Олон нийтийн цахим сүлжээ бидний амьдралд нэвтрээд багагүй хугацаа өнгөрлөө. Мэдээллийг заавал оройн мэдээг хүлээхгүйгээр цаг тухайд нь олж авах боломжтой болсон, хаана юу болж байгааг цаг алдалгүй мэддэг болсон, төрөл бүрийн бизнес, ялангуяа гарааны бизнесүүдийн өөрснийгөө сурталчлах хямд, үр өгөөжтэй талбар зэрэг фейсбүүкийн олон сайн талуудыг дурдаад баршгүй.

Тийм хэдий ч түүний сул талыг үгүйсгэх мөн аргагүй. Ялангуяа цагаан цаас мэт мэдээллийг шүүхгүй хүлээн авдаг хүүхдүүдийн хувьд маш эмзэг сэдэв болоод байгаа юм.

Юун түрүүнд хүүхдүүд аливаа зүйлд донтомтгой байдаг учир фейсбүүк зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хэтэрхий донтож, амьд харилцаа үүсгэх чадвараа алдаж байна. Нөгөөтэйгүүр фейсбүүк дээрх мэдээллүүд шүүлтүүр муутай байдаг тул та хүүхдээ юу үзэж, хэнтэй харьцаж байгааг мэдэх аргагүй. Хов жив, ялгаварлан гадуурхалт цахим хэрэгслээр хуурай өвсөн дэх гал мэт хурдан тархдаг. Таны хүүхэд үүний золиос болох, цаашлаад сэтгэл гутралд орох, амиа егүүтгэх хандлага төрж ч болзошгүй. Фейсбүүк хүүхдийн зан араншинд маш муугаар нөлөөлдөг талаар эрдэмтдийн хийсэн судалгаа ч бий.

Цахим сүлжээний хамгийн сул тал нь таны хувийн мэдээллийг хэн нэгэн буруу санаатай хүнд хүргэж болзошгүй явдал. 9 сарын 1-ний өглөө хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд, утсан дээрээ хамт зургаа даруулаад, өөрийн хуудсандаа нийтэлжээ. Тэгээд орой сургууль дээр нь иртэл хүүхдийг чинь таны найз ирээд аваад явсан гэж хэлбэл яана. Хэрэв таны замбараагүй олон найз дотор чинь хүүхэд хулгайлах гэмт хэрэгтэн нуугдаж байсан бол гарч болох эрсдэлийг үгүйсгэх аргагүй. Учир нь та гэмт этгээдэд хүүхдийнхээ байршил, царай зүс, өөрийнхөө нэр зэрэг бүх мэдээллийг тун санамсаргүйгээр өгчихлөө шүү дээ. Үүний адилаар хүүхдүүд хэн нэгнийг найзаар нэмэхдээ тун болгоомжгүй ханддаг.

Энэ бүх асуудалд Марк Цукерберг анхаарлаа хандуулж, нэгэн шинэ шийдлийг санал болгож байгаа юм байна.

Фейсбүүкийн хөгжүүлэгч нар нэгэн шинэ аппликэшн гаргасан нь хүүхдүүдэд зориулсан мессенжер бөгөөд 13-аас доош насны хүүхдүүд рүү чиглэжээ. Хэдийгээр фейсбүүк хэрэглэх насны доод хэмжээг 13-аар тогтоосон байдаг ч орчин үед энэ нь бодит байдалд хэрэгждэггүйг бүгд мэдэж байгаа.


Уг мессенжерийг суулгахын тулд заавал фейсбүүкд бүртгэлтэй байх шаардлагагүй ба олон олон давуу талуудтай юм. Заримыг дор дурдвал:

  • Хоёр хүүхэд хоорондоо холбогдохын тулд заавал эцэг эхийн зөвшөөрөл хэрэгтэй. Мөн 2 хүүхдийн эцэг эх нь хоорондоо фейсбүүкээр найзууд байх шаардлагатай.
  • Аюулгүй байдлын шүүлтүүр сайтай учир ямар нэгэн хүчирхийлэл, садар самуун утга бүхий зүйлс солилцох боломжгүй.
  • Явуулсан мессежээ устгах боломжгүй учир та завтай үедээ, өөрийн утаснаасаа хүүхдээ юу бичиж байгааг хянах боломжтой. Та дахин хүүхдийнхээ утас руу өнгийн тэдний уурыг хүргэх шаардлагагүй боллоо.
  • Хурц тод өнгөтэй, снэпчатын хөгжилтэй эффектүүдтэй учир таны хүүхэд лав дургүйцэхгүй.
  • Ашгийн төлөө бус үйл ажиллагаа учраас өөртөө сурталчилгаа агуулаагүй.
  • Хайлтын системд бүртгэлгүй учир зөвхөн эцэг эх, хүүхдийн тань найзууд л таны хүүхдийн профайлыг үзэх боломжтой.

Энэ мэтээр уг аппликэшн фейсбүүкийн олон хүндрэлүүдийг шийдэх хэдий ч бусад асуудал, ялангуяа цахим хэрэгслийн хэт хэрэглээг зогсоож чадахгүйг ойлгон хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, цагаа харамгүй зарцуулаарай.

Одоогоор уг аппликэшнийг зөвхөн АНУ-д хэрэглэх боломжтой байгаа ч дараа жилд дэлхий нийтээр хэрэглэх боломжтой болох юм.


Эх сурвалж: bbc.com