-Ганцхан бензин ч биш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ манай улсаас багагүй хямд байдаг аж. Гурил, будаа, хиам, чихэр, талх гээд өргөн хэрэглээний бүхий л хүнсний бүтээгдэхүүний үнэ манай улсынхаас 20 орчим хувиар хямдхан байдаг гэнэ-

Боомтын тухай хууль 2014 оны арван­нэг­дүгээр сараас хэрэгжиж эхэлснээр ОХУ, Монгол Улсын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Алтанбулагийн шалган нэврүүлэх боомт ачааллаа дийлэхээ больж, хилээр гарах гэсэн иргэд тээврийн хэрэгсэлтэйгээ хоёроос дөрөв хонож оочирлон багагүй хүндрэл үүсээд байгаа гэх. Тиймээс хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа, үүсч буй хүндрэлүүдийг шийдвэрлэх арга замыг судлах зорилготой УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн C.Ганбаатар тэргүүтэй ажлын хэсгийн багт орж Сэлэнгэ аймгийн Алтабулаг сумыг зорьсон юм.

Серёжа ядарсан тул унтах шаардлагатай...

Сар шинийн баярын өдрүүдэд Алтан­булагийн хилийн боомтоор хоногтоо 800 гаруй автомашин, 2300 орчим зорчигч гарч байсан бол одоогоор энэ тоо харьцангуй буурч 300 орчим автомашин 700 орчим иргэн хилээр нэвтрэх болжээ. Иргэд хил дээр ийнхүү хонож өнжин хүлээж, дугаарлаж байгаа гол шалтгаан нь ОХУ-ын бомтын шалган нэвтрүүлэх журам, ажилтнуудын хүнд суртал гэнэ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш баярын өдрүүдийг хүртэл ОХУ-аас нэг урсгалаар тээврийн хэрэгсэл, иргэдийг хүлээн авч шалгаж байжээ. Нэг автомашинтай иргэдийг шалган нэвтрүүлэхдээ дунджаар 15 орчим минут зарцуулдаг бөгөөд цагт дөрөвхөн тээврийн хэрэгслийг хилээр гаргадаг гэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Сэлэнгэ аймгийн удирдлагууд Буриадын талтай уулзаж хэд хэдэн удаа хүсэлт тавьснаар гурван урсгалаар тээврийн хэрэгсэлтэй иргэдийг шалган гаргаж эхэлсэн байна. Ингэснээр оочир дараалал харьцангуй багассан гэдгийг гаалийн ажилтнууд хэлж байлаа. Бас нэгэн хүндрэлтэй зүйл нь ОХУ-ын гаалийн ажилтнууд “ядарсан, цайны цаг, унтах шаардлагатай" зэрэг шалтгаанаар хилээ хаачихдаг байна. “Серёжа ядарсан. Унтах шаардлагатай" гэхэд л хоёр цаг орчим дуугүй хүлээхээс өөр аргагүйд хүрч байгааг сумын иргэд хэлж байлаа. “Манай талаас хурдан шуурхай, хүндрэлгүй үйлчилж л байвал асуудалгүй гэж боддог. Ингэж ч үйлчилж байна. Харин оросууд үндэсний аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьж сайтар шалгаж, багагүй хугацаа зарцуулж байгааг буруутгах ямар ч үндэслэлгүй" гэдгийг хил хамгаалах албаны ажилтнууд онцолж байна.

Манай талаас ямар ч бэлтгэлгүй байжээ

Хууль хэрэгжүүлэхэд манай улсаас ямар ч бэлтгэлгүй, бодлогогүй байсан гэдгийг нутгийн удирдлагууд төдийгүй иргэд хэлж байна. Энэ нь ОХУ-ыг зорьж буй тээврийн хэрэгслийн тоо 15 дахин нэмэгдэж, ачааллаа дийлэхгүйд хүрэн хилийн гадна оочирлож дугаарлах автомашины тоо хэдэн километр үргэлжлэх явдал ч гарсан байна. Тодруулбал, Алтанбулаг орчимд зочид буудал, хоолны газар, худалдаа үйлчилгээний төв, нийтийн бие засах газар, хогийн цэг бараг байхгүйтэй адил. Хил гарахаар олон өдөр, цагаар дугаарлаж байгаа иргэд хооллох бие засах газаргүйгээс боомт орчмын газрыг бохирдуулж, автозам дагуу тээврийн хэрэгсэлтэйгээ дугаарласнаас сумын иргэд аймгийн төврүүгээ ажил, сургуульдаа явж чадахгүйд хүрсэн гэнэ. Хэдийгээр одоо ачаалал харьцангуй буурсан ч эмэгтэйчүүдийн баяр, дулааны улирал, Үндэсний их баяр наадмын үеэр мөн ийнхүү ачаалал ихсэх тул анхаарал хандуулж, яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг сумын иргэд хэлж байлаа.

Хууль бус бизнес цэцэглэж эхэлжээ

ОХУ-д нэг төрлийн барааг их хэмжээгээр оруулан худалдаалахыг хориглосон тул сүүлийн үед хилээр нэвтрэх “Camel"-ууд олширсон гэнэ. “Camel" гэдэг нь 20 өмд, 40 цамц давхарлан өмсч хил гаргаж өгөөд хөлс авдаг бизнес ажээ. Энэ бизнес хэзээний өөрийн гэсэн нэршилтэй болсон нь тэр. “Нарантуул" захаас худалдаж авсан жинсэн өмд, ноосон цамцны үнэ ОХУ-д гурваас дөрөв дахин нугардаг тул иргэд энэ төрлийн хориглосон бизнесийг ихээхэн сонирхож байгаа гэнэ. ОХУ-ын гаалийнхан иймэрхүү зөрчлийг илрүүлсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, хил нэвтрүүлдэггүй гэнэ. Харин Хиагтаас манайх руу хориглосон, хязгаарласан бараа болох сум, согтууруулах ундаа, тамхи зэргийг нэвтрүүлэхийг оролдох нь цөөнгүй байдаг аж. “Баярын үеэр хязгаарласан бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн.

Монгол Улс руу нэг хүн литр архи, 200 ширхэг янжуур, гурван литр шар айргаас илүү хэмжээгтэйг оруулахыг хоригложээ. Энэхүү журмыг зөрчих нь багагүй тохиолдсон. Мөн иргэд ангийн зориулалтаар авсан сумыг тээврийн хэрэгсэлдээ авч явсан тохиолдол ОХУ-ын хил дээр хэд хэд илэрсэн" гэж Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын ээлжийн ахлагч Ц.Нарантуяа ярьсан юм.

“Хэдийгээр хоёр улс харилцан визгүй зорчихыг зөвшөөрч, иргэд нь ямар нэгэн саадгүй худалдан авалт хийж байгаа ч хууль бус наймаа далд дэлгэрч байгааг үгүйсгэхгүй. Сэлэнгэ аймгийн зах дээр хууль бусаар ОХУ-аас оруулж ирсэн сум худалдаалж байсан тохиолдол хэд хэд илэрсэн. Энэ бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, анхаарах ёстой чухал асуудал юм. Гааль дээр рентгэн төхөөрөмж ашиглаж иргэдийг шалгаж, тээврийн хэрэгслийн зарим нэг сав, цүнхийг шалгаж үзэх төдийд гаргаж, оруулж байгаа үед хууль бус бараа, эд зүйлсийг нэвтрүүлэх эрсдэлтэй. Тиймээс энэ тал дээр яаралтай анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг хил хамгаалах албаныхан онцолж байлаа.

АИ-92 бензин литр нь 1027 төгрөг

“Хил гармагц шатахууны үнэ манай улсаас литр тутамд даруй 620 орчим төгрөгөөр хямдхан/АИ-92 шатахуун литр нь 1027 төгрөг, АИ-95 литр нь 1123 төгрөг/. Нэгэнт хилээр ямар нэгэн хураамжгүй гарч байгаа болохоор Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган гээд ойролцоо аймаг, сумдын иргэд хил гарч шатахуунаа авчихаад буцаад давхиад ороод ирж байна шүү дээ" гэж Сэлэнгэ амйгийн Хил хамгаалах газрын дарга Х.Дамдинсүрэн хэллээ. Ганцхан бензин ч биш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ манай улсаас багагүй хямд байдаг аж. Гурил, будаа, хиам, чихэр, талх гээд өргөн хэрэглээний бүхий л хүнсний бүтээгдэхүүний үнэ манай улсынхаас 20 орчим хувиар хямдхан байдаг гэнэ. Иймээс ч баярын болон амралтын өдрүүдэд манай улсын иргэд бүхий л хүнсний дэлгүүрийн лангуун дээрх барааг хуу хамж, хөрөнгө оруулагчид болж хувирдаг гэнэ. Мөн гэр ауйн бараа бүтээгдэхүүн хямдрал зарласан үедээ бодит хямдралыг үзүүлдэг нь тус улсын зорьж худалдан авалт хийх иргэдийг тоог улам бүр нэмэгдүүлдэг байна. Жишээлэхэд, Улаан-Үд хотын “Титан" тэргүүтэй сүлжээ дэлгүүрүүд баярын өдрүүдэд болоод амралтын өдрүүдэд ажиллахгүй, хаалгаа барьдаг гэнэ. Учир нь манай улсын иргэд олноор очиж, тус дэлгүүр ачааллаа дийлдэхгүйд хүрсэн байна. Рублийн ханш унаж, эдийн засаг нь хямралд ороод байгаа энэ үед “нэг цустай, нэг ястай, нэг шашинтай" монголчуудтай визгүй зорчиж, багагүй худалдан авалт хийж, туслаж байгаад худалдаачид таатай байгаагаа мэдэгдсэн гэнэ. Ийнхүү ОХУ-ыг зорьж худалдан авалт хийх иргэдийн цуваа тасрахгүй байгаа тул хоёрхон жилийн дотор Хиагтыг Эрээн хот шиг хөгжүүлнэ гэх яриа нутгийн иргэдийн дунд ч гараад амжжээ.

Дээрхи бүхий л асуудлуудтай УИХ-ын гишүүд, ажлын хэгсийнхэн танилцаж тулгарч байгаа хүндрэл бэрхшлээгийг шийдвэрлэхээр зохих түвшинд ярилцах, шийдвэрлэхээ илэр­хийлж байлаа.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин