Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогт нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан хэлэлцэв. Энэ үеэр шүүхээс С.Цогт нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутгаж, С.Цогтод хоёр жилийн хорих ял оноосон байна. Шүүхийн энэ шийдвэр олон хүний дунд маргаан дэгдээж эхэллээ. Учир нь хар тамхины хэрэгт холбогдсон олон хүн хатуу чанга ял авч байсан түүхтэй. Гэтэл Монголын тэргүүн баячуудын нэг, төрөөс төрсөн тэрбумтан Д.Сугарын хүүд хууль тун ч ээлтэй загнажээ. Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар гэж ямар ч хэрэг төвгөөс төвөггүй мултарч чаддаг зартай эрхэм бий. Өвөрхангайд нэр дэвшиж, онгоцоор чихэр асгаж явсан энэ эр Эрдэнэт, Төмөр замыг барьцаанд тавьсан, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн, МИАТ-ын хэрэгт холбоотой гээд асар олон хэрэгт нэр хавчуулагдаж байсан удаатай. Үнэхээр ч хөлгүй баян энэ эрийн хөрөнгө мөнгө гэж багтаж ядсан зүйл байдаг гэнэ. Тэрээр энэ их хөрөнгөө багтааж шингээж чаддаггүй, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч оруулж бичиж амждаггүй гэнэ. УИХ-ын гишүүн, Төрийн өмчийн хорооны дарга асан энэ эр өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн том сэтэртэй. Гэвч түүнийг АТГ шалгаж, гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгө, томоохон хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй гэдгийг тогтоосон ч ямар нэгэн хариуцлага тооцож чадахгүй гачихаад сууж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн маань БЗД-ийн 1З хороо, Алтантэвш хороололд байрлах 30 м2 талбайтай хувийн сууцыг хөрөнгө орлоготоо мэдүүлээгүй үлдээсэн гэнэ. Гэвч үүнийг Д.Сугар эсэргүүцэж, “Энэ бол орон сууц биш. Манаачийн байр" хэмээн мэдүүлэг өгөөд байгаа аж. Д.Сугарынх БЗД-ийн 13-р хороо, Алтан тэвш хороолол дахь 372 м2 талбайтай хувийн тансаг орон сууцанд амьдардаг бөгөөд манаачийнхаа байрыг барихын тулд 70 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Д.Сугар Транс Трейд “Би Би Эс Би" ББСБ-тай тун нарийн холбоотой нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Уг банк бус санхүүгийн байгууллагад түүний тэрбум төгрөгийн хадгаламж байдаг бөгөөд шаардлагатай үедээ мөнгө зээлж авдаг гэнэ. Д.Сугар 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Транс Трейд “Би Би Эс Би" ББСБ-аас 273.6 сая төгрөгийн, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мөн дээрх ББСБ-аас 113 сая төгрөгийн зээлийг тус тус авч байжээ. Мөн тэрээр 290 сая төгрөгийн хувьцааг олон улсын үнэт цаасны биржээс авсан ч энэ хувьцаагаа нууж байсан нь илэрчээ. Тэрээр Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан. Энэ их хэмжээний мөнгийг хаанаас олсон, бас зарсан мөнгөө юунд зарцуулсан нь тодорхой бус байгаа юм. Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7 сарын 16-нд 199.941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ. Японд үнэтэй тансаг байр худалдаж авч байсан Д.Сугар Солонгос улсад ч бас үл хөдлөх хөрөнгөтэй. Тэрээр аялал жуулчлалын гол бүс нутаг Чэжү арал дээр РАӨН хотхоны 101/701 тоот орон сууц худалдаж авчээ. Тэрээр энэ талаарааа “Би 2001 онд “Үндэсний үнэт цаас" ХХК-ийг хувьчилж авсан. Д.Түмэнжаргалд 2007 онд худалдсан, тус компаний ногдол ашгаас нэг тэрбум орчим төгрөгтэй болсон бөгөөд энэ мөнгөөрөө 2011 онд Солонгост хувийн сууцыг худалдаж авсан гэж мэдүүлжээ. Төрийн албанд ажилладаг хэрнээ тэрбум төгрөгийн хадгаламжтай, Солонгос, Японд тансаг хаустай, Улаанбаатарт тусгай манаачтай амьдардаг, офшор данснаасаа дөрвөн зуун мянган долларын гүйлгээ хийдэг, хөрөнгө орлогоо үргэлж нуусаар ирсэн энэ эрийн нөлөө Монголын шүүхэд хүчтэй гэж олон хүн ярьж байгаа юм. Тиймээс хар тамхины хэргээр шийтгэгдсэн хүмүүс ямар ял авч байсныг эргэн сануулж байна.
DJ Өөжий 0,6 грамм хар тамхинаас болж 12 жилийн ял сонсжээ


Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэгт яллагдагчаар татагдсан DJ Өөжийг холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж байсан түүхтэй. Тухайн үед Улсын яллагч Г.Мижиддорж эрүүгийн хуулийн 188.3-т зааснаар 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналаа шүүх бүрэлдэхүүнд тавьсан бол шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд О.Ганболдод 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаж байсан байх юм. Түүнийг 2001 оны тавдугаар сарын 18-ны өдөр Замын-Үүд боомтоор 1.8х1.1 см хэмжээтэй, 2 мм орчим зузаантай 0.6 грамм хар бараан өнгийн зунгаг шинжтэй зүйлийг хятад тамхины хайрцагт хийн цүнхэндээ авч гарахыг завдсан. Замын-Үүдийн гаалиар нэвтрэхээс өмнө цүнхийг үүрч явсан О.Ганболд, түүний найз Мөнхбаяр нарыг саатуулан нэгжлэг хийж, дээрх зүйлийг илрүүлсэн. Уг зүйлийг Замын-Үүдийн гаалийн лаборатори, Химийн шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхэд Делта-9, Тетрохетроканабил бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 12 жилийн ял оноожээ. Үнэндээ нэг грамм ч хүрэхгүй хар тамхинаас болж энэ залуу олон жил торны цаана суусан.
Харангын Лхагваад долоон жилийн ял оноож байлаа

Урлагийнхан дундаа “танхай" нэр зүүгээд байсан Х.Лхагвасүрэн 2007 онд хар тамхины хэргээр 7 жилийн ял авсан. Тэрбээр “нойр булчирхайн өвчнөө намдаах гэж хэрэглэдэг байсан" гэх тайлбар өгсөн ч шүүхээс түүнийг бусдад хар тамхи дамлан наймаалсан хэргээр буруутгасан. Тэрбээр 409-р ангид хоригдож байхдаа “Тоосго" нэртэй хамтлаг байгуулж “Авдрант", “Луусан" гэж хүмүүсийн нэрлэдэг чанга дэглэмтэй хорих ангиудад тоглолт хийж байлаа. Түүнийг 2009 оны энэ үед буюу 6-р сард Н.Энхбаяр МУ-ын ерөнхийлөгч байхдаа Өршөөлийн хуулиар сулласан юм. Хэдийгээр тэр өршөөгдсөн ч гэсэн хоёр жилийг торны цаана өнгөрүүлж байсан түүхтэй.

http://www.shudarga.mn