... “ Гадаа нэг л ер бусын намуухан, ганц нэгээр дуслах бороон чимээ гэрийн дээвэр дэлдэж, би цор ганцаар уйтгарлан хэвтэнэ. Хэнийгээ ч хүлээх билээ дээ. Хажуу хашаанд Саран хоёр хүүхэдтэйгээ ярилцаж суугаа л байх. Гэхдээ л өөдсийн чинээ тэр амьтад “ Аав “гэж ямар хүн байдгийг мэдрэх ч үгүй өслөө.
 
      Ингээд бодоход хаа сайгүй хөлхөлдөж, ааг бяраараа гайхуулж явдаг эрчүүд хайчив? Миний уйтгарлаад байгаагийн учир нь юунд байна? Хэдийгээр бие минь амрахыг хүсэвч сэтгэл минь, тархи толгой минь өчүүхэн ч амсхийхгүй элдэв бодол эргэлдэнэ. Ажлын газрынхаа хүмүүсийн тухай бодлоо. Есөн хүүхэн, манаач, сангийн слесарь , мужаан гэсэн гуравхан эр.Тэгээд бас тэр эрчүүд хэдэн настай гэж бодно? 35-45 настай. Бүгд л гэрлэсэн бас нэг нь салсан. Гэтэл манай хүүхнүүд 21-38 насныхан. Ажлын ачаалал дэндүү их. Гэр ажил, ажил гэр гэсэн маршруттай. Хагас сайн өдөр үдээс өмнө унтаж үдээс хойш хувцас хунараа угаана. Бүтэн сайнд бүтэн унтаж амрах сонирхолтой ер нь тэгээд хаачих ч билээ. Хааяа нэг найзуудтайгаа уулздаг ч хэдэн охид ирээдүйн амьдрал заяаны ханийхаа талаар зөгнөн ярилцаж Чимгээгийн мэргэлэхийг сонирхон сонсож бас заримдаа үнэн байх ч болов уу гэж горьдон заяаны ханиар заагдсан гуравдахь хүнийг тоолон хараад инээлдэнэ. Заримдаа махлаг эгч, заримдаа хөгшин ах заяаны ханиар минь тодорно.
 
  Би одоо 30 настай. Амьдралын ханиа олоо ч үгүй яваа, хүн шиг амьдрах юмсан гэсэн хүсэл шингээсэн эгэл нэгэн бүсгүй. Сайхан ч биш бас муухай ч биш. Гэхдээ би гэрэл цацруулан инээд алдаж, бороотой гудамжаар хөтлөлцөн гүйхийг, “оройтож ирлээ” гэж аав, ээждээ загнуулсан ч сэтгэлдээ нууцхан хайр гэрэлтүүлсээр ичингүйрэн зогсохыг хүснэ. Ажлын маань охид ч бас л найзгүй. Саяхан Ганаа бааранд нэгэн дажгүй залуутай танилцаад арай гайгүй дотносож байтал Солонгосоос тэр залуугийн нэр, ажлын санал ирээд явах болов оо хөөрхий. Жил сараар нь хүлээлгэдэг тэр хариу хяслантай юм шиг ямар ч хурдан ирэв дээ. Ингээд ”борлогдох” найдвар төрүүлж байсан ганц найз минь арын эгнээ рүү алхаад ”марш”.
 
  Хамт ажилладаг хүүх­­нүүдийн гурав нь өрх толгойлсон эх. 1-3 хүүхэдтэй. Яах болж байна аа? Хүний хорвоог бид бас баярлаж, хөөрч, хайрлаж бас хайрлуулж туулмаар байна. Ер нь энэ бүхнийг зохицуулдаг төрийн бод­лого гэж байна уу.
 
  Редакцийн хаягаар нэг ийм захидал иржээ. Үнэндээ ч хотын гудамж, албан газар, үйлчилгээний байгууллагын хаана ч очсон өнгө алагласан цэцэгс шиг сайхан охид бүсгүйчүүд. Харин халхын сайхан эрчүүд минь хаана явна вэ? Харьд одсон залуусын хэдэн хувийг нь эрчүүд эзлэж байна. Та гадаадад ажиллахаар сонгосон залуусын нэрсийг анзаарч сайн хараарай. Ихэнх нь идэр насны, өөрөөр хэлбэл “нөхөн үржихүйн” насны залуус. Бидний Монголчууд хорвоо ертөнц дээр хэдүүлээ билээ дээ? Хаана хаанаа бодмоор, төр засгийн зүгээс бүр сэтгэл гаргаж зохицуулмаар тулгамдсан гэж хэлж болох энэ асуудлыг шийдэх ямар гарц байна? Эрчүүд ганц өрөө байрны мөнгө олох гэж харь газар зүтгэж явахад энд бас юу болж байна?
 
  Сүүлийн үед Монгол бүсгүй­чүүд гадаадын иргэдтэй гэр бүл болох сонирхол ихтэй болоод байгаа. Энэ талаар Хүйсийн тэгш эрхийн төвөөс өнгөрсөн сард гадаадын иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн талаар судалгаа хийжээ. Судалгаанд БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон 30 бүсгүйг хамруулсан бөгөөд тэд амьдардаг газрынхаа нэрийг мэддэггүй, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг нь судалгаанаас харагдсан байна. Судалгаанд дурдсан баримтаас үзвэл, солонгос иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн дундаж нас 25, эрэгтэйчүүдийнх нь нас 45 байжээ. Өөрөөр хэлбэл, нөхөр нь бүсгүйчүүдээс 20 насаар ах гэсэн үг. Мөн эмэгтэйчүүдийн олонх нь дээд боловсролтой гэсэн бол энэ 30 нөхрийн нэг нь ч дээд боловсрол эзэмшээгүй, хар ажилчин эсвэл тахир дутуу хүмүүс байсан байна. Энэ бүхэн юунаас болов? Эмэгтэйчүүд үүнийг зуучлалаар гэр бүл болсонтой холбон тайлбарлаж байна. Хэдийгээр харь газар хүний нутагт ирээд хоёроос гурван жил болж байгаа ч хаана ямар тосгонд амьдардагаа мэддэггүй, Монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ хааяа л холбоо барьдаг гэж тэд хариулсан аж. Олон хүн сайнтай, муутай байдаг шиг” сайн солонгос” бас байлгүй л яахав. Гэвч энэ гучин хүргэний дотор л лав алга. ”Эмсийнх нь хормой суларвал төрийн цус булингартна“ гэсэн утгатай үгийг их эзэн Чингис хэлсэн санагдана.
 
  Энэ даяаршиж буй ертөнцөд энэ бүхэн хэдийгээр ”хүний эрх“ мэт санагдавч Монгол Монголоороо үлдэх үү? Уусан алга болох уу гэдэг асуудал хариултаа хүлээсээр ...
 
  Бидний гадаадынхныг шүтдэг үзэл хэзээ арилах вэ? Солонгос л бол баян, гадаад хүнтэй суусан л бол баян тансаг амьдарна гэж гэнэхэн сэтгэж байгаа. Нөгөө талаас эх оронд маань ажлын байр , залуусын хувьд орох орон гэрийн асуудал мөнхийн сэдэв болсоор тэд гарц хайж байна. Хаана байна? Тэр гарц. Хамтдаа хэлэлцье. “Сиймхий ч гэсэн гэр минь, Сэгсгэр ч гэсэн ээж минь” гэдэг биш бил үү? Асуудал хэдий төвөгтэй ч гарах гарц заавал байгаа.
 
  Ургах нартай уралдан хүү төрж байна. Төрдөө өрх нэмж, эцэг эхдээ бүл нэмэн, эх орондоо эзэн суухаар, цовоо цолгин дуугаа орчлонд хадаан хүү төрж байна. Хөх толбот Монгол хүү төрж байна. Өөдөсхөн энэ эрхэм хүний өлгийг хэн зэхэж, үнэг хэн хайчлах вэ? Халхын сайхан эрчүүд минь хаана явна та нар?
 
Солонгост аз жаргал хайгсадаас...
 
  • 1994 оноос эхлэн манай улсын иргэд БНСУ-д албан бусаар хөдөлмөр эрхлэх болсон. Солонгосын тал 1998 оноос үйлдвэрлэлийн дадлагжигчдыг албан ёсоор хүлээн авч эхэлжээ.
 
  • Солонгост 30,000 орчим иргэн албан ёсоор ажиллаж амьдарч байгаагийн 7000 орчим нь эмэгтэйчүүд юм.
 
  • Солонгост ажиллаж, амьдарч байгаа монголчуудын гурван хүн тутмын нэгний гэр бүлийн амьдралд бэрхшээл гарч, үл ойлголцол үүсч, улмаар хөндийрдөг байна. Тэдний долоо хувь нь гэр бүлээсээ хөндийрч, 4,8 хувь нь хамтран амьдрагчтай болж, 27 хувь нь хардалт сэрдэлтэнд байнга өртдөг гэжээ.
 
  • Солонгост ажиллаж амьдарч байгаа иргэдийн 13,3 хувь нь ажиллах явцдаа их, бага хэмжээний үйлдвэрлэлийн осолд орж гэмтэж, бэртэн хөдөлмөрийн чадвараа алджээ.
 
  • 2007 оны зургаан сарын байдлаар 378 монгол иргэн БНСУ-д нас баржээ. Нас баралтын шалтгаанд автомашины болон үйлдвэрлэлийн осол зонхилж, архаг хууч өвчин хүндэрсэн, согтуугаар бусдын гарт амь үрэгдсэн, амиа хорлосон тохиолдлууд гарсан байна.
 
  • Дунджаар 10 хоногт нэг иргэн нас барж, таван иргэн хэрэг зөрчилд холбогдож, зургаан хүн гэмтэж, бэртэж, өвчилж байна гэсэн судалгаа байдаг аж.