Би бол ганц бие бүсгүй. Ажил, найз нөхөд, гэр бүлийнхэн болон тэжээвэр нохойг л өөрийн хань болгосон энгийн нэгэн эмэгтэй. Харин одоогоос 2 сарын өмнө хэвийн байсан амьдрал минь санхүүгийн асуудалд орж эхэлсэн юм.

Гүрийж амьдарсан 2 сарын хугацаанд би юу сурсан бэ?

Эхэндээ сарын дараа гэхэд бүгд шийдэгдэнэ гэсэн итгэлтэйгээр аргагүйдсэн үед ашиглана гэж цуглуулсан хадгаламж болон ойр дотныхноос ирсэн тусламжуудаа нийлүүлэн асуудлыг дарсан ч бодож байснаар минь бололгүй ахин нэг сарыг үдчихээд явж байна. Харин өчигдөрийг хүртэл хэзээ энэ хямралаас гарах минь тодорхойгүй байсан ч би нэг арга олсоон.

За ирээдүй ч яахав, надаас хамаарах зүйл. Харин өнгөрсөн 2 сарын хугацааг эргээд харахад би дотооддоо тодорхой хэмжээгээр өөрчлөгджээ. Тэгэхээр хямралд орсон энэ хоёр сар надад юуг заасан бэ:

1. Мөнгөнөөс хамааралгүй аз жаргалууд олон бий гэдгийг
Энэ хугацаанд би өмнөх шигээ дуртай үедээ гоё хоол авч эсвэл хийж идэж чадахгүйд хүрсэн гэвэл ямархуу байдалд байсныг маань та нар гадарлах байх. Ганцаараа болохоор тийм ч их хоолны материал шаардлагагүй ч хөргөгч маань одоогийнх шиг ийм их зайтай байж үзээгүй. Танилуудтайгаа гадуур уулзах боломж бас л хомс. Гадуур уулзалдвал мэдээж нэг ресторан, кафе орж хий дэмий шахуу мөнгө зарах хэрэг гарна. Тийм болохоор ажил дээрээ эсвэл гэртээ аргыг нь олоод аятайхан дуудчихдаг болсон. Миний нүүрэн дээр би мөнгөгүй гээд биччихээгүй л бол хэнтэй ч гэсэн би зүгээр л өөрийнхөөрөө харьцаж чадна. Байгаа цөөхөн хэдэн төгрөгийнхөө тэн хагасыг нь шахуу нохойдоо зарцуулж байгаа ч би хий хоосон зарлагадаж байна гэж бодолгүй түүнийхээ хөөрхөнийг харж аз жаргалтай эрхлэлддэг.

2. Бөөндөж авах нь хэмнэлттэй гэдгийг
Цалингийн маань 1/3 –ээс ч бага нь миний амьдралын зардалд ноогдож байгаа болохоор удаан байвал муудахааргүй зүйлсийг ялгаж байгаад бөөнөөр нь авчихдаг болов. Ингэж авах чинь яг тооцоод үзвэл тун хэмнэлттэй юм билээ. Гоо сайхан, ариун цэвэртэй холбоотой зүйлс, зарим нэг хоолны материалууд, нохойны хуурай хоол гэх мэтчилэн зүйлсийг бөөнд нь аваад тавьчихсан болохоор “Тэр дууслаа яах вэ?” гэж санаа зовохгүй амар болсон. Бас байрныхаа ашиглалтын зардлыг бөөнд нь өгчих ч зүгээр.

3. “Энэ надад үнэхээр хэрэгтэй юу?” гэж тунгааж байх хэрэгтэй гэдгийг
Нэг өдөр ажлаа тараад гэртээ очтол зурагт маань 5-хан сувагтай, интернэт нь ажиллагаагүй болчихож. Яасан байх нь уу? Мэдээж мөнгөө төлөөгүй гээд тасалчихсан байх нь байна шүү дээ. Тухайн үед надад тэрийг төлөх мөнгө байгаагүй ч үнэндээ төлөх хүсэл байсангүй. Оройд гэртээ очоод зурагт интернэт гөлөрч суух нь хий дэмий цагийн гарз гэдгийг мэддэг байсан ч больж чаддаггүй байсан болохоор харин ч сайн хэрэг боллоо. Тэртээ тэргүй ажил дээрээ өдөржин интернэт орчинд байгаа болохоор мэдээллээс хоцорно энэ тэр гэх зүйл үгүй. Харин ч дэлгэцийн өмнө гөлөрч суудаг байсан цагаа номын хуудас, хямралаас гарах төлөвлөгөө, эртхэн унтаж амрахт зориулж эхэлсэн.

4. Хэрэгцээ нь хангагдчихсан байхад л нэмж авдаг байсан үрэлгэн зангаа татах хэрэгтэйг
“Дэмий юманд мөнгө үрэх гээд байх юм” - энэ үг бол ойрын хоёр сард бараг өдөр бүр сонсч байгаа миний дотоод дуу хоолой. Дэлгүүрт ороод гоё ганган, амттай зүйл харсан ч дэмий бол дэмий гэдгийг мэддэг болсон. Амьдарч байгаа газраа улам гоё, тав тухтай болгохыг хүсдэг байсан болохоор гоёмсог ванны алчуур, ор хөнжлийн даавуу, тавиур, аяга халбага эсвэл амттан шимттэний зүйл харагдвал л авчихдаг байж. Тэдгээртэй ижил төрлийн зүйл надад хэд хэдээрээ байсан ч өөрийн ая тухын төлөө мөнгө харамладаггүй байсан. Харин одоо нэг шоколад авч идэхдээ хүртэл өөртөө тооцоотой хандаж заавал ингэх шаардлага бий билүү гэж бодно. Би тэр шоколадыг идэхгүй байсан ч, тэр ор хөнжлийн даавууг авахгүй байсан ч өөрийн гэсэн гэр орон, унтах ор, хийх ажилтай байгаа нь хамаагүй сайхан зүйл шүү дээ. Энэ бодол маань 1тн шоколад шиг л бялуурам сайхан байгаа юм даа.

5. Тренди биш ч цэвэрхэн байхад л болно гэдгийг
Улирал эхлэх бүрт ядаж нэг ч гэсэн шинэ хувцас худалдаж авдаг байсан надад санхүүгийн хямрал зун эхлэхэд тохиосон болохоор дулаанд зориулж шүүгээгээ шинэчилж чадаагүй. Өмнө жил, тэрний өмнө жил өмсч байсан хувцсуудаа бөөндөж авсан угаалгын нунтаг, савангаараа сайхан цэвэрлээд л өмсөөд байгаа. Бас түүндээ огт санаа зовохгүй. Харин ч байгаа хувцсуудаа илүү олон янзаар хослуулж, муухай болсон хэсгийг нь тайрч аваад загварыг нь өөрчилж сурсан. Магадгүй “Өмсөх эсэхтээ эргэлзэж байгаа хувцсыг хэдий сайхан байсан ч худалдаж авдаггүй” угийн зан маань үүнд тусалж байж ч мэдэх.

6. 8 кг - 5кг = 3 хан кг буюу эрүүл амьдралын хэв маягтай байх амархан гэдгийг
Сүүлийн 2 жил хийсэн суудлын ажил, хоолны буруу зуршлаасаа болж би 8кг жин нэмсэн байлаа. Зарим бүсгүйчүүдийн жирэмслэлтээс нэмдэг жинтэй ойролцоо байгаа биз дээ? Гар, хэвлий маань бүдүүрч, зурган дээр хав дөрвөлжин хэлбэртэй гардаг болж эхлэв. Гуянд маань целлюлит үүсч, нурууны маань арьс мах унжиж даашинз гэдэг зүйлийг өмсөхийн аргагүй харагдана. Харин би өнгөрсөн 2 сарын хугацаанд 5кг жин хасчихсан. Яаж вэ гэвэл би өглөө нь хэсэг мюслиг тараг, сүү байхгүй бол буцалсан устай хольж идээд, өдөр нь ажил дээрээ хооллочихоод орой хүнд хоол идэлгүй тараг уучихаад л унтаад байсан юм. Сайндаа ч биш дээр хэлсэнчлсэн хөргөгч маань томоо зайтай болчихоод байгаа шүү дээ. Өглөөний цайндаа зориулж авах өндөг, зайдас гэх мэт калори ихтэй хүнсэнд мөнгөө зарцуулахын оронд 1 уут мюсли авч тавиад сар гаран идчихвал хамаагүй хэмнэлттэй бас эрүүл юм билээ. Харин аз болж ажил дээрх өдрийн хоол маань бараг л гэрийнх болохоор ходоодондоо санаа зовох шаардлагагүй байсаан. Мөн ажлын шугамаар фитнесст үнэгүй хичээллэх боломж олдож өдөр бүр явж чадахгүй ядраад байсан ч тодорхой хэмжээгээр надад тус болсонд итгэж байна. Ахиад 3-хан кг л хасчихвал хэвийн жиндээ орох нь.

7. “Эрт” гэдэг амьдралын хэв маяг гоё гэдгийг
22:00 – 05:00 цаг - энэ бол миний нойроо авдаг цаг. Оройд ажлаа үргэлжлүүлж хийх (ажил маань бүхэлдээ интернэтээр явагддаг болохоор би хүссэн ч хийж чадахгүй), кино үзэх, хоол хийх, утсаараа оролдох гэх мэт ажлууд байхгүй болохоор тарагаа ууж, 30 минут ном уншчихаад л унтаад өгдөг. Өмнө нь босох гэж зүдэрдэг байсан 6 цагаасаа ч өмнө 5 цагт “год” гээд л босчихдог болоод байгаа даа. Өглөө бүр ингэж сэрсээр зуршил болчихсон болохоор амралтын өдрийн өглөө ч нохойгоо салхилуулангаа номоо бариад цэцэрлэгт хүрээлэн рүү гарчихдаг болсон. Ажлын өдрүүдэд оффис дээрээ 8 цагаасаа хоцролгүй очиж, өдөрт хийх ажлаа яг цагтаа дуусгадаг болсон шүү.

8. Цагийн юмыг цагт нь амжуулж сурна гэдэг маш том чадвар гэдгийг
Өмнөхөөсөө илүү төлөвлөгөөтэй, санаачлагатай байхыг хичээдэг болсон маань энэ хямралын ач гэж би бодооод байгаа юм. Ажлын цагтаа л ажлаа амжуулахгүй бол надаас илүү зардал урсаж гарах болохоор өдөр бүр маргаашийнхаа ажлыг цаг нартай нь төлөвлөж эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу явахгүй байж мэдэх эрсдлүүдийг ч тооцдог болсон гэхээр өөрөөрөө багахан ч гэсэн бахархаад байгаа. Хэрвээ би ажлаа цагтаа дуусгахгүй бол оффис дээрээ оройтно. Оройтвол такси хөлслөх хэрэгтэй болно. Энэ ч бас илүү зардал.

9. Чин сэтгэлээсээ БАЯРЛАЛАА гэж хэлж, бодож чаддаг байхыг
Гэрт минь зочилсон найз маань хүнсний зүйл барьж орж ирэхэд, гудманд тааралдсан хамаатны ах маань 20000₮ сарвайхад, болзоонд урьсан залуу сонирхолтой хөтөлбөр санал болгоход би чин сэтгэлээсээ баярлана. Өмнө өөрөө авчихаж чадахаар байсан болохоор ч тэрүү тэдгээр зүйлсийн үнэ цэнийг дутуу ухаардаг байсан шиг санагддаг.

10. Илүү өгөөмөр хүн болохыг
Би хүнд юу ч тохиолдож болно гэдгийг мэддэг болсон. Өнөөдөр надад нэг төрлийн зүйлийг 2,3 –аар нь авсан ч болох мөнгө байхад өөр нэгэн нь өдрийн хоолоо яана даа хэмээн санаа зовж байж болно. Тийм болохоор надаас тусламж гуйгаад ирсэн хэнд ч боломжоороо тусалдаг байхыг эрмэлздэг болоод байгаа. Гэхдээ би өмнө нь тийм муу хүн байсан гэсэн үг биш шүү  Зүгээр л өмнөхөөсөө илүү сайн хүн болсон юм.

Эцэст нь би хямралаас гарах өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, орлого маань өмнөхөөсөө өссөн ч гэсэн яг энэ хэв маягаар амьдралаа үргэлжлүүлсээр байх болно. Зөв гэж боддог зүйлсээ бодитоор хэрэгжүүлж, буруу зуршлаасаа салахад минь тусалсан түрийвчнийхээ тураалд БАЯРЛАЛАА. Удахгүй би чамайг байя аа гэтэл чинь таргалуулаад өгөх ч чи өмнөх буруу зуршлыг минь сэргээж, ахин намайг "таргалуулж" хэзээ ч чадахгүй. Гайхамшиг бүхэн энгийнээс эхэлдэг.