Би бодохдоо: Төрийг ялзруулж, түмнийг ядууруулсан улс төрийн нам нэрт гэмт хэрэгтэн, бизнесийн бүлэглэлүүдэд хариуцлага тооцож, ард түмний нэрийн өмнөөс зохих шийтгэлийг нь өгөөсэй гэж боддог.

Би бодохдоо: Үрсийг нь гудамжинд гаргаж, өвгөд хөгшдийг нь хаягдал түүлгэж, идэр залуусыг нь харьд цөлж, эмс охидыг янхан болгож, эрдэс баялгийг нь хомхойлон сорж, эх орныг минь цөлмөж буй харийнхантай хуйвалдсан цөөн тооны эрх мэдэлтнүүдийг улс төрийн тавцангаас бүр мөсөн зайлуулаасай гэж боддог.

Би бодохдоо: Монгол хүн Монгол эх орондоо эзний ёсоор ажиллаж амьдрахыг нь баталгаажуулсан шинэ үндсэн хуулийг гаргаасай гэж боддог.

Би бодохдоо: Эрчүүдийг нь харьд гаргаж хар ажлын боол болгочихоод оронд нь Хятадын ажилгүйдлийг бууруулахад том хувь нэмэр оруулж ажилчид оруулж ирж, Монгол орныг сүйтгэж, Монгол цусыг булингартуулхад томоохон хувь нэмрээ оруулсан төрийн сайд нэрт харийн гар хөл бологсдыг шүүн цээрлүүлэх өдөр ирнэ гэж боддог.

Би бодохдоо: Үхэхгүй юм шиг сэтгэж, үр хүүхдээ луйврийн мөнгөөр угжиж, ард түмнийг туйлдуулан байж хагартлаа баяжсан эрх мэдэлтнүүдийг нэг л өдөр хулгайлж, луйвардаж, идсэн бүхнийг нь ард түмэн хураана гэж боддог.

Би бодохдоо: Нүүрсний улс төр хийж, нүүрсний эдийн засгийг дэмжиж буй пад хар улс төрчдийг мэдлэг эзэмшиж, боловсролтой болж, тархиндаа гэгээ оруулаасай гэж боддог.

Би бодохдоо: Архи тамхиар ард түмнийг мансууруулж, ар хударгаар нь төрийн мөнгө саадаг эрх мэдэлтнүүдэд ард түмэн цэг тавиасай гэж боддог.

Би бодохдоо: Ард түмнийг мунхруулж, эрх мэдэлтнүүдэд худалдагдаж, аав ээж, ах эгч, эмээ өвөө, үр хүүхдийнхээ эсрэг гэмт хэрэг хийж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг 4 дэх засаглалынхаа үүргийг гүйцэтгээсэй гэж боддог.

Би бодохдоо: Амаараа ярьж чаддаг, идэж чаддаг хэрнээ бусад эрхтэн нь хөдөлдөггүй мөн нурааж чаддаг, хуйвалдаж чаддаг, хэрнээ бүтээж чаддагүй, сэтгэж чаддаггүй улс төрч нэртнүүдийг ард түмэн зөвөөр таньж, дахин битгий сонгоосой гэж боддог.

Би бодохдоо: Ямар ч үнэт зүйл, үзэл баримтлалгүй намуудыг татан буулгаж, мөнгөтэй л бол мэдрэл муутай нь ч хамаагүй төрд гардаг гаж үйлдлийг таслан зогсоогоосой гэж боддог.

Би бодохдоо улс орныг харанхуй нөмөрч, хоёр нам төрийг удирдаж, Монголын ард түмэн өдөр ирэх бүр ядууран туйлдаж, улс орны баялаг өдөр шөнөгүй гадагшаа урсаж, муу муухай бүхэн цэцэглэж, өсвөр үе ирээдүй хойчоо боддоггүй улс орны уруудан доройтсон хар үе түргэн цэглэгдээсэй гэж боддог.

Ард түмнийг яаж дарлалаа ч, яаж ч туйлдууллаа ч эрх орон, ирээдүй хочийнхоо төлөө хэзээд босч ирдэг юм.

Би бодохдоо удаан тэвчсэн ард түмэн нэг л тэсрэнэ гэж боддог. Тэгэх ч болно. Тун удахгүй.