... Тагнуулын хэргээр шийтгэгдсэн ТУЕГ-ын (Тагнуулын удирдах ерөнхий газар) хурандаа Олег Пеньковский хайлах зууханд амьдаараа шатаагджээ...


1962 оны намар “Карибын хямрал” оргилдоо хүрсэн үе байв. Дэлхийн III дайн хэзээ ч эхлэх боломж бүрдсэн хэдий ч аль аль тал нь эмгэнэлт үр дүнд хүргэх хүсэлгүй байлаа. Энэхүү нөхцөл байдлын тавцанд “Дэлхийг аврагч”-аар тодорсон хүн бол Зөвлөлт, Англи, Америкийн гурамсан тагнуулч (нууц нэр нь - Янг, Герой, Алекс, Йог) Олег Пеньковский болов. Түүний талаар баруунд кино болон ном зохиол олон арваараа гарч харин ЗХУ-д аугаа урвагч цол хүртээжээ. Пеньковскийг улайлгасан эсэргүүцэн тагнах албаны ажилтнууд, байлдааны албаны ажилтнууд байлдааны гавъяаны одон, медалиар шагнагдсан бол хурандаа нь Зөвлөлтийн хүний ёс суртахууны уналтын тод жишээ болон үлдэв.

“Баруун-Зүүн” сонины тодорхойлолт
Пеньковский Олег Владимирович нь Батлан хамгаалах яамны Тагнуулын удирдах ерөнхий газрын хурандаа бөгөөд үнэ цэнэтэй нууц ажилтнуудын нэг болно. Владикавказ хотод төрсөн. Киев хотын их бууны цэргийн сургууль төгссөн. Финландын дайнд оролцон, эх орны дайн эхлэхэд армид алба хааж байгаад шархдаж байсан. Байлдааны 5 одон, 8 медалиар шагнагдсан. 1948 онд М.В.Фрунзегийн нэрэмжит цэргийн академи, 1953 онд Зөвлөлтийн армийн Цэргийн дипломатын академи тус тус төгссөн. Тагнуулын удирдах Ерөнхий газарт ажиллаж байхдаа 1960 онд анх удаа гадаадын тагнуулын албадтай хамтран ажиллах оролдлого хийсэн. 1962 оны 10 сард баривчлагдаж, 1963 оны 5 сард шүүгдэж буудан авах ял сонссон.

Урвагчийн жим
Москва мужийн цэргийн тойргийн Улс төрийн удирдах газрын дарга хошууч генерал Дмитрий Ганпановичийн охинтой гэрлэж, ЗХУ-ын Батлан хамгаалах яамны Пүүжин-их бууны удирдах ерөнхий газрын дарга маршал Сергей Варенцовтой ойр дотно танилцсан болон БХЯ-ны дэслэгч генерал (авга ах нь) Валентин Пеньковский ТУЕГ-ын дарга Иван Серов (ЗХУ-ын АХХ-ны дарга асан) нартай ах, дүү сайн танилын холбоотой байсан зэрэг нь түүний албан тушаал дэвших гол хөшүүрэг болж өгчээ.
1953-1955 онд ТУЕГ-ын (Зүүн болон Ойрхи Дорнодыг хариуцсан) ахлах офицер, 1955-1956 онд ЗХУ-аас Турк улсад суугаа ЭСЯ-ны цэргийн туслах атташегийн алба хашжээ.

Анкара хот дахь тагнуулын удирдах ажилтан хошууч генерал Николай Рубенкотой зөрчилдсөнөөс болж Москвад дуудагдан 1956-1958 онд ТУЕГ-ын төв аппаратад албаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ Энэтхэгт цэргийн атташе албанд бэлдэж байлаа. Гэвч томилолтоор очихоос нь өмнө хаант цэргийн офицер байсан бөгөөд улаан армитай байлдаж яваад Ростов хотын орчим алагдсан тухай өөрийн эцгийн түүхийг худал (1919 онд хижиг өвчнөөр нас барсан) бичсэн нь илэрчээ.

Ингээд ТУЕГ-аас Дзержинскийн нэрэмжит цэргийн академийн курсын сонсогчоор суралцаж дуусган маршал Варенцовын дэмжлэгээр ТУЕГ-ын III газрын өмнөд болон хойд Америкийн болон Английн асуудал хариуцсан ахлах офицероор томилогдож мөн цэргийн дипломатын академийн эрхийн комиссын гишүүнээр сонгогдсон байна.
Тэрбээр нэр алдар, хувийн эрх ашгийг илүүд эрхэмлэдэг хүний хувьд Энэтхэгийн асуудалд ихээхэн эмзэглэсэн тул барууны аль нэг тусгай албатай хамтран ажиллахаар шийдсэн байв. Иймээс 1960 оны 7 сараас эхлэн Америкийн Тагнуулын Төв Газар (ТТГ)-тай хэд хэдэн удаа нууцаар холбоо барих оролдлого хийж байхдаа Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд Америкийн жуулчнаар дамжуулан захидал өгүүлсэн нь Ленгли дэх тагнуулын байгууллагад хүрчээ.

Гэвч тэд АХХ-ны тандсан явуулга байж болзошгүй гэж үзээд дээрх саналыг сайтар үнэлж дүгнэн хүлээзнэх байр суурь барьсан байна.
... ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний улсын хороонд ажиллах болсон тул гадаадын иргэдтэй чөлөөтэй харьцах, гадаадад томилолтоор зорчих болсон байна. Хэдийгээр Пеньковский дээрх хорооны жирийн нэг ажилтан байсан авч түүний хэлтсийн дарга нь Зөвлөлтийн нам, төрийн удирдагчдын нэг Алексей Косыгины хүргэн Жермен Гвишиани байв.
ТТГ-аас хариу авч чадаагүй тул 1961 оны 4 сард Пеньковский Британийн нэгэн бизнесмэн Гревилл Винныг ашиглан Английн МИ-6 нууц тагнуулын албатай холбоо барьжээ. Вашингтон, Лондон хоёртой зэрэг шахам холбоо тогтоох санал тавьсаныг харгалзан тэдний талаас нууцаар хамтран ажиллахаар тохиролцсон байна. Удалгүй Гревилл Винн Пеньковскийтай харьцаагаа улам зузаатгаж хоорондоо Грес ба Алекс хэмээн дуудалцах болсон нь нэрний хувьд Пеньковскийд өөрийн нэрнээс илүү ихэд таалагдаж болов.

Алекс ба Грес
Винныг Москвад томилолтоор ирсэн нэг удаа Пеньковский түүнд ямар ч хамаагүй үнээр хил давуулан гаргах үнэтэй мэдээ, мэдээлэл байгаа тухай мэдэгдэж “Националь” зочид буудалд очиж Виннд дамжуулан өгснөөр өөрийгөө үнэхээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа баталгаажуулжээ.

1961 оны 4 сарын 20-нд Пеньковский Зөвлөлтийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан ирж Лондон хотын “Маунт Роял” зочид буудалд байрлав. Албан ёсны үйл ажиллагааны дараа орой бүр Пеньковский урьдаас бэлдсэн нууц уулзалтын байранд очиход нь Ми-6, ТТГ-ын ажилтнууд угтан уулзаж удтал ярилцана. ЗХУ-ын пуужингийн дайны төлөвлөгөө, Зөвлөлтийн цэргийн дээд хүрээнийхий санал сэтгэгдлийн талаар болон ТУЕГ-ын үйл ажиллагааны талаар үнэтэй мэдээ мэдээллийг олж болохыг ойлгосон тэд үнэлж баршгүй тагнуулын нууц ажилтантай болж байгаагаа сайтар ухааран, Москвад болон хилийн чанадад хэрхэн холбоо барих болон хамтын ажиллагааны нөхцөл байдлыг нарийвчлан тохирчээ.

Тагнуулын нууц болон онц нууц мэдээ мэдээллийг олж чадах асар ховор боломж чадвартай нууц ажилтнаа АНУ болон Английн аль ч улсын харъяат болсноор ажлын байраар бүрэн хангах болон Америк, Английн цэргийн “хурандаа” цол олгох баталгаа гаргаж өгчээ. Москвад эргэн ирэхдээ Пеньковский фото камер, радио хэрэгсэл, хальс, нууц мэдээ бичих тусгай цаас, техник хэрэгслээр бүрэн хангагдсан байлаа. Мөн мэдээ дамжуулах нууц газрыг урьдчилан бэлдсэн байна.
Пеньковский хилийн чанадад албан томилолтоор зорчсоор л байлаа. Лондон, Парис хотноо тэрбээр Англи, Америкийн тагнуулчидтай уулзаж байх хугацаандаа Дзержинскийн нэрэмжит академийн курст суралцаж байсны ачаар Зөвлөлтийн пуужингийн техникийн талаар онцгой мэдээ, мэдээлэл олж ирсэн нь тэдэнд их олз болж байв.

Барууны тусгай албадтай тогтоосон түүний харилцаа ойролцоогоор нэг жил хагас хиртэй үргэлжилсэн хугацаанд пуужингийн зэвсэглэл, Зөвлөлтийн гадаад, дотоод улс төрийн бодлого, АХХ-ны явуулж буй үйл ажиллагаа, цэрэг стратегийн зэрэг төрөл бүрийн сэдэвтэй 5 мянга орчим мэдээ, мэдээлэл шилжүүлэн өгөхөөс гадна ЗХУ-ын нам, төрийн зүтгэлтнүүд болон Москвагийн удирдах хүрээнийхний талаар гарч буй ноцтой асуудлууд, яриа өгүүлэл, хов живийн талаар ч мэдээлж байв.
Пенсковский нийтдээ 7750 хуудас бүхий 5500 баримт бичиг буулгасан 111 ширхэг бичил хальс, барууны тусгай албадад шилжүүлсэн байна. Мөн Лондон, Парист байх Зудангийн явалтаар тусгай албад 140 цагийн байцаалт авч 1200 хуудас баримт бүрдүүлжээ. Түүний мэдээллийн дагуу Зөвлөлтийн 600 тагнуулч илэрсний 50 нь ТУЕГ-ын ажилтнууд байжээ.

“Тагнуулч”-ийн төгсгөл
Гадаад улс оронд томилолтоор зорчих хугацаандаа Пеньковский баруун солгой мөнгөөр шидэлж бэлэг, дурсгалын зүйлийг олноор нь худалдан авах, эмэгтэйчүүдтэй дураараа наргиж цэнгэдэг байсан бол эх орондоо маш даруухан амьдарч байсан тул ойрын хүрээнийхэн нь түүний гадаадаас олдог шан харамжийн талаар огт гадарладаггүй байжээ. Гэрийн тавилга, байдал нь Зөвлөлтийн ердийн л нэг иргэний амьдралын хэв маягийг агуулж байв.

Пеньковскийг 1962 оны 10 сарын 22-нд баривчлав. АХХ-ны анхаарлыг татан сэжиглэгдэх үндэслэл нь Винн болон Английн дипломат корпусын ажилтнуудтай ойр ойрхон харилцан уулзаж байсан тул түүний гэрийн утсанд чагнах төхөөрөмж суурилуулж, нууц нэгжлэг хийсний үр дүнд шууд баривчлах шийдвэр гаргажээ. Мөн 1962 оны 11 сарын 2-нд Будапешт хотноо Винн баривчлагдан Пеньковскийн хамт шүүхэд татагдахаар Москва руу хүргэгджээ.

Ингээд 1963 оны 5 сарын 11-нд ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги тэднийг тагнуулын үйл ажиллагаа явуулсныг тогтоон шийдвэр гаргав. Пеньковский буудан алах ял авч, Винн найман жилээр шийтгэгдэв. Винн нэг жил хоригдоод 1964 онд түүнийг Гордон Ловсдейл нэрээр ажиллаж байсан Зөвлөлтийн тагнуулч Коно Молодтой солилцсон байна. Пеньковскийн илчлэгдсэн явдал нь Зөвлөлтийн тусгай албаны нэр хүндэд ноцтой цохилт болж анх удаа өөрийн ажилтнуудаас урвагч төрсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүрэв.

Сумны оронд талын гал
Пеньковскийг буудан хороогоогүй харин амьдаар нь хайлуулах зууханд шатаасан тухай нэр бүхий хүмүүсийн яриа олны дунд байдаг ажээ. Энэ тухай Зөвлөлтийн цэргийн тагнуулын ажилтан Виктор Суворовын “Аквариум” номонд дурдсан байдаг. Хамгийн аймшигтай нь “Аквариум” омонд бичсэнээр баримтат кино бичлэг хийж, цэргийн тагнуулын ажилтнуудыг эх орноосоо урвасан тохиолдолд ийм л үхэл ирнэ гэдгийг харуулж бусдад сургамж болгодог байв. Номонд бичсэнээр бол: “... Өндөр таазтай, цонхгүй, бүүдэг гэрэлтэй, ханандаа шатаах зуухны хаалт харагдах ажээ. Саарал өмсгөлтэй хүмүүс шарилын хайрцгийг өргөн зуухны зүг чиглүүлэхэд хаалт хоёр тийш аажим нээгдэж дуусахад хайрцгийг зөөлөн түлхэж оруулна.

Цаашилбал, кино хальсанд халуун зуухны урд байх хөлс нь цувсан хүний нүүрийг томруулсан зураг гарч улмаар нөгөө хүний бүх биеийг харуулна. Тэрбээр үрчийж үнгэгдсэн боловч үнэтэй костюм өмссөн байх агаад эмнэлгийн дамнуурга дээр төмөр утсаар баглуулан зуухны амсрыг харагдахаар байрлуулжээ.
Тэр аймшигтайгаар хашгирах аж. Дөрвөн галч дамнуургатай хүнийг болгоомжтой дээш өргөв. Хүлээтэй хүн тэдний үйлдэлд саад болохыг хичээн зүйрлэшгүй их хүч гаргаж байгаа нь духан дээр нь гарч ирсэн венийн судас томорсноор харуулна. Тэрээр амь насныхаа төлөө бус зөвхөн хөнгөн үхлийг л хүсэмжилж хоёр тийш займчин дамнуурганаас ойчиж үхэх буюу ухаан алдахыг хичээнэ. Ухаан алдсан тохиолдолд шатаахад юу ч мэдрэхүй нь ойлгомжтой. Гэвч галч нар түүнд тийм боломж олгохгүй байв. Зуухны ам нээгдэх үед түүнийг алгуур ойртуулах бөгөөд цэвэрлэж тослоогүй гутлын ул гарын гэрэлд тодрон ойж эхлэхэд тэр хүн галаас хөлөө татан холдуулж хоорондын зайг нь уртасгахыг оролдох боловч яаж ч хичээгээд болсонгүй.

Гэтэл дамнуургын хөдөлгөөн амсрын өмнөхөн гэнэт зогсох үед бас нэгэн саарал өмсгөлтөн гараараа занган дохио өгөхөд галчид дамнуургыг хажуу тийш нь болгоно. Энэ үед шатаах өрөөнд дамнуурган дээр тавьсан шарилын хайрцаг оруулж ирэхэд галч нар түүнийг зуух руу оруулан сүүлийн замд нь үдэж байгааг болон удаан хугацаагаар шатаж байгааг нь ялтанд харуулан зогсоцгооно...
Нэгэнт дамнуурга дээрх хүний ээлж ирэв. Дамнуургыг зуухны амсрыг чиглүүлэх ховилд байрлуулах агшинд тэр хүний орилж байгаа чимээгүй дүр зургийг харахад хаалганы цоож тас татмаар мэдрэгдэнэ. Би түүний нүүрийг сайн ажиглахад галзуу, солиорлын шинж тэмдэг ажиглагдсангүй, харин ч царайлаг бөгөөд эрэлхэг дүр төрхтэй байх хэдий ч зууханд орохгүй гэдгээ бүхий л бие сэтгэлээрээ ямар нэгэн байдлаар илэрхийлж байв. Үнэхээр ч хашгирахаас өөрөөр хэрхэн илэрхийлэх билээ. Ингээд түүний гутал улайрсан гал руу түрүүлэн орлоо. Түрүүчийн хоёр галч хойшоо ухасхийн зайлав. Дараагийн хоёр нь дамнуургыг түлхэн гүйцэд оруулахад зуухны хаалт хаагдав.

Энэ хэн бэ? гэж би өөрөө өөрөөсөө асуув. Би яагаад ингэж асуух болов. Тэр? Хурандаа. Манай байгууллагад ажиллаж байсан хүн! Гэхдээ бүр өндөр албан тушаалд байсан. Тэр тусгай албыг хуурч мэхэлсэн. Түүнийг ажлаас халсан. Ял оноосон. Тэгээд л явлаа даа. Манай хууль дүрэм ийм ажээ...”.
1963 оны 5 сарын 16-нд ТУЕГ-ын хурандаа Олег Пеньковский эх орноосоо урвасан хэргээр цаазаар авахуулсан юм. Харин мөн байгууллагын хуучин ажилтан “Аквариум” номыг зохиогч Виктор Суворов түүний цаазын үйл ажиллагааг нүдээрээ үзсэн байж болно шүү дээ...
Эх сурвалж www.wikimon.mn