Бид аавтайгаа учирсан

Г.Батсуурийнх (33 настай) дөрвөн охинтой. Харин эхнэрийнх нь хэлснээр дөрвөн охин, нэг хүүтэй. Энэ нь М.Алтанцэцэг нөхрөө хүүхдүүдийнхээ тоонд оруулан хошигнож байгаа хэрэг. “Охидтойгоо үеийн юм шиг тоглоно. Цасан дээр гулгахаар явахаараа хамаг гутал, хувцсаа норгочихоод ороод ирнэ гээч. За, тэгээд зайрмагт дурлана, үлдээлгүй идчихвэл охиддоо гомдчихно шүү дээ” гэж эгээ л хүүгийнхээ талаар ярьж байгаа мэт эхнэр нь өгүүлсэн.

Олон охинтой аав гэрийн ажилд тун бага оролцдог аж. Гэр цэвэрлэх, угааж арчих ажлаас бүрэн чөлөөтэй. Харин хүүхдүүдээ дагуулж салхинд гарах, дугуй унах зэрэг чөлөөт цагийн “ажилд” оройлон манлайлна. “Хүүхдүүдээ машиндаа суулгачихаад давхих дуртай” гэж Г.Батсуурь ярьж байна. Ажлаа тарангуутаа гэр рүүгээ яардаг, хүүхдүүддээ халамжтай, бага нь (нэг ойтой) уйлахад шөнө нойроо харамладаггүй нөхрөө эхнэр нь магтах боловч “эмэгтэйчүүдийн дунд байдаг болоод ч тэр үү жаахан үглээ болчихсон” хэмээн цорын ганц шүүмжлэл хэлэв. Г.Батсуурь “Эйрлинк” компанид нягтлан бодогч ажилтай. Ажлын дараа найз нөхдийн урилгаас татгалзах нь олонтаа. Тэрбээр ажлаас илүүтэй ар гэрийнхээ уур амьсгалаас аз жаргалыг мэдэрдэг гэсэн шүү. Хүүтэй болох юмсан гэж Г.Батсуурь бодож үзээгүй аж. Хэрэв хүүтэй болвол ганц бандиа сүрхий эрхлүүлэх байх даа гэсэн асуултад тэрбээр “Миний хувьд хүүхэд бол хүүхэд. Адилхан хайрлана. Харин энэ хэд маань л эрэгтэй дүүгээ илүү эрхлүүлэх байх” гэлээ.

“Би таван эмэгтэйг хайрлаж байна” Г.Батсуурийн гурван охин эхнэрийнх нь анхны гэрлэлтийн хүүхдүүд аж. М.Алтанцэцэг түүнд охин төрүүлж өгснөөр шинэхэн аав нэгмөсөн дөрвөн охины эцэг болж “амжжээ”. “Би эхлээд нэг бүсгүйд хайртай болсон бол одоо таван эмэгтэйг хайрлаж байна” гэж Г.Батсуурь хэлсэн. Ээж нь охидоо түүнтэй танилцуулснаас хойш удалгүй хүүхдүүд гэр бүлийнхээ шинэ гишүүнийг “аав аа” хэмээн дуудах болжээ. Аав, охидын харилцаа өдрөөс өдөрт халуун дотно болж, нэгэн бүлийн элэг бүтэн амьдралд уусав. “Би охидтойгоо аль болох нээлттэй, яг л байгаагаараа, чин сэтгэлийн харилцаа үүсгэхийг анхнаасаа зорьсон. Бид сайн ойлголцдог болохоор ямар нэг бэрхшээл байхгүй” гэж аав нь ярьж байна. “Сайн хүн, сайхан аав” гэж охид нь Г.Батсуурийг тодорхойллоо.

Хөвгүүдтэй айлд хатуу гар хэрэгтэй

Их, дээд сургууль төгсөөд ирж байгаа хүүхдүүдийг харахад тэдний дийлэнх нь нялзрай амьтад байх юм” гэж Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхий менежер Б.Түмэнбаяр хэллээ. Түүний анзаарснаар, орчин үеийн айл гэрийн ам бүлийн тоо цөөрснөөс манай нийгмийн залуу гишүүд хар амиа бөөцийлөмтгий, ном уншихаа больсноос аливаад төсөөлөлгүй хандах болжээ. Б.Түмэнбаяр (49 настай) хоёр хүүтэй. Хөвгүүдээ багад нялх гэлтгүй өөрт нь тохирсон ажил оноодог байсан нь түүний хөдөлмөрөөр хүмүүжүүлэх аргын эх байсан гэнэ. “Би гэртээ мужаан, цахилгаанчин, засварчин дуудаж үзээгүй. Бүх ажлаа өөрөө амжуулна. Ийм ажилтай үед багаж дөхүүлэхээс хүүхдийн хөдөлмөр эхэлдэг юм. Дараа нь хөрөөдөж сурна, хадна. Тэгээд яаж хийвэл илүү оновчтой болохыг хүүхэд өөрөө бодно. Манай хүүхдүүд одоо надаас дутахгүй хөдөлмөрч.

”Аавын буруу эсэхийг аав л шийддэг" Эднийд “аавын зөв” зарчим үйлчилдэг. Аавын буруу эсэхийг зөвхөн аав нь л шийдэх эрхтэй. “Аав аа, таны үе өнгөрсөн. Орчин үед байдал арай өөр болсон” гэхчлэн хөвгүүд нь түүнд тайлбар хэлдэг боловч “Би тэднийг амьдралынхаа туршлагаар дийлэлгүй дээ” гэж Б.Түмэнбаяр ярилаа. Тэрбээр хөвгүүдээ хатуу гараар өсгөжээ. Гар хүрсэн удаа ч цөөнгүй. Хүүхдүүддээ ширүүлж байхад эхнэр нь дуугүй өнгөрнө. Харин ээжийг ууртай үед аав нь хүүхдээ өмөөрөх ёсгүй. “Эх хүн зөн совингоороо хүүхдээ ааваас нь урьтаж мэдрээд байх шиг. Хүүгийн гаргасан алдаа эцэгт тун өчүүхэн санагддаг бол ээжид нь маш хөндүүр тусах жишээтэй” гэж Б.Түмэнбаяр ярьж байна. Хатуу гараар өссөн хөвгүүд ямархуу төлөвшсөн нь сонин. Б.Түмэнбаярын ууган хүү АУИС-ийн магистр, удахгүй Япон улсад докторын зэрэг хамгаалахаар явах гэж байгаа аж. Бага нь Шанхайд дээд сургуульд суралцаж буй. “Тэднийг өөртөө хүндэтгэлтэй хүн байхыг л би сургасан. Хүнд хөдөлмөр, боловсрол хоёр зайлшгүй юм шүү”. Б.Түмэнбаяр хүүхдүүддээ эр хүний ёсоор эрс шулуухан ханддаг аж. Том хүүгээ дунд сургууль төгсөх жил тэрбээр Хөх хотод удаан хугацааны томилолтоор ажиллахаар явахдаа 120 ширхэг бэлгэвч худалдан авч хүүдээ үлдээжээ. “Би эцгийн хувьд хүүгийнхээ бэлгийн ариун цэвэрт анхаарах ёстой эхний хүн”. Энэ тухай сонссон Б.Түмэнбаярын найзууд чихэндээ ч итгээгүй гэдэг. Хүүтэй бол охинтой гэдэгчлэн эднийх хэзээ нэгэн цагт хоёр бэр хүлээн авна. “Бэрдээ хүүгээ бодвол арай зөөлөн хандах байх. Бид хоёроор хайрлуулъя гэж байгаа бол хүүг минь хайрла гэж хэлнэ дээ” гэж өрхийн тэргүүн өгүүлсэн. Б.Түмэнбаяр өөрөө найман хүүтэй айлын гурав дахь хүү. Аав С.Бүдсүрэн нь хөвгүүдээ хүмүүжүүлэхөвөрмөц аргатай байсныг тэрбээр дурслаа. Миний л ухаан орсон цагаас аав маань их л завгүй. Дандаа л ажилтай, дандаа л хөдөө гадаа явсан байдаг шиг санагдана. Гэхдээ цөөхөн олдох чөлөөт цагаа хүүхдүүд бидэнтэйгээ тоглож наадах, сонирхолтой зүйл ярьж өгч, заавал эргэцүүлж бодох, цаад утга учрыг, мөн чанарыг нь олоход дандаа чиглүүлж байдаг сан даа. Тийм завгүй мөртлөө бидний эцэг эхийн хуралд бүгдэд нь сууж амжина. Хурлаас ирээд магтахыг нь ил магтана, зэмлэхийг нь харин өөр. Дүү нарын дэргэд хэзээ ч ах нарыг загнахгүй. Хүүхэд бүрийн онцлогт тааруулж хошин шог бодлого бодуулах юм уу, шүлэг бичүүлэх, эсвэл уншсан зүйлийг нь яриулах, түргэн хэллэг хэлүүлэх, оньсого таалгах, үлгэр яриулах, өөрөө хэлж өгөх гэх мэтээр бидэнтэй их л ажилладаг байсан. Нэг жишээ санаанд үргэлж тод байдаг юм.  Аав ”За, миний хүүхдүүд энэ хоёр тавганд арав арван бууз байна. Алийг нь идэх вэ” гэж асууна. Бид ч юм бодолгүй баруун талынхыг нь гэж хэлнэ.   -Биш ээ, баруун талынх нь махыг машиндсан, зүүн талынх нь гараар татсан юм аа л гэнэ. Дахиад л “Хоёр тавагтай бууз байна. Алийг нь авах вэ” гэж асууна. Бид ч махыг нь гараар татсан уу, сонгинотой юу, сармистай юу, гоньдтой юу гэж өөрийнхөө буузны мэдлэгээ бодож бодож аль нэгийг нь сонгоно. Гэтэл “Биш ээ, миний хүү наад сонгосон чинь хоёрдугаар гурилаар хийсэн. Нөгөөдөх нь нэгдүгээр гурилаар хийсэн байхгүй юү” гэнэ. Дараа нь дахиад л асууна. Бид мөн л нэгдүгээр гурилаар хийсэн үү, гараар татсан уу, сонгинотой юу, сармистай, давстай юу гэж асууж асууж аль нэгийг нь сонгоход бас л буруудна. “Наана чинь дотор өөх хийчихсэн, нөгөөдөх нь хонины сүүлтэй байхгүй юу” гэх жишээний. Иймэрхүү ярилцлагын дараа бид юу ойлгох вэ гэхээр бууз гээч үндэсний хоол маань гараар татсан махтай, бүх амтлагч нь жигд орсон, хонины сүүлтэй, чанар сайтай гурилаар чимхсэн, жигнүүрийг нь угааж тослосон гэх зэрэг бүх шаардлага хангасан байх ойлголт бидэнд үлддэг байсан. Худлаа хэлэхэд аав маш дургүй. Ямар ч хэрэг хийсэн бай үнэнээ хэлбэл цаад хор холбогдол, учир шалтгааныг нь тайлбарлаж өгнө. Харин худлаа хэлбэл үнэнээ хэлтэл шийтгэнэ. Манай гэрт нэг зарчим үйлчилдэг юм. Дүрэм номер 1 “Ах хэзээ ч зөв”. Дүрэм номер 2 “Хэрвээ ах буруу бол дүрэм номер 1-ийг үз” гэсэн зарчим. Үүгээрээ ч бид их алдаагүй болов уу гэж боддог.

“Охинтой эрчүүд илүү тавтиртай”

Э .Мягмарпүрэвийн анхны хүүхэд хүү. Хосууд хүсэн хүлээсэн хүүгээ Хүслэн хэмээн нэрлэжээ. Харин хоёр дахь хүүхдээ гэдсэнд байхад аав нь ахиад хүү байх вий гэсэн аймхай бодолд дарагдах болов. Учир нь тэрбээр дөрвөн хүү төрүүлж, өсгөсөн ээжийнхээ “зовлон”-г мэддэг байлаа. Тиймдээ ч охин хүүхдийн хүслэн болсон хэрэг. Хоёр дахь хүүхдээ мэндлэх үед Э.Мягмарпүрэвийнх Германы Кёльнд амьдарч байжээ. Амаржих үед дэргэд байсан нөхөрт нь охин төрснийг эмч хэлэхэд эхнэр нь баярлаж, харин мань эр уйлжээ. Мэдээж, энэ бол баяр нь дэндсэн нулимс. “Хүйсийг нь таслаагүй байхад л би охиноо тэвэрсэн” гэж Э.Мягмарпүрэв хэлсэн. Ийнхүү өдөрт 14-15 цаг хөдөлмөрлөдөг эцэг ажлаа тарж гэртээ ирмэгцээ эхнэртээ шөл хийж, хүүхдээ асарч, мөн уйлахад нь босч бүүвэйлсээр нэг жилийг өөрийнх нь хэлснээр “эрч хүчтэй” өнгөрүүлжээ. Энэ хугацаанд тэрбээр тамхиа хаясан байна. Ачлан охин одоо 15 настай. “Би амьдралдаа охин руугаа ганц удаа ч чанга дуугарч үзээгүй, маш их эрхлүүлдэг” гэж “Migma” хэвлэх үйлдвэрийн ерөнхий захирал Э.Мягмарпүрэв (45 настай) ярьж байна. “Аав бол намайг хамгаалах гэж миний төлөө төрсөн хүн” гэж охин нь бат итгэдэг аж. Харин аав нь эрхлүүлж хайрласнаар хүүхдээ бусдыг энэрч хайрлах ухаанд сургаж байгаадаа итгэдэг. “Хайр амссан хүн тэнэг болдоггүй гэдгийг мэдэрч өссөн. Би өөрөө нэлээд танхи хүү байлаа” гэв. Үнсэж энхрийлэх, яриаг нь дуустал сонсох зэрэг эцэг, эхийн хандлага хүүхдийг өөртөө итгэлтэй, бусдыг хүндлэх сэтгэлтэй болгодог гэж энэ аав үздэг. Бас амьдралынхаа бүх туршлагыг илэн далангүй ярьж өгдөг байна. Аав, охин хоёрын харилцаанд хүмүүсийн тухай, бизнес, мөнгөний тухай, хайр, бас үхлийн тухай гээд хорвоогийн өнгө өнгийн сэдэв багтана. Аавдаа жигтэйхэн эрх, хайр энхрийллээр өлгийдүүлж өссөн охин нь инээсэн бүрийг нөхрөө, уурласан болгоныг дайснаа гэж эндүүрэх вий гэсэн болгоомжлол түүнд бий. “Охин минь бие даасан хүн гэдгийг аав нь үргэлж ойлгуулдаг” гэж Э.Мягмарпүрэв хэлсэн. Охиндоо юу, хүүдээ юү? -Хүүдээ ч, охиндоо ч ав адил хайртай” гэлээ. Эмэгтэй хүн байгалиасаа уян зөөлөн, аливаад сэтгэл зүрхээрээ ханддаг, итгэмтгий, дэндүү цайлган чанартай. Харин эр хүн архи, тамхиа тохируулаад явбал бусдаас хамааралгүй амьдарч чадна. Тиймээс дүүг нь эмэгтэй хүний нь хувьд, өрөөлийн гэрт очихоос нь өмнө илүү анхаарч, энхрийлж жаргааж байхыг хүсдэгээ Э.Мягмарпүрэв хүүдээ тайлбарлажээ. “Яагаад ч юм хүү ээждээ, охин надад илүү дотно” гэж тэр ярьж байна. Аав, хүү хоёр хамт бөмбөг тоглодог сүрхий “найзууд” атлаа найз бүсгүйтэй болсноо хүү нь ээждээ эхэлж дуулгах жишээтэй. М.Хүслэн одоо аав, ээжийгээ эмээ, өвөө болгож, тусдаа амьдарч буй. Харин охин нь ээжийнхээ “түс тас” занг ааваараа аргадуулах тактик баримтална. Бүүлэй гэдэг “эм” Э.Мягмарпүрэвийн гар утсанд Бүүлэйгээс дуудлага ирвэл шууд л гэртээ харимаар болдог гэнэ. Ачлан охины гэрийнх нь нэр эхлээд Бөмбүүлэй, харин одоо Бүүлэй болжээ. Аав нь ажил ихтэй, төсөл боловсруулах, мэргэжлийн ном бичих, заримдаа ажил хэргийн уулзалт гээд шөнө орой хүртэл саатах тохиолдол бишгүй. Тэр үед эхнэр нь охиноороо утасдуулж гэртээ ир хэмээн хэлүүлдэг аж. “Архи үнэртүүлсэн үедээ охиноо үнсэх гэхээр цаадах чинь маргааш үнсүүлье гэдэг. Тэгэхэд би томоо шаанс алдчих шиг л болдог. Ер нь эр хүн тавтиртай явахад охин хүүхдийн нөлөө чухал байдаг юм билээ” гэж Э.Мягмарпүрэв ярилаа. “Охин минь миний эм. Их ажлын дараа түүнийгээ өвөр дээрээ суулгаад тэврэхэд миний зүрх өвдөхөө больдог”.

“Аав аа, та мөнгө өгөөд л УИХ-ын гишүүн болсон юм уу?”

 

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр (34 настай) 3-11 насны хоёр охин, нэг хүүтэй.

ЦТ: Гишүүн ээ, та Аав нарын холбооны лидер байж чадах уу?  - Сонин асуулт байна. Монголд лав л энэ цаг үед Аав нарын холбоо байгуулагдлаа гэхэд ажиллаж чадахгүй байх. Гэр бүлээ тэжээх үүрэг хариуцлагын дийлэнхийг аавууд нуруундаа үүрдэг. Монгол Улс хөгжих үү, эс хөгжих үү гэсэн асуудалтай тулгарсан манай нийгэмд аав, хүүхдийн харилцааны нандин сайхан зүйлс төсөөлөл мэт санагдах боллоо. Аавууд мөнгө олохоос илүүг хүүхдэдээ өгч чадахгүйд хүрсэн. Би ч гэсэн бусад аавын адил хүүхдээ яаж өсгөх вэ гэхээс илүүтэй эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг анхаарч байна. Тиймээс Аав нарын холбооны гарамгай удирдагч байж чадахгүй л болов уу.

ЦТ: УИХ-ын ажил төрлөөс хүүхдүүдтэйгээ харилцах орчинд шилжихэд төвөгтэй байдаг уу. Өөрөөр хэлбэл, гэртээ ирмэгцээ улс төрийн нөхцөл байдлыг шууд орхих хэр хялбар вэ? - Маш түвэгтэй. Ажил тарсан ч гэсэн гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалд шуудхан “шингэчихэж” чаддаггүй. Интер-нэтээс сонирхолтой мэдээлэл харах юм уу, эсвэл сонин хэвлэлээс улс төрийн бус нийтлэл уншиж байж хүүхдүүдтэйгээ харилцдаг. Би өөрөө жолооч аавын хүү. Аав тээвэрт явж ирээд бидэнтэй тоглож, хамт дуулж байгаад унтдаг байж билээ. Аав нэг их гоё үнэртэй.Энэ бүхнийг санахлаар би аль болох хүүхдүүд рүүгээ яардаг. Хүүгээ л өвөө шиг нь болгохыг мөрөөддөг дөө.

ЦТ: Долоо хоногт хэдэн цагийг хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг вэ? - Хагас, бүтэн сайнд хамт амрахыг хичээдэг. Ажлын өдрүүдэд бол тэдэндээ цаг гаргаж чаддаггүй. Манайх зусланд гардаг юм. Би тэдэнтэйгээ хамт байж амжихгүй шахам зуслаа. Хүүхдүүдээ дагуулаад хөдөө морь руугаа явах би дуртай. Хамт давхиад л... Ядарсан улс гэртээ орж ирээд унтацгаана, гоё шүү. ЦТ: Танаас болж хүүхдүүд чинь найзуудынхаа дунд тааламжгүй байдалд орсон тохиолдол бий болов уу? -Тиймэрхүү явдал гардаг юм шиг байна лээ. Том охин нэг удаа гомдчихсон ирсэн. Ангийнх нь хүүхдүүд “ УИХ-ын гишүүнийг мөнгөөр худалдаж авдаг” гэж ярьж л дээ. Охин надаас “Та мөнгө өгөөд л УИХ-ын гишүүн болсон юм уу” гэж асуусан шүү. Сонин хэвлэлд аавыгаа сайн, муугаар бичигдэхэд дургүй байдаг юм. Хүүхдүүдэд минь аав нь энгийн нэгэн байх нь сайхан санагдах биз.

ЦТ: Та хүүхэд хүмүүжүүлэх өөрийн арга барилаасаа ярьж өгөхгүй юу? -Хүүхдийнхээ юу хүсэж байгааг анзаарч, хичээлээ хий гэж шахалгүй сонирхдог чиглэлээр нь хөгжүүлэхийг бодож байна. Монгол Улсын гурван иргэнийг хүмүүжүүлэх үүргээ ухамсарлаж явдаг. 90-ээд оны хүүхдүүд бид хомс үеийг туулсан шүү дээ. Тэгээд ч тэр үү, би хүүхдүүдээ тийм байлгахгүйг хичээсээр ирсэн. Гэтэл бас нялзрай битгий байгаасай гэж болгоомжлох юм. Нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн бодлууд, гэсэн атлаа аль аль нь зөв байгаа биз дээ (инээв). Би хүүхдүүдтэйгээ хамт байх үедээ тэднийг өдөж байгаад аль болох их яриулдаг. Англиар энэ өгүүлбэрийг яаж орчуулах вэ гэдэг ч юм уу, танай ангиар сонин хачин юутай вэ гээд л асууж гарна. Би гурван хүүхдийн залуухан аав. Үеийнхээ аав нарт “Өөрийн тань гэрт өсч байгаа ирээдүйн иргэдийн хүмүүжилд цаг гаргахгүй бол биднийг өвгөн болох үед монголчуудын бахархсаар ирсэн үндэсний үнэт зүйлс цохилтод орж болзошгүй” гэж хэлмээр байна.

“Хүүхдэд чинь хүнийрхүү хандаж чадахгүй”

С.Цогоо (38 настай), Ц.Одончимэг (38) хоёр амьдралаа холбосноос хойш таван жил өнгөрч байна. Бүсгүй нь 10 настай охиноо дагуулан гурвуул амьдарч эхэлжээ. Батханд охин шинэ ааваасаа бишүүрхэнэ. Ээжийгээ хүнтэй суух хүртэл өвөө, эмээтэйгээ өссөн учир нэлээд эрх, бас зөрүүд. Үүнд хэрхэн хандахаа ээж нь мэдэхгүй байлаа. Энэ талаар С.Цогоо анх ам нээж, “Охинд чинь би хүнийрхүү байж чадахгүй. Бид одоо нэг гэр бүлийн хүмүүс боллоо. Би энэ охиныг өөрийнхөөрөө хүмүүжүүлж болно биз дээ” гэжээ. Одноо нөхрийнхөө саналыг дэмжиж байлаа. “Би тэр хоёрыг үлдээгээд ажилдаа явчихдаг байсан. Миний эзгүйд нөхөр маань охинтой хамт байж аашилж, аргадсаар жинхэнэ аав нь болж чадсан. Хүний хүүхэд гэлгүй хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн өөриймсөг хандсан нь оносон” хэмээн тэрбээр ярьж байна. Аав, охин хоёр бие биедээ дасчээ. Амьдрал ийн үргэлжилсээр жил гаруй хугацаа өнгөрөх үед аав нь Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явах болов. Эднийд орон байрны хэрэгцээ тулгамдаж байсан тул үүнээс өөр арга олдсонгүй. Харин энэ үед Цогоогийн эхнэр хөл хүндтэй байлаа.

“Бид утсаар харилцаж амьдардаг” Хүүгээ төрөх үед нөхөр нь аль хэдийн Солонгост ажиллаж байв. Ямар нүдтэй, ам, хамар нь аав, ээжийнхээ хэнтэй нь илүү адилхан хүү мэндэлснийг төсөөлөх гэж Цогоо өдрийн хэд утас цохино. Шинэ хүндээ нэр өгөхдөө ах дүү нарынхаа саналыг сонсох, өөрийнхөө саналыг дуулгах, бас эхнэрийнхээ биеийг асуух, охинтойгоо ярих гээд утас нь үнэхээр “завгүй” байлаа. Тэр сард аав нь Монгол руу ярьсан утасны төлбөрт 500 мянган вон зарцуулсан байна. “Бид утсаар харилцаж амьдарсаар гурван жил зургаан сар боллоо” гэж Одноо хэллээ. Эхнэр, хүүхдүүддээ гутал, хувцас цуглуулахаар дэлгүүрт очихдоо Цогоо эгээ л хамт яваа юм шиг хэдэн цагийн турш утсаар холбогддог аж. Энэ нь түүнд гэрийнхээ ажилд биечлэн оролцож байгааг нь мэдрүүлж, таатай сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Билгүүнтөр хүү одоо хоёр ой, найман сартай. Жилийн өмнө аав нь огт уулзаагүй хүүгээ харахаар сарын хугацаагаар Монголд иржээ. “Хүүхэд элгээрээ эцгээ таньдаг юм билээ. Хүзүүдэж аваад л, наалдаад л тун элгэмсүү байсан шүү”. Аавыгаа Солонгос руу буцсанаас хойш бяцхан хүү эр хүнд саймшрах болжээ. Аавынхаа эрэгтэй дүү нарыг харахаараа жигтэйхэн баяртай. “Аав аа” гэж дуудна, уйлна. Утсаар аав нь хүүгийнхээ хоолойг сонсох гэхээр бишүүрхээд дуугаа хураачихдаг болсон аж. “Бэтгэрээд л байдаг бололтой” гэж Одноо ярилаа. “Аав нь ч ялгаагүй ээ. Хүүгээ харчихсан болохоор нөхцөлгүй их санадаг гэсэн. Би хүүгийнхээ зураг, бичлэг, баас, шээстэй өмд, цамцыг нь хүртэл эндээс явуулдаг гээч”. Эхнэр, нөхөр хоёр гэрийнхээ бүх асуудлыг ирээдүйн төлөвлөгөөний хамт утсаар ярилцаж шийднэ. Аав нь охиноо шүдний эмч болгохыг хүсч, үүний тулд химийн хичээлээр нэмэлт цаг авч бие даан давтахыг зөвлөх болжээ. “Манай хүн шаардлага өндөртэй. Хэлсэн, захисныг нь гүйцээхгүй бол сэтгэл нь амрахгүй. Тэнд ганцаараа шаналаад л, бухимдаад л”. Бид заримдаа үүнээс болж муудалцдаг юм. Тайвшрахаараа удалгүй уучлал гуйх нь хөөрхөн” гэж Одноо хэлсэн.