“Танхай балмад явдлаа гэгээрэл гэнэ, замбараагүй байдлаа эрх чөлөө гэнэ, завхайрлаа гайхамшиг гэнэ, ичгүүргүй явдлаа эр зоригийн хэрэг гэнэ” Платон

Улаанбаатард олон байшин барилга сүндэрлэн босч барууны ойлголтоор бол хөгжиж байна. Нөгөө талд шудрага бус явдал хавтгайран газар авч хүсэн хүлээж байснаас тэс өөр нийгэм улам хүчирхэгжинэ. Удирдагчдын уран хоосон яриа, увайгүй олон үйлдэл урам зоригийг хугална. Холыг харвал тусгаар Монгол улсын бие даасан байдал улам эрсдэлд орно.

Би ардчилсан хувьсгалын он жилүүдэд эх орондоо байж таараагүй, тэр үед одоох шиг интернэт хэрэглэдэггүй байсан. Нэг өдөр ирэхэд өөр нийгэмтэй болсон байв. Эхэн үедээ бусдын адил урдхаасаа илүү сайхан, илүү шудрага нээлттэй болно гэж горьдов. Дашбалбар гэдэг урт үстэй хүн хачин юм яриад байгаа юм шиг санагдуулж байсан үе. Төдөлгүй байдал эсрэгээр эргэж, гоё сайхан лоозон үгс нь хий хоосон юм гэдгийг харин ч би эрт ойлгосон нэгэн. Яагаад ийм байна гэж янз бүрээр бодсон, олиггүй нэгнийг муулж үзлээ, төр засгаа шүүмжилж үзлээ.

Одоо хэдэн зүйл тодорхой:

- ард түмэн дүүрчихсэн тэнэгтээ хамгийн болохгүй хүмүүсийг сонгууль болгоноор сонгоод байдаггүй,

- хэн ч сонгогдсон эцэстээ ямар ч ялгаагүй луйварчин болох бүх нөхцөл бүрдсэн,

- эх орон, ард түмнийхээ төлөө шудрага зүтгэх нэгэн сонгогдох боломж тун хязгаарлагдмал,

- хэрэв сонгогдвол заавал гудамжны тэмцэл тавилтанд оролцох эсвэл ямар нэгэн луйврын хэлхээс болсон байх.

Тэгэхээр асуудал энэ засаглал, нийгмийн тогтолцоондоо байгаа нь тодорхой байна. Системийн алдаа өгөөд байна эсвэл энэ систем албаар ингэж гаж ажиллах ёстой зохиогдсон байна. 

Энэ 20 жил би өөрөө сонгуульд санал өгч байгаагүй, хоёр шалтгаантай. Нэгд, хэнийг ч сонгоод ялгаагүй гэж үзсэн. Хоёрт, гол шалтгаан байх, миний итгэл үнэмшлийг даах таалагдсан нэр дэвшигч таардаггүй байв. Гурван бөөснөөс заавал аль нэгийг сонгох миний хувьд сонголт биш байв.     

Одоо тэгээд яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Гол асуудал бол ардчилал хамгийн сайхан нийгэм, үүнээс сайхан юм байхгүй хэмээн олон түмний тархинд суулгаж, гацаанд оруулсан явдал юм. Үүндээ итгэж тэмцсэн ардчиллын алтан хараацайнууд өнөөдөр өнгө гудайв, ууг нь өдийд алтан бүргэдүүд болчих байв.     

Юуны өмнө ганц хоёр хүн биш, харин аль болох олон хүн, бүх нийтээрээ ардчилал гэж чухам юу юм бэ, ямар угшилтай юм бэ гэдгийг ойлгохоос эхлэх нь зүйтэй. Буруугаа хүлээн зөвшөөрч чадвал засаж өөрчлөж болно. Үгүй бол юу ч хийгээд нэмэр үгүй. 

Эртний Грекээс гаралтай “демо” гэж ард түмэн, “крати” гэж засаг, ард түмэн засгийн эрхийг барина гэж энгийн сайхан ойлгогдоно. Яг энэ утгаар ардчилал тогтоосон нэг ч улс орон дэлхийн түүхэнд байхгүй бөгөөд бодит байдал дээр “демо-крати” буюу загвар үзүүлэнгийн засаглал болсон байдаг. Эртний Грекийн домгуудын адил. Энэ талаар өөрийн үзэл бодлыг урд нь олонтаа илэрхийлж өөрийн эрх ашгийг харсан олон хүний дургуйг хүргэсэн тул одоо дэлхийн агуу гүн ухаанчдын ардчиллын талаар юу гэж байсныг харуулж түүхийн цагийг сөхье.

Хамгийн анхны демократи буюу ардчилал эртний Грекээс эхтэй ба Афины ардчилал гэж явдаг. Афин нь Грекийн нийслэл бөгөөд 3000 жилийн түүхтэй дэлхийн хамгийн эртний хотуудын нэг. Барууны гүн ухааныг үндэслэгч Сократ, Платон, Аристотель, драмын суурийг тавигч Эсхил, Софокл, Еврипид нар бүгд тэндээс гаралтай. Сонирхолтой нь хүн төрөлхтөний агуу сэтгэгч гэгдэх Сократ, Платон, Аристотель нар ардчилалд нэн тааламжгүй хандаж байсан бөгөөд Платон ардчиллыг хамгийн ихээр үзэн ядаж, хамгийн муу засаглал гэж үздэг байжээ.

Тэгвэл Платоны 2500 жилийн өмнө бичсэн зүйлс өнөөдрийн дүр төрх яг дүрээрээ байгааг үзэхэд агуу хүн бол үнэхээр агуу л юм байна гэж өөрийн эрхгүй бодогдоно. Тэрээр:

Ардчиллын үед

Ард иргэд хуулийг сахиж дээдлэхээ болино,

Хаа сайгүй эдийн хэрэглээ тархана, дэлгэрнэ,

Хүмүүс бие биенээсээ хөндийрнө, хувиа хичээнэ,

Энэ бүх юм, туйлийн эрх чөлөө нь туйлийн боолчлол болж хувирна,

Олон нийтийн дураараа авирлах явдал хэн нэгний дураараа авирлах явдал болж хувирна

улмаар ардчилал өөрийн диалектик эсрэг байдал болох ДАРАНГУЙЛАЛД шилжинэ.

/Платон. “Улс”, наймдугаар ном/

“Төр засагтаа үнэнч ард иргэдийг ямар ч үнэ цэнгүй сайн дурын боолуудтай адил хог новштой хольж хаях мөртлөө захирагдагсдтай төстэй удирдагчдыг, удирдагчтай төстэй захирагдагсдыг өргөн магтан дуулах болно”.

“Залуучууд ахмадуудтай зэрэгцэж үзэл бодол, үйл хэргээр сөргөлдөх бөгөөд ахмадууд залуучуудыг дууриаж алиа салбадай шиг аашилж эхлэнэ”.

“Хүний дэргэдэх амьтад өөр хаанаас ч илүү эрх чөлөөг эдэлнэ ... нохой эзэн болно”.

Сүүлийн үгийг уншаад эх эцэг, ойр дотны хүмүүсээ тоодоггүй хэрнээ нохой муурандаа бүхий л анхаарлаа тавьдаг зарим барууныхан санагдана. Тэртээ хэдэн мянган жилийн өмнө гэхэд гайхалтай мэргэн хэлжээ.

Платоны тодорхойлсноор гаж буруу засаглал, нийгмийн тогтолцооны төрлүүд:

Тимократизм (нэр төр хөөгчдийн засаглал, ихэвчлэн цэргийн аристократи бөгөөд нэр хүндийн шалгуур өөр бөгөөд ард түмний төлөө биш, нэр төрийнхөө төлөө үзэлцэн тэмцэлдэнэ, төдөлгүй баяжиж, мөнгөөр ихэнх асуудлыг шийдэж олигарх болж хувирна),

Олигархизм (баячуудын засаглал, хөрөнгөтэй цөөхүүл ядуучуудыг захирна, баян ядуугийн ялгаа их, баячууд улам баян болсоор нэг өдөр ядуучууд баячуудыг авч хаяж ардчилал тогтооно),

Демократизм(ихэнхдээ боловсролгүй, ёс суртахуунгүй олонхийн засаглал, олигархизмаас муу тогтолцоо, эрх мэдлийн төлөө бусдыгаа удирдах хэд хэдэн демагогууд үзэлцэх ба бусдын гараар могой бариулж өрсөлдөгч нараа устгуулна, ард түмнийг зөв замаар авж явахын оронд өөрсдөө хэрэглээний дорд шуналд автагдана. Ийм демагогууд худлаа ярьна, хоёр нүүр гаргана, өдөөн хатгана, увайгүй үйлдэл хийнэ. Ингэсээр яваад эцэст хэн нэг нь бүрэн эрхээ тогтоож дарангуйлагч болж хувирна.)

Тиранизм (гэмт этгээдийн засаглал, нэг хүний хяналтгүй засаглал, энэ хамгийн муу засаглал бөгөөд дарангуйлагч зөвхөн өөртөө хэрэгтэй саарал хүмүүсээр хүрээлүүлж, өөртэй нь харьцуулж мэдэх ухаантай, чадалтай, авьяастай хүмүүсийг устгуулж эхлэнэ.)

Платон ингэж тодорхойлсон 4 засаглалын удаах нь урдхаасаа улам дордоно гэж тэмдэглэжээ.

Платон ардчилалыг таатай, олон төрлийн өнгө аястай боловч зохих удирдлага байхгүй, ард иргэдэд хуурамч ойлголт ноёрхож энэ нь улмаар ёс суртахууны гүнзгий доройтолд хүргэнэ гэж онцолжээ: “Танхай балмад явдлаа гэгээрэл гэнэ, замбараагүй байдлаа эрх чөлөө гэнэ, завхайрлаа гайхамшиг гэнэ, ичгүүргүй явдлаа эр зоригийн хэрэг гэнэ”

Платон: “Ардчилал бол хязгааргүй эрх чөлөөндөө согтууран мансуурч эсрэгээр дарангулайгчаа өөрөө төрүүлдэг нийгэм” гэж тодорхойлжээ. Дарангуйлагч ард түмний нэрийн өмнөөс улам их эрх мэдлийг шаардаж ноёрхлоо тогтооно гэнэ.

Яг ийм л үйл явдлууд эртний Грекэд шат дараалан өрнөж, нэгэнтээ хүчтэй, алдартай байсан улс гүрэн доройтоход хүрсэн түүхэн явдал болсон юм. Тэр үеийн ардчилсан Афинд 400 мянган хүнтэй байсан бөгөөд санал өгөх эрхтэй ердөө 30 мянган хүн байж, 7,5%. Яг бодит байдал дээр янз бүрийн хориг тогтоож 5% хүрэхгүй иргэд санал өгөх боломжтой байсан гэдгийг ардчиллын түүхчид өөрсдөө тэмпэглэжээ. Тэр үед бүх нийтээр сонгууль өгөх газар, тойрог гэж байгаагүй бөгөөд дээрхи 5%-д багтах сонгуулийн эрхтэй хүмүүсээс засаг төрийн асуудал гарахад нэг талбай дээр цугларч ваар саванд хоёр өөр өнгийн чулуу хувааж хийснээр шийдвэр гаргана. Талбай дээр цугларагсад ихэнх нь бие биеээ таньж мэдэхээс гадна сайндаа хүн амын 1% төлөөлдөг байсан байна. Ингэж бүх ард түмнээрээ засгийн эрхийг барьдаг байжээ.

Орчин үеийн ардчилсан засаглалын хувьд Афины ардчиллаас хол тасарсангүй. Ялгаа нь яг удирдаж байгаа хүмүүсийн тоо багасч, харин удирдаж байна гэж эндүүрдэг хүмүүсийн тоо ихэссэн болно. Америкийн эрдэмтэн Алмонд, Верб нарын судалснаар АНУ-д өнөөдөр хүн амын 1% улс төрийн намд гишүүнээр элссэнээр, эсвэл үйлдвэрчний холбоо мэт бусад байгууллагад нэгдсэнээр 4% л ямар нэгэн хэлбэрээр Төр засгийн шийдвэрт нөлөөлж байна гэнэ. Мөн бүх ард түмний нэртэй сонгууль өнөөдрийн хөрөнгөтний цөөхүүлийн засаглалыг сулруулахын оронд бүр эсрэгээр харин ч бэхжүүлж, учир нь ийм өргөн хэмжээний сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулахын тулд их мөнгө шаардлагатай бөгөөд нэр дэвшигч өөрөө том хөрөнгөтөн эсвэл илүү хөрөнгөтний гар хөл байхаас өөр аргагүй нөхцөл бүрэлджээ.

(Сэдэв үргэлжилнэ)

 

Баярсайхан эмч

Эх сурвалж: www.golomt.org