуулгад үнэтэй байр суурь эзэлдэг. Түүний цуглуулгад ихэвчлэн уран дархчуулын гар болоод оюуны ур шингэсэн, эрт¬ний хөөрөгнүүд байдаг. Тухайлбал, дундад зууны үеэс уламжлагдан ирсэн, бухын дүрстэй мана хөөрөг түүний нандин цуглуулгын бас нэгэн чамин чимэг болдог.

ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН ЧИН ГАРТААМ, БОГД ХААНЫ ШҮРЭН ХӨӨРГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ЦЭНГЭЛ БАРЬДА
Г

Богд хааны хэрэглэж байсан гэх шүрэн хөөрөг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлд байдаг аж.Эрхэм гишүүнд Далайчойнхор вангийн хэрэглэж байсан шүрэн тоногтой эмээл байдаг. Тэрээр шүрэн эдлэлийг эдэд тооцож түүнийг цуглуулан нэг ёсондоо кайф авдаг хүн аж. Үнэтэй ховор аливаа чулуу нь хүний биед үргэлж сайнаар нөлөөлж эрүүлжих үйлчилгээ үзүүлж байдаг аж. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй юм байна. Эртний чамин эдлэл хэрэглэл, хурдан моринд хоббитой Ц.Цэнгэлд мөн Чинван Ханддоржийн чин гартаам хөөрөг хадгалагдаж байдаг гэнэ.
БОГДЫН ХАТАН ДОНДОГДУЛАМЫН ХӨӨРГИЙГ ДЭД САЙД О.ЧУЛУУНБАТ ЭХНЭРТЭЭ БЭЛЭГЛЭЖЭЭ
Дилав хутагт Жамсранжав болон Дондогдулам хатны барьж явсан олон зуун сая төгрөгийн үнэтэй чулуун хөөрөгний байвал зохих ёстой газар нь Улсын түүхийн музей юм уу эсвэл Монгол улсын эрдэнэсийн сан л баймаар юм шиг санагддаг билээ. Гэвч удах тусам улам үнэд ордог эдгээр үнэт эдлэлүүд эдүгээ нэгэн цагт Монгол банкны захирал байсан УИХ-ын гишүүн асан, Сангийн дэд сайд О.Чулуунбатад хадгалагдаж байна. Тэрбээр Монголын сүүлчийн хатан Дондогдуламын улаан шүрэн хөөргийг эхнэртээ бэлэглэж, багагүй дуулиан тарьж байсныг уншигчид санаж байгаа нь лавтай.
Дэд сайд асан Ж.Цолмонд Дондогдулам хатны сувдан цагаан хөөрөг бий
Үндэсний өв соёлоо хадгалж, монгол хувцасаараа гангарах дуртай Эрүүл Мэндийн Дэд сайд Цолмонд VIII Богд Жавзандамба хутагтын төрийн их хатан Дондогдуламын сувдан цагаан хөөрөг хадгалагддаг. 1979 онд Гүрдаваа Ринбүүчи “ энэ бол монголын өмч, монгол хүн эдлэх ёстой юм шүү" гэж дэд сайдын ээжид өөрийн гараар өвлүүлэн үлдээсэн нь өнөөдөр дэд сайд Ж.Цолмонд хадгалагдаж байна. Хөдөө гадаа төдийгүй өдөр тутмынхаа ажилд дээл өмсөх дуртай дэд сайд төрийн их хатан Дондогдуламын эдэлж хэрэглэж явсан сувдан цагаан хөөргөө үргэлж биедээ авч явдаг аж. Төрийн эрдэнэсийн сан хөмрөг хийгээд үндэсний түүхийн музейд үнэт өвд тооцогдох Дондогдулам хатны сувдан цагаан хөөргийг түүх судлаачид ч үнэлж чадахгүй байгаа юм. Улсын эх дагина Цагаан дара хатан Дондогдулам сэцэн хан нэрээр түүхэнд үлдсэн энэ хүний эдлэж хэрэглэж явсан зүйлүүдээс цөөнгүй нь хувь хүмүүсийн гар дээр хадгалагдаж байдаг аж.

Иточү корпорацийн экс босс Т.Энхбат Сайн ноён хан Намнансүрэнгийн пийсүү хөөргөөр гангардаг
Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж байсан улс төрийн зүтгэлтний нэг нь Богд хаант Монгол улсын ерөнхий сайд агсан сайн ноён хан Т.Намнансүрэн юм. Т.Намнансүрэн 1878 оны шар барс жил боржгид овгийн язгууртан Төгс-Очирын хоёрдугаар хүү болж төрсөн. Монголын эртний язгууртан энэ эрийн тухай түүхийн баримт бичигт багагүй дурьдаж үлдээсэн нь бий. Тэгвэл түүний барьж байсан пийсүү хөөрөг өдгөө Иточү корпорацийн экс босс Т.Энхбатад хадгалагдаж байна. Пийсүү нь ногоон, цагаан, шар өнгөтэй байх агаад ногоон нь гэхэд 12 өнгөтэй байдаг гэнэ.Ногоон өнгөтэй, шил мэт тунгалаг энэ үнэтэй хөөргийг Д.Энхбат захирлаас авах гэсэн нэгэн баян эр 150 мянган ам доллар амлаад ч худалдаж авч чадаагүй юм гэнэлээ.

ХАМГИЙН ШИЛДЭГ ХӨӨРӨГ ХӨВСГӨЛД БИ
Й
Өнгөрсөн жил Эрдэнэт хотод Шилдэг хөөрөгний уралдаан зарлаж, энэ уралдаанд нийтдээ 100 гаруй хөөрөг өрсөлдсөн. Баячууд өөрсдийнхөө хөөргийг туслахуудынхаа нэрээр шүзэсгэлэнд тавьж, хэл амнаас далхан уулзаж, хөөрөгний том наймаа хийсэн гэсэн мэдээлэл тухайн үед чих дэлсэж байлаа. Тэгвэл энэ уралдаанд “Шилдгийн шилдэг хөөрөг"-өөр шалгарсан хөөрөг өнөөдөр Хөвсгөл аймагт хадгалагдаж байна. Харуул овогт Цэндсүрэнгийн Эрдэнэдаваагийн шанага долоон од хэлбэртэй, шүрэн толгойтой, давхар оюу гуулин нуухтай, зааны ясан халбагатай их гарын Чүнчигноров хөөрөг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Даян дээрхийн голоос гаралтай бөгөөд өвөг эцгээс нь уламжлагдан ирсэн үнэт өв ажээ.

БАЯЧУУД ХАШААР ГОЁДОГ
Үе үеийн баячууд ихэвчлэн цагаан өнгийн хөөрөг барьдаг байж. Энэ хаш хөөрөг бусад чулуунаас хатуулгаараа нэгдүгээрт ордог. Мөн түүнийг байгал дээрээс тэр бүр томоор нь олборлох нь ховор байдаг. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь маш ховор. Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэд хүрдэг байжээ. Хаш эдэлж хэрэглэдэг хүний яс бэртэж хугардаггүй гэж ярьдаг. Мөн байгаа өнгөтэйгээ адилхан маш сайхан гэгээлэг зүйлийг амьдралд дагуулж ирдэг гэж бэлэгшээдэг аж. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн хаш хөөрөг гарал үүсэл нь тодорхойгүй ч “Халхын 10 цагаан" нэртэй 10 сайхан хөөргийг тэргүүлсэн юм гэнэлээ.


ХАМГИЙН ОЛОН ХӨӨРӨГНИЙ ЭЗЭН

Сүүлийн үед нам гүм амьдрах болсон Да. Ганболдын хөөрөгний цуглуулга Монголдоо л толгой цохиж байна. Монголын шилдэг 100 хөөрөгний каталогид Да.Ганболдын нэр дээрх хэд хэдэн хөөрөг багтдаг аж. Түүний хөөрөгний цуглуулга эртний түүхтэй. Монголчууд хөөргийг төдийлөн ойшоож үздэггүй байсан 1950-иад оны үеэс түүний аав Ц.Даваадорж хөөрөг цуглуудаг байсан бөгөөд нэртэй, алдартай хүмүүсийн эдлэж явсан, үнэтэй чамин хөөргүүнүүдийн энэ цуглуулгыг Да.Ганболд 10-р ангиа төгсөөд л ааваасаа өвлөж авсан гэнэ.


http://www.shudarga.mn