Буурлаас үг сонс гэдэг. Тэгээд ч түүх түүхээрээ хойч үед хүрэх нь ирээдүйг байгуулах залууст нэмэр тустай. Хэнтий аймгийн Дадал суманд зорчиж явахад өдгөө өндөр настан, өмнө нь сумын Засаг дарга болоод сургуулийн захирлаар ч ажиллаж байсан Г.Доржсүрэн гэдэг ажилч шаламгай буриад "залуу"-тай танилцсан юм. Залуу гэдэг нь учиртай. Тэрбээр өнөө тэтгэвэрт гарсан, жимс ногоо тарьж, жуулчин хүлээж авах хувийн ажил эрхэлдэг ч идэр залуу хүн шиг жирэлзэж явдаг нэгэн. Төр, нийгмийн ажлыг хийсэн шиг хийсээр дараа үедээ хүлээлгэж өгсөн хөдөлмөрч, шударга жинхэнэ хуучны хүн юм билээ. Г.Доржсүрэн гуай төвөөс сэтгүүлч ирснийг олзуурхан дараахь дурсамжийг олон түмний сонорт хүргэж өгөөч гэж чухалчлан хүссэн юм. Уг нь үүнийг өнгөрсөн зун Дадал суманд болсон олон улсын "Алтаргана" наадмын өмнө "Өдрийн сонин"-д гаргуулахаар өгсөн ч хүлээж аваад, гаргаж өгнө гэж амласан хариуцлагатан хэлсэндээ хүрээгүйд өнөө хэр гомдолтой байгаа гэдгээ хэлж байлаа. Олон улсын чанартай том наадам болж өргөжсөн "Алтаргана"-ын талаарх баримт сэлт, түүх, дурсамжууд үнэн бодитоор үеэс үед уламжлагдаасай хэмээн санаж, Ахмадын баяр алсраагүй байгаа энэ өдөр нийтлэлийг нь олон нийтэд хүргэж байна.

1993 онд Хэнтий аймгийн ИТХ-аас (ИТХ-ын дарга доктор Ч.Баатар, аймгийн Засаг дарга доктор Ц.Балдандорж байсан) аймгаа хөгжүүлэх хэтийн чиг бодлогоо сум бүрээр гаргаж хэлэлцэж батлахдаа эзэн Чингисийн тоонот Дадал суманд аялал жуулчлалыг нэн тэргүүнд хөгжүүлэхээр заасан юм.

1990-ээд оны эхээр гадаадын жуулчид, түүний дотор ялангуяа япончууд нисдэг тэрэг, нисэх онгоцоор тус суманд олноор ирэх боллоо. Тэднийг хүлээн авах газар нь багахан жуулчны бааз, Гурван нуурын Рашаан, Сувилал хоёр л байв. Шилжилтийн үеийн эдийн засгийн хүнд байдлаас шалтгаалж төр засгаас дорвитой арга хэмжээ авах боломж байсангүй. Энэ үед нутгийн зөвлөлийн дарга, ардын багш Б.Цэрэндорж агсан Тэмүүжиний тухай сүрлэн наамлын, нэрт гэрэл зурагчин Цэрэннадмид агсны гэрэл зургийн бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. Аймгийн зураач Даваанямаар Чингис хааны музейн зураг хийлгэж, түүхийн багш Г.Цэрэндорж, багш Бадамцэрэн бид дөрвийг аймгаас чиглэл өгч Улаанбаатар хот явуулав. Бид хот орж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, доктор Ш.Нацагдорж, Нямбуу, Бадамхатан, бизнесмен Энхтайван зэрэг олон хүнтэй уулзаж тэдний үнэтэй зөвлөгөө авсан боловч дорвитой хөрөнгө оруулалт оруулах хамтрагчаа олж чадалгүй ирж билээ. Түүнээс хойш 10-аад жилийн дараа аймгийн дарга С.Жаргалын үед хийсэн төсөл Засгийн газраас зарласан "Нэг суурин нэг бүтээгдэхүүн"-нд улсад шалгарсан сумын нэгэнд орж төвөөс сургалтууд авсан юм. Үүнээс хойш иргэдийн идэвх суларч дээрх ажил тэгсхийгээд замхран алга болов.Харин хувийн хэвшлийнхэн идэвхжиж таван жуулчны баазтай болж, Гурван нуурын сувилал хувьчлагдсанаар байдал аажмаар дээрдэж байна.

1993 оны намраас аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс дээр (дарга нь Пүрэвжав) Дадал суманд аялал жуулчлал хөгжүүлэх асуудал дахин хөндөгдөж зардал багатай, хялбар дөхмийг бодолцон Буриад дууны наадам явуулах болсон болов уу гэж би боддог. Аймагтаа олон жил соёлын хэлтсийн даргаар ажилласан Б.Дуламжав нутагтаа халх, буриад, хамниган угсаатны аж амьдралын хэв маяг соёл зан заншлыг харуулах музей байгуулах юмсан гэж их ярьдаг байсан юм. Анчин Зундуйдагва гуайн ан амьтны музей байгуулж наадмын үеэр сонирхуулж ТВ-ээр сурталчилсан нь амжилт олж, удалгүй улсын тэргүүний анчин болж аялагчдын хөлд дарагдав. Одоо амьтны парк эзнээ хүлээсээр.... Төрийн дэмжлэг үгүйлэгдсээр байна.

1990 оны Ардчилсан хувьсгал монголчуудын үндэсний ухамсрыг сэрээж шашин шүтлэг, ёс заншлаа сэргээх үүд хаалгыг цэлийтэл нээсэн юм. Буриад дууны наадам явуулах аймгийн санал Соёлын яаманд ( Сайд Н.Энхбаяр) дэмжигдсэнээр 1994 оны гуравдугаар сар гэхэд нийт сумдад наадмын удирдамж хүргэгдэв. Манай сумын Засаг даргын орлогч Б.Ганхуягаар ахлуулсан комисс байгуулагдан ажилдаа орлоо. Ёохор бүжгээ сайн мэдэх хүнгүй тул ардын аман зохиол судлаач доктор Эрдэнэчимэгээр заалгав. Буриад хувцастай хүн тун цөөн... Оёж чадах хүн ч ховордсон байв. Гай болоход 1994 оны хаврын их хуурайшилтаас үүдэн хил орчим гарсан түймэртэй сар шахам тэмцэж цаг алдав. Яг цагаа тулахад буриад дуугаар дэлхийд танигдсан дуучин маань ч ирдэггүй...Иж бүрэн мөнгөн тоноглолтой ходок тэрэгтэй, олон сайхан адуугаараа ойр хавийн сумандаа нэрд гарсан малчин залуу маань алс яваад сураг ажиг гардаггүй...

Наадамдаа "Алтаргана" гэсэн нэр хайрлах санал гаргасан комиссын нөхөд маань ургамлаа танихгүй мөртлөө зарлалаа гаргаад тавьчихав. За яахав, хугацаа байн,а учрыг нь ольё гэтэл барсангүй, аймгийнхнаас бяцхан зэмлэл хүртэв. Харин ч ахмад уран сайханчид Дяшням, Б.Хорлоо, Г.Хорлоо, Цэрэнханд, Ч.Ган-Өлзий, Д.Сүхбаатар, Мөнх-очир, Долгорсүрэн, Т.Баярсайхан, Ц.Янжмаа, Норов, Б.Сүхбаатар, С.Гүрсоронзон, Б.Даваажаргал, С.Өлзийбаяр, Пошоол, Ч.Баярмаа нарын сэтгэл зүтгэл идэвх чармайлтаар наадмын ноён нуруу босоод ирэв. Аймгаас анхаарал хандуулж Засаг даргын орлогч Батмөнх, УГЗ хөгжмийн багш Д.Гомбо, Монголын үндэсний телевизийн уран бүтээлчид (найруулагч Дагвадорж ) Хан Хэнтий чуулгын хөгжимчид (чуулгын дарга Авирмэд) нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламжав, Мөнхжаргал нараа явуулж наадмын үйл ажиллагааг удирдан явууллаа. Хөрөнгө мөнгөний гачаалыг умартан байж, "Суварга ХХК" (Захирал Д.Дашдондог), Балжхаан ХХК (Захирал Ц.Жамсранжав), "Баян" хоршоо (дарга Ч.Нэргүй), "Гурван нуур" сувилал (орлогч дарга Л.Пүрвээ), Хилийн цэргийн 0287-р анги (захирагч хурандаа Батцэнгэл) , ЕБС (захирал Г.Оросоо), аймгийн ЗДТГ-ын санхүүгийн хэлтэс (Дарга Г.Ганбат) зэрэг байгууллага аж ахуйн нэгжүүд иргэд ивээн тэтгэсэн юм. Дадал, Биндэр, Мөрөн сум, Улаанбаатар хотоос 30 гаруй авьяастнууд ардын болон зохиолын дуугаар өрсөлдсөнөөс Биндэр сумын Батбаатар, Гомбо, Дадал сумын Ц.Янжмаа, Мөрөн сумын Бадрал нар наадмын анхны шагналтнууд болцгоосон түүхтэй.

"Алтаргана" наадам маань яваандаа олон номинацтай, онол практикийн бага хуралтай, олон улсын хэмжээний болж нэр хүнд нь өсч олон хүний хүсэн хүлээдэг наадам болжээ. Анх бид Орос, Хятадад амьдардаг буриадуудаас гадна Австрали тивд суугаа буриадуудад "Их засаг"-ийн Ням-Осорт дуулгавал хэл хүргэж магад гэж ярилцаж байснаа санаж байна. Наадмаа хоёр жил тутамд зохион байгуулах ба дараачийнхыг Биндэр суманд явуулахаар тогтов. Наадмын дараахан хоёр найзтайгаа уулзахад баяр хүргэх нь байтугай согтуу буриадуудыг дуулууллаа гэдэг юм байна.Гоморхох сэтгэл тэрхэн зуур төрсөн ч нөгөө л атаач сэтгэл байлгүй дээ гэж өөрийгөө тайвшруулав...

Наадмын өмнөхөн Төв аймгийн гаралтай найз маань чи яахаараа заавал буриад дууны наадам явуулах гээд байгаа юм гэсэн нь санаанд буув. "Алтаргана" наадмыг үл таашаах хүн иргэнээс эхлээд Их хурлын гишүүн ч байдаг нь ардчилсан Монгол оронд байх хэвийн л үзэгдэл юм даа. Нөгөөтэйгүүр "Алтаргана наадмаа үзвэл амьд яваагийн хэрэг бүтлээ"..."Эзэн Чингис хааныхаа тоонотод мөргөж энэ насныхаа хэргийг бүтээлээ"...гэх хилийн чанад дахь буриадуудаас эхлээд олон хүний ярихыг сонслоо. Ингэж наадам маань хувь заяаныхаа төөргөөр дэлхийгээр тараад 100-гаад жил болсон ч газар газрын буриадуудыг уулзуулах боломжийг олгоно гэсэн таамаглал маань бодитой болсонд баярлахгүй байхын аргагүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийгээр таран суурьшсан монголчуудаа эртний монгол нутагтаа ирэхийг, хамтран ажиллахыг зоригтойгоор уриалсныг бид мэднэ. Казахстаны Ерөнхийлөгч ингэж уриалж тэтгэмжийн мөнгөн тусламж үзүүлээд хүн амын 40 хувь нь казакууд байсныг 60 хувь болгож чадсан жишээ байгаа.

...Үнэт зүйл, соёлын асуудал нь аль нэг улс өөр иргэншлийн ард тумэнд өөрсдийн үнэт зүйлийг тулган хүлээлгэх үед үүсдэг зөрчлийг соёлын шинжтэй ноцтой зөрчил гэж эрдэмтэд үздэг юм билээ. Манайд ийм зөрчил байхгүй ээ.

Хойч үедээ заавал өвлүүлэн үлдээх зүйл маань олон зуун жил уламжлагдан баяжсаар ирсэн соёл урлаг билээ. Энэ бол ахмад үеийнхний санаа тавьж байх ёстой мөнхийн сэдэв буюу.

Анхны "Алтаргана" наадмыг зохион байгуулахад оролцсон сумын Засаг дарга асан Хуасай овогт Галсангийн Доржсүрэн

Зургийн тайлбар: Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зүүн гар талд зогсоо нь Г.Доржсүрэн