АТГ-ын дэргэд Олон нийтийн зөвлөл гэх Ерөнхийлөгчийн зарлигаар томилогддог том байгууллага бий. Иргэний нийгмийг төлөөлөх зорилготой энэ зөвлөл 15 гишүүнтэй. Авилгын эсрэг хуульд зааснаар ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар томилдог. 2009 оны есдүгээр сарын 29-ны өдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 121 дүгээр зарлигаар томилогдсон гишүүдийн хугацаа 17 хоногийн өмнө дуусаад байна. Харин тэд өнгөрсөн хугацаанд юу хийв? Ажиллах журмынхаа дагуу авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, санал бодлыг нь хүргэх, авлигын нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар АТГ-д ямар зөвлөмж өгсөн юм бол.

Албан ёсны сайт дахь мэдээллээс нь харахад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас баривчилсан үйл явцтай холбогдуулан нэг л удаа мэдэгдэл гаргаж байжээ. Уг мэдэгдэл нь тэр чигтээ сэжигтэн асан Н.Энхбаярыг буруутган, харин түмний нүдэн дээр хүний эрхийг илт зөрчин баривчлах үйл ажиллагаа явуулсан АТГ-ыг өмгөөлөхөд чиглэгдсэн байх юм. Хүний эрхийг хамгаалах чиглэлийн байгууллагууд хүртэл энэ үйлдлийг нь тэр үед буруутгаж байлаа. Гэтэл АТГ-ын үйл ажиллагаанд хүний эрх зөрчигдөж буй, эсэхэд хяналт тавих нь Олон нийтийн зөвлөлийн ажил биш гэж үү.

Уг нь тэд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэн нэгнийг “яллах”, АТГ-ын хууль зөрчсөн үйлдлийг хамгаалан хаацайлах биш, хөндлөнгийн байр суурьнаас хандаж, алдаа оноог нь засаж залруулан, зөвлөх үүрэгтэй. Авилгын эсрэг хууль болон АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн ажиллах журамд ч ингэж заажээ. Гэтэл тэд энэ үүргээ биелүүлж чадаж байгаа бил үү.

АТГ-ын үйл ажиллагаа сүүлийн хэдэн жилд эрс идэвхжсэн. Харамсалтай нь шалгаж буй хэрг үүдийн олонх нь улс төрийн өнгөөрөө илт ялгардаг. “АТГ-ынхан Ардын намынхныг намнадаг газар боллоо” хэмээн хэвлэл мэдээллийнхэн олон удаа сануулж, шүүмжилсэн. Харамсалтай нь Олон нийтийн зөвлөлийнхөн анхаарал хандуулж, сануулж, сэрээсэнгүй. Хэвлэлийнхэн ингэж дүгнэх болсон нь хий хоосон улстөржилт биш, улс төрийн харьяаллаар нь илт тодорхой байсан. АТГ шалгахаа шалгаж, шалгахгүйгээ шалгадаггүй. Цагаан дээр хараар бичсэн баримттай байсан ч аргацаасан хариу өгч, ам тагладаг нь АТГ-ын боловсон аргын нэг биш гэж үү. УИХ-ын дэд дарга асан, эрхэм гишүүн С.Баярцогттой холбоотой асуудал байна.

Швейцарийн банкин дахь дансаа нууж, хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бичсэн нь АТГ-ынхны хувьд анхаарал татах том л асуудлын нэг баймаар. Гэтэл энэ хэргийг АТГынхан шалгахыг ч хүсээгүй. Иргэний нийгмийн байгууллагынхан шахаж шаардсан ч УИХ-ын дэд даргаас огцруулснаар УИХ хариуцлага тооцсон. Тиймээс АТГ шалгах шаардлагагүй гэсэн хачирхалтай хариултаар амыг нь таглаад явуулсан байдаг. АТГ-ынхны ялгавартай хандлага энэ биш үү. С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас нь огцруулсан. Ингэснээр түүний нууц дансанд орж, гарсан тэр их валют авлига, албан тушаалын хаялга биш гэдгийг өнөөдөр АТГ-аас өөр хэн шалгаж тогтоох ёстой байсан юм бэ.

АТГ улс төрөөс ангид ажиллах учиртай. Тэр тусмаа иргэний нийгмийн төлөөлөл болох Олон нийтийн зөвлөлийн гишүүдэд улс төрийн “үнэр” ч байх ёсгүй. Гэтэл Ерөнхийлөгчийн томилсон 15 гишүүн энэ шаардлагыг бүрэн хангаж чадаагүй. Ж.Батзандан, Р.Бурмаа, Т.Хасбаатар, М.Ичинноров гээд улайм цайм улстөрчид энэ зөвлөлд томилогдсон нь АТГ-ыг ч улстөржсөн байгууллага болсны хөндлөнгийн баталгаа биш гэж хэлэх үү.

Одоо Ж.Батзандан, Р.Бурмаа нар АН-ын нэрээр УИХ-д сонгогдож энэ намыг Парламентад төлөөлж байна. Гэтэл тэднийг өнөөдрийг хүртэл АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс эргүүлэн татсангүй. Энэ тухай асуудлыг ч огт хөндөлгүй бүтэн жилийг үдлээ. Ийм байхад АТГ-ыг АН-ын дэргэдэх байгуулага хэмээн ойлгох нь иргэдийн буруу биш ээ.

Энэ зөвлөлийн ажиллах журамд зааснаар гишүүдийг бүрэн эрх нь дуусахаас өмнө дараах үндэслэлээр чөлөөлдөг юм байна. Үүнд, төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албанд сонгогдсон, эсвэл томилогдсон, бусад шалтгаанаар иргэний нийгмийг төлөөлөхгүй болсон. Мөн чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч хугацаанаас нь өмнө чөлөөлөх учиртай аж. Гэтэл УИХын эрхэм гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа нар өнөөдрийг хүртэл чив чимээгүй суусаар байгаа нь ямар учиртай юм бэ. АТГ-ын Олон нитйин зөвлөлийн гишүүн гэдгээ мартчихсан юм болов уу. УИХ-ын сонгуулиас хойш энэ зөвлөл ядаж нэг удаа ч гэсэн хуралдсан бол үүнийгээ ядаж санамаар юм.

АТГ хууль хүчний байгууллагуудаас хамгийн их эрх мэдэлтэй нь. Тийм учраас бурууг нь засаж зөвлөж, зөвийг нь дэмжүүлэхээр Олон нийтийн зөвлөлийг байгуулсан. Харамсалтай нь энэ байгууллага өнөөдрийг иргэний нийгмийг биш, улс төрийн өнгөө төлөөлж байсанд Ерөнхийлөгч анхаарал хандуулах цаг болжээ. АТГ-ын дэргэд иргэний нийгмийн төлөөлөл ажиллуулах нь яалт ч үгүй зөв. Харин үүнийг төлөөлөх гишүүд нь хэн байх, тэднийг томилох шалгуурыг иргэдэд ил тод байлгах нь АТГ-ынханд төдийгүй ард иргэдэд хэрэгтэй байна.

Одоогийн 15 гишүүнээс харахад дөрөв нь яах аргагүй улстөрчид байна. Тэднийг томилохдоо эрхэм Ерөнхийлөгч аль намын харьяалалтайг нь мэдээгүй гэдэгт хэн ч итгэхг үй ээ. Харин бусдыг нь улстөрч байтугай иргэний нийгмийн төлөөлөл мөн, эсэхийг нь ч мэдэхээргүй олонд танигдаагүй хүмүүс байна.

Энэ зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх нэгэнт дууссан. Тиймээс дараагийн шинэ гишүүдээ аль ч намын харьяалалгүй, иргэний нийгмээ төлөөлдөг жинхэнэ нам бус иргэдээсээ томилоход эрхэм Ерөнхийлөгч анхаарал хандуулаасай.

"Өнөөдөр" сонин