СУИС, Монголын урлагийн зөвлөл хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн тал” соёлын наадмыг уламжлал ёсоор Хүй долоон худагт наадмын өдрүүдэд буюу 11,12-нд зохион байгуулах гэж байна. Тус наадмыг 2008 оноос хойш СУИС-ийн багш, оюутнууд, МУЗ-ийн ажиллагсад, уран бүтээлчид гэсэн 200 гаруй хүн хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байгаа билээ.

Энэ удаагийн Соёлын наадмыг шинэлэг агуулга, сонирхолтой арга хэмжээгээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхэд Улсын баяр наадмыг зохион байгуулах хороо,  ССАЖЯ, Соёл, урлаг  хөгжүүлэх сан болон Хаан банк ивээн тэтгэж, хамтран ажиллаж байгаа ажээ.

Зохион байгуулагчдын зүгээс Соёлын наадмыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор тус наадмыг олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байна.

“Сэрсэн тал” соёлын наадмыг БНСУ-ын соёлын зөвлөх МЕТАА компани санаачлан Монголын урлагийн зөвлөл, СУИС-тай хамтран зургаан жил дараалан зохион байгуулсан юм. Харин энэ жил МЕТАА компани оролцох, хамтрах боломжгүй гэдгээ мэдэгдсэн тул үндэсний хэрэгжүүлэгч байгууллагууд хамтран цаашид ч үргэлжлүүлэн авч явахаар сэтгэл шулуудсан байна. Тиймээс зохион байгуулагчдын тэргүүн СУИС-ийн зүгээс уг “Сэрсэн тал” соёлын наадмын захирлаар тус сургуулийн харьяа Соёлын боловсролын сургуулийн захирал Ч.Бат-Эрдэнийг томилжээ. Түүнийг бид дуучин, гавьяат жүжигчин гэдгээр сайн мэддэг. Наадмын шинэхэн захиралтай холбоо барьж соёлын наадмын ирээдүйг хэрхэн харж буй талаар асуухад “БНСУ-ын болон Монголын мэргэшсэн байгууллагууд зургаан жил тасралтгүй зохион байгуулаад ирсэн энэ наадмыг Зүүн Азид нэр хүндтэй наадам болгохын төлөө ажиллах болно” гэсэн юм.

СУИС жил бүр уг соёлын наадмын урлагийн тоглолтыг хариуцсаар ирсэн. Тоглолтын уран сайхны удирдагчаар тус сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, доктор Г.Ганцэцэг ажиллаж байна. Харин наадмын ерөнхий найруулагч нь “Натур данс” төвийн найруулагч Энхбаяр юм.

 Наадмын захирал Ч.Бат-Эрдэнэ


“Монголын нэг өдөр” хотхонд тавтай морил

Хүй долоон худгийн сэргэлэн ногоон дэнжид наадамчин олны сэтгэлийг татаж хэсэгтээ саатуулдаг “Сэрсэн тал” соёлын наадам долоо дахь жилдээ болох гэж буй юм. Майхан, гэр өртөөнүүдээс бүрдэх “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон байгуулдаг уламжлалтай. Монгол үндэстэн ястны “Их Монгол”өртөө, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиол, нүүр будалт, хөрөг зураг зэрэг өртөөгөөр дамжуулан монгол үндэсний өв соёл, уламжлалыг наадамчин олонд таниулан сурталчлахын зэрэгцээ наадамчид бүхий л арга хэмжээнд нээлттэй оролцох боломж  олгодгоор онцлог. Энэхүү “Монголын нэг өдөр” хотхоныг Монголын урлагийн зөвлөл хариуцан ажилладаг юм.  

 

“Хаан урлаг” өртөө шинээр нэмлээ

“Сэрсэн тал” соёлын наадмын энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр Хаан банк ажиллаж буй юм. Өмнө нь санхжүүжилтийн дийлэнхийг босгож ирсэн МЕТАА компани энэ жилээс эхэлж уг наадамд оролцохоо больсонтой холбоотойгоор хөрөнгө мөнгөний асуудлаас болж зохион байгуулалтад хүндрэл учирч болох байлаа. Гэтэл соёл урлагийн үндэсний нэр хүндтэй байгууллагуудын хичээл зүтгэлд хүч нэмж санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Хаан банк гаргаснаар уламжлал болж ирсэн Соёлын наадам тасрахгүй үргэлжлэхээр болжээ. Зохион байгуулагч СУИС болон Монголын урлагийн зөвлөл үүнд маш их талархаж байгаа юм. Эдгээр байгууллага талархаад зогсохгүй энэ мэдээллийг дуулсан наадамчин олон ч баярлах буй за. Соёлын наадмын ерөнхий ивээн тэтгэгч Хаан банкны маркетингийн хэлтсийн дарга Ц.Оюунцэцэгтэй уулзахад уг банк үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа хойш соёл урлагийн хөгжилд санаа тавьж, ивээн тэтгэж ирсэн гэдгийг онцолж байлаа. Ивээн тэтгэгч байгууллага Соёлын наадамд хаяглан мөнгө өгөөд, бүхнийг СУИС,  МУЗ-д даатгаад орхив уу, эсвэл ямар нэг бодит үйл ажиллагаагаар хамтарч байна уу гэдгийг тодруулсан юм. Хаан банкны зүгээс “Монголын нэг өдөр” хотхонд өөрийн “Хаан урлаг” өртөөг байгуулж буй бөгөөд үүндээ  зураач, морины сэдвээр туурвидгаараа нэрд гарсан М.Эрдэнэбаярын уран бүтээлийг дагнан танилцуулах ажээ. Ингэхдээ зүгээр л майханд зураг өлгөөд зогсч байх юм биш. Зураачийн морины сэдэвтэй зургуудаар  эвлүүлдэг тоглоом хийсэн байна. Наадамчин зочдын дундаас хэн хурдан эвлүүлсэнд нь ивээн тэтгэгчийн шагнал гардуулах зэргээр урамшуулж наадамчдын баяр дээр баяр нэмэх ажээ.

Монгол үндэстний их баяр цэнгэл Улсын баяр наадмын хүрээнд Хүй долоон худагт болох “Сэрсэн тал” соёлын наадам энэ мэт сэтгэл татах зүйлээр дүүрэн байх нь ээ.