Мягмар гаригийн орой Киевийн төв Тусгаар тогтнолын талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байсан Майданчууд руу хүчний байгууллагынхан дайрч ус шүршигчээр шүршин байрлалаас нь хөөж эхэлснээр эмх замбараагүй байдал үүсч, хоёр тал өөр хоорондоо мөргөлдөж эхэлжээ. Жагсагчид хариуд нь чулуу, шатаагч шингэн бүхий шил, утаа цацагч, автомашины шатаасан дугуй шидэлж хүчний байгууллагын нэг хуягт машиныг шатаасан байна. 

Киевийн цагдаагийн газрын албан мэдээлснээр 9 хүн нас барсны долоо нь энгийн хүн, хоёр нь цагдаагийн ажилтан байжээ. Шүүхийн шинжилгээгээр тэдний нэг нь макаров гар бууны суманд өртсөн бол бусад нь калашниковын автомат бууны суманд өртөж амьд алдсан байна.

Украины ДЯЯ-ны Аюулгүй байдлыг хангах газрын тэргүүн “Сөрөг хүчнийхнийг дэмжсэн алан хядагчид гадаадас орж ирэн украины нийслэлийн гудамжинд гэм буруугүй хүмүүсийг алж, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, байшин барилга, автомашин галдан шатааж, Киевийн төвд эмх замбараагүй байдал үүсгэж байна” гэж тэмдэглэсэн байна. 

Сөрөг хүчнийхэн, хэвлэлүүд хууль сахиулагчид жагсаал цуглаан болж байгаа газарт тусгай хүчний 200-300  албан хаагч нэмж авчирснаар Майданы эргэн тойронд хүчний байгууллагын 2-3 мянган  хүн бүхий хүч төвлөрөөд байгаа гэж бичиж байна. Цэргийн академийн байрладаг газраас нийслэлийн төв рүү хэд хэдэн хуягт тээвэрлэгч илгээлээ гэж сөрөг хүчний идэвхтнүүд фейсбуктээ дүрс бичлэгийг нь оруулжээ. 
Украиныг Европын холбоонд нэгтгэхгүй гэсэн шийдвэрийг эсэргүүцэн ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардаж эхэлсэн олон нийтийн жагсаал цуглаан өнгөрсөн 2013 оны 10 дугаар сарын сүүлчээс нийслэл Киевт эхэлж өнөө хүрэтл үргэлжилж байгаа юм. 

Эх сурвалж: www.assa.mn