Зулучуудын удирдагч, 19-р зууны Африк тивийн түүхэн дахь хамгийн алдартай цэргийн жанжин тэрээр адармаатай намтартай нэгэн. Африк гэхээр л зэрлэг бүдүүлгийн туйл байсан гэж ойлгох нь өрөөсгөл юм. африкийн ард түмэн түүхээ бичиж тэмдэглэхдээ тааруухан байсан учраас асар олон түүхэн үйл явдлууд болсон ч гэсэн бид мэдээгүй өнгөрсөн байх.

Харин Европын далайчид анх хөлөг онгоцоор Африк тивд очсон тэр цагаас эхлэн Арикийн түүх, соёл, ахуйтай дэлхий танилцсан юм. Өмнөд Африкийн алдарт жанжин Чакагийн амьдрал мөн л Европын далайчдын хар тивд хөл тавьсан, ид сонирхож байсан тэр үетэй давхцдаг.
Чака бол Зулугийн нэгэн омгийн удирдагчийн хууль бус хүү нь байжээ. Чухам энэ байдал нь түүний амьдралын мөн чанар, ирээдүйг тодорхойлсон гэж хэлж болноо. хүүхэд нас нь хүнд нөхцөлд өнгөрсөн тэрээр үргэлж л ойр хавийнхандаа, эцгийн талын ах дүүстээ гадуурхагддаг байжээ. Чака гэдэг үг нь Зулу хэлээр “адгийн новш”, “хог шаар” гэсэн утгатай ажээ. Чака гэдэг нь түүний нэр бус хоч нь юм. харин түүний нэрийг өдгөө хүртэл хэн ч мэддэггүй бөгөөд түүхэнд Чака нэрээрээ мөнхөрчээ. Хүнд хүчир хүүхэд нас, гадуурхагдсан байдал нь Чакагийн зан чанар, төлөвшлийг тодорхойлсон гэж хэлэхэд болох ажээ. Чака өсөж том болох тусмаа эрх мэдэлд дуртай хүн болжээ. Энэ маягаар л тэр бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэдгээ ойлгосон бололтой.
16 настайдаа Чака мтетва омгийн Дингисвая хэмээх ахлагчийн цэрэг болжээ. Дингисваягийн удирдлаган дор дайтах урлаг, гардан тулалдаанд суралцав. Өөрөө ч эрэмгий хүү байсан гэдэг.
Хөрш омогтойгоо тулалдсан анхны тулалдаандаа Чака өөрийгөө харуулжээ. Тэрээр дайснуудынхаа болон нутаг нэгтнүүдийнхээ анхаарлыг татжээ. 1816 онд Сензангакон нас барсны дараа мтетва омгийн толгойлогч Дингисвайо Чакаг зулу дайчдын захирагч болгожээ. 30 настайдаа Чака Зулучуудын дунд маш их нэр хүндтэй дайёин болсон байлаа. Ийм нэр хүндийг зөвхөн тулалдаанд гарамгайй гавьяа байгуулах замаар л олдог аж.
Чака яг өөрийнхөө дэргэд шилдэг дайчдыг цуглуулсан бөгөөд бусад цэргүүддээ жад болон бамбайгаар хэрхэн тулалдах талаар сургуулилт явуулж байв. нэгэнт байр сууриа бэхжүүлж авсан Чака өөрийг нь бага насанд нь доромжилж, гутааж байсан хүмүүсээс харгис ширүүнээр өс авч эхлэв.
Чака цэргүүдээ голцуу арслангийн анд хэрэглэдэг хөнгөн жад, мөн үхрийн ширээр бүрсэн хүнд бамбайгаар зэвсэглэжээ. Өөрөөр хэлбэл Чакагийн цэргүүд хүнд бамбайгаар дайсан этгээдийнхээ бамбайтай мөргөлдүүлж тэнцвэр алдмагч ил гарсан цээж болон хэвлийн хэсэгт нь хөнгөн жадаараа үхлийн цохилт өгдөг байв. энэ арга нь олон тулгаралтанд үр дүнгээ өгсөн гэдэг.
Ганцхан зэвсгийг сайжруулаад зогсоогүй, Чака өөрийн дайчдаа хөл нүцгэн олон зуун км маршаар явах тэсвэрт сургаж, мөн сахилга батыг ягштал хэвшүүлжээ. Чакагийн цэргүүд халуун өдөр ус уулгүйгээр 50 миль газар давшиж дайснаа гэнэдүүлж байсан гэдэг. Чакагийн дайчдыг Европын олон түүхчид Спартачуудтай жишин авч үздэг.
Анх Европуудыг өмнөд Африкт очиход хамгийн их эсэргүүцсэн, гайхшруулсан хүмүүс бол Зулучууд байв. Чакагийн дайчид багаасаа л бэлтгэгддэг байв. залуу дайчид нь илүү туршлагатай, ахмад дайчдыг дагаж, тэдэнд зэвсгийг нь зөөх зэргээр тусалж байгаад дараа нь цэргийн албанд элсдэг байв. мэдээж хэрэг энэ арга нь Африк дайчдын дунд түгээмэл арга байсан боловч Зулучуудын амжилттай байдал нь хүүхдүүдийг бана наснаасаа алдарт жанжин, дайчин болох мөрөөдлийг нь өдөөж өгдөг байснаар Зулугийн эрчүүдийн бараг тэн хагас нь дайчид болохыг зорьдог байжээ. тэд илүү эрх дархтай, нэр хүндтэй байсан.
Гэхдээ тактикийн хувьд Чака мундаг байсныг энд дурьдах хэрэгтэй. Мэдээж хэрэг Чакагийн тактикийг Македоны Александр, Чингисхаан, Юлий Цезарьтай харьцуулах аргагүй ч гэсэн Африк омгуудынхаа дунд бол жинхэнэ цэргийн урлагийн хувьсгал байжээ. сахилга бат муутай, ихэвчлэн тооны олонд найддаг Африкчуудын байлдах аргад хувьсгал хийсэн Чака бол яах аргагүй Хар тивийн шилдэг жанждын тоонд орно.
Чакагийн Зулу цэргүүдээ удирдахдаа хэрэглэдэг нэгэн тактик байсан нь “одос үхэр” бөгөөд гол хүчээ төвд байрлуулж, 2 жигүүрээ нуух арга юм. 2 жигүүрийг нь “одос үхрийн эвэр” гэх ажээ. Чака ямагт нөөц цэрэг ардаа үлдээдэг байсан. Тэд богино хугацаанд давшин ирж ар тал болдог, давшилтыг тогтоох үүрэгтэй байсан учраас хамгийн тэсвэртэй, хурдан гүйдэг, сайн алхаж чаддаг цэргүүдийг сонгожээ.
Энэ давуу талаа ашиглан Зулучууд ойр хавийнхаа овог, аймгуудыг эзлэн авах болжээ. Нэг ёсны аян дайн юм. олзлогдсон болон ялагдсан талд Чака 2 сонголт өгдөг байв. нэг нь амиа хорлох, нөгөө нь өөрийнх нь армид элсэх. Олзлогдогсдын ихэнх нь 2 дахь хувилбарыг сонгодог байжээ.
Чака 1818 оноос эхэлж Африкийн өмнөд хэсэгт байлдааны ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэрээр анх аян дайнаа эхлэхдээ 350-450 орчм Зулу дайчидтай байсан бололтой. харин жилийн дараа гэхэд түүний арми 2500 цэрэгтэй болжээ. 1818 онд Зулучууд Глокли хэмээх дайчин овогтой тулсан бөгөөд цус асгаруулсан тулалдаан хэдэн өдрөөр үргэлжилж, Глокли нар ялагджээ. Харин энэ дайнд Дингсивайо амь үрэгдсэн байна. Чака хэдийгээр довтолж байсан боловч Глоклигийн сөрөг довтолгоон аюултай байсан учраас ухарч, хамгаалах шаардлага хүртэл тулгарч байв. гэвч тулалдаанб ялагчаар Зулу омгийхон тодорсон бөгөөд Глокли омгийнхон бүрэн ялагджээ. Дахин эсэргүүцэл гарахаас сэргийлж Чака Глокли омгийнхныг толгой дараалан хяджээ. Глокли омгийнхонтой ижил хувь заяаг Звиде омгийнхон бас амсав. 1819 оны 5-р сар гэхэд Чака гол өрсөлдөгчдөө даржээ.
10 жилийн аян дайны үр дүнд Зулучууд газар нутгаа тэлж, 40000 орчим дайчидтай болжээ. Зулучууд замдаа таарсан бүхнийг арчин хаяж, зарим эх сурвалжид тэмдэглэснээр нийт 2 сая орчим дайсныг устгажээ. Зулучууд хамгийн хүчирхэг байх энэ үедээ тэдний мэдэлд нийтдээ 200000 орчим дайчид нэгджээ.
19-р зууны эхний хугас гэхэд Өмнөд Африкт Зулугийн эзэнт улс байгуулагдаж, мандаж байв. нутаг дэвсгэр нь нийтдээ 2 сая хавтгай дөрвөлжин миль хүрч байсан гэдэг. Зулучуудын захиргаанд өмнө зүг Кейптаун, хойд зүгт Танзани хүрч байжээ. гэхдээ яагаад ч юм умард зүгт буюу Танзаниас хойш Зулучууд нутгаа тэлсэнгүй. Магадгүй аян дайн хийсэн бол Зулучудын ялалтаар төгсөх байсан биз.
1824 онд Зулучуд Англичуудтай харилцаж эхэлжээ. Чака өөрөө Англичуудтай хийх худалдааг сонирхож байсан гэдэг. энэ нь Зулугийн шархадсан дайчдыг Английн эмч нар эмчилж чадсанд оршиж байв. тэр ч байтугай Чака Английн хаан Георгтой элч солилцож байжээ.
1827 онд Чакагийн ээж нь нас барснаар түүний авир араншин улам ч хэцүү, харгис болов. Тухайн үеийн Африкийн дунд тархсан түгээмэл үзлийн дагуу Чака дайсны цэргээс илүү шулам, буг чөтгөр, ид шидтэнүүдээс их айдаг байжээ. мөн аян дайн нь зогссоноор тэр их цэргийн тэжээгээд байлгаад байх боломжгүй болов. Энэ нь Чакад их том асуудал болж байжээ. Чакагийн цэргүүддээ тавьдаг нэг шаардлага нь тэднийг гэр бүлтэй болохыг хорьдог байв. Зулу болон тэдэнд дагаар орсон олон омгийн дайчид өөрсдийн төрөлх нутагтаа очих эрх ч байхгүй, боломж ч байдаггүй байжээ.
Чака тулааны талбарт жанжны ёсоор амьсгал хураагаагүй юм. харин түүний төрсөн дүү нар болох Динган, Мланган нар түүний эсрэг хуйвалдаан зохион байгуулж түүнийг хороожээ. 1828 оны 9-р сарын 23-нд хуйвалдаан болж Чакаг хороожээ. Гэхдээ Чака нас барсан ч гэсэн түүний байгуулсан Зулугийн эзэнт улс задарсангүй. Удалгүй Дингана өөрийн дүү Мланганыг хороон Зулучуудыг ганцаар захирах болжээ.
1838 онд Дингана Зулучуудыг удирдан Бурчуудтай тулалджээ. Гэхдээ энэ дайныг Бурчуудыг хатгаж, Ангдичууд эхлүүлсэн гэдэг. Бурчууд Англичуудын шахалтанд орж Зулугийн нутагт суурьшиж эхэлсэн нь дайны эхлэл болжээ. Дайралтыг Зулучууд эхэлж Бурын хэд хэдэн хүнийг харгислан хороожээ. 1838 оны 12-р сарын 16-нд Инкон голын хөвөөд Зулучууд Бурчуудтай тулжээ. Инкон голыг өдгө Өмнөд Африкчууд “Цуст гол” гэж нэрлэдэг. Бурчуудыг Андреас Претор удирдаж байсан бол Зулучуудыг Дингана удирдаж байв. Инкон голын хөвөөнд болсон шийдвэрлэх тулалдаанд Бурчууд Зулучуудад үхлийн цохилт өгчээ. Мэдээж тулалдааны хувь заяаг Бурчудын галт зэвсэг шийдсэн боловч Бурчуудын эрэлхэг зориг, авхаалж самбааг энд магтах хэрэгтэй боловуу. Бурчуудын галт зэвсэг Зулугийн аймшигт дайралтыг нам дарж, тэдний нягт эгнээг сэтэлж байв.
1840 оны 1-р сард Бурчууд Магандо гэдэг газар Зулучуудтай тулсан бөгөөд Бурчуудын холбоотноор өмнө Зулучуудад хөөгдсөн Динганагийн цусан төрөл болох Мпанда дайчдынхаа хамтаар тулалдав. Ялагдлынхаа дараа Дингана өнөөгийн Связичууд нутагладаг Связиленд руу зугатаажээ. Харин Бурчуудын шиэн удирдагч болсон Мпанда Бурчуудтай энхийн гэрээ байгулжээ.
Хэдийгээр Чакагийн эхлүүлсэн цэргийн шинэчлэл нь зэрэглэл ойролцоо дайснуудынх нь эсрэг үр дүнтэй байсан боловч Бур болон Англичуудын галт зэвсгийн эсрэг ямар ч үр дүн өгөхгүй байв. Зулучууд цагаан арьс түрэмгийлэгчдийг хамгийн их эсэргүүцсэн боловч эцэст нь ялагдлаар дуусаж, улмаар колоничлогдсон билээ.

Эх сурвалж:
А. В. Шишов. “100 великих военначальников: Чака”