П.Урнаа /Утга Зохиол Судлаач/
Монголын утга зохиолд 1990 оны оюун санааны өөрчлөлт шинэчлэлийн өнгө аясд 1980-аад оныхон түлхүү нөлөө үзүүлж, “шинэчлэл”-ийн суурийг тавьсан гэж үзэж болно. Энэ үеийн яруу найрагчид цөм бие биенээсээ өөр байсан нь хөгжлийн гол хүчин зүйл байсан бөгөөд яруу найрагч Д.Нямсүрэнгийн шүлэг нэгэн онцгой үзэгдэл мэт ялгарч ирснийг судлаачид тэмдэглэдэг. Тухайн үед модернист зохиолчид нийгэм, цаг үеийн нөхцөл байдал, нөлөө тусгалыг ихээхэн агуулсан бүтээл туурвиж байсан бол Д.Нямсүрэн байгалийн язгуур философи, уламжлалт ахуйн дүр дүрслэл, эгэл хэрнээ эгэлгүй яруу сайхныг цогцлоож, сэрэл мэдрэмжийнхээ дор шүлгүүдээ бичдэг байсан нь цэвэр сэтгэлгээний яруу найрагч болохыг бүтээлүүд нь гэрчлэх юм. Д.Нямсүрэн 1980-аад оны төдийгүй Монголын утга уянгын яруу найрагт шинэчлэл авчирсан нөлөө бүхий зохиолч мөн.

Д.Нямсүрэнгийн яруу найргийг “Оршихуйн мөн чанар”-ын гүн утгат шүлгүүд, “Хоосон чанар”-ын гүн утгат шүлгүүд, “Цаг хугацаа”-ны гүн утгат шүлгүүд хэмээн гуравлан зааглаж, ангилж болохоор байна. Үүнд:

“Амитаба” тэргүүт хоосон чанарын гүн утгат шүлгүүдийг тайлах нь:
Монгол сэтгэгчдээс төвд үзлийн философи, хоосон чанарын онолыг баримтлан хөгжүүлсэн нь ахуйн болон сэтгэхүйн сургаал, танин мэдэхүйн хийгээд арга зүйн нарийн түвшинд зохиол бүтээлүүдээр дамжин илэрхийлэгдэж ирсэн. “Хоосон чанарын тухай ойлголт Буддын гүн ухааны тулгуур онолын нэг юм. Ертөнцөд орчиж, оршин буй бүхэн мөнх бус хоосон чанартай гэж үзнэ. XIX-р зууны Монголын уран зохиолын томоохон төлөөлөгч Д.Равжаа \1803\, В.Инжиннаши \1837\ нар хоосон чанарын тухай зохиол бүтээлдээ тусгаж басхүү үзэл бодлоо өгүүлж асан.
Харин яруу найрагч Д.Нямсүрэнгийн хоосон чанарын талаар харах өнцөг, өөрийн гэсэн үнэлэмж нь “Амитаба” тэргүүт хэд хэдэн шүлэгт илэрхийлэгдсэн байдаг гэж харж байна. Тухайлбал:
Шаргал өвс халиурах нь толгодын энгэрээр
Шарга янзагатай олон зээр бэлчмүй
Шарга янзагтай олон зээрийн дээгүүр
Шар нүдтэй нэвсгэр элээ эргэлдмүй
Ойролцоохон нэг зээрийн сэг үзэгдэнэ
Ойролцоохон нэг цатгалан чоно явна
Цуутын цагаан талд оонууд цуглаж
Цусан эврээ өвдтөл мөргөлдөх сонсогдоно
Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л
Орчлонд юу ч болоогүй ээ, юу ч болоогүй. \Үйлийн үр\ шүлгийн гол утга сүүлийн хоёр шадад агуулагдсан бөгөөд амьдралд олон мянган үйл явдал тасралтгүй өрнөвч мөч, хором, цаг хугацаа өнгрөхийн хэрээр эцэстээ бүгд үгүйрэх хоосрох буюу. Өчигдөр амьдарч байсан амьтай бүхэн өнөөдөр үгүйрэх нь амьдралын жам. Уг зогсолтгүй эргэлдэн үргэлжлэх амьдралын хүрдийг \үүл нүүсээр л\ хэмээх үгээр төлөөлүүлж, амьдралд орчигчын хоосон чанарыг \орчлонд юу ч болоогүй ээ, юу ч болоогүй\ гэж сонирхолтойгоор илэрхийлжээ. Шүлгийн өгүүлэмж энгийн боловч орчлонгийн хоосон чанарын тухай гайхалтай өгүүлсэн байгаа юм.
Д.Нямсүрэнгийн хоосон чанарын тухай гол бүтээл “Амитаба” нь зургаан бадаг, хорин дөрвөн шад бүхий толгой \яаж би\, сүүл давтсан \вэ?\, асуух ур маягын хэлбэртэй, уран яруу үг хэллэг, гүн утгын цогц нэгдэл бүхий утга уянгын яруу найргийн бүтээл юм. Гоо зүйн өндөр түвшинд сэрж мэдэрч, хүрээлэн буй ертөнцийг ажиглан шинжиж түүнээс сэрж мэдэрснээ цаасан дээр уран яруугаар тэр урласан ажгуу.
Шүлэг эхлэхдээ:
Яаж би, Амитаба шиг хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би, Амитаба шиг чамайгаа бурхны тигд бүтээх вэ?
Яаж би, Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаараа томъёолох вэ?
Яаж би, Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ? Найрагч орчлонгийн хоосон чанарыг таньсны эцэст санаашран шимширч, бодлогшрон гуних үес дүүдээ сургамжлан өгүүлсэн утгат шүлэг бий. “Амитаба”-г орчлонгийн хоосон чанарыг эгээрсэн сонгодог бүтээл гэж дүгнэж байна. “Амитаба” нь \бурханлаг\ санааны ертөнцийн туйлын хоосон чанар. Яаж би Амитаба шиг хэмээн “санаашрал, бодонгуйрал тээсэн” өнгө аяс бүхий асуумж нь хэн нэгнээс бус өөрөөсөө асуусан дотоод сэтгэлийн эрэлхийлэл мөн. Үүнд:
Яаж би, Амитаба шиг газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би, Амитаба шиг есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би, Амитаба шиг уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би, Амитаба шиг шувуу исгэрэх, нохой хуцах, мөн чанар нэгийг ойлгох вэ?11 гэсэн нь өөрийнхөө болоод өрөөл бусдын төлөө эсвэл хүний туйлын хүслэнгийн үүтгэлээс чин үнэн сэтгэлээсээ буюу \үндэсний үзүүр рүү\ залбиран гуймаар хяслант хором хүмүний өмнө ирэхийн үест хорвоогийн өмнө хүчин мөхөсдөх шаналан ч мөн хоосоонр эргэх хоосон ажээ. Мөн амьдрал гэгч нугачаан дунд “орчихдоо” хүмүүн гэгч олон тохиох алив \үйл бүхнийг\ нохой хуцах, шувуу исгэрэх, бүсгүй янаглах \хэмээх үгсээр төлөөлүүлэн\ мөн чанаруудыг ухан танихад хүмүүний нас үл хүрэлцэхийн хоосон агуулгатай. Үл ухсаар хорвоог барах санаа ажгуу. Цааш нь:
Яаж би, Амитаба шиг модны навчис унахыг зүүдээн гэж санах вэ?
Яаж би, Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг нэгэн сайхан аялгуу, нэгэн биеэрээ болох вэ? хорвоод хүмүүн, төрөх үхэх нь мөнх бус хоосны агуулгатай. Гэтэл зарим нь мөнх юм шиг хорвоогийн тэр хоосон бүхнийг таниагүйн үүднээс мунхаглах. Хүмүүн төрөх үхэх нь нэгэн агшны үзэгдэл бөгөөд далайн түлхэлт лугаа агшнаа ирж, далайн татралт лугаа агшнаа буцан явах хоосон чанарыг зүүд мэт санаж хүлцэхийг ухаарчээ. Навчис дэлгэрэх, унах үестэй хүмүүний жам адилхан ч нэгэн адилхан аялгуу \дурдатгал\ адил нэгэн биеэрээ \мөнхрөх\ хүсэл хэнд ч буй.
Шүлгийн гол утга дараах шадад агуулагджээ:
“Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних
Яаж би, Амитаба шиг орон цаг, өөрийгөө үгүйг ухаарах...” орон зай, цаг хугацаа, хүний оршихуй гээд ер хорвоо дээрх буй бүхэн хоосон. В.Инжиннаши: “...буйн хойноос хоосон дагаж явмуй. Хоосны дотроос буй бүтэж гармуй. Тийнхүү буй ч мөн хоосон, хоосон ч мөн буй” гэсэн байдагтай Д.Нямсүрэнгийн хоосон чанарын үзэл утга нэг аж. Өнөөдөр оршин буй бүхэн маргааш үгүйрэн замхрахыг ухаарах хүмүүний охорхон болоод хормын төдийх ухаарлын агшинг илтгэжээ.
“Дөрвөн цаг” тэргүүт цаг хугацааны гүн утгат шүлгүүдийг тайлах нь:
Д.Нямсүрэнгийн яруу найрагт цаг хугацааны гүн утгат хэд хэдэн онцгой шүлэг байдгаас “Дөрвөн цаг” шүлэг нь судлаачдын анхаарлыг ихээхэн татаж, олон тайлбар дагуулсан. Энэхүү бүтээл гол төлөв хэлбэрийн талаас судлагдаж өнгөцхөн тайлбаруудыг дагуулсан байдаг. “Дөрвөн цаг” шүлгийг өнгөц уншихад дөрвөн улирлын тухай, нүүдэлчний ахуй, байгалийн зураглал зэргийг нь тоочин ярьж болно. Шүлгийг “сайхан” гэдэг үгээр шад бүрийг төгсгөсөн бөгөөд шүлгийн цөм утга болоод яруу сайхан, сонсоглонтой байдал \шүлгийн амин сүнс\ энэ үгэнд оршино. Ингэхдээ сайхан гэдэг үг асар их санаашрал, сэтгэлийн хөнгөн гуниг агуулж буй. Дараах бадагт:
Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах сайхан” хэмээн “бороо ганц нэг дуслах, борог өвс норсон байх, хаврын цас гэр лүү урсах, хаа нэгтээ шувууд ганганах” зэрэг обьектыг харсан \ажигласан\ ажиглагч буюу субьектэд өөрийн эрхгүй ямар нэгэн сэрэл мэдрэмж хүртэгдэх нь “сайхан” гэж хөнгөн гуниглаж санаашрахад хүргэжээ. Шүлгийн бүх бадаг жигд нэгэн хэмнэлээр хөврөх агаад хүний сэтгэлийн утастай нягт нарийн холбоотой. Хүн орчин тойрныхоо ахуй болоод байгалийг ажихдаа\зүгээр нэг харах биш дотроо бясалган бодох, тунгаах\ ахуйгаас ямар нэгэн ойлголт сэрэл мэдрэмжийг хүртэж байдгийг дээрх дөрвөн мөрт гэрчилнэ.
Санаа, өвөрмөц содон мэдрэмжийн хэлхээсээр дахин давтагдашгүй илэрхийлдэг. Яруу найрагч Д.Нямсүрэн “Дөрвөн цагаас” гадна, цаг хугацааны гүн утгат шүлэг олныг туурвисан байдаг. Тухайлбал:
Намар буцаж, хавар ирэх
Шувуунд би хайртай
Намайг байхгүй хойгуур
Тэд эх оронд минь ирэх бизээ
Нарнаар ургаж, намар хагдрах
Цэцгэнд би хайртай
Нам гүмийн дунд эх нярайлахад
Нэг нь зай болдог биз ээ. хорвоогийн хүрд эргэдгээрээ эргэж амьдрал үргэлжлэхийг намар буцаж хавар ирэх шувууд болон ургаж хагдрах цэцэг хэмээжээ. Ирж буцах шувуу буюу цаг хугацааны урсгалд хүмүүн бие өтөлж өвгөрөх \намайг байхгүй хойгуур\ хүмүүн бие үгүйрэх “үхлийн тухай” бас хөндсөн байна. “Үхэл” гэдэг үг цаг хугацаатай туйлын холбоотой билээ.
Оршихуйн мөн чанарын тухай гүн утгат шүлгүүдийг тайлах нь:
Хүн төрөлхтөний сэтгэлгээнд “үхлийн” тухай сэдэв нь өнөөг хүртэл тайлж таашгүй ертөнц байв. Уран зохиолд ихэвчлэн үүнийг уран бүтээлчийн бодол таамнал, ертөнцийг үзэх үзлийн үүднээс өөр өөрийн бүтээлдээ тусгадаг билээ.
Өрнийн гүн ухааны төлөөлөгчид болох “Ж.П.Сартр, А.Камю, М.Хайдаггер зэрэг экзистенциалист философич нар хүн үхэлтэй эвлэрэх ёстой бөгөөд эл айдсаа даван гарах хэрэгтэй гэж үздэг. Гагц ингэж чадсанаар оршихуй нь мөн чанарт шилжин өөрийгөө болон амьдралаа үнэлэх төвшинд хүрдэг аж” Түүний дотор Германы экцистенциалист философич М.Хайдаггер “...бид анх төрөхдөө л энэ дэлхий дээр өөрсдийгөө сонгоогүй хувь төөргөөр шидэгдэгчид мэт... Бид ихэнхи цаг хугацааг янз бүрийн ажил хэрэг гэсээр өнгөрөөх ба энэ үедээ үхлийг таг мартчихдаг. Хүн хийж буй ажил, үйл хэрэг, зорилтын хүрээнд өөрсдийн амьдралыг эргэж нэг харах үедээ оршихуйнхаа үндсэн хэмжүүрээ алдаж, жинхэнэ бусаар оршдог...Бид үхлийг өөрсдийн бололцооны эцсийн хязгаар гэж мэдсэн үедээ л “оршихуй” гэж чухам юу болохыг гүнзгий ойлгох эхлэл тавигддаг...
Алив ахуй бүр үхэл рүү чиглэсэн ахуй байдаг ч зөвхөн хүн л түүнийг мэдэж бас хүлээн зөвшөөрдөг” гэжээ. Тэгвэл үхэлтэйгээ эвлэрч, айдсаа даван туулж өөрийн оршихуйгаа ухаарсан гэлтэй Д.Нямсүрэн найрагчийн:
“Өдөр болгон би
Өвсөн дээр гишгэнэ билээ
Өнө хожмоо тэд
Над дээр ургана билээ” гэсэн нэргүй нэгэн шүлэг бий. Дөрөвхөн шадад амьдрал-үхлийн \оршихуйн\ тухай гүн утга урлажээ. Хүн амьд явна гэдэг өвс, ногоо, шороон дээр мөрөө гаргахын нэрийтгэл. Түүгээр ч барахгүй нэр төрөө ч гаргаж болно. Нэр төрөө гаргахыг нэг талаар “өөрийнхөө оршин буйг мэдрэх туйлын цэг” гээд хэлчихэж болох юм шиг. Монголчуудын оршихуйн илэрхийлэл болсон “хорвоогийн тоосыг хөдөлгөх” гээд хэлчихсэн эртний сэтгэлгээний боловсронгуй хувилбар нь Д.Нямсүрэнгийн “өөрийн” оршихуйгаа тунхагласан “өдөр болгон би өвсөн дээр гишгэнэ билээ” гэсэн уран илэрхийлэлд хүрснээр төгсөрч байгаа юм. Мөн дараачийн нэг шүлэгтээ:
Өвснөө өөрийгөө үзэхүй
Өчигдөр биш өнөөдөр хугарсан
Өнийн хөх өвс
Өөрөө би мөөн. гэсэн нь хүн өөрийнхөө оршин байх ахуйг мэдэрч, хэзээ ургах хэзээ хагдрах \үхэх, төрөх\ мөн чанарыг, орчлонд амьд явах үгүйрэхийн учир шалтгаан хийгээд өөрийнхөө оршин байх ахуйгаа мэдрэх нь эгэл дээд заяа. Өвснөө өөрийгөө үзэж буй найрагч, магадгүй байгаль дэлхийгээс, ганц ширхэг өвснөөс нь хүртэл онгодоо хөглөдөг мэтээ. Өвсний” тухай бичсэн шүлгүүд нь Д.Нямсүрэнгийн “оршихуйн мөн чанарын” гүн утгыг агуулсан гэсэн ажиглалтад хүрлээ.